Н.Цэнгэл: “Приус”-ын энгийн болон спорт загварын гуперыг 250 мянган төгрөгөөс эхлэн хийж байна

Д.Тулга / Орон нутаг

guuper

Жил гаруйн өмнө уншигч та бүхэндээ бид монгол залуус эх орондоо автомашины гупер (буферыг олны дунд хэлж заншсанаар бичиглэв. сурв) үйлдвэрлэж эхэлсэн талаар сурвалжлага бэлтгэн хүргэж байсан билээ. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Залуус өөрсдийн санаачлагаар эх орныхоо аж үйлдвэрийг хөгжүүлэхээр зүтгэж байгаа энэ зүтгэлийг ард иргэд ч өндрөөр үнэлж, дэмжиж, худалдаж авах нь ихэслээ.

Бид энэ удаа уншигчдын хүсэлтээр автомашины гупер хийж байгаа залуус энэ ажлаа үргэлжлүүлж байгаа эсэх, энэ хугацаанд хэрхэн хөгжиж дэвшсэн талаар сурвалжиллаа. Тэд “Приус” 20 болон 11 загварын урд, ард гупер хийдэг байснаа спортын загварын гуперуудыг ч хийх болжээ. Тэд энэ ажлаа автомашины эд анги, гупер хийж байгаа гэхээсээ илүүтэй уран бүтээл хийж байна гэж бодох дуртай гэлцэж байлаа. Тэд цаашид гупер хийх захиалгаа фэйсфүүкт пэйж хуудсаар авахаар төлөвлөж байгаа аж. Бид залуусын төлөөлөл Н.Цэнгэлтэй ярилцсанаа хүргэж байна.

guuper

-СТАНДАРТ ГУПЕР 250 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ГАРЧ БАЙГАА-

-Танайх одоо ямар ямар төрлийн гупер хийж байгаа вэ?

-Одоохондоо бид яг энгийн гуперээс илүүтэй спорт гупер хийж байна. Энд харагдаж байгаа гуперүүд дандаа “Приус-20” автомашиных юм. “Приус-20”-ын энгийн стандарт гуперыг хормойтой болгосон загвар нь мөн харагдаж байна. Ер нь хормойтой загварууд дандаа нэмэлт боолт ордог, харин бидний хийж байгаа энэ гупер шууд цутгалтаар нэг болж гарч ирдэгээрээ онцлогтой.

-Хамгийн эхлээд хэр чанартай байх вэ гэж асуух нь зүйтэй болов уу?

-Чанарын хувьд хэлэхэд смилай гэх цавуулаг бодисоор хийж байгаа. Энэ нь маш чанартай бодис юм. Өөрөөр хэлбэл, энэ цавуулаг бодисоор хэвээ хийж хатахаараа ийм болж байна. Энгийн гупер хэтэрхий уян байдаг тул нугарах, хагарах тохиолдол их. Мөргөхөд л энэ нь хагарна шүү дээ. Харин урагдана гэсэн ойлголт байхгүй, хагарах, хугарах нь удаан.

-Өнгөрсөн жилийнхтэй орц материалын хувьд яг ижил үү?

-Яг хэвээрээ. Харин ч илүү сайжирч, илүү чанартай, илүү үнэтэйг нь бид авч хэрэглэж, бүтээгдэхүүнийхээ эдэлгээг сайн болгож байна. Ер нь манайхаас авсан хүмүүс дандаа “Чанарын хувьд ярих юм алга, хугарч, нугараад унасан юм алга” гэж хэлдэг.

-Спорт загварын гупер хийж байгаа гэлээ. Илүү үнэтэй байх?

-Тийм ээ. Хүмүүс интернэтээр харж байгаад “Тийм болгомоор байна, ийм болгомоор байна” гээд зургийг нь аваад ирдэг. Нэг гуперын үнэ материалын орц, хийц загвар, хэр их талбай орж байна гэдгээсээ шалтгаална. Манайхан хамгийн эхлээд мөнгөн дүнг л асуудаг. Стандарт гупер 250 мянган төгрөгөөр гарч байгаа. Хужаа гупер харин 150 мянган төгрөг байдаг тул манайхыг авах хүмүүс харьцангуй бага. Гэхдээ илүү чанартай гэсэн гээд зориод ирэх хүмүүс ч их. Харин спорт гупер үү, үгүй юу гэдэг загвараасаа шалтгаалаад үнэ нь дээш өснө.

guuper

-ХЯМД МАТЕРИАЛААР ХИЙВЭЛ МОНГОЛЫН НӨХЦӨЛД ТОХИРОХГҮЙ,
ӨВӨЛДӨӨ ХАГАРААД Л УНАНА-

-Арай хямд байх боломжгүй юу?

-Үнэ нь яг л цэвэр материалаас шалтгаалж байгаа юм. Учир нь бид судалгаа хийсний дараа хамгийн чанартай боловч хамгийн хямд гэсэн цавуулаг материал татаж авч ирж байна. Үүнд мэдээж тээвэрлэлтийн хөлс орно. Жилийн өмнө л гэхэд юанийн ханш 320 орчим төгрөг байсан. Тухайн үед материалаа авсан гуперууд 180-200 мянган төгрөгийн хооронд гарч байлаа. Харин одоо юанийн ханш 350 төгрөг болж, орц материалын үнэ нэмэгдсэн. Бидний санаагаар тодорхой үнийг 2-3 жилийн турш барих байсан ч валютын ханшаас бид яах аргагүй шууд хамааралтай байна. Хоёрдугаарт, ийм цавуулаг материалыг Эрээнээс худалдаж аваад эдлэл хийдэг хүмүүс байдаг. Энэ нь Монголын нөхцөлд тохирохгүй, өвөл хүйтэнд шууд л хагарчихдаг. Тиймээс бид өөрсдийн бүтээгдэхүүнийг чанартай болгохоор зорьж байгаа учраас технологийнх нь дагуу ажиллахыг хүсч байна.

-Хэр удаан хугацаанд гарах вэ?

-Яг спорт гупер дунджаар долоо хоногийн дотор гардаг. Урд ч бай, ард ч бай хамаагүй. Харин хүмүүсийн хүсээд байдаг нарийн ажиллагаатай загварууд хэцүү шүү дээ. Ийм деталь ихтэй гуперууд дунджаар хоёр долоо хоногийн дотор гарна. Энгийн гупер стандартынхаа дагуу яг зургаан цагийн дотор гардаг.

-Хүмүүсээс захиалгаа аваад хийгээд байя гэхээр ачаалал нилээд өндөр, хүн хүч хүрэлцдэггүй гэж байсан?

-Ачаалал их өндөр. Учир нь бид яг үйлдвэрлэлийн хэмжээнд очоогүй байгаа шүү дээ. Хэрвээ үйлдвэрлэлийн хэмжээнд очсон бол нэг талдаа энгийн гупер, нөгөө талд захиалгат спорт гупер дээр ажиллаж болно. Гэтэл бид одоогоор яг ажлын цаг гаргаж хийж байгаа учраас гаргах хугацаа тодорхой хэмжээнд удаан байна. Анх бид өөрсдийн машины загварыг жаахан өөрчилье л гэсэн бодолтой нийлж байсан. Яг хийгээд явахад хүмүүс энэ гуперыг хаана хийлгэсэн бэ гээд л асууна. “Бид өөрсдөө хийсэн” гэхээр хүмүүс маш их сонирхдог юм. Гэхдээ хүмүүс 250 мянган төгрөгөөр энэ гуперыг авч байхаар 350 мянган төгрөгөөр спорт гупер худалдаад авчихна шүү дээ гэж хэлдэг. Үнэхээр хэрэглэгчдийн хувьд тийм л юм.

guuper

-БИД ЛАНД, ЛЕКСУС 570 ЗЭРЭГ МАШИНУУДЫН ГУПЕР ГАРГАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ-

-Цаашид өөр бусад машины гупер хийх үү?

-Бүх төрлийн машины гупер хийж болно. Яг энэ смилай гэх материалын ашиглалтаар солонгосчууд тэргүүлж байна. Үүгээр хөшөө, машины толь, доторхи салон тэр байтугай байшин хүртэл барьж байна шүү дээ. Бидний ирээдүйн төлөвлөгөө яг энэ чиглэлдээ 2017 ондоо багтаагаад хямдхан машинуудаас боломжоороо аваад, загварыг нь өөрчлөөд, явах эд ангийг нь өөрчлөхгүйгээр тэр чигт нь гаргавал хүмүүст илүү хүрэх байх гэж бодож байгаа. Яваандаа бид Ланд, Лексус 570 зэрэг машинуудын гупер гаргах бүрэн боломжтой. Гэхдээ бидэнд юу шаардлагатай болдог гэхээр үндсэн гуперын хэмжээс л хэрэгтэй. Тэгэхийн тулд тэд өөрсдийн гуперыг авч ирэх хэрэгтэй. Бид авчирсэн гуперээс хэмжээ авч хэв аваад, дараагийн асуудлыг ярина. Өөрөөр хэлбэл, яг энэ гуперыг хувилж тавих уу, эсвэл спорт загвартай болгох, өөрчлөх эсэхийг шийднэ гэсэн үг.

-Одоо үйлдвэрлэлийн хэмжээнд очъё гэхээр яг юу шаардлагатай байна вэ?

-Бид урдаас л материалаа татаж эхэлсэн. Яг нэг загварыг хэвлэж гаргах төхөөрөмж 150 сая гэдэг юм. Бид магадгүй ирээдүйд ийм төхөөрөмжтэй болно. Гэхдээ шууд бэлэн төхөөрөмж тэндээсээ авахаасаа илүүтэй өөрсдийнхөө хөрсөн дээр буусан төхөөрөмжийг өөрсдийн гараар хийе гэж бодож байгаа. Ер нь энд ажиллаж байгаа бүх хүн инженерүүд шүү дээ. Боломж нь гараад хийж бүтээе гэвэл болохгүй зүйл байхгүй ээ.

-Ойролцоогоор хэдэн захиалга хэрэглэгчдийн гарт хүрсэн бэ?

-Тийм ч олон биш ээ. Бид одоогоор 30-40 ширхэгийг л гаргасан байна. Үүнээс 2-3 нь эргэж ирсэн нь гадны нөлөөтэйгөөр буюу хэрэглэгчийн буруутай үйлдлээс болж мөргөлдөөд эвдэрсэн байсан. Гоёлын загвар мөргөлдлөө гэхэд үүссэн эвдрэлийг бид буцаагаад яг тэр чигт нь болгож засаад, 2-3 хоногийн дотор өгнө.

-Та бүхний хийсэн гуперын эвдрэлийг буцааж засварлахад илүү хялбар байж магадгүй?

-Ер нь хялбар шүү дээ. Бүр болохгүй бол хэрэглэгчтэйгээ ярилцаж байгаад яг адилханыг гаргаад өгөх боломжтой. Спорт гупер нь дандаа газраас долоон хуруу л хөндийрдөг. Тэгэхээр чулуу шороо ихтэй гэр хорооллын замаар явахад эмтрэх тохиол бий. Үүнийг нь бид эргүүлээд нэг өдөртөө гаргаад өгч болно.

guuper

-БИД НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААНД БАТАЛГАА ӨГНӨ-

-Энэ хугацаанд та бүхэнтэй хамтарч ажиллая гэсэн санал ирэв үү?

-Бид одоогоор ганц хоёр байгууллагаар л орсон. Ихэвчлэн даатгалын компани байсан бөгөөд тэд эвдэрсэн гуперын мөнгийг бэлнээр нь гаргаад өгчихдөг юм билээ. Бидний гаргасан санал эвдэрсэн гуперыг гуперээр нь гаргаж өгөөч ээ гэсэн юм. Гэтэл эцсийн хэрэглэгч болсон даатгуулагч маань “Би япон гуперээ мөргүүлсэн учир япон гуперээ л авна гэдэг”. Тиймээс хэрэглэгчийн хувьд одоохондоо бэлэн биш. Магадгүй хоёр жилийн дараа гэхэд хэрэглэгчид энэ гуперыг илүү чанартай, хямд, илүү загварлаг юм, эх орондоо үйлдвэрлэж байгаа юм гэдгийг ойлгох байх.

-Энэ гуперыг хүмүүс өнөөдрөөс эхлээд захиалга өгч, авна гэвэл та бүхэн бэлэн үү?

-Ямар хийц загвараасаа шалтгаалаад захиалга авна аа. Боломжтой гэж хэлж болох ч хугацааны хувьд жаахан удаашралтай байх магадлалтай.

-Баталгаат хугацаа бий юу?

-Бид нэг жилийн хугацаанд баталгаа өгнө. Энэ гупер гадны нөлөөнөөс л болж эвдэрнэ шүү дээ. Гэхдээ бид тухайн хүнтэй ярьж байгаад эвдрэлийг нь аль болох янзлаад засаад өгнө. Засварлалаа гэхэд тухайн зардлыг бид өөрсдөөсөө л гаргана. Тэгж байж л хэрэглэгч маань сэтгэл хангалуун байна шүү дээ.

-Танай багт хэдэн гишүүн байна вэ? Багийнхнаа танилцуулахгүй юу?

-Бид яг одоо гурвуулаа л ажиллаж байна. Бусад хүмүүс маань ажлынхаа цаг заваар амжуулна. Шинэ юм эхэлж байгаа болохоор бүгд ажлынхаа цаг заваар, ихэвчлэн шөнийн цагаар энд ирж ажилладаг. Гэрийнхэн маань ч үүнийг ойлгож хүлээж авч байгаа. Үнэхээр үйлдвэрлэлийн хэмжээнд оччихвол хамаагүй, бид үүнд л ганцхан зориод ажиллана. Гэтэл 100 хувь үйлдвэрлэгч гэж хэлж боломгүй байгаа тул бид хажуугаар нь тус бүрийн ажлаа хийгээд явж байна.

Б.ГЭРЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН

guuper

guuper

guuper

guuper


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.