Г.Дашням: Монгол инженерүүд ЦАХИЛГААН МОПЕД хийж хүлээлгэн өглөө

Д.Тулга / Орон нутаг

moped

Монгол залуус цахилгаан мопед үйлдвэрлэж байгаа гэх мэдээллийн дагуу сурвалжиллаа. “Никел Ганбаа” гэх нэр зарим уншигчдын хувьд нилээд танил сонсогдох нь мэдээж. Хэдхэн жилийн өмнө Монголдоо анх удаа дугуй үйлдвэрлэж байгаа сайхан мэдээг дуулгаж байсан эдгээр залуус өнөөдөр мопед үйлдвэрлэж, анхны захиалгаа хүлээлгэн өглөө. Ямар нэгэн ашгийн төлөөх бизнес биш, хүсэл сонирхлоороо нэгдсэн хөдөлмөрч залуусын бүтээж буй шинэ брэнд нь Монголын цахилгаан автомашин үйлдвэрлэлийн хөгжлийн эхлэлийг тавьж буй үйл хэрэг байх нь дамжиггүй. Бид “Никел Ганбаа” төслийн багийн гишүүн З.Болдгэрэл, Г.Дашням нартай ярилцлаа.

moped

-ЭНЭ УДАА ГУРВАН МОДЕД ХИЙХ ЗАХИАЛГА ИРСЭН-

-Та бүхэн цахилгаан мопедынхоо ажлыг хэзээнээс эхэлсэн бэ?

-Нилээн олон жил хийж байгаа. Бид хамгийн анхны мопедаа 2012 онд хийснээс хойш сайжруулан туршиж үзсээр сар орчмын өмнөөс “Pizza Hut”-ын захиалгаар хоол зөөх зориулалт бүхий гурван мопед хийж эхэлсэн.

-Хөдөлгүүр, эд ангиа хэрхэн шийдэж байгаа вэ?

-Бид үндсэн рамаа хөнгөн цагаан турбаг тасдаж, хэлбэрт оруулаад, амлагаа хийн гагнаад гаргаж байна. Мотор нь хойноо байрладаг, нийт дөрвөн баттерейтай. Цахилгаанаар ажилладаг учраас холболтууд их чухал. Сэлбэгээ дандаа гаднаас авч байна.

-Нэг удаа цэнэглэхэд хэр удаан хугацаанд явах вэ?

-Нэг цэнэглээд 40 км орчим явна. Нийт дөрвөн баттерей тус бүр 12 вольтын хүчин чадалтай, нийлээд 48 вольтоор хойд мотороо ажиллуулна. Мэдээж гал хамгаалагч, гэрэл дохиолол, тормос гээд бүгд стандартын дагуу бий. Хот дотор 50 км цагаас доош хурдтай явах учраас тусгай үнэмлэх шаардахгүй, хурд авахгүй тул илүү аюул багатай гэж ойлгож болно.

-100 хувь гар аргаар хийж байгаа юу?

-Автобус машин гэлтгүй монголчууд бүгд эхлээд зураг гаргаж рамаа хийдэг. Бусад эд ангиудыг нь авчирч угсардаг. Бидний хувьд ч мөн адил.

moped

moped

-Сэлбэг, эд ангиудыг урдаас оруулж ирж байна уу?

-Тийм ээ. Монголчууд шууд л ийм зүйл хийсэн, тийм зүйл хийсэн гэхээр “Яагаад бүгдийг нь Монголдоо хийж болдоггүй юм бэ” гэж асуудаг. Гэтэл үүнийг хийхэд ордог таван ширхэг хадагч хадаасыг л гэхэд Монголд үйлдвэрлэдэггүй байх жишээтэй. Бид мопед үйлдвэрлэхийн тулд эхлээд хадаасны үйлдвэр байгуулах шаардлагатай болно. Зардлын хувьд ч энэ нь тун өндөр. Хэрэв ийм хадаасыг Монголын өөр нэгэн компани үйлдвэрлэж байвал бид хамтран ажиллахад бэлэн. Тэгээд ч дэлхийн жишигт ихэнх улс орнууд энэ мэт эд ангиудыг экспортоор татдаг. Суудлыг гэхэд л бид өөрсдөө хийж байна. Энэ мэтээр хөгжүүлээд явж болно оо.

-Цаашид эх орондоо үйлдвэрлэл болгоход ахиад л сэлбэг, эд ангийн асуудал үүсэх байх?

-Энэ бол маш том асуудал. Бүгд л үндэсний үйлдвэрлэл гэж ярьж байгаа хэдий ч бидэнд тоног төхөөрөмж, стандарт, ажиллах хүч гээд маш их зүйл хэрэгтэй. Тиймээс бид одоохондоо өөрсдийнхөө чадлаар, улсаас ямар нэгэн тусламж авахгүйгээр хийж эхлээд байна. Эхний алдаан дээрээ суралцаж, дараагийнхыгаа сайжруулах байдлаар хөгжиж байна.

-Аюулгүй байдлыг бүрэн хангасан уу?

-Бүх техник адилхан. Бид хийсэн байх, эсвэл гадаадад хийсэн байх нь ялгаагүй бүгд л үндсэн стандарт, ажиллах гормынхоо дагуу хийгдэж байгаа. Тормосны гэрэл, хоёр дохио, урд ард талын тормос гээд бүгд л хэвийн байна.

moped

-АНХ ХИЙСЭН МОПЕД МААНЬ ДӨРВӨН ЖИЛ ХЭВИЙН ЯВЖ БАЙНА-

-Туршилтуудаа хэрхэн хийсэн бэ?

-Бидний 2012 онд анх хийсэн мопед маань одоо болтол аюулгүй явж л байна. Тухайн үед зам муу байхад болох, болохгүй бүх л замаар явж үзсэн. Засмал, шороон, эвдэрхий гээд бүх төрлийн замаар дөрвөн жил явсан нь хангалттай туршилт гэж үзэж байна.

-Яагаад заавал мопед сонгож хийх болов оо?

-Автобус, троллейбус, автомашин гэхээсээ илүүтэй бид эхлээд энгийн зүйлээс эхлэхийг бодсон. Хамгийн анх бид цахилгаан дугуй хийж байлаа. Нэг талаараа цахилгаан гэдэг нь утаа гаргахгүй учир байгальд ээлтэй гэдэг утгаар нь илүү сонирхож хийсэн. Дугуй бол хамгийн бага оврын тээврийн хэрэгсэл юм. Ингээд дугуй хийж эхлээд нэг араатай, олон араатай, цахилгаан гэж сайжруулсаар хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан цахилгаан тэрэг болгон хөгжүүлсэн. Үүний дараа мотортой, хурдны хувьд арай нэмэгдүүлсэн байхаар мопед хийж эхэлсэн.

moped

-Хотод өөр төрлийн мопед хэд хэд явж харагддаг. Ихэвчлэн гаднаас орж ирсэн эдгээр мопедуудаас та бүгдийн хийж байгаа ямар онцлогтой вэ?

-Захиалагчийн гаргасан хүсэлтэд илүү нийцүүлэх боломжтой. Тухайлбал, таны харж байгаа мопед гэхэд урдаа болон ардаа зөөвөрлөлтийн хэсэгтэй. Мөн бидний өөрсдийн хийсэн лого, тэмдэгийг суулгасан.

-Нэг мопед ойролцоогоор хэдэн төгрөгийн өртгөөр босч байна вэ?

-Одоо олноор нь биш цөөхнийг гаргаж байгаа тул илүү өртөг өндөртэй байна. Сэлбэг, эд ангийн материалуудыг гаднаас авахад ханшийн зөрүүнээс болж хэлбэлзэх тохиол байна. Яваандаа энэ өртгийг багасгаж, хямд өртгөөр олныг хийхсэн гэсэн бодол бий. Одоогоор нэг бүрийнх нь өртөг 1.5 сая төгрөг орчим байна.

-Загварыг ямар нэгэн стандарт барьж гаргав уу?

-Хэрэглэгч захиалахдаа ард, урдаа захиалга хүргэх боломжтой зөөврийн хэсгийг хүссэн. Иймд бид стандартын дагуу хийхээс гадна энэ хүсэлтийг шингээж өгсөн. Мөн бага зайгаар явах боломжтой байхаар урт, өргөнийг нь тааруулан хийлээ.

-Материал хэр бат бөх вэ?

-Энгийн мопедуудтай харьцуулахад материалын хувьд хөнгөн цагаан тул илүү бат бөх байна. Мөн илүү материал маань илүү өргөн харагдаж байгааг анзаарсан байх. Энэ нь ямар нэгэн асуудал тохиоход бат бөх байдал нь нэмэр болох юм.

moped

-ТЕХНИКИЙН ШААРДЛАГА БҮРЭН ХАНГАСАН ТУЛ ДУГААРАА
АВАХАД Л ХАНГАЛТТАЙ-

-Эдгээр гурван мопедаас гадна та бүхэнд захиалга ирсэн үү? Ер нь захиалга нэмж хүлээж авах уу?

-Хүмүүс утсаар холбогдож байгаа, захиалгууд орж ирэх байх аа. Мэдээж холбогдсон хүмүүст захиалгыг нь хийж өгөх боломж бий.

moped-Үйлдвэрлэсэн мопедыг хотын замд явуулах зөвшөөрөл бэлэн үү?

-Асуудалгүй. Техникийн шаардлагуудаа бүрэн хангасан байгаа тул дугаар, зөвшөөрлөө авахад л болох юм.

-Одоогоор гурвыг хийсэн хэдий ч цаашид үйлдвэрлэл болгохыг төлөвлөж байгаа нь мэдээж. Ингэхийн тулд та бүхэнд юу шаардлагатай вэ?

-Үйлдвэрийнхээ ерөнхий чиглэлийг бид гаргасан. Хойноосоо эхлээд материалаа боловсруулах, гагнуур, будаг, угсралт гэсээр энэ жижиг талбайд мопедын үйлдвэрлэл босох боломжтой. Монголд хөнгөн цагаан гэхэд яг үүн шиг нь байдаг бол бид дотоосоо л авахыг илүүчилнэ шүү дээ. Засвар үйлчилгээгээ бид өөрсдөө хариуцаад хийнэ.

-Энэ гурван мопедын ажил яг хэзээ дуусах вэ?

-Өнөөдөр /2016.09.13/ дуусгаж хүлээлгэж өгнө.

-Ер нь нэг мопедыг хэр удаан хугацаанд бэлэн болгож байна?

-Энэ гурвыг л гэхэд нэг сарын дотор хийж дуусгасан. Нэг загварыг олон тоогоор хийхэд илүү хурдан гардаг. Гэтэл мопед болон дугуй худалдаж авах хүн хэр олон байдаг билээ, талх шиг зарагдахгүй нь мэдээж. Одоогоор нийт зургаан ширхэг мопед хийсэн байна.

-ДУГУЙГАА ЦӨӨН ТООГООР ГАДАГШ ГАРГАЖ БАЙНА-

-Хамгийн эхний ажил цахилгаан дугуй байсан. Одоо дугуй хийх ажлаа үргэлжлүүлж байгаа юу?

-Хийж байгаа. Бид хөнгөн цагаан материал сонгож дугуйгаа хийж байгаа тул харьцангуй чанартай. Сэлбэг рам, гинж, тормосоо мөн урдаас оруулж ирдэг. Урдаас оруулж ирлээ гээд чанаргүйг нь биш, аль болох чанартайг нь сонгодог.

-Дугуйгаа зах зээлд байгаагаас хэр боломжийн үнээр худалдаалж байна вэ?

-Мэдээж дотооддоо хийж байгаа, чанартай гэдэг утгаараа 600 мянган төгрөгөөс эхэлж байгаа. Гол нь зөвхөн тухайн хүнд зориулсан, цор ганц загварыг захиалгаар гаргаж өгөх боломжтой.

-Дугуйгаа гадны зах зээлд цөөн тоогоор гаргаж байгаа гэж сонссон?

-Бид Герман руу хоёр дугуй хийж гаргаж байсан. Мөн эндэхийн АНУ-ын элчин дугуй захиалан хийлгэж байлаа. Одоо Казакстанд болж байгаа нэг үйл явдалд зориулан дугуй хийж гаргахаар эхлээд байна.

-Дөрвөн дугуйт нэмж хийж байгаа юм уу?

-Тийм ээ. Хийж эхэлсэн. Монголд дөрвөн дугуйтын аялал, уралдаан их болдог. Бид үүнийг ч мөн адил олноор үйлдвэрлэж, зарах сонирхолтой. Цаашид гурван дугуйт ч хийхээр төлөвлөөд байгаа.

-Та багийнхнаа танилцуулахгүй юу?

-Манай багт Монголдоо төгссөн инженерүүд ажиллаж байна. Анх ажиллаж эхэлсэн багт маань Эрка, Сүхээ ах, Алдараа, Мөнжиг, Манлай, Пүрэв-Очир гэсэн найзууд маань байлаа. Бид оюутан байхдаа нийлж ажлаа эхлүүлж байсан юм. Энэ ажил маань хийж эхэлсэн даруйд бүтээд, үр дүнгээ өгчихгүй тул туршина, унана, дахиад л эхэлнэ. Одоо байгаа багийн хувьд З.Болдгэрэл маань МИС төгссөн, Э.Энхболд мөн МИС, Н.Болорсүх холбоо харилцааны чиглэлээр, Ч.Очирсүх мөн гагнуурын чиглэлээр, Гантөгс, н.Галсан-Өлзий, н.Тэнүүн, Ц.Ганболд ах гээд олон сайхан залуус бий.

-Баярлалаа. Танай багийнханд амжилт хүсье.

-Та бүхэнд ч бас бидний ажлыг дэмжин сурталчилж байгаад баярлалаа. Мөн бидэнд захиалга өгч дэмжиж байгаа “Таванбогд”, “KFC” зэрэг байгууллагуудад талархаж байна.

Б.ГЭРЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН

moped

moped

moped

moped

moped


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.