Ц.Амарсайхан: ХОНИНЫ НООСОН ШҮҮЛТҮҮРТЭЙ эсгий амны хаалтыг 250 төгрөгөөр борлуулна

Д.Тулга / Орон нутаг

mask

Уншигч та бүхэндээ бид энэ удаа үндэсний үйлдвэрлэлд монгол ахуй шингээсэн шинэ санаагаа нэвтрүүлэхээр зэхэж буй Ц.Амарсайханы хонины ноосоор хийсэн амны хаалт болон автомашины яндангийн утаа шүүгчийг танилцуулж байна. Тэрээр хонины ноос хэмээх материалын гайхамшигт шинж чанарыг тайлбарлаад зогсохгүй дотоод дахь нөөц бололцоогоо ашиглан хямд өртөгөөр хэрхэн эрүүл мэндэд тустай утааны шүүлтүүрүүдийг хийж болох санаа гарган, Оюуны өмчийн бүртгэлд бүртгүүлжээ. Хонины ноосоор хийсэн утааны шүүлтүүрүүд нь 98 хувь хүртэл утааг шүүдэг бөгөөд өнгөрсөн жил НЭМХ-тай хамтран зохих судалгаануудыг хийсэн байна. Бид Ц.Амарсайхантай ярилцлаа.

mask

mask

-АМНЫ ХААЛТАН ДОТОР ХОНИНЫ НООС ЗУЛЖ ХИЙСНЭЭР
УТААНААС 98 ХУВЬ ХАМГААЛНА-

-Та манай уншигчдад хонины ноосоор хийж буй амны хаалтынхаа талаар танилцуулахгүй юу?

-Миний санал болгож буй энэ амны хаалтад хонины ариутгасан ноосыг филтер /шүүлтүүр/ болгон хийж өгч байгаа юм. Нэг үгээр хэлбэл, эмийн сангуудад зарагдаж байгаа 200 төгрөгийн амны хаалт дотор хонины ноосыг нимгэн зулж хийснээр 98 хувь утаанаас хамгаалж чадаж байгаа юм. Та бүхний харж байгаачлан энэ хөдөлмөр хамгааллын хошуувчийг ч эсгий материалаар хийгээд, дотор нь хонины ноосон шүүлтүүр хийж байгаа юм.

-Ноос өөрөө үс хялгас ихтэй. Амьсгалах эрхтэний ойролцоо байхад хэр тохиромжтой байдаг юм бол?

-Ноос гэдэг өөрөө гайхалтай материал. Амны хаалт хийхээс өмнө би ноосныхоо туршилтуудыг утаатай хамруулан хийсэн юм. Өнөөдөр хонины ноосыг судлан докторын зэрэг хамгаалсан гурван хүн байдаг юм байна. Гэхдээ хонины ноосны бүтэц, шинж чанар, боловсруулах, байншингийн дулаалга болгох эсгийрүүлэх зэрэгт түлхүү хийсэн ч яг миний энэ хийгээд буй филтер болгох тал дээр бичигдсэн юм байгаагүй. Ингээд ариутгаж бэлдсэн ноосыг юунд хэрэглэж болох вэ гэдгийг НЭМХ-тэй хамтран гаргасан. Энэ судалгаагаар хонины ноос хүний биед хамгийн ашиг тустай зүйлсийн нэг яах аргагүй мөн гэдэг нь тодорхой болсон юм. Тиймээс амны хаалт хийхэд эрүүл мэндэд ямар бол гэж эргэлзэх биш харин ч эрүүл мэндэд ашиг тустай.

-Тухайлбал?

-Бид НЭМХ дээр хөдөлмөр хамгааллын хошуувч хийн туршиж үзэхээр болсон. Тоостой нөхцөлд ажилладаг ТЭЦ, ТҮК гэх мэт томоохон байгууллагууд энэ хошуувчийг их өндөр үнээр худалдан авдаг юм байна. Хонины ноосон филтертэй хийвэл хүнээ хамгаалж эрүүл байлгана, агаарын бохирдлын 96-аас дээш хувийг шүүх чадвартай. Энэ хошуувчийг хийж буй эсгий гэдэг өөрөө филтер, тэгээд нэмээд хонины ноосон шүүлтүүр хийж байна. Одоо заах зээл дээр байгаа ийм хошуувчууд ихэвчлэн хуванцараар хийгдсэн байдаг. Зөөлөвчүүд нь форлон, резин зэрэг байдаг бол шүүлтүүрийг нь цаасаар хийсэн байдаг. Тэр нь амьсгалахад төвөгтэй, хүндрэлтэй. Хоёрдугаарт, ийм төрлийн амны хаалтууд маш их хөлөргөдөг. Арьс амьсгалдаг шүү дээ, тэр бүхнийг битүүлээд хаачихаж байгаа юм. Ингээд өөрийнхөө амьсгалсан агаараар дахин дахин амьсгалаад, агаар нь бохирдоод ирэхээр харшил үүсгэнэ гэх мэт сөрөг тал ихтэй. Харин хонины ноос нь маш сийрэг тул зөвхөн цэвэр агаараар л амьсгална.

mask

mask

-ХОНИНЫ НООС БОЛ БИОЛОГИЙН ЖИНХЭНЭ ФИЛТЕР-

-Хонины ноосны давуу чанаруудыг та тайлбарлаж өгөхгүй юу? Амьтны гаралтай учраас эрүүл ахуй талд нь их санаа зовж байна?

-Дээр үед монголчууд хүүхэд төрөнгүүт хурганы нэхийн өлгийн дээр тосоод авдаг байж. Одоо бодоход их бохир юм шиг санагдаж болох ч хонины ноос нь аливаа бактерыг өөртөө татаж авах шинж чанартай байдаг юм байна. Байгалиасаа тийм органик бүтэцтэй. Инээдтэйгээр тайлбарлахад, нэг нян явж байгаад хонины ноосны дэргэдүүр өнгөрөхөд л очоод наалдчихдаг, гадагшаа явж чаддаггүй юм байна. Тэгэхээр хонины цэвэр ноосоор хийсэн бүтээгдэхүүнүүд хүний биед байгаа бактер, нянг тэр чигт нь татаад авчихдаг гэсэн үг. Бохирдлын хувьд бас их давуу талтай. Хэрэв та хонины үсийг яраад харж байсан бол яг арьс буюу хуйх нь ягаараад цэв цэвэрхэн байдаг. Хонины ноос нөгөө миний яриад байгаа шүүлтүүрийнхээ ажлыг хийж байна гэсэн үг шүү дээ. Бохир нь гадна талдаа л наалддаг болохоос цаанаа маш цэвэрхэн байгааг ямар ч хонины ноосыг ярж үзээд харж болно. Жинхэнэ биологийн филтер гэж энэ. Хоёрдугаарт, хонины зунгагаас синтез эмульсия гэдэг тос гаргаж авдаг шүү дээ. Тэр нь энгийнээр хэлэхэд усанд ч найрдаг, тосонд ч найрагддаг юм. Ус нь гоожоод байгаа шархан дээр түрхэхээр шүүсийг нь сорж аваад шархыг маш амархан эдгээдэг. Энэ мэтээр давуу тал ихтэй.

-Нэг амны хаалтанд хонины ноосыг хэр зузаанаар зулах вэ?

-Нэг амны хаалтанд маш нимгэн орно. Боловсруулчихсан ноос өөрөө үетэй болоод гараад ирдэг, үүнийг цуулаад л нимгэнээр, маш бага хэмжээтэй оруулдаг. Өнөөдөр Монголд хонины ноос маш хямд үнэтэй буюу угаасан ноос 4500 төгрөг байна. Амьтнаас авангуутаа анхан шатны боловсруулалт хийж, сэгсрээд, гөвөөд үйлдвэрийн аргаар угаана. Өнөөдөр харж байхад хятадууд хонины ноос худалдаж авдаг ганц худалдан авагчид болж. Хэрэвзээ хятадууд хонины ноос худалдаж авахгүй бол ноос нэхий үнэгүй болчихдог. Худалдаж аваад эхэлвэл үнэ нь өсчихдөг, зах зээл хятадуудаас л шалтгаалдаг болчихсон гэдгийг харуулж байна. Манайхан өөрсдөө иймэрхүү эцсийн бүтээгдэхүүн хийгээд, магадгүй Хятадад хонины ноосон филтерүүдийг гаргах ёстой гэж би боддог.

mask

mask

-ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЯНДАНГААС ГАРАХ ХОРТ УТААГ 93 ХУВЬ ШҮҮНЭ-

-Хонины ноосон шүүлтүүртэй нэг амны хаалт, нэг хошуувчийг хэдэн төгрөгөөр зарж борлуулахаар тооцоо гарсан бэ?

-Би амны хаалт хийж буй үйлдвэрлэгчдэд “Таны үйлдвэрлэсэн амны хаалтны үнэ нэмэгдэхгүй, үүнийг 200 төгрөгөөр зардаг бол 200 төгрөгөөр л зарна. Дунд нь ноос нэмлээ гэхэд тийм илүү мөнгө төгрөг гарахгүй шүү дээ” гэдэг. Учир нь ноос өөрөө хямд бөгөөд энгийн. Ариутгал хийгээд л амны хаалтандаа хэрэглэнэ шүү дээ. Энэ хошуувч болоод амны маск хоёр хоёулаа нэг удаагийнх. Одоо гадуур зарагдаж байгаа ийм төрлийн хошуувчууд хамгийн хямдхан нь гэхэд 20 орчим мянган төгрөг байна. Харин би үүнийг 250 төгрөгөөр л борлуулахаар өртөг нь гарсан.

-Таны хийж буй бас нэг ажил бол автомашины яндангийн филтер. Одоо Монголд “Авья гэхэд авч болохгүй, хаяъя гэхэд хаяж болохгүй автобусны утаанаас их хорт хийнүүд гарч байна. Нэгэнт шууд шинийг авч чадахгүй тул энэ шүүлтүүрийг ашиглая гэдэг шинэ санаа та гаргаж байсан. Хүмүүс хэрхэн хүлээж авч байна вэ?

-Хүмүүс хараад л их сайхан юм, гоё юм, үнэхээр ийм гэж үү гээд л гайхдаг юм. Явуулын лабораторид автобусны яндангаас гарч байгаа утааг шинжлүүлэхэд 50.6 хувийн утааны бохирдол гарч байгаа юм. Тэгээд филтер тавиад үзэнгүүт 1.2 болчихож байгаа юм. Харин нормал дээрээ зогсоход 0.05 болчихож байгаа юм. Энэ нь утааг 100 хувь цэвэршүүлж байна л гэсэн үг. Өндөр хаазлуулаад үзэхэд 1.2 байгаа юм. Энэ нь 93-аас дээш хувь утааг шүүж байна гэсэн үг. Бусад Япон, Солонгос, АНУ, Герман зэргээс орж ирдэг ижил төрлийн филтерүүд байдаг ч ихэвчлэн зөвхөн дизелийн шүүлтүүр байдаг. Гадны томоохон хотуудын дүрмэн дээр “Та дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслээр энэ хотод үйлчлэх гэж байгаа бол заавал энэ филтерийг тавьсан байх ёстой” гэсэн байдаг. Монголд бол ийм дүрэм байхгүй. Гадныхны хийж байгаа филтер нь нилээд өндөр өртөгтэй, өдөр болгон цэвэрлэдэг, керамикаар хийгдсэн байдаг. Харин миний энэ бол маш энгийн, хар үгээр хэлэхэд гарч байгаа утааг хонины ноосоор таглаж байна л гэсэн үг юм шүү дээ. Энэ чинь өөрөө сийрэг учраас автомашины моторонд ямар нэгэн нөлөөгүй. Үүнийгээ сонгуулийн өмнө Нийслэлийнхэнд танилцуулчихсан чинь удирдлага солигдох үед тэр бүх хичээл зүтгэл минь талаар болсон. Одоо ахиад л бүхнийг танилцуулах, ойлгуулах ажил шинээр эхлэж байна.

-Нэг филтерийг хэр удаан хугацаанд хэрэглэгдэх вэ?

-Хамгийн их хор ялгаруулж байгаа нь бензин хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл юм билээ. Нүдэнд үзэгдэх юм бага хирнээ хоруу чанар нь өндөр. Дизелийн хувьд хар хөшиг манан харагдах байдал нь өндөртэй ч бензинээс бага гэнэ. Дээрээс нь манай Монголын машинууд их “явдалтай”. Их олон жил болсон байдаг тул утаа их ялгаруулдаг. Энэ филтерийг 2000 км яваад нэг сольдог. Гэтэл машинуудын насжилтаас их шалтгаалж өөрчлөгддөг. Бүр “миарчихсан” машинд мэдээж маш амархан эдлэгдэнэ. Нөгөөтэйгүүр манай Монголын машинууд масло их шатаагаад байгаа юм. Энэ нь хамгийн аюултай. Бензин 200 гаруй төрлийн химийн бодис ялгаруулдаг, дизель тэдэн төрлийнхийг ялгаруулдаг гээд л судалгаа гаргаж ирж тавиад байна. Түүнд л зориулсан филтерүүд гарч ирээд байдаг. Гэтэл масло шатаахад юу ялгараад байна вэ гэдгийг гаргаж ирээгүй байгаа нь харамсалтай. Хуучирсан машинууд масло иддэг болчихоод хар утаа, цэнхэр утаа гаргаад байдгийг бид мэднэ шүү дээ. Энэ бохирдлыг гадны филтерүүд тийм ч сайн шүүхгүй бол хонины ноос хангалттай сайн шүүж чадна.

mask

mask

-ТАСАЛГААНЫ, АВТОМАШИНЫ АГААРЖУУЛАГЧ БОЛОН ТАМХИНЫ
ФИЛТЕР БОЛГОЖ БОЛНО-

-Хонины ноосыг автомашины янданд хийхээр галын аюул гарахгүй юу?

-Хонины ноос 560 хэмд шатдаг. Маш өндөр темпратурт. Тухайлбал, түймэрт орсон хонийн бие хэзээ ч түлэгдэж үхдэггүй. Нүд ам нь сохорч, туурай нь шатаад л байхаас бие нь хэвээрээ байдаг. АНУ-д 1940-өөд онд чоно, нохой, муур, адуу, хонь зэрэг амьтдыг уяад бага хэмжээний атомын бөмбөг дэлбэлэн туршилт явуулж үзэхэд хонь л ганцаараа амьд үлдсэн гэдэг. Мэдээж дараа нь хонь үхсэн. Тэр өндөр хэмд хонины үс өөрөө маш хатуу болж шатаад л цаашаа мах нь түлэгдээгүй байж. Энгийн жишээ ярихад бид хонины толгойг хуйхлахдаа эхлээд сайн паяльникдаад дараа нь модоор хусаад, үүнийгээ хэд хэд давтаж байж л арьс хуйханд нь хүрдэг. Тэгэхээр энэ материал дулаанд тэсвэртэй, дотроо хүчилтөрөгч маш багатай гэсэн үг шүү дээ. Японы Токиогийн их сургуулийн оюутнууд 1984 онд монгол хонины ноосыг аваачаад хагалгааны өмнөх өрөөний агаар сэлгээнд ашигласан байгаа юм. Тэгэхэд бактерыг 96 хувьтай шүүж байсан гэдэг баримт гарсан байдаг юм билээ.

-Тэгэхээр энэ материал их хэмжээгээр хог хаягдал болон гарах нь байна шүү дээ?

-Хонины ноос өөрөө байгальд ээлтэй материал, газрын хөрсөнд маш хурдан уусна, хөрсөнд бордоо болно. Бүр болоогүй ноосыг угаагаад дахин хэрэглэж болно. Би нэг юм онцлоод байгаа нь монгол хонины ноос бол гайхалтай. Хониор баялаг улс зөвхөн Монгол биш шүү дээ. Европ, Австри, Финлянд, Хятад, Казакстан гээд асар их хоньтой улс байна. Монгол хонины ноос харахад бидний нүдэнд харагдаж буй энэ хялгасаараа л ялгаатай. Монгол хонины ноос өөрөө бүдүүн ширхэгтэй, бүдүүн хялгастай. Бусад газрын хонины ноос ихэвчлэн нарийн бөгөөд хялгасгүй гэж хэлж болно. Тэд энэ ноосоо ихэвчэн хувцас болон утас болгон ашигладаг. Дулаан газар байдаг учраас тэр шүү дээ. Харин Монгол хонины хувьд жилийн дөрвөн улиралтай, идэж ууж байгаа нь хүртэл өөр. Монгол хонинуудыг хагас зэрлэг буюу 50 хувьд нь эзэн нь хариулдаг бол 50 хувьд нь өөрөө хоол ундаа зохицуулж хэрэглэдэг. Нэмээд эмийн ургамал их иддэг, далайн түвшнээс дээш бэлчдэг зэрэг олон гайхамшигтай чанаруудыг нь дурьдаж болно оо.

-Энэ шинэ санаанууд бүтээгдэхүүн болж хэрэглээнд ороогүй байгаа тул хулгайд алдах вий гэж хүмүүс санаа нь зовних байх. Та зохиогчийн эрхүүдээ авчихсан уу?

-Тийм ээ. Хамгийн эхлээд 2009, 2012, 2014, 2016 онуудад шинэ санаануудынхаа зохиогчийн эрхийг баталгаажуулж, гэрчилгээгээ авсан.

-Одоо үйлдвэрлэл болгоход хүндрэл байгаа зүйлс юу вэ?

-Мэдээж санхүүгийн асуудал. Цаашид үйлдвэрлэлд нэвтэрвэл дандаа гар аргаар хийгдэнэ. Би энэ хонины ноосон филтерийг ашиглан хошуувчнууд, амны хаалтууд хийнэ, тэрний дараа агаар цэвэржүүлэгч шүүлтүүр, автомашины шүүлтүүр, тасалгааны шүүлтүүр гэх мэтийг хийнэ. Бүр цаашлаад гэр хорооллын яндан дээр тавьж болно, тамхины арын филтерийг ч үүгээр хийж үйлдвэрлэл болгоно гэсэн бодолтой байдаг.

Б.ГЭРЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН

mask

mask

mask


Сэтгэгдэл

Мөнхбаяр [27.85.205.39] 2021-09-29 09:51:19

Сайн байнуу.Яж холбогдох вэ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.