Ж.Энхжаргалан: Төв цэнгэлдэх ашигтай ажиллах бүрэн боломжтой. Үүнийг хийж үзүүлье гэж бодож байна

Aдмин / Нийгэм

"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК өчигдөр 100 хувь нийслэлийн өмч болж, улсын бүртгэлээр баталгаажлаа.

Тус компанийн Гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томилсон юм. Түүнээс цаашид хэрхэн ажиллахаар төлөвлөж буйг нь сэтгүүлчид өнөөдөр тодруулав.

- Төв цэнгэлдэх хүрээлэнгийн шинэчлэлийг хэрхэн эхлүүлэх вэ?

- Хамгийн түрүүнд Үндэсний их баяр наадмаа сайн зохион байгуулах ажил бий. Төв цэнгэлдэх хүрээлэн олон жилийн хугацаанд оршин тогтносон боловч орц гарц, шат, бариул, ариун цэврийн өрөө гээд асуудал бий. Засах боломжтойг засаж сайжруулаад, баяр наадмаа хийнэ.

Үүний дараа орчин үеийн стандартад нийцсэн арена хэлбэрээр 20-40 мянган хүний суудалтай цэнгэлдэхийг байгуулна. Автомашины зогсоол, ногоон байгууламж нь хангалттай байлгахын тулд яаж зөв төлөвлөлт хийхийг судлаад олон нийтэд танилцуулна.

- Та өөрөө арга хэмжээ зохион байгуулдаг газрын захирал хүн. Ямар нэг ашиг сонирхлын зөрчил гаргахгүйгээр ажиллаж чадах уу?

- Чадна. Салбараа мэдэж байгаа, концепцоо том зургаар нь харж чадаж байгаа хүн энэ ажил дээр томилогдож байгаа нь зөв гэж бодож байна.

- Ямар шалгуураар төрийн өмчит компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон бэ. Хамт өрсөлдсөн, энэ албан тушаалд судлагдсан хүн бий юу?

- Өөр судлагдаж байсан хүн байгаа эсэх мэдээлэл алга. Тухайн салбараа хамгийн сайн мэдэх залуу хүний хувьд зовлон жаргалыг нь мэдэх, бизнесийн туршлагатай, хийх итгэл үнэмшилтэй хүнийг нь томилсон болов уу гэж бодож байна.

- Нийслэлийн зүгээс танд санал тавьсан гэж ойлгож болох уу?

- Тийм.

- Наадмын өдрүүдээр Төв цэнгэлдэх тойроод худалдаа, үйлчилгээ их гардаг. Үүнийг цэгцэлнэ гэж байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?

- Цэгцэлнэ гэдэг нь огт байхгүй болгоно гэсэн үг биш. Төлөвлөлтөө сайжруулъя гэж байгаа юм. Засаг даргын зах шиг байна гэсэн нь үнэн шүү дээ. Бид томруулсан сумын төвийн хэмжээний нөхцөл байдалтай байгаа. Нөхцөл байдлыг харвал үнэхээр өрөвдөлтэй. Мөнгө олдог уу олдог. Хамтарсан компани гээд өнгөрсөн олон жилийн турш ногдол ашиг гээд 30 гаруй сая төгрөг гэдэг бол байж болохгүй асуудал.

Ашигтай ажиллах бүрэн боломжтой. Иргэдийн хардаж байгаа шиг татаас авах зэрэг зүйл байхгүй. Ашигтай ажиллах бүрэн боломжтой. Үүнийг хийж үзүүлье гэж бодож байна.

- Энэ жилийн наадам таримал зүлэг дээр болно гэх мэдээлэл бий. Одоо байгаа хиймэл зүлгийг хуулна гэдэг нь хэр бодитой мэдээлэл бий?

- Амьд зүлэг худлаа гэж бодож байна. Учир нь үндэсний их баяр наадмын дараа олон тоглолт болдог. Өнгөрсөн жил багтахаа байсан. Тэгэхээр хамгийн сайн чанарын хиймэл зүлэг байсан нь зөв.

- Төсөв мөнгө нь яах вэ. Засвар шинэчлэлийн ажил нэлээд яригдаж байна. Энэ бүгд нийслэлийн төсвөөс гарах уу. Цаашлаад IPO гаргана гэдэг асуудал ч яригдлаа??

- Үндэсний их баяр наадамд жил бүр тавигддаг төсөв нь тавигдах байх. Тэр хүрээндээ сайжруулалтууд нь хийгдэнэ. Ер нь капитал засвар хийхгүй гэж бодож байгаа.

Шинэ төлөвлөлтөө богино хугацаанд боловсруулаад олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлнэ. Олон нийтээс санал авсны дараа Монголын Хөрөнгийн Бирж(МХБ)-ээр дамжуулаад IPO гаргаж 66 хувиа санал болгоно. Ингэж нээлттэй, олон нийтийн хяналттай, хувьцаат компани болох замдаа орно.

Орчин үеийн цэнгэлдэх барих нь хамгийн багадаа 75 сая ам.доллароос дундаж нь 400 сая ам.долларын хооронд хэлбэлзэж байна.

Бид хөнжлийнхөө хэрээр хөлөө хийж 12.6 га газартаа энэ чиглэлээр дагнасан олон улсын том зургийн компаниудтай холбоо тогтоож, зөвлөх үйлчилгээг нь аваад энэ талбайд хэдэн хүний суудалтай, зөв төлөвлөлттэй цэнгэлдэх хийж чадах вэ гэдгээ тодорхойлно.

- Менежментийн хувьд Төв цэнгэлдэх өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явах уу?

- Би энэ салбарт ажиллаж байгаа, салбараа мэддэг хүний хувьд өөрөө өөрийгөө санхүүжүүлээд, дээрээс нь ашигтай ажиллаад, улсын төсөвтөө нэмэр болдог Төв цэнгэлдэх хүрээлэн болох бүрэн боломжтой гэж бодож байна.

Жилд хэдэн тоглолт болж, хэдэн зуун сая төгрөг эргэлддэг вэ, дотоодын нөөц бололцоо нь хэр байдаг вэ зэргийг мэдэж байгаа.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.