Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно

Aдмин / Гадаад мэдээ

Германы домогт хөлбөмбөгч Франц Беккенбауэрт хүндэтгэл үзүүлж, “Байерн Мюнхен” клубийн “Альянц Арена” цэнгэлдэх хүрээлэнгийн өмнө түүний хөшөөг босгохоор шийдвэрлэсэн тухай тус клубийг дэмжигчдийн сангаас ням гарагт мэдэгджээ.

“Кайзер” буюу эзэн хаан гэдгээрээ алдаршсан агуу тоглогч, дасгалжуулагчийн дүрийг гоёмсог төрхтэйгээр хүрлээр цутгана. Түүний хөшөө Баварийн далбааны ромбо хэлбэртэй тавцан дээр сүндэрлэх болно гэж Курт Ландауэрын нэрэмжит сангаас мэдээлсэн байна.

Бүх цаг үеийн шилдэг тоглогчдын нэг гэгддэг Ф.Беккенбауэр энэ оны нэгдүгээр сард Зальцбург хотод таалал төгссөн бөгөөд Мюнхен хотын өмнөд дүүрэгт оршуулсан юм.

Беккенбауэр, Мюллер хоёр дахин хамтдаа

Түүний хөшөө багийн анд асан, “Байерн”-ы довтлогч Герд Мюллерийн өнгөрсөн есдүгээр сард нээлтээ хийсэн хөшөөний дэргэд байрлах ажээ. Бундеслигийн гоолын дээд амжилтыг эзэмшсээр байгаа Г.Мюллер 2021 оны наймдугаар сард 75 насандаа таалал төгссөн билээ.

Курт Ландауэрын нэрэмжит сангийн ажилтан Кристиан Кролл хэлэхдээ, Франц болон түүний анд Герд Мюллер нарын хөшөө зэрэгцэн сүндэрлэж, манай клубийн агуу түүхийг хойч үедээ түгээх болно гэлээ. Тус сан мөн “Альянц Арена”-гийн өмнө Герд Мюллерийн хөшөөг босгож байв.

Курт Ландауэрын нэрэмжит сан Ф.Беккенбауэрын хөшөө босгох төслийг 18 сар орчим хугацаанд дуусгана гэж тооцоолж байна. Уг төсөлд зориулан “Байерн”-ы хөгжөөн дэмжигчид болон фэн клубүүдээс хандив цуглуулах аян хэдийнэ эхэлжээ.

“Кайзер”-ын гайхалтай замнал

Ф.Беккенбауэр “Байерн Мюнхен”-д анх нэрээ гаргаж, тус багийн бүрэлдэхүүнд Бундеслиг, Европын цомын тэмцээнүүдэд түрүүлж байв.

Ф.Беккенбауэрын Германы шигшээ баг дахь гайхалтай замналын үндэс суурийг "Байерн" клуб тавьсан бөгөөд тэрбээр дасгалжуулагч ба тоглогчийн хувиар ДАШТ-нд түрүүлж байсан юм. Ийм амжилтад гуравхан хүн хүрсэн билээ.

Ф.Беккенбауэр мөн 2006 онд Германд зохион байгуулагдсан ДАШТ-ий үеэр ашиглалтад орсон “Альянц Арена” цэнгэлдэх хүрээлэнг барьж байгуулахад чухал үүрэг гүйцэтгэжээ.

Э.ХУЛАН

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

Зочин [103.57.92.14] 2024-04-25 19:52:42

Мангар хүний хөлс гардаг. Мангарчуудад зориулж хөшөө босгох нь.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.