ХОЙД ТУЙЛЫН мөс хайлж байгаа нь эрс хүйтрэлийн давтамж нэмэгдэхэд нөлөөлж байгаа гэв

Д.Тулга / Технологи

tsag agaar

-ХОВД, УВС, БАЯН-ӨЛГИЙ ЗАРИМ НУТАГТ ЗУД БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ ГЭВ-

“Монгол дахь зудын эрсдэл ба менежмент” сэдэвт мэдлэг солилцох чуулган энэ сарын 22-ны өдөр болсон. Энэ үеэр яригдсан мэдээллийг тоймлон хүргэж байна. Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс зудын эрсдэлийн зургийг жил бүр гаргадаг. Энэхүү зураглалаар өмнөх зуны ган, зуншлагын байдлын мэдээ, цасан бүрхүүл 10 гаруй мэдээллийг нэгтгэж гаргадаг. Арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар гаргасан зудын зураглалаас үзэхэд нийт нутгийн 20 гаруй хувьд зудын өндөр эрсдэлтэй гарсан байна. Үүнд, баруун бүсийн нутгууд тухайлбал, Ховд, Увс, Баян-Өлгийн зарим нутагт өндөр эрсдэлтэй. Завхан Өвөрхангайн, Баянхонгорын зарим нутагт бага зэргийн эрсдэлтэй гарчээ. Гангын үр дагаврыг зуд гэж ярьдаг. Энэ жил зуншлага оройтсон. Тиймээс ургац багаас гадна мал тарга тэвээрэг дутуу авсан. Мал тарга тэвээрэг муу байхад цас орж хүйтэрвэл нөхцөл байдал муудах нь ойлгомжтой юм.

Зуд байгал цаг уурын хүчин зүйлээс гадна олон зүйлийн шалтгаантай. Дан ганц малчин хүнд буруу өгч болохгүй гэдгийг чуулганд оролцож байсан эрдэмтэн мэргэжилтнүүд цохон тэмдэглэж байсныг хэлэх нь зүйтэй болов уу. Бэлчээрийн хүрэлцээ хангамж зуд болоход их чухал. Бэлчээр өвс тэжээл нь малд нь хангалттай бол хэн ч зуднаар малаа алдахыг хүсэхгүй. Гэтэл бодит байдал дээр бэлчээр өвс тэжээл бэлтгэх боломжгүй бүс нутаг их байдаг аж. Хөвсгөл, Булган, Сэлэнгийн ой талын бүс нутагт жилийн жилд цагаан зудын нөхцөл байдалтай байдаг. Хадлан тэжээл сайн бэлтгэдэг учраас тухайн бүс нутгийн малчид өнчин ишигний гарзгүй онд ордог. Харин эсрэгээрээ говь хээр талын бүс нутагт ургац хураалт бага түвшинд байдаг болохоор малаа зуданд алдах өндөр эрсдэлтэй байдаг. Тиймээс дан ганц малчдыг буруутгах нь учир дутагдалтай гэсэн юм.

-БОРОО ХУР ЭЛБЭГ БАЙСАН ЖИЛ БҮРИЙН ӨВӨЛ ЗУД БОЛНО
ГЭЖ ОЙЛГОЖ БОЛОХГҮЙ-

Сүүлийн жилүүдэд зөвхөн Монгол гэлтгүй дэлхий даяар цаг агаар дулаарч буй. Дэлхийн уур амьсгал ерөнхийдөө дулаарч байгаа нь үнэн боловч зарим тохиолдолд эрс хүйтрэлт мэдрэгдэх болжээ. Монгол орны хамгийн хүйтэн температур Увсын Улаангомд -55 градус хүрч хүйтэрсэн нь дээд үзүүлэлтэд тооцогдож байв. Гэтэл өнгөрсөн жилийн өвөл Тосонцэнгэл суманд -53,5 градус хүрч хүйтэрчээ. Энэ бол тухайн цэгт тохиолдож буй түүхэн дэх хамгийн хүйтрэл байсан аж. Цаашдаа ч түүхэнд тохиогоогүй хүйтэн болохыг үгүйсгэхгүй гэж байлаа. Цасны тухайд сүүлийн 70 жилд 25 хувиар нэмэгдсэн байна. Ирээдүйд цасны хэмжээ 50 хувиар нэмэгдэх төлөв ажиглагдаж байна. Өвөлдөө 10 мл метр цас ордог байсан бол 15 мл метр болж нэмэгдэнэ гэсэн үг.

Үүнийг яавч сайны дохио биш гэдгийг чуулганд оролцсон мэргэжилтнүүд сануулж байлаа. Цаг агаарын төлөвийг урт хугацаагаар таамаглахад амаргүй байдаг аж. Гэхдээ мэргэжилтнүүдийн гаргасан таамгаар энэ өвлийн цаг агаарын температур, хур тундас олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байгаа гэв. Зун хур бороо элбэгтэй байвал өвөл нь цас их орж, зуд болох эрсдэлтэй гэж хүмүүс ярьдаг. Зарим жил иймэрхүү хамаарал гарах тохиолдол байдаг. Ийм үзэгдэл хамгийн багадаа 20 удаа тохиолдсон үед хуртай зуны өвөл нь зуд болдог гэх хүмүүсийн таамаглалыг батлах ёстой аж. Хүмүүс бичин жилийн өвөл хэцүү болдог гэж ярьдаг. Гэвч бичин жил болгон зуд болдоггүйтэй адил гэдгийг цаг уурын мэргэжилтнүүд хэлж байв.

-СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД ЭРС ХҮЙТРЭЛИЙН ДАВТАМЖ ЯАГААД НЭМЭГДЭВ-

“Монгол дахь зудын эрсдэл ба менежмент” сэдэвт мэдлэг солилцох чуулганд УСОШХ-гийн эрдэм шинжилгээний ажилтан Э.Мөнхжаргал “Хүйтний эрч чангаралт ба түүний шалтгаан, сүүлийн үеийн өөрчлөлт” сэдвээр тавьсан илтгэл нь анхаарал их татлаа. Тэрбээр илтгэлдээ “Сүүлийн жилүүдэд эрс хүйтрэлийн давтамж нэмэгдэж байгаа. 2000 оноос өмнөх болон 2000 оноос хойшхи үеийг харьцуулж үзэхэд бол хүйтрэлийн давтамж нэмэгдсэн. Тодруулбал, эрс хүйтрэлт 2000 оноос өмнө жилд 2-3 удаа тохиолддог байсан бол сүүлийн жилүүдэд жил 4-өөс дээш удаа эрс хүйтрэл тохиож байна. Эрс хүйтрэл гэдэг нь -30 градусаас дээш давж хүйтрэхийг хэлж байгаа юм. Товчхондоо, Монголын нийт нутгаар дөрвөн удаа -30 градусаас дээш хэмд хүрч эрс хүйтэрч байна. Шалтгаан нь;

Нэгдүгээрт: Монгол орны өвлийн агаарын даралтыг Сибирийн их даралтын орон тодорхойлдог. Сибирийн хүйтэн агаар нь 1990-ээд оноос хойш эрчимжээд хүйтэн агаарын масс нь Монгол руу цөмрөн орж ирж байна.


Хоёрдугаарт: Хойноосоо туйлын циклон орж ирсэнтэй холбоотой. Дэлхийн дулаарлын улмаас хойд хагаст байгаа цасны хэмжээ багасч чийглэг дулаан агаар дээш хөөрч байна. Өөрөөр хэлбэл, Уур амьсгалын дулаарал, агаарт усан уур үүсгээд, өвөлдөө цасан бүрхүүл нэмэгдэж байгаа. Агаарын дээд мандалд үүсч буй хөдөлгөөн нь туйлаас хүйтэн агаарын массыг Монгол руу буюу дундад өргөрөг үү зөөж байна.

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.