Оюутнууд 3D хэвлэх машин бүтээж, ирээдүйд үйлдвэртэй болохоор ажиллаж байна

Д.Тулга / Орон нутаг

-3D ХЭВЛЭХ МАШИНААР БҮХ БИЕТИЙГ ХЭВЛЭНЭ-

Монголд технологийн дэвшилтэт бүтээлүүд ар араасаа гарсаар байна. Үүний нэг нь ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн үйлдвэрлэлийн механикжуулалтын дөрөвдүгээр курсын оюутан 3D хэвлэх машин буюу гурван талт ажиллагаатай, бүх төрлийн биет зүйлсийг хэвлэх, олшруулах төхөөрөмж зохион бүтээж түүнийгээ амжилттай туршиж байна.

Мөн тэрээр CNC гэх шивэх, сийлбэр хийх, таслах, зүсэлт хийх, нүхлэх, зорох зэрэг үйлдэл хийдэг төхөөрөмж зохион бүтээжээ. Энэхүү CNC төхөөрөмж нь тусгай программын дагуу компьютер дээр зурж, зургийн дагуу дээрх үйлдлүүдийг хийдэг байна. Ингэснээр автомашины эд ангиас эхлээд жижиг сувинер, тусгай сийлбэр гэх мэтчилэн хүний нарийн бүхнийг төхөөрөмжөөр маш хурдан хугацаанд олон ширхэг хийж болох аж.

CNC машинааараа зүсэлт хийж, 3D хэвлэх машиныхаа их биеийг угсарч хийжээ. Тус машин нь олон талын нарийн зүсэлт хийдэг учраас үйлдвэрлэлийн төвшний эд анги болон автомашины ховор туслах эд ангиудыг үйлдвэрлэх боломжтой юм. Энэхүү хоёр машин бүрэн ашиглалтад орсноор үйлдвэрлэлийн болон энгийн хэрэгцээт тоног төхөөрөмжийг бүрэн хийх боломжтой. Мөн 3D хэвлэх машин нь ямар ч биетийг нарийвчлал өндөртэйгөөр хэвлэдэг гэдгээрээ онцлог байна.

Бид энэхүү хоёр машиныг зохион бүтээсэн ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн үйлдвэрлэлийн механикжуулалтын дөрөвдүгээр курсын оюутан Ц.Доржсүрэнтэй ярилцлаа.

-ИРЭЭДҮЙД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ҮЙЛДВЭРЛЭХ ТОМ ҮЙЛДВЭР БАЙГУУЛНА-

-Та бүхний хийсэн хэвлэх машин энгийн хэвлэх машинаас ямар онцлог давуу талтай вэ?

-Бид энэ 3D хэвлэх машиныг өөрсдөө бүтээсэн. Бид удирдлага болон их бие гэх мэтчилэн бүгдийг гараар хийсэн. Энэ хэвлэгч машины давуу тал нь 3D гэхээр биет зүйлийг энэхүү хуванцараа халааж, хэвлэх боломжтой гэсэн үг. Ямар ч биетийг олон хувь болгоно. Мөн тусгай бэлдсэн бэлдэцээс дахин гарган авах боломжтой юм. Цаасан дээр хэвлэгч машин үсэг байгаа газар хороо асгаад хэвлэдэг. Яг үүнтэй адилхан материалаа халааж цутгах зарчмаар хийдэг. Энэ машин нь гурван тэнхлэгийн дагуу ажилладаг. Нэг дутагдалтай тал нь өөрт зориулагдсан материалаар хэвлэнэ гэсэн үг. Ерөнхийдөө хуванцар материалаар хийнэ. Уян болон төмөр шиг хатуу хуванцар хүртэл байна. Хэвлэх машины хошуугаар биетийг цутгаж хийнэ. Ямар ч хамаагүй биетийг хэвлэх бүрэн боломтой. Энэхүү хэвлэх машиныг гар утас болон интернэт, компьютерээр удирдддаг юм.

-Зургийн дагуу бүх биетийг хэвлэнэ гэсэн үг үү?

-Хуванцар материалаа ашиглаад материалаар юу хийж болохоор байна бүгдийг хийнэ. Роботын эд анги юм уу худалдаж авах боломжгүй эд ангиудыг хэвлэдэг учраас олон үйлдлийг хялбарчилж өгдөг юм. Энгийн хэрэгцээнд жишээлбэл, цонх хаалганы бариул хугарвал үүгээр хэвлээд гаргаж, орлуулах боломжтой. Мөн утасны гадна гэр, хуванцар сав болон тоглоом хүртэл хийх боломжтой юм.

-CNC машиныхаа ажиллах зарчмыг танилцуулахгүй юу?

-Энэхүү машин бас гурван тэнхлэгийн дагуу ажилладаг. Ерөнхий хэмжээ нь 50х30 см бэлдэц хийнэ.

-CNC машиныг захиалгаар хийж байгаа юу? Та бүхний дараагийн төлөвлөгөө юу байна вэ?

-Энэ CNC машиныг МУИС-аас захиалж хийлгэж байгаа. Захиалгаа долоо хоногийн дараа бүрэн дуусгаж хүлээлгэж өгнө. Миний энэ машин хамгийн анхны загвар юм. Захиалгаар улам сайжруулан, хөгжүүлж байгаа. Надад одоо бүх программ удирдлага нь бэлэн байгаа учраас дахин хийхдээ өмнөх загвараа бодвол хурдан хийнэ. Би удахгүй Японд сурч ирээд үйлдвэр байгуулах том хүсэл мөрөөдөлтэй. Хэрэв үйлдвэрлэл бий болвол гаднаас тоног төхөөрөмж авахгүй, дандаа улсдаа үйлдвэрлэнэ гэсэн үг. Мөн цаашдаа багагүй том ажлууд хийгдэж эхэлж байгаа. Энэ чиглэлээс гадна өөр чиглэлээр олон юм хийх зөндөө бодол байна. Зарим нэг хүний гараар хийдэг зүйлүүдийг автоматжуулах бодол бас байна.

3d

-“CNC” МАШИНЫ ГОЛ ҮЗҮҮЛЭЛТ НАРИЙВЧЛАЛ ӨНДӨРТЭЙ
ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ҮЙЛДВЭРЛЭХ-

-Захиалга авч байгаа юм байна. Нэг машин хэдэн төгрөгийн өртгөөр бэлэн болж байна вэ?

-Миний анхны энэ загвар 490 мянган төгрөгөөр бүтсэн. Энэ захиалгаар хийж байгаа машин илүү сайжруулсан загвар учраас бүр илүү хүчтэй, бас илүү том, төмөр хүртэл зорох хүчин чадалтай хийж байгаа. 90х70 см хэмжээтэй учраас нэг сая төгрөгөөр хийж өгч байгаа юм. Энэ машин маш олон зүйл хийж болно. Сувинер хийх, зарим уран дархчууд сийлбэр хийхдээ ашиглаж болно.

-Энэ зохион бүтээсэн машинуудаараа дипломын ажлаа хамгаалж байгаа юу?

-Энэ хоёр машин миний дипломын ажил биш. Би удирдагч багшийн хамтаар сонирхлоороо хийсэн юм. Миний төгсөх дипломын ажил дөрвөн үйлдэлт CNC машин. Удахгүй хийж дуусна. Мөн удахгүй лазерьтай хосолсон CNC машин хийж байгаа юм. Тэр машин мөн захиалгын дагуу дөрвөн метрийн харьцаатай лазерьтай хосолсон машин юм. 4х4, өндөр нь нэг метр 20 см байхаар хийж байгаа. Ер нь CNC машины хамгийн чухал нь нарийвчлал өндөртэй машины эд анги хийх. Миний хийж байгаа хамгийн том захиалга бол үйлдвэрлэлийн хэмжээнд ажиллах хүчин чадалтай бүх төрлийн эд анги болон бүх үйлдэл хийх боломжтой машин юм. Манайхан зөвхөн сийлбэрийн машин гэж ойлгоод байгаа. Зөвхөн сийлбэр хийхгүй та юу хийхийг хүсэж байна түүнийгээ программын дагуу зураад хийх боломжтой гэсэн үг.

-Өөр ямар үйлдэл хийх вэ?

-Гар аргаар хийдэг бүх эд ангийг энэ машинаар хийнэ. Машины эд ангиуд хийхийн тулд өөрөө энэ машин металлаар хийгдсэн байх ёстой. Би захиалгаа хийхийн тулд урагшаа нэг эд анги захисан байгаа, тэрийг ирэхээр бүрэн хийж дуусна. Миний анхны машин тал морины хүчтэй гэсэн үг. Хамгийн дээд тал нь хөнгөн цагаан боловсруулж байгаа. Харин энэ захиалгын машинуудын мотор маш хүчтэй. Төмөр хүртэл зорох боломжтой болно. CNC машиныг машин үйлдвэрлэлд их хэрэглэдэг. Бид энэ машиныг нэг метрийг урдаас оруулж ирэхэд 8-9 саяд орж ирнэ. Харин бид эндээ үйлдвэрлэснээрээ хамгийн бага үнээр хийж байгаа юм.

-Баярлалаа амжилт хүсье.

У.УРАНЦЭЦЭГ

3d

3d

3d

3d


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.