Хоршооны нягтлан Ц.Лхагва-Очир: Орон нутагтаа өөрийн дуртай фермийн аж ахуйгаа хөгжүүлж, мэргэжлийн ажлаа хослуулан сард 10 гаруй сая төгрөгийн тогтмол орлоготой болж чадлаа

Aдмин / Нүүр

-ФЕРМИЙН АЖ АХУЙГААРАА ХОРШООНД НЭГДЭЖ, ХОРШООНЫХОО НЯГТЛАН БОДОГЧООР АЖИЛЛАСНААР ӨМНӨ ДАНГААРАА ФЕРМ ЭРХЭЛЖ БАЙСАН ШИГЭЭ ШАНТРАХАА БОЛЬСОН –

Малчид, фермерчдийн дунд хоршоонд нэгдэхийн ач холбогдлыг хоёр янзаар хүлээн авдаг. Зарим нь хувийнхаа фермийг өөрсдөө эрхлээд дангаараа явсан нь дээр гэж үздэг бол зарим нь хоршоонд нэгдэж, бүтээмж, орлогоо өсгөх нь илүү гэсэн байр суурьтай байдаг. Тэгвэл хоршоод нэгдсэнээрээ ямар ач холбогдолтой талаар “Ар Гүнт Марцад” хоршооны нягтлан бодогч Ц.Лхагва-Очиртой ярилцлаа.


-Сайн байна уу, таны мэргэжлээрээ ажиллах болсон хоршооны тухай ярилцлагаа эхлүүлье. Хоршоо байгуулагдаад хэр удаж байгаа вэ?

-Манай хоршоо үйл ажиллагаагаа эхлүүлсэн тэр цагаас хойш өдгөө дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэхүү хоршоог байгуулах болсон нь сүү бэлтгэлийн систем төдийгүй, сүү, сүүн бүтээгдэхүүний салбарын хөгжил дараагийн шинэ дэвшилтэт шатанд гарах ач холбогдолтой. Манай хоршоонд одоогоор 17 фермер нэгдээд байгаа. Байгуулагдсан даруйдаа хоршооныхоо нэр дээр тэжээл тариалах 30 га газрыг дүүргээсээ амжилттай шийдүүлэн авч чадсан нь сүү бэлтгэн нийлүүлэгч бидэнд хоршооны хэлбэрт шилжсэнээр олон олон боломжууд нээгдэж буйг харуулсан үйл явдал болж байсан.

-Таны хувьд хоршоондоо анх яаж нэгдэж байв. Анх ирж ажиллаж байхад хоршооны ажил ямар байсан бэ?

-Миний хувьд анх 2015 онд Улаанбаатар хотоос энэ Ар гүнтэд ирсэн хүн байгаа юм. Энд ирээд бүх зүйлийг тэгээс эхэлсэн. Улмаар гурав, дөрвөн жил аж амьдралаа болгох гэж үзсэн л дээ, өөрөөрөө. Хувиараа буюу ганцаараа ферм ажиллуулахад шантрах зүйл маш их гарч ирдэг байсан. Үнэхээр болдоггүй юм шиг санагдсан. Ингээд анх 2020 онд энэхүү хоршоонд нэгдээд ажиллаж эхэлсэн. Улмаар өдгөө дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд хоршоонд нэгдсэний ашиг тус, асар их боломж байгааг олж харсан гэх үү дээ. Одоо бол надад томоохон ферм байгуулах хүсэл сонирхол маш их байна. Хоршоонд орохоос өмнө шантарч, гутарч байсан бол одоо эсрэгээрээ илүү сайхан, илүү боломжийн төлөө л зүтгэх тэр итгэлийг надад суулгасан юм болов уу гэж ойлгож байгаа. Хоршоонд нэгдсэнээрээ үхрийнхээ тоо толгойг нэмэгдүүллээ. Түүнээс илүү чухал нь үнээнийхээ үүлдэр угсааг сайжрууллаа. Тэр утгаараа ахуй амьдрал минь эрс дээшилж байна. Нөгөөтэйгүүр улс эх орондоо оруулж буй багахан хувь нэмэр маань бүтээмжтэй болж ирж байгаа юм.

-Хоршооны нягтлан бодогч гэхээр 17 айлын сүү нийлүүлэлтийн санхүү тооцоог гаргадаг уу?

-Ерөнхийдөө тийм. Жишээлбэл, өдөрт хэд хэдэн айл сүүгээ тушаадаг. Тэр болгонд нь зарлага, орлогын баримт гаргаж, бүрдүүлэлт хийдэг. Түүнийгээ “Сүү” ХК руу явуулна. Явуулсан баримтаа сарын эцэст тулгана. Хоршоо гэдэг бол бас нэг компани гэсэн үг шүү дээ. Тэр утгаараа сар болгон тайлан тооцоо гаргана. Энэ ажлыг би мэргэжлийнхээ дагуу хийж байгаа. Тэр утгаараа надад хувийнхаа фермийг эрхлэхээс гадна хоршоонд мэргэжлээрээ ажиллаж байгаа нь давхар боломж бий болж байна гэсэн үг. Нийтийн болон хувийн ажлаа зэрэг авч явах боломж олдсонд баяртай байдаг.

-Мэргэжлээрээ ажиллахтайгаа зэрэгцээд хувийн аж ахуйгаа хөгжүүлж явахын давуу тал юу байна. Мэдээж амьжиргааны хувьд дээшилж байгаа биз дээ?

-Мэдээж тэгэлгүй яах вэ. Ахуй амьдрал маань дээшилж байна. Хоёрдугаарт, үүлдэр угсаа сайжрахтай зэрэгцээд гарч байгаа сүү саалийн чанар дээшилж, хэмжээ нь нэмэгдсээр байна л даа. Мэдээж түүнийгээ дагаад эдийн засгийн өсөлт бий болж байгаа. Сардаа орж ирдэг орлого нь нэмэгдээд ирэхээр мэдээж ажилдаа улам дуртай болно. Түүнээсээ урам зориг авна. Бүхэлдээ амьдралд итгэлтэйгээр ирээдүйгээ харах боломж бүрдэж байгаа юм л даа. Зорьсон, санасан болгоноо ажил хэрэг болгоод явна гэдэг хүний амьдралын бас нэгэн амттай жаргалуудын нэг шүү дээ.

-Нууц биш бол өмнө та хэдий хэмжээний орлоготой байв. Одоо ямар болов гэдгээ хэлж болох уу?

-Нууж хаах зүйл байхгүй ээ. Хоршоонд орохоос өмнө хувиараа ажил хийгээд сардаа 500 орчим мянган төгрөгийн цалингийн орлоготой л байлаа.

Харин хоршоонд орсноороо мэргэжлээрээ ажиллах боломж бүрдсэн. Нэмээд хувийнхаа аж ахуйг хөгжүүлэх боломж олдсон. Тэр чинээгээрээ цаг хугацаа өнгөрөх тусам ахуй амьдрал маань дээшилсээр байна. Одоо би сардаа 10 гаруй сая төгрөгийн орлоготой. Тавхан жилийн дотор ийм том өөрчлөлт миний амьдралд гарна гэж би огт төсөөлөөгүй. Үүндээ би улсын ууган үйлдвэртээ баярлаж, талархаж явдагаа ч нүүр бардам хэлж явдаг. Одоо надад цаашид бодчихсон том том хүсэл мөрөөдөл, хийх ажил олон байна. Түүнийгээ хийж чадна гэсэн итгэл, урам зориг ч их байна.

-Хоршоонд нэгдсэн 17 гаруй фермерээс таныг хоршооныхоо нягтлангаар сонгох болсон шалгаан нь юу вэ?

-Эдгээр айлуудын хамгийн залуу нь би байсан. Мөн хотоос ирсэн хүмүүс. Манай эхнэр бол огт мал мэддэггүй байлаа. Энд мал маллаж чадахгүй бол эргээд хот руугаа очиж цагийн ажлаа хийдэг. Ийм нэг үе байлаа. Улмаар ууган үйлдвэрийн ууган хоршоо Ар Гүнтэд байгуулагдах гэж байна, та бүхэн хурал зөвлөгөөнд нь суугаарай гэсэн. Ингээд л хурал зөвлөгөөн дээр манай эндхийнхэн хотоос гарч ирсэн залуу гэр бүл яаж амьдрах вэ, яамаар байна гэдэг зүйлийг ярьсан. Ингэхэд нь тус хоршооны нягтлангаар ажиллая гэдэг саналаа өөрөө гараа өргөж хэлсэн. Энэ ажлыг юутай ч би залуу хүнийхээ хувьд хийгээд үзье. Та бүхэн чадахгүй бол намайг болиулаарай. Чадаж байвал дэмжээрэй гэсэн. Түүнээс хойш одоог хүртэл нягтлангаар ажиллаж байна.

-Хоршоо байгуулахын давуу тал болон малчид, фермерүүдэд ямар давуу нөхцөл, боломж бий болдог вэ?

-Хамгийн том давуу тал бол чанартай эрүүл сүүг өдөр тутамдаа нийслэлчүүдэд болон иргэдэд хүргэх боломжтой болж байгаа юм. Энэ утгаараа хүнсний эрүүл ахуй, чанар эрс дээшилж байгаа гэж ойлгож болно. Хуучин бол ингэдэг байсан. Үнээгээ саагаад сүүгээ авна. Авсан сүүгээ хонуулаад маргааш нь тушаадаг байсан шүү дээ. Энэ бол тухайн сүүний чанар муудах, эрүүл ахуйн хувьд шаардлага хангахгүй байдлыг бий болгож байсан гэсэн үг. Одоо бол оройны саалтыг зориулалтын “танк”-д хийгээд чанарыг нь хэвээр байлгаж байна. Энэхүү танк бол сүүний чанар болон эрүүл ахуйн бүхий л стандартуудыг хангасан тоног төхөөрөмж. Өмнө нь сүүгээ хадгалах гэж хөлдөөнө, гэсгээнэ. Одоо бид сүү авахаасаа өмнө чанарын шинжилгээ хийдэг. Тухайн сүүнд янз бүрийн бактер байвал тэр сүүг авдаггүй. Авбал бусад сүү шууд ээднэ шүү дээ.

-Эрүүл ахуй, чанарын хувьд маш том давуу тал бий болдог юм байна. Яг хоршоо гэдэг утгаараа ямар давуу боломжууд бий болж байна вэ?

-Мэдээж олон давуу байдал бий болж байгаа. Нэгдүгээрт, сүү боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлэх сүүний чанар сайжрах, улмаар чанарт суурилсан үнийн бодлогын хэрэгжилтийг далайцтай болгох боломжтой болж байгаа юм. Хоёрдугаарт, фермүүдэд ХАА-н зохистой дадлыг нэвтрүүлэх, тоног төхөөрөмж сайжрина. Гуравдугаарт, эрчимжсэн мал аж ахуйн тоо нэмэгдэж, урт хугацаандаа сүү бэлтгэлийн улирлын хамаарал багасана. Дөрөвдүгээрт, фермерүүд төрийн байгууллагад албан ёсоор дуу хоолойгоо өргөн, асуудлаа шийдвэрлүүлэх эрх зүйн боломж бий болж байна.

Тавдугаарт, дотоодын банк, санхүүгийн байгууллагуудаас хөнгөлөлттэй зээл авах, мөн олон улсын байгууллагуудаас тусламж авах боломжоор хангагдана. Энэ бол малчид, фермерүүдэд хамгийн том боломж гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл малчид үүрэг хариуцлага бүхий хуулийн этгээд болсноор хамтын хөдөлмөрийн нэгдсэн зохион байгуулалтад орж үйл ажиллагаа сайжрах гэх зэрэг олон давуу талтай гэсэн үг.

-Ууган үйлдвэрийн ууган хоршоо гэдгийг та олон удаа хэллээ. Тэгвэл энэ үйлдвэрийн зүгээс та бүхэн рүү чиглэсэн дэмжлэг юу байдаг вэ?

-Хамгийн түрүүнд энэхүү хоршоог байгуулсан нь өөрөө бидний хувьд асар том боломжуудыг нээж өгсөнөөрөө дэмжсэн гэж ойлгодог. Хоёрдугаарт, нэг литр сүү тутамдаа бид нэмэгдэл авдаг. Би дээр хэлсэн шүү дээ. Хоршоо болсоныхоо хүчээр аж ахуйгаа хөгжүүлэх боломжтой болсон гэж. Аж ахуйгаа хөгжүүлэхийн тулд шаардлагатай суурь бааз, тоног төхөөрөмж хэрэгтэй. Үүнийг авахын тулд зээл шаардлагатай. Тэгэхээр хоршоо болсоноороо аль ч банкнаас хэрэглээндээ таарсан зээл авах боломж бидэнд бий болсон. Энэ бол маш том дэмжлэг. Мөн Сүү ХК бол өөрийн гэсэн фермтэй том үйлдвэр. Тэр утгаараа тус компанийн сүүний чиглэлийн үүлдэр угсаа сайтай үнээ их бий. Эдгээр үхрийнхээ төлнөөс бидэнд өгдөг. Түүний нөлөөгөөр хоршооны айл болгоны үхрийн үүлдэр угсаа жигд сайжирсан гэж ойлгож болно.

Энэ бас л бидний амьдралд нэн шаардлагатай дэмжлэг шүү дээ. Үүн шиг дэмжлэг үзүүлдэг, малчид, фермерүүдээ боддог үйлдвэр Сүү ХК-иас өөр бараг байдаг ч юм уу, үгүй юу мэдэхгүй.

Дэмжиж байна гээд өнгөлөг, нүд хуурсан зүйл өгдөггүй. Харин эсрэгээрээ хүний амьдралд жинхэнэ утгаараа дэм болох, цаашид өөрсдөө томоохон нийлүүлэгч болох боломжуудыг нээн гаргаж өгдөгөөрөө тус компанийн бодлого бусдаас өөр юм болов уу гэж боддог.

Э.ТҮВШИН

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.