Оюутнууд булчингийн хөдөлгөөн мэдэрдэг РОБОТ ГАР бүтээжээ

Д.Тулга / Орон нутаг

Монгол Улсад орчин үеийн шинжлх ухааны байгууллага үүсч хөгжсөний 95 жил, Шинжлэх Ухааны Академи үүсэн байгуулагдсаны 55 жилийн ой, Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2016” үзэсгэлэн, худалдаа Монголын уран зургийн Галерейн үзэсгэлэнгийн танхимд өчигдөр нээгдлээ.

Үзэсгэлэнд эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, тэдгээрийн дэргэдэх гарааны компани, лаборатори, төрийн бус байгууллага, өндөр технологийн компанийн төлөөлөл болсон 80 гаруй байгууллага оролцож байна. Тэд шинжлэх ухааны ололт амжилт болон инновацийн салбарт ямар дэвшилтэт технологи гарч буйг танилцуулж байна.

Бид тус үзэсгэлэнгээс МУИС-ийн дэргэдэх Компьютер график, мультимедиа судалгааны нээлттэй лабораторийн оюутнуудын бүтээлийг онцолж байна. Тус лабораторийн оюутнууд хамтран гурван хэмжээст технологи ашиглан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан гарны протез буюу хиймэл гар хийж байна.

“Робот гар” гэж нэрлэх энэ гарыг бүтээх ажил одоогоор судалгааны түвшинд яваа ажээ. Оюутнууд Монголдоо анхдагч тус бүтээлээрээ энэ онд Япон улсад зохиогдсон “Art&Technology” нэртэй олон улсын оюутан судлаачдын үзэсгэлэнгээс тусгай байрын шагнал хүртсэн байна.

Тэд энэ робот гарыг анх 10 настай, гаргүй жаалхүүд зориулж хийжээ. Бид энэ ажлын талаар МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн магистрант Н.Түмэндэлгэрээс тодрууллаа.

-ЦААШДАА ХҮНИЙ ГАРЫГ ОРЛОХ БОЛОМЖТОЙ БОЛОХ ЮМ-

-Энэ робот гарыг хэзээнээс хийж эхэлсэн бэ?

-Энэ судалгааг 2016 оны гуравдугаар сараас эхлэн хийсэн. Ер нь ихэнх хугацаагаа судалгаандаа зарцуулсан. Дотоод бүтцийн хувьд мотор, хөдөлгөгч дамжуурга утас гэсэн хэсгүүдтэй. Орчин үед моторыг их жижиг хэмжээтэй хийдэг болсон. Гэхдээ жижиг хэмжээтэй нь бидэнд олдох нь ховор учраас робот гар маань овор хэмжээний хувьд жаахан том. Хэрвээ бидэнд мөнгө нь байгаад, жижиг мотор авч чадвал овор хэмжээг жижигсгэж чадна.

-Ямар материалаар хийж байгаа вэ?

-Материалын хувьд бид 3D принтер ашиглан пластик материалаар хийж байгаа. Дутагдалтай тал ихтэй ч одоогоор энэ материал нь бидэнд боломжтойн дээр эсрэгээрээ давуу тал ч их бий. Материал сонгохдоо бид байнга урагдаад байхгүйг нь бодож, эдэлгээ урттай болон халтирч гулгаад байхгүй материал сонгохыг хичээсэн. Ирээдүйд бид металл ашиглаж ч энэ гарыг хийх боломжтой. Хамгийн сайн робот бол хүний хийж чадаж байгаа бүх үйлдлийг дуурайж чаддаг байх ёстой. Энэ роботын хувьд хүний харах мэдрэмж, хөдөлгөөнийг дагаж дуурайдаг.

-Та ажиллах зарчмынх нь талаар ярьж өгөхгүй юү?

-Дүрс ялгалтын аргаар гараа атгаж байна уу, дэлгэж байна уу гэдгийг хянаад, дохиогоо илгээдэг. Энэ цахилгаан дохиогоор чадлаа өргөсгөж, моторуудаа удирдаад, гараа атгаж дэлгэх хөдөлгөөн хийж байгаа юм. Одоогоор дүрс боловсруулалтаар ажиллаж байгаа бол цаашдаа булчингийн мэдрэлээс мэдээлэл аваад, хүний гарыг орлох боломжтой болох юм.

-Гэхдээ хүнд хэрхэн ашиглах юм бэ?

-Хүний булчингийн агшиж сунаж байгааг мэдэрдэг мэдрэгч байдаг. Энэ робот гарыг тухайн хүнийхээ гаранд суулгаж өгөхөөр булчингийн агшиж сунаж байгаа мэдээллийг өөрөө боловсруулаад хөдөлдөг. Тухайлбал, чигчий хуруу хөдөлгөх булчин хөдөлж байвал робот тэр мэдээллийг авч боловсруулаад, чигчий хуруугаа хөдөлгөнө гэсэн үг л дээ. Энэ роботоо бид аль болох хүнтэй ойр, хүний хийж чадах бүх үйлдлийг хийж чаддаг байхаар үргэлжлүүлж зохион бүтээх болно. Бид анхнаас нь гарын анатомыг судлаад, яг булчинг нь, үенийх нь тоо хэмжээг хүртэл нарийн дуурайлгаж, яг ижилхэн болгож хийсэн.

-Танай багийнхан Япон улсад болсон тэмцээнд амжилт үзүүлээд ирсэн гэсэн. Энэ технологийн юу нь бусад орныхоос давуу байв?

-Энэ робот гарыг хийсэн багийнхныг танилцуулбал программчлалын тал дээр н.Төмөр-Очир, эд анги техник угсралтын тал дээр Физик электроникийн н.Бат-Эрдэнэ, н.Бямбажаргал нар ажилласан. Бидний хийсэн энэ робот гар маш бага зардлаар бүтсэн тул олон хүнд хүрэх боломжтой байсан. Хэдийгээр хурууныхаа өндгөнд хүртэл мэдрэгчтэй ийм төрлийн робот гарыг гадны улс оронд хийсэн байдаг ч тэр нь маш өндөр өртөгтэй тул хүн болгон авч хэрэглэх боломж хомс.

-Ойролцоогоор хэзээ ажил дуусч, хэрэглэгчдийн гарт хүрэх бол?

-Монголд байдаггүй нэг технологийг бид гаднаас захиалсан. Ингэснээр бид ирэх жил гэхэд энэ робот гарыг бэлэн болгох юм.

Б.ГЭРЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.