Д.Баярсайхан: Японы гарал үүсэлтэй барааны ерээд хувьд нь гаалийн татвар тэглэгдэж байгаа

Д.Тулга / Эдийн засаг

Монгол-Япон улс хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг амжилттай байгуулахад хувь нэмэр оруулсан хэлэлцээний багийн зарим гишүүдийг баяр наадмын өмнөхөн төрийн одон медалиар шагнасан билээ. ГХЯ-нд болсон шагнал гардуулах ёслолын үеэр уг хэлэлцээний Гаалийн үйл ажиллагаа болон худалдааг хөнгөвчлөх бүлгийн хэлэлцээний ахлагчаар ажилласан Д.Баярсайхантай уулзаж ярилцсан юм. Тэрээр Гаалийн ерөнхий газрын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн гаалийн байцаагч.

-Та бүхэн энэ хэлэлцээрийг амжилттай болгохын тулд гурван жилийн турш ажиллажээ?

-Тэгсэн. Бүх төрийн байгууллагуудаас бүрдсэн 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан. Японы талаас 100 гаруй хүн ажилласан.

-Монгол Улсын хувьд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан нь анхны тохиолдол болсон?

-Уг нь түрүүн Чөлөөт худалдааны хэлэлцээр гэж яригддаг байсан. Харин одоо бол Эдийн засгийн түншлэл гэж нэлээд өргөн хүрээтэй болсон. Чөлөөт худалдааны хэлэлцээрийн явцад барааны гаалийн импортын татварыг хөнгөвчлөх, чөлөөлөх асуудал яригддаг бол энэ тохиолдолд хоёр орны хувьд үйлчилгээ, оюуны өмч гэсэн нэлээд өргөн хүрээгээр эдийн засгийн утгаар нь бүх тал дээр худалдааг үндсэндээ чөлөөлж байна гэсэн үг.

-Япон улстай ийнхүү эдийн засгийн түншлэлтэй болсон нь бидэнд асар их ашигтай, ач холбогдолтой зүйл болж байна?

-Япон улс хөгжлөөрөө дэлхийг тэргүүлдэг улсуудын нэг. Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн 160 гаруй улсын дотор ийм төрлийн хэлэлцээр байгуулаагүй ганц улс нь байсан. Бидний хувьд ийм хэлэлцээр байгуулахад ямар ч туршлага байхгүй, хязгаарлагдмал бодлого явуулж байсан. Өнөөдрөөс эхэлж анх удаа ийм хэлэлцээр байгууллаа. Тэрэн дундаа Япон улстай эдийн засгийн түншлэл байгуулсан нь учир утгатай. Монгол, Япон улсын хувьд түүхэн харилцаатай. Манай улсад маш их тусламж үзүүлдэг. Тус улс өөрөө өндөр хөгжилтэй болохоор манайхтай ийм хэлэлцээр байгуулах нь зүйтэй гэж үзсэн байх.

-Япон манайд ямар гол шаардлагуудыг тавьж байсан бэ?

-Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрүүд нь Дэлхийн худалдааны байгууллагын түншлэлийн хэлэлцээрүүдийн хүрээнд явагддаг. Ялангуяа тухайн хэлэлцээрийн явцад тулгарч байгаа техникийн саад тотгор, бэрхшээлийг арилгахад анхаардаг. Гаалийн татварыг бууруулах, тэглэх гэх мэтээр. Тухайн хоёр орны хувьд Дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээрүүдэд зааснаас илүү их хөнгөлөлт үзүүлэх боломж нээгдэж байгаа юм. Японы зүгээс гаалийн тал дээр айхавтар шаардлага тавиагүй. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнд тавигдах мэргэжлийн хяналтын ажиллагаан дээр л нэлээд шаардлага тавьдаг юм билээ.

-Та энэхүү хэлэлцээрийн ямар чиглэлд нь голлож ажиллав?

-Гаалийн горим, гаалийн үйл ажиллагаа, худалдааг хөнгөвчлөх гэсэн бүлэг байгаа. Энэ чиглэлд хэлэлцээнийхээ ахлагчаар ажилласан. Мөн Гарал үүслийн бүлгийн хэлэлцээ, Барааны худалдааны хэлэлцээнд бас оролцсон.

-Гурван жилийн турш хэлэлцээр хийсэн гэхээр нэлээд хүчин чармайлт орсон нь тодорхой. Хэлэлцээр чухам яаж явагддаг юм. Хоёр талынхан чиглэл чиглэлээр нүүр тулан уулзаж ярилцана гэсэн үг үү?

-Тийм шүү дээ. Хэлэлцээний багийнхан хоёр талд суугаад л ярилцана. Бүлэг бүлгээр хэлэлцээр хийнэ. Монголын талын хувьд яг үнэндээ ямар ч туршлагагүй байсан. Японы тал бидэнд хэлэлцээний текстийг бэлдэж өгсөн. Манай тал тэр текст дээр нь ажиллаж хасах, нэмэх зүйлээ ярилцсан. Үндсэндээ тэр текст нь Япон улсын өмнө нь Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулж байсан 13 орондоо өгч байсан бичиг баримт юм билээ.

-Энэ хэлэлцээр хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-Хоёр талын хувьд хэлэлцээрийг дээд хэмжээнд соёрхон баталчихсан байгаа. Хэрэгжүүлэх хэлэлцээр нь хоёр талын Засгийн газрын хэмжээнд батлагдчихсан. Соёрхон баталсан эдгээр бичиг баримтуудаа хоёр тал харилцан солилцсоноос хойш нэг сарын хугацаанд хэрэгжиж эхэлнэ.

-Хоёр улсын хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр олон талын ач холбогдолтой. Тэр болгоныг нь дурдвал олон байх?

-Гаалийн хувьд гаалийн татвар Японы гарал үүсэлтэй барааны 90 гаруй хувьд нь тэглэгдэж байгаа. Японы техник тусламж, хөрөнгө оруулах үүд хаалга нээгдэж байгаа гэх мэт маш том том өөрчлөлт, сайн талууд бий. Үүнийгээ дагаад манай нийгэм, эдийн засагт өгөөжтэй зүйл гарч ирэх юм.

-Уг хэлэлцээрээр хорь гаруй мянган төрлийн бараа бүтээгдэхүүн солилцох боломжтой болж байгаа гэв үү?

-Бүр нарийвчилбал 20 мянгаар зогсохгүй бараа бүтээгдэхүүн бий. Хэлэлцээр хүчин төгөлдөр болгонгуут л шууд 90 хувь нь гаалийн татвараас чөлөөлөгдөхгүй л дээ. Гурав, тав, арван жил гэсэн хугацаанд ерөнхийдөө 90 хувьд нь хүргэнэ гэсэн үг. Эцсийн хугацаа нь 10 жил л дээ. Ямартай ч манай улс анхны улстайгаа Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээ хийчихлээ. Үүнээс маш том туршлага хуримтлууллаа. Манай гаалийнхны хувьд ч ялгаагүй арвин их туршлага олж авсан гэж болно.

Д.САР

www.DNN.MN


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.