Израиль улс холбоотнуудынхаа хамт Ираны 300 гаруй пуужин,нисгэгчгүй онгоцыг устгаснаа зарлав

Aдмин / Гадаад мэдээ

Бямба гарагт Иран улс анх удаагаа өөрийн газар нутгаас Израиль улс руу агаарын томоохон довтолгоо явуулсан билээ. Энэ нь дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Сирийн нийслэл Дамаск хот дахь консулын газарт нь халдсаны хариу арга хэмжээ байлаа.

Ираны талаас нийтдээ 300 гаруй пуужин, нисгэгчгүй онгоцыг таван цагийн турш харвасны ихэнхийг өөрийн нутаг дэвсгэрт хүрэхээс өмнө устгаж чадсанаа Израилийн эрх баригчид Ням гарагт зарлажээ. Израилийн нутаг дэвсгэр хүртэл Ираны зэвсэг харвасан хамгийн ойр цэг 1,770 км орчим зайтай байсан юм. Тэгвэл эдгээр зэвсгийн 99 хувийг холбоотнуудынхаа хамтаар устгаж чадсаныг Израилийн арми өчигдөр зарлажээ. Цөөн хэсэг нь Израилийн нутагт хүрсэн ч ноцтой хохирол учруулж чадаагүй байна.

Нийтдээ 170 орчим нисгэгчгүй онгоц, 30 гаруй далавчит пуужин, 120 гаруй баллистик пуужинг Ираны талаас Израилийн зүгт харважээ. Эдгээрийн 70 гаруй нисгэгчгүй онгоц, гурван баллистик пуужинг АНУ-ын тэнгисийн хөлөг, нисэх онгоцноос амдаж устгасан тухай Вашингтоноос мэдээлсэн байна. Гэхдээ яг ямар зэвсэг ашигласан талаараа дэлгэрүүлээгүй юм.

Харин Пентагоны эх сурвалжийн мэдээлснээр Газрын дундад тэнгист байрлаж байсан АНУ-ын хоёр хөлөг онгоцноос харвасан Aegis пуужин Ираны гурван баллистик пуужинг замд нь устгасан байна.

“Израилийн хамгаалалтыг дэмжихийн тулд АНУ-ын арми өнгөрсөн долоо хоногт нисэх онгоц болон баллистик пуужингийн довтолгооноос хамгаалах системүүдийг бүс нутагт шилжүүлээд байсан юм. Үүний үр дүнд, бас манай алба хаагчдын онцгой ур чадварын үр дүнд бид бараг бүх пуужин, нисгэгчгүй онгоцыг устгаж чадлаа” гэж АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр мэдэгджээ. Ираны довтолгоог таслан зогсооход Их Британи, Франц улсуудын зэвсэгт хүчин оролцсоныг Израилийн тал өчигдөр бас мэдээлсэн байна.

“Бид өнгөрсөн шөнө АНУ, Их Британи, Францын талтай нягт хамтран ажилласан. Уг хамтын ажиллагаа үргэлж ойр нягт байдаг ч энэ удаа ер бусын байдлаар илэрлээ” гэж Израилийн зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Израилийн агаарын довтолгооноос хамгаалах систем хамгийн шилдэгт тооцогддог. Уг системийн суурь нь Iron Dome (Төмөр Дээвэр) нэртэй пуужингийн алсын довтолгооноос хамгаалах систем юм. Одоо Израилийн нутаг дэвсгэрт 10 ширхэг ийм систем ажиллаж байдаг.

Дараагийн түвшинд David’s Sling (Давидын Дүүгүүр) нэртэй ойрын болон дунд тусгалын пуужингийн хамгаалах систем ажилладаг.

Үүний дараагийн түвшинд АНУ-тай хамтран хөгжүүлсэн Arrow 2, Arrow 3 баллистик пуужингийн довтолгооноос хамгаалах системүүд ажилладаг байна. Arrow 2 систем баллистик пуужингийн довтолгоог төгсгөлийн шатанд нь буюу агаар мандлын дээд давхаргаас бай руугаа чиглэх үед мэдэрч, таслан зогсоох систем юм.

Arrow 3 нь үүнээс өмнөх шатанд буюу баллистик пуужинг сансрын уудамд байхад нь устгадаг систем ажээ. Эдгээрээс гадна далавчит пуужин, нисгэгчгүй онгоцыг агаараас устгах зориулалттай зэвсгээр тоноглосон сөнөөгч нисэх онгоцнуудыг Израилийн арми ашигладаг. Ням гарагт Израилийн армийн нийтэлсэн гэрэл зурагт үүргээ гүйцэтгээд бааздаа буцаж ирж буй F-35, F-15 сөнөөгч нисэх онгоцнуудыг харуулсан байна.

Эх сурвалж: CNN


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.