Улаанбаатар хотод анх удаа нарны эрчим хүчийг ашиглан айл өрхийг халаах туршилт явагдаж байна

Д.Тулга / Орон нутаг

narnii zai

Монгол залуус Улаанбаатар хотын утааг бууруулах, Монголын нөхцөлд тохирсон хямд төсөр, эрчим хүч хэмнэх цахилгаан зуух нутагшуулсан талаар бид өмнө мэдээлж байсан. Энэ цахилгаан зуухыг иргэдийн ажлыг хөнгөвчлөх зорилгоор гар утсаараа хянах, тохиргоо хийх, унтрааж асааж болохоор шийдэж өгсөн байдаг. Ижил төрлийн цахилгаан халаагууруудаас ялгаатай нь гэрийн дулааныг автоматаар хянаж, зохицуулалт хийж байдаг тул 30 хувийн хэмнэлттэй. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу

Тэд энэ удаа ухаалаг цахилгаан зуухаа нарны эрчим хүч ашиглан ажиллуулах туршилт хийжээ. Бидний харж байгаа энэ 75 м.кв байшинг долоо хоногийн өмнөөс нарны эрчим хүч ашиглан цахилгаан зуухаар халааж байгаа аж. Байшин дотор 22 хэмийн дулаан байх бөгөөд сэргээгдэх эрчим хүчээр ажиллаж буй халаагуурууд яг л цахилгаанаар халж буй мэт байв. Бид “Rising Development Mongolia” компанийн захирал Т.Оюунбаттай сэргээгдэх эрчим хүч ашиглан ажиллуулж буй цахилгаан зуухных нь талаар ярилцлаа.

narnii zai

-ОДООГООР ХАМГИЙН УХААЛАГ ШИЙДЭЛ БОЛООД БАЙНА-

-Та цахилгаан зуух хэрхэн нарны эрчим хүчээр ажиллаж буй технологийн талаар товчхон танилцуулахгүй юу?

-Гадаа байгаа нарны хавтангаас хураагдсан эрчим хүч энэхүү баттерей руу орно. Баттерей руу орсон эрчим хүч энд суурилуулсан хар төхөөрөмжөөс цахилгааны утсаар гараад цахилгаан зуухыг ажиллуулж буй юм. Гадаа байгаа хавтангаас өдөртөө хуримтлуулсан эрчим хүчийг өдөр болон оройдоо ашиглах боломжтой. Нөгөөтэйгүүр, өдөртөө нэг хавтан нь ажиллаж байхад нөгөө нь эрчим хүчээ хурааж байхаар ээлжлээд явна.

-Энэ цахилгаан зуухыг нарны эрчим хүчээр ажиллуулахад хэр тохиромжтой байна вэ?

-Одоохондоо Монголд нарны хавтангаар ингэж халаасан газар байхгүй. Энэ цахилгаан зуух маань өөрөө эрчим хүчний хувьд маш өндөр хэмнэлттэй. Учир нь 75 м.кв-тай энэ байшинг 21 хэм байхаар халаахад 6 кВт-аас 66 хувийг нь л ашиглаж байгаа юм. Энэ нь ойролцоогоор 3 кВт хүчин чадлаар өрөөг стандарт хэмжээнд хүртэл халааж чадаж байна гэсэн үг юм. Яг стандартынхаа дагуу энэ байшинг 8 кВт-аар халаах ёстой байдаг. Гэхдээ манай цахилгаан зуух 6 кВт-аар ажилладаг бөгөөд үүнээсээ 40 орчим хувийг нь ухаалгаар хэмнэчихэж байгаа юм. Биднийг орж ирэхэд нийт хүчин чадлын 66 хувийг ашиглаж байсан бол одоо 35 хувийг ашиглаж байгааг самбар зааж байна шүү дээ. Өрөөний дулааны хэмээс шалтгаалан өөрөө автомат хяналттайгаар хүчин чадлаа зохицуулна. Энэ шийдэл нь одоогоор хамгийн ухаалаг шийдэл болоод байна. Ингэж хэмнэж чаддаг учраас нарны хавтантай хослож ажиллаж чадаж байгаа юм. Өмнө нь энэ ихэсгэж багасгах зохицуулалтыг хүн өөрөө хийдэг байсан тул нарнаас авсан эрчим хүч бүхий баттерей маш хурдан дуусчихдаг байсан.

-Нарны эрчим хүч хүрэлцэхгүй үед яах вэ?

-Мэдээж энэ эрсдлийг тооцоолсон бөгөөд нарны эрчим хүч дийлэхээ боливол төвийн эрчим хүчнээс тог авч байхаар зохицуулагдсан.

-Энэ боломжийг та бүхэн холбогдох байгууллагуудад танилцуулж үзсэн үү? Тэд дэмжихээ илэрхийлсэн үү?

-Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын М.Ганбаатар дарга маш их дэмжиж ажиллаж байгаа. Нараас эрчим хүч гаргаж байшингаа халаана гэхээр шууд л боломжгүй юм шиг хүлээж авдаг. Учир нь хамгийн эхний туршилтын зардлууд өөрөө маш өндөр өртөгтэй байдаг. Тиймээс бид бодитоор судалгаатай, туршилттай, харуулах юмтай байлгах гэж үүнийг хийж байна. Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газар бидний ажлыг дэмжиж, энэ байрыг гаргаж өгч, нарнаас эрчим хүч гаргах технологийн инженерүүдтэй холбох гэх мэтээр маш их анхаарч байна. Миний харж байгаагаар агаарын бохирдлын эсрэг яг ийм үр дүнтэй судалгаа хийж, анхаарч байгаа нь Монголдоо бараг анхных гэж хэлж болно.

narnii zai

-НАРНЫ ЭРЧИМ ХҮЧ АШИГЛАВАЛ ЦАХИЛГААНЫ УРСГАЛ ЗАРДАЛ
80 ОРЧИМ ХУВЬ БУУРЧ БАЙГАА-

-Цаашид айл өрхүүдэд тавих уу?

-Нарны хавтанг айл өрх болгон дээр тавихаар зардал нь их өндөр гарч байна. Нэг айлд нарны хавтан, баттерей, шугам, цахилгаан зуух гээд бүгдийг суурилуулахад 6 сая орчим төгрөг болно. Тиймээс бид бага хэмжээний сэргээгдэх эрчим хүчний станцыг 1000 орчим айлын дунд ч юм уу байгуулаад явах саналтай байгаа юм. Ер нь судалгаанаас харахад нийслэлд байгаа байшингуудын 70 орчим хувь 50 м.кв байна. Ийм хэмжээтэй байрыг дэд станцаа барьтал эхний ээлжинд сэргээгдэх эрчим хүчээ холбохгүйгээр цахилгаанаар халаана. Ингэхэд ойролцоогоор 2.5 сая орчим төгрөг болж байгаа юм. Харин Нийслэлийн дэд бүтцийн газраас үүнийг айлуудад хөнгөлөлттэй олгох боломжийг судалж байна. Цаашид энэ судалгаагаа нарийвчлан айл өрх бүрт нарны хавтан суурилуулах уу, бага хэмжээний сэргээгдэх эрчим хүчний станц барих уу гэдгээ шийднэ.

narnii zai

-Өртөгийг нь хүлээн зөвшөөрөөд, шууд тавиулах хүсэлтэй айл өрхөд тавьж өгөхөд бэлэн гэж ойлгож болох уу?

-Юуны өмнө бид айлуудад эхлээд цахилгаан зуухаа тавьж байж тооцоогоо гаргана. Энэ айл сардаа тэдэн төгрөгийн тог хэрэглэж байхад дулаан алдагдал нь тэд байна гэх мэтээр нарийн тооцоонуудаа гаргаад, дараагаар нь ийм айлд тийм нарны хавтан тавихад хангалттай юм байна гээд гаргадаг. Тэгэхгүй бол байшин бүрийн дулаан алдагдал өөр учраас шууд очоод хамаагүй суурилуулаад явж болохгүй. Одоогоор айл өрх бүрт шууд нарны хавтанг нь шийдээд өгөх төсөв улсад байхгүйг мэдэж байгаа ч бидний хийж буй энэ ухаалаг цахилгаан зуух нарны эрчим хүчээр ажиллаж болдог юм, болгож болно гэдгийг л харуулахыг хүссэн. Өнгөрсөн хугацаанд утааны эсрэг хэдэн зуун тэрбум төгрөг зарцуулчихсан байгаа тул бүр огт боломжгүй ч гэж харахгүй байгаа.

-Энэ цахилгаан зуухыг суурилууллаа гэхэд сард надаас хэдэн төгрөгийн зардал гарах вэ?

-Сардаа 0.4 стандарт дулаан алдагдалтай 100 м.кв байшинд 180 мянган төгрөгийн зардал гарна. 100 м.кв байрыг халаах мод, нүүрсний сарын хэрэглээ 200 гаруй мянган төгрөг болдог шүү дээ. Ингэхдээ заавал галаа өрдөх, галаа түлэх асуудалтай, хэн нэгэн нь галаа манаж, гэрээ дулаахан байлгах гээд хүний оролцоо ихтэй. Энэ цахилгаан зуух хүний оролцоо огт байхгүй мөртлөө хэмнэлттэй ажиллана, өглөө хүүхдүүд даарч босч ирэхгүй, утаа гаргахгүй гээд давуу талууд олон бий. Харин 50 м.кв байрны хувьд байшингийн дулаан алдагдал 0.4 стандарттай бол 100 мянган төгрөгөнд багтана. Гэр хорооллын байшингуудад судалгаа хийхэд ихэвчлэн 50-80 м.кв бүхий байшингууд зонхилдог юм билээ. Тэд сардаа 180 мянган төгрөгийн мод нүүрс хэрэглэдэг, эсвэл нам даралтын зуухтай бол ус нь хөлдөх магадлал өндөртэй. Тэгээд л бөөн зардал гарчихдаг. Хоёрдугаарт системийн хувьд бүрэн ухаалаг тул хүний оролцоо огт хэрэггүй гэдгийг дахин дурдъя. Асаагаад л тавьсан бол яг л градус, температураа барьдаг. Одоо бид энэ байшинг энгийн стандарт буюу 22 хэм дээр тохируулсан байна. Дулааныг нь нэмье гэвэл 15-20 минутын дотор тэр хэмдээ хүрч гэрийг халаах юм. Төвийн байшингуудын дулааны стандарт нь 21-22 хэмийн дулаантай байдаг шүү дээ. Ер нь товчхондоо хэрэглэж байгаа мод нүүрстэй л зардал нь эн тэнцэж байгаа.

-Нарны эрчим хүчийг ашиглаж байгаа тул зардал мөнгөний хувьд буурах болов уу?

-Нарны эрчим хүчийг ашиглаж байгаа тохиолдолд цахилгааны сарын урсгал зардлууд 80 орчим хувь буурч байгаа юм. Маш энгийн жишээгээр тайлбарлая. Өнөөдөр манай гэр бүл нараар баттерейгаа цэнэглэчихлээ. Маргааш тогоо хэрэглээд, нөгөөдөр ахиад нараа хэрэглэнэ гэх мэтээр ээлжлээд байж болно. Тэгэхэд 100 мянга гардаг айл шууд л 50 мянган төгрөг болчихож байгаа юм. Жишээ нь, та ухаалаг удирдлагын систем дээрээ даваа гаригт нараар ажиллана гээд тохируулчихвал ням гаригт хураагдсан нар даваа гаригт ажиллаад, хоёр дахь өдөр төвийн цахилгаанаар ажиллана. Гурав дахь өдөр нь хоёр дахь өдөр хуваагдсан нараар ажиллах байдлаар тохируулчихна гэсэн үг. Нэмээд сая шөнийн тарифыг тэглэчихлээ. Тийм болохоор зардал маш бага гарч байгаа дээр нараа ашиглах юм бол илүү их хэмнэлт үүснэ.

narnii zai

narnii zai

-ДУЛААН АЛДАЛТ ӨНДӨРТЭЙ ЗУНЫ БАЙШИН ДЭЭР ТУРШИЛТАА ХИЙЖ БАЙНА-

-Улаанбаатарт нарны эрчим хүч ашиглахад цаг агаар, нутаг дэвсгэрийн хувьд хэр тохиромжтой байдаг вэ?

-Нарны эрчим хүчний тал дээр холбогдох инженерүүд нь яг одоогийн байдлаар энд алга байна. Гэхдээ бид хамтарч ажиллан, судалгаа хийсний хувьд яг бидний энэ зогсож буй 32-ын тойрог гэж энэ талбай Монголын хамгийн агаарын бохирдолтой хэсэгт тооцогддог. Утаа ихтэй, нар бага орж ирдэг хэсэг мөртлөө яг энэ хяналтын самбар дээрээс харахад 13.7 вольт буюу нарны баттерей дүүрэн байна. Ийм их тоосжилт, агаарын бохирдолттой нутаг дэвсгэрт ажиллаж байгаа тул бусад хэсэгт ажиллана л гэсэн үг юм.

-Энэ байрыг халаагаад хэр удаж байгаа вэ?

-Халаалтын системээ суурилуулж, ажиллагаанд оруулаад долоо хонож байна. Энэ байшинг бараг балгас шиг байхад нь бид цэвэрлэгээ хийж, дотор нь хананы цаас нааж туршилтаа хийж эхэлсэн. Нийт 75 м.кв талбайд нийтдээ 6 ширхэг халаагуур суурилуулсан байна. Стандарттай байшингийн дулаан алдалт 0.4 байдаг. Харин энэ байшин 0.7 хувийн буюу маш өндөр дулаан алдагдалтай зуны байшин л даа. Цаанаасаа гаргаж өгсөн нь энэ. Монголд байгаа байшингууд ихэвчлэн тийм ч сайн байдаггүй. Тиймээс мэдээж дулаан алдалт өндөртэй байшин дээр туршиж үзвэл айл өрхүүдийг дулаацуулж чадах уу, үгүй юу гэдгээ сайн мэдэх боломжтой. Гадаа өнөөдөр маш хүйтэн байна, харин дотор ямар дулаахан байгааг та бүхэн харж байгаа байх. Нөгөөтэйгүүр 75 м.кв энэ байрыг хоёр тусдаа айл байхаар хуваасан байгаа. Нэг айл том өрөө, унтлагын өрөө, 00 душтэй, залуу гэр бүл амьдрахад боломжийн байр болж байгаа юм. Иймэрхүү объектыг бага зардлаар хэрхэн барьж, утааны эсрэг болон хөрсний бохирдлын эсрэг хэрхэн тэмцэж болох вэ гэдэг талаас нь туршиж, судалгаа хийж байна.

-Цаашид та бүхэн юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Бидний хамгийн гол зорилго агаарын бохирдлыг бууруулахад оршино. Тиймээс эхний ээлжинд нийслэлийн 85 хороон дээр сургалт явуулна. Ард түмэндээ танилцуулж, юу хийх гэж байгаа, яах гэж байгаагаа танилцуулахын зэрэгцээ бүтээгдэхүүний талаар мэдлэг олгоно. Хэрэглэгчид бүтээгдэхүүнтэйгээ харьцаж сурах хэрэгтэй шүү дээ, тэгж байж л ашиглана. Мөн энэ үеэр ажил хайж байгаа залуус байвал тухайн дүүрэг дээр нь сургалтад нь хамруулаад, хамтарч ажиллах боломж бий. Ингэхээр ажлын байр ч бий болж байгаа юм. Одоо бид энэ ажлыг бодит ажил болгохын тулд холбогдох хүмүүс ирж үзэхийг л хүлээгээд сууж байна.

Б.ГЭРЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН

narnii zai

narnii zai

narnii zai

narnii zai

narnii zai

narnii zai


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.