Сенегалын түүхэн дэх хамгийн залуу ерөнхийлөгч тангараг өргөлөө

Aдмин / Гадаад мэдээ

Татварын байцаагчаар ажиллаж байсан Бассиру Диомай Фай мягмар гарагт Сенегал улсын ерөнхийлөгчийн тангараг өргөлөө. Өдгөө 44 настай тэрбээр тус улсын түүхэн дэх хамгийн залуу ерөнхийлөгч болж байна. Б.Фай өмнөх ерөнхийлөгч Макки Саллын тэргүүлсэн эрх баригч эвслээс нэр дэвшигч Амаду Баг ялсан юм. Сенегалын шинэ Ерөнхий сайдаар сөрөг хүчний удирдагч Осман Сонког томилжээ. Сенегалын шинэ Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын үеэр хэлсэн үгэндээ, сонгогчид өөрчлөлтийг хүсэж байгааг сонгуулийн дүн харуулсныг онцлон тэмдэглэлээ. Тэрбээр Сенегал улсыг итгэл найдварын орон болгож, энх тайвныг тогтоон, бие даасан шүүхийн тогтолцоо бүхий илүү хүчирхэг ардчиллыг цогцлоох болно гэж мэдэгджээ.

Мөн “тогтолцооны өөрчлөлт” хийхээ амлаж, улс орны бүрэн эрхт байдал, хөгжил, сайн сайхны төлөөх хүсэл эрмэлзлээ сонгогчид илэрхийлсэн гэдгийг онцлон хэллээ. Тэрбээр газрын тос, байгалийн хий, ашигт малтмалын гэрээг гадаадын оператор компаниудтай хамт дахин авч хэлэлцэнэ гэдгээ амласан юм.

“Миний бие энх тайван, үндэсний эв нэгдлийг хамгаалахын төлөө ажиллаж, бидний хамгийн нандин баялаг болох улс үндэсний тогтвортой байдлыг хадгалах болно” гэж Б.Фай хэллээ.

Тангараг өргөх ёслолд Нигерийн Ерөнхийлөгч Бола Тинубу, Гана улсын Ерөнхийлөгч Нана Акуфо-Аддо, Африкийн Холбооны комиссын дарга Мусса Факи Махамат зэрэг 10 гаруй орны төр засгийн тэргүүн нар, бүс нутгийн төлөөлөгчид оролцжээ. Буркина Фасо, Мали, Нигерийн цэргийн хунтынхан мөн төлөөлөгчдөө илгээсэн байна.

Олон сар үргэлжилсэн эмх замбараагүй байдлын дараа Б.Фай сонгуульд ялалт байгуулав

Б.Фай гуравдугаар сарын 24-нд буюу сонгууль болоход хоёр долоо хоног хүрэхгүй хугацаа үлдээд байх үед О.Сонкогийн хамт шоронгоос суллагджээ. О.Сонко бусдыг гүтгэсэн хэргээр сонгуульд өрсөлдөх эрхээ хасуулсан бөгөөд Б.Файгийн кампанит ажилд бүх хүчээ дайчилж, сонгуулийн сурталчилгааны үеэр олны өмнө байнга гарч ирж байв.

Сенегалын ерөнхийлөгчийн сонгууль хойшлогдсоны улмаас дэгдсэн улс төрийн үймээн самууны дараа О.Сонко, Б.Фай нарыг өршөөлөөр суллажээ. Сонгууль болохын өмнө Б.Фай ил тод байхын тулд хөрөнгө орлогын мэдүүлгээ танилцуулж, бусад нэр дэвшигчид хандан ийм алхам хийхийг уриалсан байна.

Тэрбээр сонгуульд ялсан даруйдаа авлигатай тэмцэж, эдийн засгийн шинэчлэл хийнэ гэж амлажээ. Гуравдугаар сарын сүүлчээр болсон сонгуульд Б.Фай 54 гаруй хувийн санал авсан юм. Ингэснээр тэрбээр сонгуулийн эхний шатанд шууд ялжээ.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:34

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:34

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.