ЭМЯ: H1N1 вирусээр нас барсан тохиолдол байхгүй, амьсгалын цочмог халдварын улмаас хоёр хүүхэд эндсэн

П.Урнаа / Эрүүл мэнд

-ЦАГААН САРЫН ҮЕЭР УЛСЫН ХЭМЖЭЭНД ТОМУУГИЙН ДЭГДЭЛТ ГАРАХ МАГАДЛАЛ ӨНДӨР БАЙНА-

Өнөөдөр Эрүүл мэндийн яам, ДЭМБ-тай хамтран томуу, томуу төст өвчний цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

-ЭМЯ-ны Шуурхай удирдлагын албаны дарга Д.Нарангэрэл хэлэхдээ, “Томуу, томуу төст өвчин арваннэгдүгээр сараас дэгдэж эхлээд, арванхоёрдугаар сарын сүүлээр нэлээн тайван байсан. Нэгдүгээр сарын 03-ний өдрөөс дэгдэлт хэлбэрээр гарч, 11 аймаг, нийслэлийн хэмжээнд тархаад байна. Эмнэлэгт хүндэрч хэвтсэн хүүхдийн тоо сүүлийн гурван жилийнхтэй харьцуулахад өндөр байгаа. Өнөөдрийн байдлаар лабораторийн шинжилгээний 40 гаруй хувийг эзэлэж байна. Үүнд томуугийн А хүрээний H1N1 вирус зонхилж байгаа. Одоогийн өвчлөлийн байдлыг харвал Цагаан сарын баярын үеэр улсын хэмжээнд томуугийн дэгдэлт гарах магадлалтай байна.

Эмнэлгийн орны ачаалал нийслэлд нэлээн өндөр байгаа. Батлагдсан 977 орноос 50 гаруй хувиар хэтэрсэн байдалтай байна. Иймд ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Цэргийн эмнэлэг дээр нэмэлтээр тасаг гаргахаар болоод ажиллаж байна. Цагаан сарын үед бага насны хүүхдээ айлаар дагуулахгүй байх, үнсэхгүй холоос мэхийж мэндчлэх арга хэрэглэхийг анхааруулж байна. Ингэснээр агаар дуслаар дамжих томуу, томуу төст өвчин дамжиж халдварлах эрсдэл багасна.

-Эрүүл мэндийн яамнаас эм сурталчлаагүй. Тамифлю эмийг анх 2009 онд дэгдсэн А хүрээний H1N1 вирусын тахлын хүрээнд тамифлю эмийг хэрэглэж эхэлсэн. Одоогоор томуугийн цар тахлын үед сонгомол үйлчилж байгаа энэ эм бол Осильтамивир буюу Тамифлю юм. Томуугийн цар тахал нэмэгдсэн үед ДЭМБ-аас улс орнуудад үнэ төлбөргүй өгдөг. Иймд манайх ДЭМБ-д хандан 1800 гаруй тунг авч эмнэлгүүдэд хуваарилан тараасан. Гэхдээ зөвхөн эмчийн заавар, жороор эмнэлэгт эмчилгээний зориулалтаар хэрэглэж байгаа. Хэрэв томуугийн цар тахал идэвхитэй дэгдвэл урьдчилан сэргийлэх тунгаар хэрэглэж болно.

-А хүрээний H1N1 вирусээр өвчилж олон хүүхэд нас барсан гэсэн мэдээлэл байхгүй. Он гараад эхний долоо хоногт амьсгалын цочмог халдварын хүнд хэлбэрийн улмаас хоёр хүүхэд эндсэн мэдээлэл байна

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ажилтан, халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа “ДЭМБ-аас томуугийн цар тахлын бэлэн байдлыг хангах, тандалт, хариу арга хэмжээг 1970 оноос хийж байгаа. Энэ нь дэлхийн 114 оронд хэрэгждэг. Манай улсад 152 томуугийн тандалт нэгжээс сорьцууд цуглуулж дүн шинжилгээ хийж ДЭМБ-уудад явуулдаг. Өнгөрсөн жил нэг дэх долоо хоногоос 51 дэх долоо хоногийн турш 1384 сорьцийг цуглуулсан. Үүнээс 294-т нь томуугийн вирус илэрсэн байдаг.

Улирлын томуугийн улмаас дэлхий даяар жил бүр нэг тэрбум хүн өвчилдгийн 3,5 сая орчим нь нэлээн хүндээр өвддөг. Дэлхий дахинд жилд нэг тэрбум хүн улирлын томуугийн халдвар авдгаас 650 мянган хүн амь насаа алддаг. Улирлын томуугаас сэргийлэх хамгийн үр үнтэй арга нь дархлаажуулалт гэдгийг хэлмээр байна. Ялангуяа эрсдэлт бүлгийн хүн ам буюу жирэмсэн эмэгтэйчүүд, 0-5 насны хүүхдүүд, өндөр настнууд, архаг суурь өвчтэй хүмүүс заавал хамрагдаж байх ёстой.

ЭХЭМҮТ-ийн хүүхдийн поликлиникийн эмч У.Цэвэгмэд “Өнөөдрийн байдлаар ЭХЭМҮТ-д томуугаар өвдөж хүндэрсэн хүүхдийн хандалт нэмэгдэж байна. Яаралтай тусламжаар ирж байгаа хүүхдүүдээс ихэнх нь 39-40 хүртэл өндөр халуурч, бөөлжсөн, суулгасан, нүдний салст үрэвссэн, залгиур хоолой өвчилсөн тохиолдол зонхилон илэрч байна.

Ганц хоёр халуураад уушгины хатгалгаа болох тохиолдол их байгаа. Иймд хүүхэд халуурах томуугийн шинж тэмдэг илэрмэгц өрхийн эмнэлэгтээ эрт хандах шаардлагатай. Мөн халуун чанартай хүнс хэрэглүүлэх, шингэн зүйл өгснөөр заавал эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй. Эмнэлгийн ачаалал их, эмч сувилагчийн хүрэлцээ муутай байна. Бидний зүгээс тэтгэвэрт гарсан эмч, эмнэлгийн ажилтнуудыг түр хугацаагаар ажиллуулах шаардлага тулгарлаа. Мөн АШУҮИС-ийн 384 резидентийг өрхийн эмнэлгүүдэд хуваарилан ажиллуулна. Өчигдөр ЭМЯ хүүхдийн орыг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцсэн. Хувийн эмнэлгүүдийг орны ачаалал багасгах зорилгоор насанд хүрэгчдийг хэвтүүлж байна. Цаашид мөн хэд хэдэн хувийн эмнэлгүүдэд хамтран ажиллах санал тавьсан байгаа.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.