Намраараа өвөлжиж буй аймаг, сумдад харын зуд нүүрлэж болзошгүй байна

М.Амаржаргал / Шинжлэх Ухаан

-ГОВЬ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ЗАРИМ НУТАГТ МАЛЫН АМ
ЧИЙГЛЭХ ЦАС ОРОХГҮЙ БАЙНА-

Энэ оны нэгдүгээр сарын 11-ны байдлаар монгол орны нийт газрын нутгийн 52.86 хувь нь цастай, 47.13 хувь нь цасгүй байна гэсэн мэдээллийг Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргажээ.

Үүнд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнодын ихэнх, Баянхонгор, Өмнөговь, Архангай, Өвөрхангай, Төв, Хэнтий, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0-5 см, Увсын Давст, Тэс, Түргэн, Хяргас, Завханы Баянхайрхан, Яруу, Тэс, Цагаанчулуут, Цагаанхайрхан, Тосонцэнгэл, Цэцэн-Уул, Булганы Сэлэнгэ, Дашинчилэн, Тэшиг, Сэлэнгийн Орхон, Орхонтуул, Дархан-Уулын Дархан, Төвийн Цээл сумдын нутгаар 6-10 см, Баян-Өлгийн Алтай, Даян, Увсын Малчин, Баруунтуруун, Зүүнговь, Улаангом, Завханы Баян-Уул, Улиастай, Хөвсгөлийн Хатгал, Улаан-Уул, Сэлэнгийн Ерөө (Бугант) сумдын нутгаар 11-18 см зузаан цасан бүрхүүл тогтжээ. Харин зүүн болон говийн аймгуудын зарим нутгаар цасгүй намраараа өвөлжиж малын хар туруу цасгүй байна гэж нутгийнхан ярилаа. Цас орохгүй энэ байдлаараа цагаан сартай золговол харын зуд нүүрлэж болзошгүй байна гэсэн юм.

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын малчин н.Жаргалсайханы хэлснээр “Нутаг орон цас зудгүй, дулаахан сайхан өвөл болж байгаа хэрнээ нэг л тийм таатай бус байна. Одоохондоо ууландаа жаахан цастай байна, Энэ янзаараа байвал харын зуд болзошгүй байна. Цагийн юм цагтаа, цасгүй дулаахан байна гэж олзуурхах хэрэггүй. Идэр ес тачигнаж байхад ингэж дулаарах нь сайны дохио яавч биш, өдийд цас жавар хоёр нь тачигнаж байвал тэнгэр хангай өөрийн араншингаараа байгаагийн шинж. Энэ дулаарал сайн гэхээсээ илүүтэй саар үр дагавар л авчирна. Хэр хэмжээндээ таарсан цастай байвал мал амны устай, агаар чийгтэй цэнгэг, цаг улиралдаа тохирсон жавартай байдаг юм. Ийм өвлийн мал өнгөлөг, тарга тэвээрэг сайн байдаг. Өнгөрсөн зун баяр наадмын дараагаас хур бороо элбэг орж газрын гарц сайн гарсан тулдаа энэ өвөл өнтэй өвөлжиж байна. Намраараа өвөлжиж буй учраас малаа гурав хоноод усалж байгаа хэдий ч тарга тэвээргээ алдаж байна. Малын ам чийглэх цасгүй, гүний худгийн хүйтэн усаар усалж байгаагийн гор хавар мал төллөх үеэр л гардаг юм. Сүүлийн жилүүдэд манай нутгаар өвөлдөө цас орохгүй нялх төл бойжих үеэр нойтон цас орж, цочир хүйтэрдэг үзэгдэл давтагдах болсон” гэсэн мэдээллийг өгсөн юм. Говийн аймгуудад цас орохгүй удвал жижиг булаг шанд нь ширгэж хүн малгүй худаг бараадахаас аргагүйд хүрдэг аж.

-ЭНЭ САРД ДУНДГОВЬ АЙМГИЙН БАРУУН ХОЙД ХЭСГЭЭР УУР АМЬСГАЛЫН
ДУНДЖААС АХИУ ЦАС ОРНО-

Бид Цаг уур, орчны шинжилгээний газраас гарсан НЭГДҮГЭЭР сард орох цасны талаарх мэдээллийг дэлгэрэнгүй хүргэж байна.

БАРУУН ЗҮГИЙН НУТАГ: Энэ сарын агаарын температурын дундаж нь нутгийн хойд хэсгээр 26-31 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 19-24 градус хүйтэн буюу Увс, Завханы хойд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн, Говь-Алтайн өмнөд, Баянхонгорын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Энэ сард орох цасны хэмжээ нь Баян-Өлгийн баруун, Ховдын өмнөд, Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Баянхонгорын өмнөд, Говь-Алтайн нутгаар уг дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Нэг болон гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орж, цасан болон шороон шуурга шуурна. Энэ үеэр салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед Алтайн уулархаг нутгаар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй.

ТӨВИЙН НУТАГ: Энэ сарын агаарын температурын дундаж нь Дархадын хотгор, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голуудын хөндийгөөр 26-31 градус, Архангай, Булганы өмнөд, Өвөрхангайн ихэнх нутгаар 11-16 градус, бусад нутгаар 18-23 градус хүйтэн буюу Өвөрхангайн нутаг, Архангай, Төв аймгийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар уур амьсгалын дунджийн орчим байх төлөвтэй. Энэ сард орох цасны хэмжээ нь Хөвсгөлийн баруун, Архангайн өмнөд, Өвөрхангайн хойд хэсэг, Сэлэнгийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, дунд үеэр нутгийн зүүн хэсгээр цас орно. Энэ үеэр салхи зарим газраар 12-14 м/с хүртэл ширүүсч зөөлөн цасан шуурга шуурах төлөвтэй.

ЗҮҮН ЗҮГИЙН НУТАГ: Энэ сарын агаарын температурын дундаж нь Хэрлэн, Халх голын хөндийгөөр 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус хүйтэн буюу Сүхбаатарын нутаг, Хэнтий, Дорнодын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Энэ сард Сүхбаатарын ихэнх нутгаар, Хэнтийн баруун хойд, Дорнодын зүүн хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

Хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр нутгийн зарим газраар цас орно. Энэ үеүдэд салхи зарим газраар 12-14 м/с хүрч ширүүсч цасан шуурга шуурах төлөвтэй.

ГОВИЙН НУТАГ: Энэ сарын агаарын температурын дундаж нь ихэнх нутгаар 15-20 градус хүйтэн байх ба нийт нутгаар уур амьсгалын дунджаас дулаан байх төлөвтэй. Энэ сард Дундговийн баруун хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.

Хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй. Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар 12-14 м/с, зарим үед Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур 20-24 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.