Монгол залуусын бүтээсэн “Ухаалаг гэрэл” Япон улс руу экспортлогдож байна

Д.Тулга / Орон нутаг

-ЭРЧИМ ХҮЧИЙГ 85 ХУВЬ ХҮРТЭЛ ХЭМНЭХ БОЛОМЖТОЙ-

Монгол залуусын зохион бүтээсэн шинэ технологийг Япон улс руу экспортолж эхэллээ. Тэдний хийсэн бүтээлээр интернэт, "Wi-Fi", bluetooth ашиглаж, гар утаснаасаа гэрлээ асааж, унтраах боломжтой. Тодруулбал, гэрээсээ гарахдаа гэрлээ унтраахаа мартсан бол интернэт, "Wi-Fi"-аа ашиглаж гар утаснаасаа гэрлээ унтрааж, удирдах боломжтой программыг залуус зохион бүтээжээ. Тэд энэхүү бүтээлээ “Ухаалаг гэрэл” хэмээн нэрлэжээ. Бид “General smart” компанийн гүйцэтгэх захирал, МУИС-ийн магистрант Д.Амартүвшинтэй ярилцлаа.

-Ухаалаг гэрэл бүтээх санаагаа хэрхэн олсон бэ. Бүтээгдэхүүнээ хийхэд хэдий хэр хугацаа зарцуулав?

-Манай багийнхан орчин үеийн технологийн шинэ шийдлийг ашиглаж гар утас, таблетаасаа гэрийнхээ цахилгаан төхөөрөмжүүдийг удирдаж болох юм байна гэдэг санааг анх 2013 онд гаргаж, судалж ирсэн. "Ухаалаг гэрэл" бүтээгдэхүүнийг хийхээс өмнө "Ухаалаг гэр" бүтээл гаргасан. Бээжинд технологийн чиглэлээр суралцах хугацаанд бүтээгдэхүүнийхээ "hardware" болон "software" программыг хөгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн оны эхээр Монголдоо ирээд нэг сарын хугацаанд программаа улам сайжруулсан. Манай багийнхан “Code for Green UB” тэмцээнд амжилттай оролцож, эхний шилдэг 3 байранд шалгарсан. Энэхүү тэмцээнийхээ хажуугаар хөгжүүлсэн бүтээгдэхүүнээрээ Япон улсаас зохион байгуулдаг олон улсын тэмцээнд оролцож, тэргүүн байрын шагнал авсан. Японы талаас биднийг технологио цааш хөгжүүлж ажиллах санал тавьсан. Бидний бүтээсэн ухаалаг гэрлээс эхний ээлжинд 1000 ширхэгийг авах хүсэлтэй байна гэдгээ илэрхийлсэн. Бидний хувьд дөнгөж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, бизнес маань эхэлж байгаа учраас сарын хугацаанд 1000-ыг нийлүүлэх боломжгүй байсан. Одоо бага багаар нийлүүлж байна. Өнгөрсөн оны тавдугаар сард эхний 200 ширхэг гэрлээ Япон руу экспортод гаргасан.

-Хэр хугацаанд ашиглаж болох гэрэл вэ?

-Бид гэрлээ автомашинд суулгаж туршсан. Хөгжмийн хэмнэлийг мэдэрч, өнгөө сольдог. Гар утастайгаа холбогдож ажилладаг. Япон руу гаргасан гэрлүүдэд таван жилийн баталгаа олгосон байгаа. Гэрэл хийхэд ашигласан бүтээгдэхүүний технологийн нас 50 мянган цаг асах боломжтой.

-Өөр улс орнууд руу бүтээгдэхүүнээ гаргах төлөвлөгөө бий юү?

-Саяхан Солонгос улс руу бизнес аяллаар явахдаа бүтээгдэхүүнээ танилцуулаад ирсэн. Солонгост мөн энэ чиглэлийн санааг хараахан гаргаагүй байгаа юм билээ.

-Ижил төрлийн бүтээгдэхүүнээс ялгарах онцлог нь юу вэ?

-Сүүлийн үед гар утасны олон аппликейшн шинээр бий болж байна. Хүний зайлшгүй нэг хэрэглээ нь гар утас учраас бусад хэрэглээгээ гар утаснаас удирдах боломжтой гэдгийг энэ бүтээгдэхүүнээрээ гаргаж ирж байна. Нөгөө талаар хүний үйл ажиллагааг улам л хөнгөвчилж байгаа нэг хэлбэр. Тухайн хүн заавал босч гэрлээ унтраахгүйгээр утаснаасаа асааж, унтраах боломжтой. Сүүлийн үед хүний үйл ажиллагааг илүү хөнгөвчилсөн бүтээгдэхүүнийг ухаалаг хэрэглээ гэж нэрлэдэг болсон. Тиймээс л "Ухаалаг гэрэл" гэж нэрлэсэн. Эхний ээлжинд гар утаснаасаа удирдах программ хийсэн бол одоо бид гар утасныхаа "Bluetooth"-ээр холбогдож гэрлээ асааж, унтраадаг эрчим хүчний хэмнэлттэй технологи ашиглах төхөөрөмж суурилуулж байна. Одоо "Wi-Fi" ашиглаж гэрлээ унтрааж, асаадаг болгох ажилдаа орсон.

-Та бүхний бүтээсэн гэрлийг Монголд ашиглаж байна уу?

-Дотоодод хараахан борлуулж эхлээгүй байгаа. Бүтээгдэхүүнээ зах зээлд гаргахаас өмнө судалгаа хийсэн. Одоогийн байдлаар бидний бүтээгдэхүүнийг авахаар хэд хэдэн газар захиалга өгөөд байгаа. Ер нь кофе шоп, ресторан, паб зэрэг газар олон гэрлийг нэг удирдлагын төхөөрөмж, эсвэл таблетаас зэрэг удирдах боломжтой тийм технологиор шийдэж байгаа. Тиймээс үйлчилгээний байгууллагууд илүү сонирхож байна. Өрх айл гэхээс илүү залуус их сонирхох байх гэж бодож байна. Улаанбаатар хотын иргэдийн 70 хувь нь гэр хороололд амьдардаг. Цаашид иргэдээ орон сууцжуулах ажил эрчимтэй явагдана. Бидний зүгээс бүтээн байгуулалтын энэ их ажилд өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ нийлүүлэх зорилт тавьсан байгаа.

-Япон руу гаргаж байгаа гэрлийн өртөг ойролцоогоор хэдэн төгрөг вэ?

-Ухаалаг гэрлийг дотоодын зах зээл дээр гэхээс илүү гадны зах зээлд борлуулвал илүү орон зай байгаа санагдсан. Ер нь монгол залуус өөрсдийн бүтээсэн аппликейшнээ дотооддоо ашиглах нь бага байдаг. Энэ нь манайд утасгүй интернет болон түүнтэй холбоотой технологийн салбарууд сул хөгжсөнтэй холбоотой. Гадны улсууд бидний бүтээсэн гэрлийг дунджаар 99 ам.доллараар зардаг. Бидний хувьд гэрлээ хийгээд борлуулж байгаа зардлаа нөхөөд 25 ам.доллараар зарахад хангалттай.

-Хүчин чадлын хувьд?

-Ойролцоогоор 8-12 ваттын хүчин чадалтай гэрэл үйлдвэрлэж байна. Энэ төрлийн хүчин чадалтай чийдэн нь энгийн улайсах чийдэнтэй харьцуулахад 100 ватт орчимд очдог. 12 ваттын хүчин чадалтай гэрэл хийхэд 100 ваттын чийдэнтэй ижил хэмжээний гэрэлтүүлэлттэй асна гэсэн үг. Гэхдээ манай гэрэл LED технологи ашигласан учраас эрчим хүчийг 85 хувь хүртэл хэмнэх боломжтой.

-Бүтээгдэхүүн үйлдвэрлэх материалаа хаанаас авч байна вэ?

-Бидний хийсэн гол төхөөрөмж бол гэрэл доторхи удирдлагын төхөөрөмжийг зохион бүтээсэн. Интернэт ашиглаад удирдаж болж байгаа тохиолдолд үүнтэй ижилхэн төхөөрөмжийг нийлүүлвэл дэлхийн хэмжээнд өрсөлдөх боломж гарч байгаа юм. Монголд технологи хөгжүүлэх чадвартай олон залуу байгаа. Харин технологи угсрах тоног төхөөрөмж манайд байдаггүй. Гар утас зохион бүтээх шинэ санаа, программ бичих чадвартай залуус олон байгаа хэдий ч үйлдвэрлэл хөгжөөгүй нь сул тал болж байна.

-Дотооддоо худалдаанд гаргах бодол бий юу?

-Интернэтээр 1000 гаруй хүнээс судалгаа авсан. Судалгаагаар иргэд өрөөнийхөө гэрлийг хагас жилд хоёр удаа сольдог гэсэн үр дүн гарсан. Тэгэхээр Улаанбаатар хотын хэмжээнд 300 мянган өрх байгаа гэж тооцвол хагас жилд 600 мянган гэрэл сольдог гэж тооцсон. Тиймээс бидэнд боломж байна гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл хагас жилд 600 мянга, жилд нэг сая 200 мянган гэрлийг зах зээлд гаргах орон зай байна гэсэн үг.

-Цаашид бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулах уу?

-Бидний хувьд “Ухаалаг гэр” бүтээлээ хөгжүүлж, Монголын орчин нөхцөлд тохирсон хямд үнэтэй интернэт болон ухаалаг утаснаасаа хүссэн газраасаа гэртэйгээ холбогдож хаалга, цонх, залгууруудаас эхлээд гэрийнхээ цахилгаан төхөөрөмжүүдийг удирдах, цахилгаан, хэрэглээний усныхаа мэдээллийг хянах боломжтой нэгэн бүтээл дээр ажиллаж байна. Мөн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд нэвтрүүлэх зорилгоор судалгаа шинжилгээний ажлууд хийгдэж байна.

-Та бүхэнд амжилт хүсье.

Б.ЦОГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.