Ү.Дэлгэрсуурь: Автомашины автомат хурдны хайрцагны шингэн солих төхөөрөмж бүтээсэн патентаа авна гэдэгт итгэлтэй байна

Д.Тулга / Орон нутаг

Автомашины автомат хурдны хайрцагны шингэн солих зөөврийн багаж зохион бүтэээн ҮБХИС-ийн гуравдугаар дамжааны оюутан Ү.Дэлгэрсуурьтай ярилцлаа.

-ИМПОРТООР ӨНДӨР ҮНЭЭР ОРУУЛЖ ИРДЭГ БАГАЖЫГ ЭХ ОРНООСОО 500 МЯНГАН ТӨГРӨГӨӨР АВАХ БОЛОМЖТОЙ-

-Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу

-Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн оюутан Ү.Дэлгэрсуурь гэдэг Авто инженерийн гуравдугаар курсд суралцдаг.

-Зохион бүтээсэн багажаа танилцуулахгүй юу?

-Энэ бол Автомашины автомат хурдны хайрцагны шингэн солих зөөврийн багаж юм. Хамгийн гол 12 вольтоор ажиллах, хөдөө гадаа явахдаа зөөвөрлөөд аваад явахад хамгийн тохиромжтой. Автомат хурдны хайрцагны шингэнийг тодорхой гүйлт хугацааны дараа солихгүй бол эвдэрч гэмтэх эрсдэлтэй байдаг. Тэрхүү эрсдлээс сэргийлэх үүднээс энэ багаж туслах үүрэгтэй гэсэн үг юм. Өнөөдрийн байдлаар манай улсад 800 мянга гаруй автомашин байдаг. Үүнээс 76 хувь нь автомат хурдны хайрцагтай машин. Тэдгээр машинуудад зориулагдсан маш чухал хэрэгцээтэй бүтээл гэж хэлж болно.

-Энэхүү багажыг бүтээх санаагаа анх хаанаас хэрхэн олж байсан бэ?

-Автомашины автомат хурдны хайрцагны шингэн сольдог багжийг гадаадаас оруулж ирэх үнэ өртөг маш өндөр байдаг. Сургуулийн орчинд дадлага хийхэд тэр үнэтэй багаж авна гэдэг оюутан хүний хувьд хүндрэлтэй асуудал. Тиймээс гадаадаас үнэтэй худалдаж авснаас өөрсдөө үйлдвэрлэж бүтээж яагаад болохгүй гэж бодсон. Ямар ч байсан эх орондоо үйлдвэрлэвэл хэд дахин бага үнээр худалдан авах боломжтой юм. Хийхдээ дуурайлгаж хийх биш, илүү боловсронгуй, олон давуу талтай болгохыг зорьсон.

-Тухайлбал?

-Импортын багажнууд 220 вольтоор ажилладаг бол энэ багажнууд 12 вольтоор ажиллах юм. Ингэснээр цахилгаан зарцуулалтыг тэг болгож байна. Мөн зөөвөрлөөд авч явах зэрэг олон давуу талтай.

-Импортоор авах үнэ өртөг хэд вэ? Монголдоо үйлдвэрлээд эхэлчихвэл зах зээлд хэдэн төгрөгөөр худалдаалагдах боломжтой вэ?

-Хятад улсаас орж ирсэн нь хамгийн хямд өртөгөөр буюу нэг сая 200 мянган төгрөг гэдэг. Солонгосоос улсаас орж ирсэн нь хоёр сая 500 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Харин энэ багажны хувьд 146 мянган төгрөгөөр бүтсэн. Мэдээж хүний хөдөлмөрлөсөн бүтээл юм чинь хөдөлмөр болон ашгаа бодоод 500 орчим мянган төгрөгөөр худалдаалагдана гэж бодож байна.

-Үүнийг бүтээхэд хичнээн хугацаа зарцуулагдав?

-Санаагаа олсны дараа шингэний тооцоогоо нилээн удаан хугацаанд хийсэн. Ямар материалаар, яаж хийх вэ гэх мэт загвараа зурж тооцоонуудаа жил гаруй хугацаанд хийж Тооцооны үндсэн дээр энэ өвлөөс хийж эхлээд дуусгалаа. Анхныхаа загварыг бэлэн болгочихоод байна. Патентаа авах гээд хөөцөлдөөд сар гаруй хүлээлттэй байна. Одоогийн байдлаар татгалзсан хариу ирээгүй байгаа учраас патент авна гэдэгтээ итгэлтэй байгаа шүү.

-Ямар ямар материалууд орсон бэ, хаанаас авав?

-Үндсэн баллоныг автобусны хаягдал хийн баллоноор орлуулсан. Үүнийг гадаад руу үнэгүй гаргадаг гэнэ л дээ. Таван мянган төгрөгөөр үнэлж авсан юм. Дээд тагийг нь зорж тааруулсан. Тайрах уу, уртасгах уу гэдгийг сайн шалгаж байж хийнэ. Харин карант, шүүлтүүр, хоолой зэргийг нь худалдаж аваад л угсарсан. Үндсэн баллоны битүүмжлэлийг сайн хийхэд л болох юм л даа. Одоогийн байдлаар анхныхаа загварыг хийчхээд байгаа энэ.

-ИННОВАЦИЙН ХЭМЖЭЭНИЙ АНХНЫ БҮТЭЭЛ МИНЬ БОЛЖ БАЙНА-

-Энэхүү төхөөрөмж хэрхэн ажилладаг тухай товчхон тайлбарлавал?

-Баллон доторх даралтаа хажуу талын мэдрэгчээр хянадаг. Энэхүү мэдрэгч баллон доторх даралтыг 1,5 барраас илүү гаргахгүйгээр насосоо унтрааж асаах юм. Зургаан литр шингэнийг солихын тулд 12-оос дээш хэмжээтэй литр шингэнээр солих шаардлагатай байсан. Хоропноос хөргөлтийн систем рүү явж буй шингэнийг голоос нь шүүж өгснөөр 10-11 лирт болгон багасгаж өгсөн.

-Энэхүү анхны загвараа улам боловсронгуй болгохын тулд цаашид өөр юу хийх шаардлагатай байгаа вэ?

-Хянах самбартай болгоё гэж бодож байна. Машинаас гарч байгаа гарч, орж буй шингэний даралтыг харах юм. Крантуудыг байнга нээж хаагаад байх хүндрэлтэй байна. Хянах самбартай болсноор автоматаар удирдах бүрэн боломжтой. Мөн бүх эд ангийг нь эвхээд хийчихдэг дугуйтай болгоё гэж боож байна.

-Үүнийг хийж бүтээхэд хэн нэгний оролцоо, тусламж байсан уу?

-Манай багш намайг удирдаж чиглүүлсэн. н.Бямбасүрэн багш бид хоёр хамтраад тооцоо судалгаагаа хийсэн. Би иймэрхүү юм хийчихлээ болж байна уу үгүй юу гээд л байнга асууж лавлаж, зөвөлгөө авч байсан.

-Өмнө нь ийм төхөөрөмж бүтээж байсан хүн байдаг болов уу, судалж үзсэн үү?

-Байсан. Гэхдээ 12 вольтоор ажилладаг төхөөрөмж биш юм билээ. Гараараа эргүүлдэг “үнээ” гэдэг төхөөрөмж байсан. Хүн 10-15 минут гараараа манвелдаж шингэнийг шахна гэдэг хэцүү. Тийм болохоор энэхүү бүтээл энэ төрөлдөө анхных гэж хэлж болно.

-Эрхээ авчихвал, худалдаанд гаргах зэргийн дараачийн төлөвлөгөөнүүд юу байна?

-Автомашины бусад шингэнийг солиход нарийн багж шаарддаггүй. Харин хоропны шингэнийг солиход л шаардагддаг. Мэдээж худалдаа үйлдчилгээнд нэвтрүүлэх бодол байгаа. Мөн сургуулийнхаа дадлагын орчинг сайжруулах зорилготой байна. Үүний тулд үнэтэй багаж авах чаваргүй оюутнуудад ашиглавал дадлага хийх бүрэн боломжтой юм.

-Автомашины автомат хурдны хайрцагны шингэн солих энэхүү зөөврийн багаж чиний хэд дэх бүтээл вэ, үүнээс өмнө нь өөр төхөөрөмж бүтээж байв уу?

-Инновацийн хэмжээний анхны бүтээл минь болж байна. Өмнө нь дандаа дуураймал жижиг загварууд зөндөө хийдэг байлаа.

-Тус бүтээлээрээ хэд хэдэн шагнал хүртсэн гэсэн, энэ талаараа ярихгүй юу?

-Энэ бүтээл хийгээгүй байхдаа Инженерийн салбарын хэмжээний тэмцээнд оролцож шилдэг “Уран илтгэгч”-ийн шагнал хүртэж байсан. Харин тус төхөөрөмжөөрөө ҮБХИС-ын “Шилдэг бүтээл”-ийн тэргүүн, ҮБХИС-ын салбар Аюулгүй байдлын сургуулийн “Инновоцийн шилдэг бүтээл”-ийн тэргүүн, ИЗИС-д зохион байгуулагдсан “Олон Улсын эрдмийн бага чуулган”-ы тусгай байрын шагналыг тус тус эзэлсэн.

П.УРНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.