Д.Нямхүү: С вирусын эмийн үнийг дахин хөнгөлөх боломжгүй

Д.Тулга / Эрүүл мэнд

Өнөөдөр Эрүүл мэнд, спортын яам, ХӨСҮТ хамтран АНУ-ын “Gilead Sciences” компаниас албан ёсоор оруулж ирж байгаа элэгний архаг вирусыг эмчлэх “Харвони” эмийг иргэд хэрхэн худалдан авах талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүтэй ярилцлаа.

-ВИРУС ТООЛОХ ШИНЖИЛГЭЭ, ЭМИЙН ТӨЛБӨРИЙГ ИРГЭД ӨӨРСДӨӨ 100% ХАРИУЦНА-

-С вирустэй иргэд "Харвони" эмийг худалдаж авахын тулд хамгийн эхлээд хаана хандах ёстой вэ?

-Юуны өмнө эхлээд өөрийн харъяа дүүргийн эмнэлэг дээр очно. Эмч чамд зөвөлгөө өгнө. Хэрвээ өмнө өгч байсан шинжилгээний тань хариу байвал эмч түүнийг нягталж үзээд, дараагийн шатанд хаана байдаг ямар эмчид очиж үзүүлэхийг хэлж өгнө. Бид 130 эмчийг энэ вирусын эмчилгээнд зориулан бэлдэж, сургасан. Тэд орон нутгийн эмч, бусад эмч нартаа давтан сургалт хийх юм. Ингээд анхан шатанд харъяа дүүргийн эмнэлэгтээ л хандчихвал, цаашид ямар эмнэлэгт хаана очиж үзүүлэх вэ гэдэг суварга нь үүсчихнэ. Шинээр шинжилгээ өгөх гэж байгаа хүмүүс ч мөн ялгаагүй эмч үзээд л, танд зөвлөгөө өгөх болно.

-Вирус тоолох эрхтэй лабораториудын нэр хэзээ бэлэн болох бол?

-Вирус тоолох итгэмжлэл бүхий лабораториудын нэр наймдугаар сарын дундуур тодорхой болж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдах болно. Вирусыг зөв илрүүлж, зөв тоолж нэгжийн хувьд будлихгүй лабораториудыг бид сонгон шалгаруулна. Аль ч хувийн, хувьсгалын лаборатори бидэнд хүсэлтээ өгч, бүртгүүлээд батламж аван С вирус тоолох, шинжлэх эрхтэй болох боломжтой.

-1200 долларыг багасгах боломжгүй гэж сая хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ. Иргэд нэг нь 400 долларын үнэтэй гурван эмийг нэг курс болгон авч хэрэглэхийн тулд 1200 доллар төлнө гэдэг яггүй юм?

-Тийм ээ. Бид энэ 1200 доллар дээр нэг цент ч нэмэхгүй борлуулна. Мөн С вирусын тоог тоолох шинжилгээ одоогийн байдлаар 160.000 төгрөгөөр тогтоогдсон байгаа. Зарим хувийн том эмнэлгүүд 180-240 мянган төгрөгүүдийн хооронд тогтоосон байна. Тэгэхэр энэ стандартын дагуу 160.000 төгрөг буюу үүнээс доош өртөгөөр С вирусыг тоолно. Вирусыг тоолох шинжилгээний үнийг хувь хүн өөрөө даана. Яагаад гэвэл улсын хэмжээнд 94.000 төгрөгийн эмийг 98.2% хүртэл бууруулаад 1200 доллар болгоно гэдэг бол үүргээ гүйцэтгэсэн, маш том амжилт гэж үзэж байгаа. Одоогийн байдлаар засгаас өвчтөнүүдийн шинжилгээний мөнгө, мөн эмийн 1200 долларыг төлөх боломж байхгүй.

-Зарим хүмүүс үнэхээр тийм үнэтэй л эм юм бол яаж ийм хямдхан борлуулж байгаа юм бэ? Хуурамч биш үү гэсэн хардлагатай байна?

-Дэлхийн хэмжээнд танигдсан том компани шүү дээ. С вирусын эсрэг энэ эм нь маш амжилттай эмчилгээ үзүүлж, дэлхийд танигдсан. Нэг талдаа тэр компани бүтээгдэхүүнээ сурталчилж байгаа хэлбэр, нөгөө талдаа нийгмийн хариуцлага ухамсарлаж байгаа хэрэг юм. Том компаниуд хэдий их ашиг орох тусмаа ямар нэгэн сайн үйлийг бүтээдэг. Мөн энд ЭМСЯ-ны хичээл зүтгэл их бий. Хуурамч эм бишээ гэдгийг хариуцлагатайгаар хэлье.

-1200 долларыг багасгахын тулд иргэд даатгалд хамрагдах боломж бий эсэхийг асууж байсан?

-Даатгалд хамрагдах асуудал цаашаа яригдаж байгаа. Манай ЭМСЯ, Хүн ам хөгжил нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газартай ярилцаад санал солилцоо явж байгаа. Судлаж байгаа учраас одоогийн байдлаар хариулах боломж байхгүй ээ.

-Шинжилгээгээ хурдхан өгөхгүй бол хоцорно, эм олдохгүй хэцүү байх болов уу?

-Одоо л шинжилгээгээ өгөхгүй бол хоцорно гэдэг цуу яриа худлаа. Түрүүлж бүртгүүлбэл давуу эрх эдлээд үлдсэн нь эмгүй хоцорно гэж санаа зовох асуудалгүй. Мөн хэн нэгэн таньдаг эмч байх хэрэгтэй, хэнд хэдэн төгрөг өгч гуйх вэ гэдэг асуудал байхгүй гэдгийг та бүхэн ойлгох болно. Харъяа дүүргийнхээ эмнэлэгт оч, шинжилгээгээ хийлгэ. Тэгээд л үнэхээр л вирустэй хүнд бол эм шууд олгогдоно.

-Цааш дамлан зарж, энэ тогтсон байгаа үнээсээ өндөр үнээр худалдаалагдах асуудалд ямар хяналт тавьж ажиллаж байгаа вэ?

-Энэ дээр лабораторийн хяналт, мөн эмчийн хяналт, эмийн компанийн гурвалсан хяналт, мөн ЭМЯ, ХӨСҮТ гардан хянана. Эмч дээр бүртгэгдсэн онлайн бүртгэл лабраторийн бүртгэлд орно. Энэ бүхний дундаас өвчтөнд энэ эмийг олгоё гэж шийдвэл албан ёсны зөвшөөрөл авсан Омбор компаниас худалдаж авна. Энэ гурвалсан хяналтыг ХӨСҮТ давхар хянана, Омбор компани улсын хэмжээнд яригдаж орж ирж байгаа энэ эмийг хэн нэгэнд нууцаар худалдаалж эмийн бизнес болгох эрхгүй. Гаалиар орж ирсэн тоо ширхэг, өвчтөнд олгогдсон тоо ширхэгийг яг таг хянана гэж одоогийн байдлаар ярилцаад байна.

-Орон нутгийн иргэд яаж бүртгүүлэх вэ?

-Орон нутаг, хөдөөгийн иргэд аймгийнхаа эмнэлэгт хандаж шинжилгээнд хамрагдах шаардлагатай. Харьяа эмнэлэгт шинжлүүлсний дараа ХӨСҮТ, улсын 1, 2, 3 дугаар төв эмнэлэг, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэгт хандана. Элэгний С вирустэй иргэдийн бүртгэлийг аравдугаар сард “Харвони” эмийг оруулж иртэл үргэлжлүүлнэ. Гэхдээ бүртгэл бүрэн дуусна гэсэн үг биш. Үе шаттайгаар бүртгэлжүүлж, дээрх эмийг олгох юм. Тиймээс иргэдийн хувьд одоо ч бүртгүүлэхэд оройтохгүй.

ХӨСҮТ

-"ХАРВОНИ" АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР 94 МЯНГАН АМ.ДОЛЛАРААР ЗАРАГДДАГ–

АНУ-ын “Gilead Sciences” компани нь элэгний С вирусийг эмчлэх ХАРВОНИ (Ледипасвир 90мг/Софосбувир 400мг) шахмал эмийг Канад улсын Patheon үйлдвэрт гэрээгээр үйлдвэрлүүлэн Монгол улсад “Access” буюу “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд импортлон, улсын эмийн бүртгэлд бүртгүүлэхээр болсон. “Gilead Sciences”–н бүтээсэн Совалди-Собосфовир болон "Харвони" эмүүд зөвхөн элэгний С вирусийн эсрэг үйлчилгээтэй гэдгээрээ ДЭМБ болон АНУ-ын Хүнс Эмийн Агентлагаар хүлээн зөвшөөрөгдсөн, бүртгэгдсэн бүтээгдэхүүнүүд юм.

Харин энэхүү эмийн худалдаалагдах үнийг тухайн оронд С вирусын тархалт ямар байгаа, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ, өвчний дарамт харгалзан үзэж тогтоодог юм байна. АНУ-ын зах зээл дээр энэ эм 94.000 ам.доллараар худалдаалагддаг энэ эмийг хамтын ажиллагааны хэлэлцээрийн дүнд дэлхийд хамгийн хямдаар буюу зөвхөн Египет, Монгол улсуудад 400 ам.доллараар худалдаалахаар болсон байна. Олон улсын зах зээл дээр маш өндөр үнээр худалдаалагддаг энэ эмийг гурван сар ууж байж нэг курс болно. Тэгэхээр нэг курс эм худалдан авахын тулд та 1200 ам. доллар төлөх болно.

-10 ДУГААР САРААС ХУДАЛДААЛЖ ЭХЭЛНЭ-

Монгол улсад элэгний С вирусээр өвчлөгсдийн тоо өнөөдрийн байдлаар 150.000 орчимд хүрээд байна. Харин эмчилгээнд яаралтай орох шаардлагатай 50.000 хүн байгаа юм. "Харвони" эм нь эмчийн хяналтад хепатит С вирүсийн генотип 1-ийн архаг халдвартай нь шинжилгээгээр нотлогдсон насанд хүрэгчдийн /18-аас дээш насны/ эмчилгээнд дангаар нь хэрэглэх заалттай. Зөвхөн эмчлэгч эмчийн бичсэн жор дээрх зааврын дагуу ууж хэрэглэнэ, бусад вирүсийн эсрэг эмүүдтэй хавсарч хэрэглэх шаардлагагүй. Эмчилгээний хугацаа нь өвчний байдлаас шалтгаалан 3-6 сар байна. Харвони эмийн эмчилгээний үр дүн болон хэрэглэх заалтыг олон судалгааны үндсэн дээр гаргасан бөгөөд үндсэн судалгаа нь 3 шатлалт эмнэлзүйн судалгааны үр дүн 96-99% байсан. Энэхүү эмийг АНУ, Европын холбооны 30 улс, Канад, Щвейцарь, Шинэ Зеланд, Турк улсуудад эмчилгээнд хэрэглэж байгаа бөгөөд Монгол улсад албан ёсоор 10 дугаар сараас эхлэн борлуулах юм.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.