Т.Оюунбат: Монголд мессэжээр унтрааж, асаадаг ЦАХИЛГААН ЗУУХ нутагшууллаа

Д.Тулга / Орон нутаг

Монгол залуус Улаанбаатар хотын утааг бууруулах, Монголын нөхцөлд тохирсон хямд төсөр, эрчим хүч хэмнэх боломжтой хирнээ ухаалаг цахилгаан зуух санаачилжээ. Уг зуухыг хэрэглэснээр Улаанбаатар хотод гэр хорооллоос болж үүсч буй утааг 100 хувь шийдэх боломжтойн дээр иргэдийн амьдралыг хялбарчилж, гар утсаараа хянах, тохиргоо хийх, унтрааж асаах зэрэг үйлдлүүдийг хийж болохоор тооцоолсон байна.

Энэ цахилгаан зуух худалдаанд гарч, ийм төрлийн цахилгаан зуух хэрэглэж байсан эхний хэрэглэгчид сард гардаг цахилгааны төлбөр өмнөх сарынхаас 50 гаруй хувиар багассан талаар хэлэв. Тус технологи Канад улсаас гаралтай ч залуус Монголын нөхцөлд тохируулан, хэд хэдэн шинэ үйлдэл нэмж сайжруулснаар хэрэглэгчдэд хүргэж буй ажээ. Бид энэ шинэ технологийн талаар Т.Оюунбаттай уулзаж ярилцлаа.

-МОНГОЛ ГЭРТ САРД 80 ОРЧИМ МЯНГАН ТӨГРӨГИЙН ЗАРДАЛ ГАРНА-

-Энэ цахилгааны зуухыг гэр, байшинд ашиглах бүрэн боломжтой юу?

-Ердөө 220 вольт байхад л болно. Та бүхний харж байгаа энэ жижиг цахилгаан зуухыг бид монгол гэрт зориулж хийсэн. Монгол гэрийн зуухны хоёр талд хоёр паарыг уртааш нь тавьж өгөөд гэрийнхээ шалан доогуур хоолой гүйлгээд төхөөрөмжтэйгээ холбох юм. Ингэснээр паар 85 хэм хүртэл хална. Хоёр паарыг халаах сарын зардалд монгол гэрт бол 80 орчим мянган төгрөг гарна. Гэтэл монгол гэрт нүүрс мод түлээд өвөлжихөд сардаа гарах зардал нь багадаа 120 мянган төгрөг байдаг. Мөн байнгын ажиллагаа шаарддаг шүү дээ.

-Энэ технологийг ашигласнаар эдийн засгийн хувьд ямар хэмнэлт хийж болох талаар та бүхэн нарийн судалгаа хийсэн үү?

-Тийм ээ. 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс шинээр мөрдөгдөж байгаа айл өрхийн цахилгаан эрчим хүчний тариф 06:00-21:00 хүртэл 1кВтт эрчим хүчийг 104.30 төгрөгөөр, 21-06 цагийн хооронд 38.55 төгрөгөөр бодож байгаа. Жишээ нь, 100м2 стандарт дулаан алдагдалтай байранд 10кВтт-ын бүрэн ухаалаг нано ялтсан бойлерууд ажиллуулвал нэг цагт 3.333кВтт эрчим хүч зарцуулна. Учир нь тус ялтсан бойлер нь 5 минут ажиллаж, 10 минут амарснаар 10 кВтт эрчим хүчний гуравны нэгээр ажиллаж байгаа гэсэн үг юм. Ингэхээр өдрийн тариф 3.333 кВтт нь өглөөний 06-21 цаг хүртэл сард 154.885.5 төгрөг, шөнийн тариф 3.333 кВтт нь шөнийн 21-06 цаг хүртэл сард 10.408.5 төгрөг буюу нийт сарын тариф нь 165.294 төгрөг болж байгаа юм. Үүнд мэдээж тухайн байшингийн дулаан алдагдал их чухал. Манайхан 10 кВтт-аа 24 цагаар шууд үржүүлээд бодчихдог. Байнга л үүнийг ажиллаж байх юм шиг боддог ч энэ бүтээгдэхүүн хэрэгцээтэй цахилгаанаа л авдаг.

-Дэвшилтэт технологи ашиглаж цахилгаан зуухаа унтрааж асаах боломжтой гэж байсан?

-Тийм ээ. Энэ төхөөрөмж маань хүний оролцоогүй ажилладаг нь маш том давуу тал юм. Заавал өөрөө очоод кВтт-ыг нь ихэсгэж багасгаад байхгүй. Хянах самбар дээр 1-99 хэмийн хооронд хэдэн хэмтэй ажиллаж байгаагаа мэдээллэж байдаг. Нөгөө талаар интернэттэй газарт өөрийн утсандаа суулгасан апп-ыг ашиглан хаанаас ч удирдах боломжтой. Тухайлбал, хотоос зайдуу байдаг зуслангийн байшиндаа очихгүй долоо хонохдоо заавал ажиллуулах шаардлагагүй үед хотын төвд байхдаа л унтраачихна. Гэр нь хотын захад байдаг бол энэ төхөөрөмжийг өдөржин асааж тогоо барахгүй, унтрааж явчихаад л гэртээ харих дөхөхөөрөө “24хэм on” гээд л ганцхан мессэж биччихнэ. Ингээд л гэртээ ирэхэд гэр чинь 24 хэмийн дулаан болсон байна. Ингэснээр өдрийн найман цагийн эрчим хүчний зардлыг тань давхар хэмнэж байгаа юм.

-Унтраагаад удаахад хөлдөх, буцаад асахгүй удах зэрэг эрсдэлгүй юу?

-Унтраагаад явчихад өөрөө хөлддөггүй аваарийн системтэй, тухайн систем нь усны темпратур гурван хэмд хүрвэл автоматаар ажиллаад 10 хэмд хүргэдэг. Ингэхээр хаяад хэдэн ч өдөр явж болно гэсэн үг юм.

-ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗАРДАЛ БАГАТАЙ, АГААРЫН БОХИРДОЛ ОГТ БАЙХГҮЙГЭЭР
ГЭРЭЭ ХАЛААХ БОЛОЛЦООГ ГАРГАЖ ИРЭХИЙГ ХҮССЭН-

-Ийм технологийг хаанаас санаа авч хийв?

-Яг хоёр талаас нь халаадаг нано ялтсан технологийг гаргаж ирсэн хүмүүс нь канадууд юм. Энийг бид дотооддоо нутагшуулаад, Монголдоо эрчим хүчний зардал багатай, агаарын бохирдол огт байхгүйгээр монгол гэрээ, байр, байшингаа халаах бололцоог гаргаж ирэхийг хүссэн. Энэ бүх тохиргоо, кВтт-ын ихэсгэлт багасгалт, ухаалаг удирдлагын систем, хоёр дахин хурдан халаахаар хоёр талаас нь нано ялтсыг шахаж өгөх зэрэг шийдлүүдийг Монголын нөхцөл байдалд тааруулан өөрсдөө хийж, нутагшуулж байна. Ингэхдээ гаргасан санаагаа гадаадын евро стандартын үйлдвэрүүдэд хийлгэдэг.

-Баталгаат хугацаа бий юу?

-Бид энэ технологидоо гурван жилийн баталгаа өгч байгаа. Дотуур хэрэглэгдэж байгаа цахилгааны утас, бүх элемент дандаа евро стандартынх. Хэрэглэгдэж байгаа насос, тэлэлтийн савууд нь дэлхийд нэгд тооцогддог Герман үйлдвэрийнх. Мөн дотуур гүйж байгаа хоолой болон шугамууд зэс, гуулиар хийгдсэн. Энэ нь зэврэхгүй гэсэн үг юм. Гэтэл манайд байгаа бүтээгдэхүүнүүд маш хурдан зэвэрчихдэг сул талтай.

-Та энэ технологийн хамгийн ашигтай талыг хэлж өгөхгүй юү?

-Ижил төрлийн технологиудаас 30 хувийн хэмнэлттэй. Хуучны халаагууртай харьцуулж тайлбарлая. Хуучин бидний хэрэглэдэг байсан усанд дүрж усаа халаадаг плетка шиг ороомог энэ дотор байгаа гэсэн үг. Манай энэ технологийн ялгаа нь гурван давхарлагатай, ус оруутаа гурван хоолойгоор салаад, цаашаа шууд 85 хэмийн халуунтай гарч ирдэг. Энэ нь маш хурдтай халааж байна гэсэн үг юм. Маш энгийнээр тайлбарлахад плеткан дээр ус тавиад саванд хийгээд буцалгахад доороосоо халаад буцалдаг. Үүнд хугацаа шаардагдана. Хэрвээ тухайн саванд ус хийгээд дээд доод талаас нь зэрэг халаавал илүү хурдан буцална. Яг л үүнтэй адилхан.

-НЭГ САЯ ТӨГРӨГӨӨР СУУРИЛУУЛНА-

-Суурилуулахад ямар үнэ өртөгтэй байх вэ?

-Эхний ээлжинд бүрэн ухаалаг төхөөрөмж болон хоёр радиотор суурилуулж өгөхөд нэг сая төгрөг болно. Мэдээж дээвэргүй байшинд паар тавиад халахгүйтэй адил гэрт суурилуулвал хаяагаа сайн манах хэрэгтэй болно гэдгийг сануулах хэрэгтэй болов уу. Дээр байгаа технологи дотор ус халаадаг бойлер тавилгүй хэрэглээний усыг халаадаг технологийг зэрэг шийдэж өгсөн. Монголд 220 вольт хэрэглэж байгаа гэр хорооллын айлууд 8кВтт-ээс дээш хүчийг даадаггүй. Гэтэл цахилгаан зуухыг хэрэглээний усны бойлертой зэрэг асаавал шууд л пскатель буучихдаг. Бидний шийдлээр бойлер ажиллуулж эхлэхэд хянах төхөөрөмж нь өөрөө автоматаар халаалтын хэсгээс хүчин чадлынхаа 50 хувийг өгчихдөг. Ингэхээр гэр дулаан байхын зэрэгцээ хэрэглээний халуун усаа 8 кВтт-аа ашиглан халаах боломжтой гэсэн үг. Хүмүүс усандаа ороод дуусах үед буцаад л автоматаар халаах систем рүүгээ өөрөө шилжчихнэ. Үүнийг Монголын айл өрхийн онцлогт тааруулж, албаар оруулж ирсэн юм.

-Аюулгүй ажиллагааны тухайд юу хэлэх вэ?

-Аюулгүй байдал үргэлж нэгд. Бүтээгдэхүүний хувьд евро стандарт тул ямар ч асуудал байхгүй. Тухайлбал, пааран дээр ямар нэгэн алдагдал гарч ирвэл өөрөө өөрийгөө хянаад л шууд унтрана. Ингээд дэлгэцэн дээр Е3-5 гэсэн заалт гарч ирнэ. Үүгээр ямар алдаа заасныг олоод мэдчих боломжтой. Пааран дотор ямар нэгэн тэсрэлт, дэлбэрэлт, агаарын тэлэлт явагдах юм бол тэлэлтийн сав түүнийг татаж оруулаад өөрөө өөртөө зохицуулалт хийгээд гаргаад хаячихна. Тиймээс энэ бүтээгдэхүүнд аюултай тал огт байхгүй. Бүх тал дээр нь анхаарсан. Тухайлбал, энэ зураг дээр харагдаж байгаа улаан утсууд бүгд унтраах, хамгаалалтынх юм.

-Ийм төрлийн бүтээгдэхүүнүүд ихэвчлэн чимээ ихтэй байдаг шүү дээ?

-Чимээ огт байхгүй. Бусад ийм төрлийн бүтээгдэхүүнд буцалж байгаа, хий явж байгаа, дүнгэнэсэн чимээнүүд гардаг бол энд ямар ч чимээ гарахгүй.

-Ер нь агаарын бохирдол хэрхэн буурах талаар судалгаа гаргасан болов уу?

-Бид өмнөх төсөл дээрээ л бүх судалгааг хийсэн. Ойролцоогоор 360 мянган айл өрх байлаа гэж бодоход 260 мянга нь гэр хороололд амьдарч байна. Агаарын бохирдлын 75 хувь нь гэр хорооллоос угшилтай. Тиймээс бүх л гэр хорооллын айлуудын зуухыг ийм цахилгаан зуухаар сольчихвол агаарын бохирдол 75 хувиар буурна гэсэн энгийн тооцоолол бий.

Б.ГЭРЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.