Яруу эгшиглэнт ЯТГЫГ ХЭРХЭН ХИЙДЭГ ВЭ

Д.Тулга / Орон нутаг

ytga

Medee.MN сайт эрхэм уншигч та бүхэндээ зориулан “ХЭРХЭН ХИЙДЭГ ВЭ” булангаа цувралаар хүргэх гэж байна. Техник технологийн ололт амжилт, үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн болоод сор болсон урлагийн бүтээл, өдөр тутмын энгийн хэрэглэгдэхүүнүүдийг хэрхэн хийж, бүтээдэг талаар та энэ булангаас унших боломжтой.

Бид энэ удаа ардын домогт халамжит ханиа үгүйлсэн сэтгэл, ачит эхээ санагалзсан сэтгэлээс үүссэн гэгддэг яруу эгшиглэнт ятга хөгжмийн хэрхэн урладаг талаар бэлдлээ. Хүнд оршсон адыг хувилгаан хөгжимчний дэлдсэн ятгын эгшээр зайлуулдаг гэх бөгөөд ятгах увидасаар ятга хэмээн нэрийддэг гэжээ.

ytga

ЯТГЫН АР БОЛООД НҮҮРИЙГ ЭСГЭХ

Ятгын урт богино, ур хийц нь нутаг нутгийн онцлогоос шалтгаалдаг бөгөөд толгойн хэсэг, их бие зэргийг заавал нэгэн хэвээр хийдэггүй. Зарим тохиолдолд ятгачид өөрийн бие болоод гарт тааруулан урлаж болдгоороо онцлогтой. Ингээд юуны өмнө ятга урлаачид тусгайлан бэлдсэн модон дээрээ хөгжмийнхөө урт, богино хэмжээг тааруулан эсгэнэ. Энэ удаа ятга урлаачид маань БНХАУ-аас импортлон оруулж ирсэн дуут модыг сонгон авлаа. Энэ дуут мод нь хөнгөн чанартай тул хөгжимчин хүн өргөж явахад хялбар байдаг аж.

Ийнхүү ятга хөгжим үйлдвэрлэлийн стандартын дагуу бэлдсэн эсгүүрийн дагуу ятгынхаа ар болон нүүрийг урлаж, хөрөөдөн бэлэн болголоо.

ytga

ytga

АР МОДЫГ НҮХЛЭХ

Ятганы ар модон дээр байх сар болон дугуй хэлбэртэй хоёр нүх нь дугаралтанд чухал нөлөөтэй. Яг л морин хуурын царны нүүрэн дээр байх хоёр босоо нүхний адил үүрэг гүйцэтгэх бөгөөд энэ нүхийг арын бэлдэц дээр шоглоом тавьж гарган, тусгай нарийн хөрөөгөөр хөрөөдөж бэлэн болгоно. Харин голд харагдаж буй нүх нь хөгжимчин хөгжмөө барьж явахад зориулагдсан байх ба дугаралтанд ямар нэг нөлөө байхгүйгээр тооцоолон гаргана.

ДЕТАЛЬ МОДУУДЫГ БЭЛЭН БОЛГОХ

Одоо ар мод болон нүүрийг холбох деталь моднуудыг мөн адил стандарт хэмжээний дагуу эсгэж бэлэн болгоно.

ytga

Нүүр болон арын бэлдэцийг хооронд нь тэлэх зориулалттай хагас дугуй хэлбэртэй хоёр модыг хийнэ. Мөн зураг дээр харагдаж байгаачлан хүрээлсэн рам модыг бэлтгэж тус бүрийг арын модонд бэхлэж наана. Харин эдгээр модыг дуут модоор бус нарс, хус модоор хийдэг бөгөөд энэ нь ачаалал өгч байгаа хэсгүүдийг бат бөх байлгах зорилготой аж.

ytga

ТОЛГОЙ

Бидний харж буй ятга нь тагтай ятга тул одоо толгойн хэсэгт таг буюу утсаа чангалах хэсгийг гаргана. Угсааны доод талын эх биеэс тусгаарлагч модыг ч мөн адил ачаалал авдаг хэсэг гэж үздэг тул нарс, хус модыг ашиглан хийжээ.

ytga

Тагтай ятганы дотор талд утас чангалагч боолтуудыг суулгана.

ytga

Одоо энэ хэсэгт тусгайлан бэлдсэн гоёл бүхий тагийг нугасны тусламжтайгаар хийж суулгана. Ятгачид тоглолтын үед энэ тагийг хааж, тоглолтын бус цагаар онгойлгон тусгай түлхүүр ашиглан чангалж, суллан хөгөө хөглөдөг аж.

ytga

Толгой хэсгээс татсан утсыг доош татаж тогтоохын тулд мөн тусгайлан бэлдсэн модыг эх биетэй нийлүүлэн наана. Хөгжим урлаачид ятганы энэ хөндөл хэсгийг “бөгс” гэж нэрийдэх бөгөөд ятганы бөгс хэсэгт мөн л стандартын дагуу нүх гаргана. Харагдаж буй зураг дээр 13 утастай ятганы бөгсийг хийж бэлэн болгосон байна.

ytga

ХАМАР

Ятганы таг болон утас сүвлэх хэсгийн цаана хамар мод харагдаж байна. Энэ модыг мөн л бат бөх байлгах үүднээс хуш, нарс зэргээр хийнэ. Хамарны өндөр стандартын дагуу байх бөгөөд хэт өндөр эсвэл нам хийвэл дуугаралтанд нөлөөлөх тул нарийн ажиллагаа шаардагддаг гэж урлаачид хэлж байв.

ytga

ӨНГӨЛГӨӨ

Одоо деталь моднууд болон ар, нүүр моднуудыг нааж бэлэн болгосон тул будаг болон өнгөлгөөнд оруулна. Зах хэсгүүд болон, хамар мод, бөгс зэргийг өнгөлгөөний лакаар будаж, дугаралтанд чухал үүрэг гүйцэтгэх ар, нүүр хоёрыг будалгүй өнгөлнө.

ytga

ХӨЛ

Ятга тоглохдоо ихэвчлэн явган сууж, зүүн хөлөө бохирч өвдөглөн сууж, баруун өвдгөн дээрээ толгойг нь тавьж хөгжимддөг. Эрэгтэйчүүд нь завилан сууж мөн баруун өвдөг дээрээ толгойг нь тавьж хөгжимдөх бөгөөд заримдаа ятгаа өндөр тавиур дээр тавиад босоо зосон хөгжимддөг байв. Харин сүүлийн үед хөгжимчид сандал дээр суун хөгжимддөг болж. Иймд ятганы доор хоёр хөл хийж газраас хөндийрүүлнэ.

ytga

УТАС СҮВЛЭХ

Хэдэн утастай ятга хийхээс шалтгаалан утас нь өргөн, нарийн байна. Гэхдээ утас хоорондын хэмжээ ямар ч ятганд стандарттай байх бөгөөд хоёр утас хооронд яг 1.5 см байхаар тохируулан нүхлэнэ. 16 утастай ятганы утасны урт нь 26 см байдаг бол 13 утастай ятганых нь 23 см байна.

ytga

Ятгын чавхдасыг эрт үед “өлөнгөөр” хийдэг байсан гэлцэг. Харин одоо манайхан ятганы утсыг Хятад, Солонгос, Буриад улсаас импортлон оруулж ирдэг. Нэгдүгээр утаснаас 16 дугаар утас хүртэл бүгд нарийнаас өргөн хүртэл өөр өөр байдаг тул үйлдвэрлэлийн явцад сольж хийвэл маш том алдаа болдог аж.

ytga

Утсаа сүвлэхдээ хамгийн эхлээд толгой хэсэгт оруулан тагтай ятга бол боолтнуудад бэхлэж чангалаад доош хөндлөвч тийш татна. Харин энгийн буюу угсаатай ятганы толгой хэсэгт утсаа сүвлээд нөгөө талд нь тусгай бэхлэгчинд ороож тогтоож байна.

ytga

Харин чавхдасыг доод хэсэгт тогтоохдоо тусгайлан гаргасан хоёр эгнээ нүхний нэгээр нь доош оруулж, нөгөөгөөр нь дээш гаргаад монгол уяагаар зангидан, тайлагдахгүй болтол нь татна.

ytga

Ингээд бэлэн болсон ятгын чавхдасныхаа доор зөөлөн хуш модоор хийсэн тэвхнүүдийг өндрөөс нь нам тал руу дарааллуулан байрлуулж, хүйр зангидан эрхийвчтэй холбон чангалан татсанаар ятга хөгжмийн ур дуусна. Тэвх нь ятга хөгжмийг хөглөх болон хөг шилжүүлэх үндсэн үүрэгтэй юм.

Энэ удаа бидэнд ятга хөгжмийг хэрхэн урлах талаар талаар тайлбарыг “Эгшиглэнт манлай” ХХК-ийн хөгжим урлаачид хүргэлээ.

Б.ГЭРЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.