5G сүлжээ: Бүрэн хэмжээний киног нэг секундэд татдаг болно

Д.Тулга / Орон нутаг

Өнөөдрийн утасгүй сүлжээний хамгийн дээд хурдыг 4G сүлжээ үзүүлдэг. Удахгүй хэрэглэгчид тав дахь үеийн гайхмаар хурдтай сүлжээтэй учрах нь ээ. 5G сүлжээг Internet of Things (IoT) буюу бүх төхөөрөмж сүлжээнд холбогддог болох эриний гол дэд бүтэц байна гэж үзсэн хэвээр буй.

Өндөр хөгжилтэй орнууд, тэр дундаа мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт дэлхийд тэргүүлэгч компаниуд 5G буюу үүрэн телефоны тав дахь үеийн анхдагчид болохоор ид өрсөлдөж байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн улс орнуудад интернэтийн хэрэглээ хамгийн өндөртэй улсаар Өмнөд Солонгос улс тодорсон. Тус улсын нийт хүн амын интернэтийн идэвхтэй хэрэглээний 97 хувийг 18-24 насныхан эзэлж байна. Тус улсад 5G бусад улсуудтай харьцуулахад илүү хэрэгцээ шаардлагатай байгаа аж.

Өмнө нь тус улсын Засгийн газраас хийсэн мэдэгдэлд Өмнөд Солонгос улс 1.5 тэрбум ам.долларыг 2020 он хүртэл тус сүлжээг хөгжүүлэхэд зарцуулах тухайгаа дурджээ. Ухаалаг утасны хэрэглээ ихэссэнээр 5G сүлжээний хэрэглээг илүү ихээр шаардагдаж байгаа аж. Тус улс 2020 онд өндөр хурдны 5G сүлжээг нэвтрүүлэхээр зорьж байгаа аж.

Европын холбооны улсууд 5G сүлжээг 2020 он гэхэд иргэдэд хүргэхийн тулд 160 сая ам.доллар төлөвлөсөн нь Өмнөд Солонгосын төсөвлөсөн мөнгөний дэргэд өчүүхэн гэж хэлэхүйц байгаа нь анхаарал татаж буй юм байна.

Их Британийн 5G төслийн инновацийн судалгааг удирдаж буй профессор Рахим Тафазолли 5G хүн төрөлхтний амьдралд асар том өөрчлөлт авчирна гэж хэлжээ. Сурригийн их сургууль дээр түшиглэн, хэдэн арван сая ам.долларын санхүүжилтээр 5G-гийн судалгааны ажлыг хийж буй тэрээр “5G нь радио долгионы хамрах хүрээг нэгтгэж, их засвар хийх мэт өөрчилнө” хэмээн хэлсэн байна.

Олон улсын харилцаа холбооны газраас радио сүлжээний тодорхой хэсгүүдийг иж бүрнээр нь шинэчлэн зохион байгуулах бөгөөд өмнөх 3G, 4G сүлжээ ч урьдын хэвээр ажилласаар байх аж.

Үүрэн холбооны салбарынхан 5G сүлжээнд шилжих хугацааг 2020 гэж тооцож байгаа ч улс орнууд хэрэглээнд нэвтрүүлэхээр өрсөлдөцгөөж байна. Тухайлбал, Япон улсын үүрэн телефоны томоохон операторууд шинэ үеийн 5G сүлжээг ашиглах үйлчилгээг хөгжүүлж байгаа ажээ. Тус улсын “NTT Docomo”, “KDDI”, “Softbank” зэрэг компаниуд ирэх жилээс эхлэн шинэ технологио туршилтын журмаар нэвтрүүлэхээр төлөвлөж буй талаар NHK мэдээлжээ.

5G сүлжээг ашиглах энэхүү технологи нь одоогийн технологиос 10 дахин хурдан байх бөгөөд мэдээллийг маш хурдан шилжүүлэх боломжтой болох юм байна. Үүний зэрэгцээ дээрх гурван компани спортын наадам болон бусад шууд арга хэмжээнүүдэд 5G сүлжээ тавихаар төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, уг сүлжээгээр дамжуулан өндөр нягтралтай дүрсийг хэрэглэгчдэд хүргэх ажээ.

Татарстаны эрх баригчид энэ оны эцэс гэхэд бүс нутгийн эдийн засгийн салбарт 5G харилцаа холбооны стандарт нэвтрүүлэхээр төлөвлөж буй талаар тус улсын Мэдээлэл, харилцаа холбооны сайд Роман Шайхутдинов мэдээлснийг ТАСС агентлаг уламжилжээ. Тэрбээр "Бид жилийн эцэс гэхэд 5G сүлжээг туршихаар төлөвлөн ажиллаж байна" хэмээн хэлсэн байна.

Өнгөрсөн есдүгээр сард ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев тус улын хэд хэдэн томоохон хотод хэдэн жилийн дараагаас 5G сүлжээ ашиглах боломжтой болох талаар мэдээлжээ.

Дараа үеийн өндөр хурдны утасгүй сүлжээ нь бүтэн киног нүд ирмэхийн зуур татах, жолоочгүй автомашиныг удирдлагаар хангах чадвартай байх gr. Мэдрэгчээр тоноглогдсон хэдэн тэрбум гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, хяналтын системүүд, эрүүл мэндийн хяналт, хаалганы цоож, автомашин, биендээ, хувцсандаа зүүдэг төхөөрөмж болгоноос эхлээд нохойны хүзүүвч хүртэл үүнд холбогдоно.

“Гартнер” компаний таамаглалаар сүлжээнд холбогдох эд зүйлсийн тоо 2020 онд 25 тэрбумд хүрэх ажээ. Энэ олон холбоотой эд зүйлсээс уул овоо шиг их дата урсгал үүсэх тул оператор компаниуд 5G сүлжээнд оруулсан хөрөнгө оруулалтаа хялбар нөхөж чадна гэж үзэж буй юм байна.

Өөрөөр хэлбэл нохойны хүзүүвчин дэх мэдрэгчтэй таны гар утас харьцсанаар бүх мэдээллийг нь харж болох аж. Хүүхдээ хаана яваа, хэзээ гэртээ харихыг, зам дээрээ яваа машинаа ч удирдаж болно гэсэн үг. 5G сүлжээ нь 4G-ээс 66 дахин хурдан байх тул ямар ч цагийн алдагдал, зөрөөгүйгээр бүгдийг хянах, удирдах боломж олгох нь.

5G сүлжээ нь Augmented Reality, Virtual Reality хэрэглээнүүдэд томоохон түлхэц болох аж. Өөрөөр хэлбэл, ухаалаг төхөөрөмжийн дурангаар харж байгаа бодит эд зүйлс дээр бодит бус хийсвэр зүйлс нэмэгдэж харагдана гэсэн үг. Жишээлбэл, гар утасныхаа камераар урдаа байгаа эд барааг харахад түүний тухай бүх мэдээлэл дээр нь нэмэгдэж харагдах юм байна. Машины салхины шилэн дээр урд харагдаж байгаа газрын мэдээлэл дүрслэгдэнэ. Энэ бүхэнд ямар ч сааталгүй ажиллах хурдтай сүлжээ хэрэгтэй.

Мэдээлэл татах хурд 4G сүлжээнд дээд тал нь секундэд 150 Мегабит хүрдэг бол 5G сүлжээнд энэ хурд доод тал нь 10 Гигабит хүрэх юм байна. Бүрэн хэмжээний киног 6 минут татахын оронд нэг секундэд татна гэсэн үг. Зарим эх сурвалжид секундэд 30 кино татах хурдтай байна ч гэж дурджээ.

5G сүлжээнд секунд бүрд урсах мэдээллийн хэмжээ их тул ямар нэг үйлдэлд тэр дороо хариу үзүүлэх чадвартай. 4G сүлжээнд видео эхлэхдээ хэдэн секунд хүлээлгэх нь бий. Гэтэл жолоочгүй машин зэрэг үйлдэл болгон нь тасралтгүй, сааталгүй хийгдэх ёстой хэрэглээнд энэ нь хангалтгүй аж. Жишээ нь, нэг машин нөгөө машиндаа даруй тормослох хэрэгтэй тухай дохио дамжуулахад 4G сүлжээнд 15-25 миллисекунд шаарддаг бол 5G сүлжээнд 1 миллисекунд хангалттай юм байна.

“AT&T”, “Nokia Networks” компаниуд энэ хугацааг боломжийн гэж үзэж буй бол “Deloitte & Touche” зөвлөх компани 5G сүлжээ 2022 онд, “Alcatel-Lucent” компани 2025 оноос нааш массын хэрэглээ болохгүй гэж үзэж буй ажээ.

Д.ТУЯА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.