Америк, Хятадын зөрчилдөөн ширүүсч байна

Д.Тулга / Гадаад мэдээ

-АПЕК-ИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ АНХ УДАА УДИРДАГЧДЫН
ХАМТАРСАН МЭДЭГДЭЛГҮЙ ӨНГДӨРЛӨВ-

APEC-ийн Гүйцэтгэх захирлуудын чуулган бүсийн хэмжээнд хөгжлөөр хамгийн буурайд тооцогддог Папуа Шинэ Гвинейд анх удаа зохион байгуулагдав. Бүсийн 21 гишүүн орны төр, засгийн тэргүүн нар оролцсон энэхүү чуулганы хүрээнд эдийн засаг, худалдааны асуудлуудыг голчлон хэлэлцэж, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин 1976 оноос хойш анх удаа Папуа Шинэ Гвинейд айлчилснаараа онцлог болов. Гэвч АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт АНУ болон БНХАУ-ын худалдааны маргааны улмаас анх удаа удирдагчдын хамтарсан мэдэгдэлгүй өндөрлөжээ.

Тус улсын Ерөнхий сайд Петер О'Нил Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орон харилцан тохиролцоонд хүрч чадсангүй гэж мэдэгджээ. Тэрбээр “АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтыг даргалагчийн мэдэгдлийг дараа нь гаргана" гэж мэдэгдээд, 2020 он гэхэд Ази-Номхон далайн бүс нутагт “чөлөөт, нээлттэй худалдаа” бий болгохын төлөө АПЕК ажиллах зорилготой байгааг дурдсаныг “Associated Press” агентлаг мэдээлжээ.

Шинжээчид “Энэхүү дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс Папуа Шинэ Гвинейд тэнгисийн цэргийн бааз байгуулах Австралийн үйл ажиллагаанд АНУ нэгдэнэ гэж мэдэгдсэн нь тус улс дахь БНХАУ-ын нөлөөг бууруулах зорилготой” гэж үзсэн байна.

БНХАУ-ын дарга Си Жиньпин АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт дээр үг хэлж, худалдааны протекционизм буюу хамгаалалтын бодлого баримтлагч орнууд бүтэлгүйтэх хувь тавилантай учирна гэж анхааруулжээ.

Түүнийг үг хэлсний дараахан АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс ярилцлага өгөхдөө “БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байна” гэж хэлсэн байна.

АНУ болон БНХАУ хоёр бараа бүтээгдэхүүндээ харилцан татвар ногдуулсан. Энэ маргааны талаар Цагаан ордноос “БНХАУ-ын худалдааны бодлого шударга бус байна” гэсэн тайлбар өгчээ.

Одоогийн байдлаар хоёр улсын харилцан тогтоосон татварын хэмжээ хэдэн тэрбум ам.доллараар үнэлэгдээд байгаа ч талууд татварыг дахин нэмэх боломжтой гэж үзсээр байгаа аж.

APEC-ийн Гүйцэтгэх захирлуудын чуулганы үеэр АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майкл Пенс “АНУ түншлэгч орнууддаа БНХАУ-аас илүү таатай нөхцөл санал болгодог” гэж мэдэгдсэн байна.

Түүнээс өмнө БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин бизнесийн салбарын олон улсын чуулганы үеэр "Улс орнууд хамтын ажиллагаа, эсвэл зөрчилдөөний аль нэгийг сонгох шаардлагатай тулгараад байна" гэж мэдэгджээ. Мөн “Худалдааны дайн”-д ялагч байхгүй гэдгийг цохон тэмдэглэж, Дэлхийн худалдааны байгууллагын дэмжлэгтэйгээр дүрэм журамд суурилсан хэв журам мөрдөхийг улс орнуудад уриалжээ.

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майкл Пенс "АНУ илүү таатай нөхцөл санал болгодог гэдгийг хүлээн авна уу. Бид түнш орнуудаа өрийн далайд живүүлдэггүй. Хүч хэрэглэдэггүй. Улс орнуудын тусгаар тогтнолыг хүндэтгэдэг. АНУ нээлттэй, шударгаа хэлэлцээ хийдэг. Бид нэг талд чиглэсэн зам барихыг санал болгодоггүй. Бидэнтэй хамтарвал, бид бас хамтарна. Тэгснээр бид бүгд хамтдаа хөгжинө" гэжээ.

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин "Хүн төрөлхтөн дахин салаа зам дээр ирээд байна. Бид аль замаар нь явах вэ. Хамтын ажиллагаа юу, зөрчилдөөн үү, нээлттэй бодлого уу, хаалттай бодлого уу. Харилцан ашигтай байдал уу, нэг нь хожоод бусад нь хождог нөхцөл байдал уу. Улс орнуудын эрх ашиг, хүн төрөлхтний ирээдүй бидний сонголтоос шалтгаална" гэж онцолсон байна.

Өнгөрсөн баасан гаригт Хятадын удирдагч Ши Жиньпин Папуа Шинэ Гвинейд Ерөнхий сайдтай уулзаж, талууд стратегийн иж бүрэн түншлэлийг хөгжүүлэх талаар зөвшилцөлд хүрчээ. БНХАУ-ын Засгийн газар Папуа Шинэ Гвинейд үндэсний хэмжээний анхны зам тээврийн сүлжээ байгуулахад дөрвөн тэрбум ам.долларын санхүүжилт олгохоо амласан байна.

Д.ТУЯА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.