М.Нандин: Өвөрмонголд Чингис хааны өлгий нутагт очиж мөрөө үлдээгээд, духаараа газарт нь нэг мөргөх юмсан гэсэн хүсэлтэй хүн маш их байдаг

П.Урнаа / Энтертайнмент

Өвөрмонголчууд уламжлалт сар шинийн баярынхаа бэлэг, хүнсний бүтээгдэхүүнээ Монголоос бэлдэх уриалга гаргаад нэлээдгүй хэдэн жил өнгөрч байна. Энэ уриалга хоосон хэлбэрдэлт төдий бус, жинхнээсээ хэрэгжиж биелэхийн сацуу, жил ирэх тусам улам олон хүн, өргөн цар хүрээг хамарч байгааг Муумянгат овогт Мэндбаярын Нандин дуулгасан юм. Тэрээр анх 2009 онд Улаанбаатар хотод ирсэн бөгөөд Монголдоо л хөрөнгө оруулъя гэж боддог Өвөрмонголчуудын нэг аж.

-МОНГОЛ ГЭСЭН БРЕНД, ҮЙЛДВЭРЛЭЛ БҮХЭНД ӨВӨРМОНГОЛЧУУД
ӨНДӨР ХҮЛЭЭЛТТЭЙ ХАНДДАГ-

-Өвөрмонголчууд сар шинийн баярын бэлгээ Ар Халхаас авах тухай уриалга, мэдээлэл хоёр жилийн өмнөөс олон нийтийн цахим сүлжээгээр тархаж байсан. Энэхүү уриалга давалгаа энэ жил дахин өрнөж, олон хүмүүс зорин ирж байгаа сурагтай. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Өвөрмонголчууд цагаан сарынхаа худалдан авалтыг аль таван жилийн өмнөөс Ар монголоос ирж хийцгээдэг байсан. Гэхдээ 2016 онд намайг уриалга гаргасаны дараа илүү олон хүн нэмэгдсэн. Нарантуул захаас цагаан идээ ундааны зүйл, Мөнгөн завъяагаас зэсэн эдлэл, мөнгөн аяга, гоёл чимэглэл гээд л Монгол гэсэн бүхнийг Өвөрмонголчууд их сонирхоцгоодог. Биднийг уриалга гаргаж эхэлснээс хойш даруй хоёр жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ богино хугацаа биш. Энэ хугацаанд Монголын нийгэм, эдийн засагт маш их зүйл өрнөсөн. Үндэсний үйлдвэрлэл ч хөгжиж, өөрсдийн гэсэн маш олон брендтэй болж чадсан байна. Хийж чаддагаа харуулсаар байгаа. Монгол хөгжиж байгаа нь бэлхнээ харагдсан. Мөн Монголоо гэсэн сэтгэлтэй залуус маш олон байгааг олж харсан. Өмнө нь уул уурхай, хөрс хуулалт гэдэг зүйлд анхаарлаа хандуулцгааж, шуурдаг түүхэн цаг үе байсан. Гэхдээ жинхэнэ бизнес гэдэг чинь уул уурхай биш үйлдвэрлэл юм. Үйлдвэрлэл гэдэг нь “үүдэн бүтээгч” гэсэн үг. Бид нэг хэн нэгнээс нэг зүйл аваад нөгөө нэгэнд нь борлуулж амархан мөнгө олох биш өөрсдөө бүтээж хөдөлмөрлөж байж мөнгө олох ёстой байх. Монгол гэсэн бренд, үйлдвэрлэл бүхэнд Өвөрмонголчууд өндөр хүлээлттэй ханддаг шүү.

-Өвөрмонголчууд энд ирээд ямар бараа бүтээгдэхүүн илүү сонирхож, худалдан авалт хийдэг вэ?

-Хамгийн түрүүнд Нарантуул захыг зорьцгоодог. Тэндээс арьс шир, сур, гөлөм, эмээл, хазаар, модон хийцтэй эд эдлэлийг хамгийн ихээр сонирхдог. Өвөрмонголд эдгээрийг Нарантуул зах шиг өргөн олноор нь эгнүүлэн дэлгэн худалдаалдаг төвлөрсөн зах байдаггүй. Эдгээр нь малчин хүмүүст зөвхөн цагаан сараар биш өдөр тутмын өргөн хэрэглээний бараагаа худалдан авдаг. Цагаан сараар ирэхдээ цагаан идээний зүйл голчлон сонирхож худалдан авдаг. Их дэлгүүрийн таван давхраас Монгол билэгдэл, чанар агуулсан сувинерээс шуураад л авцгаадаг. Мөн Монгол ахуйг харуулсан тосон зураг, таталган зургуудийг арт маягаар гэрээ тохижуулах гэж авдаг юм. Их дэлгүүрээс гараад Мөнгөн завъяагаас энд суралцаж байгаа Өвөрмонгол оюутнууд маш их худалдан авалт хийдэг. Нутаг орныхоо найз нөхөд, ах дүүсийнхээ захиасаар болон бэлэг сэлт хэлбэрээр илгээх нь бий. Мөн мөнгөн аяга их худалдан авдаг юм. Энэ байдлаар хичнээн хэмжээний экспорт хийгдэж байгаа вэ гэдэг тоон судалгаа гараагүй ч, нэлээдгүй тоо гарах байх гэж боддог шүү.

-Өвөрмонголоос Ар Монголыг зорин ирж цагаан сарынхаа бараа бүтээгдэхүүнийг цуглуулж аваад явахад нийт нэг хүнээс хичнээн хэмжээний өртөг гардаг юм бэ?

-Өчигдөр гэхэд таван ширхэг бөхийн малгайг ширхэг тус бүрийг нь 90 мянган төгрөгөөр худалдан аваад 120 мянган төгрөг төлж каргогоор явуулсан. Каргоны мөнгө малгайныхаа мөнгөнөөс илүү үнэтэй байна. Энэ ямар сэтгэл вэ. Хамгийн гол нь каргоны мөнгө чухал биш “Монгол бөхийн малгай” гэдэгт үнэ цэнэ оршиж байна. Тэгэхээр Монголны төр засаг төдийгүй Худалдаа аж үйлдвэрийн танхим үндэсний үйлвэрлэл буюу жижиг дунд үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнүүдээ Хятадын зах зээлд гаргаж яармаг үзэсгэлэн худалдаа зохион байгуулах шаардлага байгаа гэж харж байгаа. Үүнийгээ жил бүр давтамжтай хийдэг байвал үүгээр маш олон худалдан авалт хийгдэх байх шүү. Өнөөдөр энэ орон зайг гахай үүрсэн хэдхэн наймаачид гүйцэтгэж байна. Өнөөдөр уул уурхайн түүхий бүтээгдэхүүнээ гаргахаас илүү, боловсорсон буюу эцсийн бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд гаргах нь нэмүү өртөг буюу ашгийн өндөр үр дүнд хүргэх боломж байгаа. Хамгийн гол нь үүнийг зөв зохион байгуулах хэрэгтэй гэж би бодож байна.

-Нөгөө талаар цагаан сар дөхөхөөр манай наймаачдын урд хөршөөс гахай гахайгаар үүрч ирсэн бараанаас хошууран авдаг хандлагыг олон жил ажигласан хүний хувьд юу гэж дүгнэж байна вэ?

-Энэ жилийн цагаан сарын бэлгийн талаар би нүүр номдоо нийтэлсэн. Үүнд сав баглаа боодолтой шар тос зэрэг бэлгийн санаанууд бий. Шар тос гэдэг чинь бялхаж явахын бэлгэдэлтэй зүйл. Оймсоос илүү сүү бэлэглэж яагаад болохгүй гэж. Гэхдээ сүү бэлэглэнэ гээд айлын хөргөгчийг дүүртэл өгвөл бас утгагүй шүү дээ.

“Саалиа бэлдэхээс, саваа бэлд” гэсэн сайхан үг байдаг. Үзэгдэх харгадах нэг тал гэхээсээ илүү утга зүй, билэгдэл чанар чухал. Хурганы арьс, нэхий, ноолууран эдлэл зэрэг тухайн хүнд нь хэрэгтэй зүйлийг нь авч өгвөл илүү утга учиртай. Шулуухан ярихад танайд юу хэрэгтэй байна гээд асуу л даа. Хүнд хэрэгтэй юмыг нь өгөх шиг сайхан зүйл байхгүй.

-ӨНӨӨДӨР УУЛ УС, ГАЗАР ШОРООГОО УХАЖ СЭНДИЙЛЭХ БУС ОНГОН ДАГШИН БАЙГАЛИА АШИГЛАН ЭХ ОРОНДОО АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ АСАР ИХ БОЛОМЖ МОНГОЛЧУУДАД БИЙ-

-Манайхан дотоодод үйлдвэрлэсэн эд эдлэл, бараа бүтээгдэхүүнийг хэтэрхий үнэтэй байна гэж шүүмжлэх хандлага ажиглагддаг. Үнэтэй гэх шалтгаанаарХятадын хямдхан бараа таваар руу хошуурцгаах хандлагыг та анзаарсан байлгүй дээ?

-Яг үнэн. Үнэтэй гэх асуудал толгой өвтгөсөн асуудлуудын нэг байсаар байна. Өнөөдөр хүн бүр дор бүрнээ нэг нэг зүйл хийж байна. Тэрэнд нь маш их цаг хугацаа, эрч хүч, хөдөлмөр зарцуулагдаж байна. Ингэж хийсэн зүйлээ асар хямдаар зарна гэдэг байж болохгүй зүйл. Тэгэхээр улс орноороо, олон хүмүүс сэтгэл нэгтэйгээр нэгдэн нийлж нэг зүйл хийж бүтээхийн төлөө хамтдаа тэмцэх хэрэгтэй. Тухайлбал, эсгий улавчин дээр жишээ яръя л даа. Эсгий улавчийг би ганцаараа хийвэл эсгийгээ элдэнэ, хатаана, хайчилна, хэвшүүлнэ, ширнэ, эдгээр шат дамжлагын дараа цагаан даавуугаа наагаад эцсийн бүтээгдэхүүн болгож гаргана. Энэ бүхнийг би өөрөө ганцаараа хийж байгаа гээд бод. Бүгдийг нь хийхийн тулд би маш олон зүйлийг урт хугацаа ашиглан эзэмшсэн байгаа биз. Харин тэрхүү эсгий шаахайны шат дамжлага тус бүрийг нэг хүн дааж аваад түүнийгээ хариуцлагатай мэргэшсэн түвшинд хийдэг болчихвол өөр хэрэг. Би эсгийгээ төгс төгөлдөр элдэж сурсан, чи дараачийн шат дамжлага болох эсгийгээ хатаах технологийг маш сайн хийдэг, чиний дараачийн хүн маш сайхан хайчилж сурчихсан байвал богино хугацаанд, бага хөдөлмөрөөр эцсийн бүтээгдэхүүн болж гарч байгаа тул үнэ өртөг буурах нь ойлгомжтой тийм үү. Тэгэхээр нэгэн зүг рүү сэтгэлээ нэгтгэж уналт, буцалт, бууралтгүйгээр худлаа, хулхи, хуурмаг зүйлгүйгээр чин үнэнч сэтгэлээр зорьж байж амжилтад хүрнэ.

-Монгол брендийг сонирхож, Ар Монголоос цагаан сарынхаа худалдан авалтыг хийхээр зорин ирэх хүний тоо хоёр жилийн хугацаанд хэр их нэмэгдэв. Энэ жилийн хувьд хичнээн хүн ирсэн тооцоо байна вэ?

-Яг тэд гэсэн тоймтой тоо хэлж чадахгүй. Гэхдээ маш ихээр нэмэгдсэнийг хэлж чадна. Цагаан сарын худалдан авалт гэхээс илүү Монгол Улс дах аялал жуулчлалын салбар, дан ялангуяа Чингис хааны төрсөн нутаг Хэнтий аймагт очиж мөрөө үлдээгээд, духаараа газарт нь нэг мөргөчих юмсан гэсэн хүсэл бодолтой хүмүүс маш их байдаг. Мөн Хөвсгөл далай, халуун рашаанууд Өвөрмонголд байтугай дэлхийд алдаршиж байна шүү дээ.

-Тэгэхээр бэлэг сэлтээс илүү, газар нутгийг шүтэж ирдэг хүмүүс өсөн нэмэгдэж байгаа байх нь ээ?

-Тийм шүү. Үүн дээр шүтээний талаар ганц зүйл нэмээд нэг зүйл хэлчихье. Өвөрмонгол, Ар Монгол гэлтгүй хүмүүсийн 80 хувь нь шарын шажиныг шүтдэг. Уугуул шүтээн нь тэнгэр үзэл. Тэнгэрээ шүтээд ирэхийн цагт Монгол хүн дээдэлж өөдлөнө. 13-дугаар зууны үед Чингис хаан тэнгэр шүтлэгтэн байсан нь хамгийн тод жишээ. Тэнгэр гэдэг үгний учрыг хэн нэгнээс биш Монголчууд өөрсдөө олох, тайлах учиртай. Би яагаад үүнийг ярьсан. Энэ бол онгон дагшин байгалтай холбоотойгоор ярьсан юм. Өнөөдөр уул ус, газар шороогоо ухаж сэндийлэх бус сүрлэг сайхан байгаль дэлхийгээрээ дамжуулан эх орондоо аялал жуулчлалыг хөгжүүлэх асар их боломж бололцоо Монголчуудад бий. Гадны олон мянган иргэний аялал жуулчлалаар эх орондоо хөрөнгө мөнгө оруулах, гадагшаа урсаж байгаа валютын урсгалыг тогтоох боломжтой. Гадныхан онгон дагшин байгалийг чинь харсны төлөө мөнгө төлөх болно. Нэг хүн ирээд долоо хонолоо гэхэд онгоцны билетээс авхуулаад байр, унаа гээд дор хаяж хоёр сая төгрөгийн зардал гаргана. Ганцхан зуны улиралд хоёр мянган хүн ирлээ гэж бодоход хоёр сая төгрөгөөр үржүүлээд үз. Тэгвэл хоёр мянган хүн хүлээж авах хүчин чадлыг хоёр сая хүн хүлээж авах хэмжээнд хүргэвэл Монголчуудад зөвхөн аялал жуулчлалаар мөнгө олох ямар их боломж бололцоо байгаа гэж бодож байна.

Ингэхийн тулд төр засгийн оролцоо буюу байгаль орчноо хэвээр нь хадгалж үлдэхийн тулд байгаль орчны чанга хууль тавьчих. Тэгвэл дэлхий дахин Чингис хааны өлгий нутаг гэж ямархуу зүйл байдаг, Монгол хүний агуу чанар хаана оршдог гэдэг нууцыг тайлахын тулд онгон дагшин байгаль, соёл, энергийг судлах нь бидний мөнгө олох энгийн нэгэн бизнес болон өргөжсөн байх болно. Тэр цагт юун Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт вэ, байгаль орчныг эвдэхээс илүү өв соёл бий. 21 дүгээр зуун энх тайвны зуун учраас бид энэ зууныг соёлоор дайчилж болох юм. Бид хичнээн хичээгээд ч Европ, Америк, Орос, Хятадын соёлыг төгс сурч, Солонгос соёлыг хичнээн дуурайгаад ч Солонгос болж чадахгүй. Яагаад гэвэл бид хөх толботой учраас тэнгэрийн үр сад.

-Нэгэнт соёлын тухай сэдэв рүү орсных ялангуяа хүүхэд залуучууд гадны том том орны соёл руу хэт хошуурч, хэтэрхий дуурайж байгааг юу гэж хэлэх вэ?

-Ямар ч зүйлийг үгүйсгэж болохгүй. Аливаа зүйл ямагт хоёр талтай. Гадныхныг хичнээн дуурайх гээд тийм болж чадахгүй. Учир бидний яс, цусанд эцэг эхээс заяасан амин чанар, чамин чанар, мөн чанар оршин байдаг. Сүнсэн биенд чинь Монгол гэдэг нэр сийлэгдсэн. Нөгөө талаар гадаадын соёлыг идэвхитэй сонирхох хэрэгтэй. Ингэхдээ бусдын шилдэг чанарыг өөрийн биедээ шингээх хэрэгтэй. Түүгээрээ түмэн монголоо авъяасаараа тэтгэх ёстой. Монгол улсын нэрийг иргэн бүр үүрч яваа учир хүн бүр хариуцлагатай байх ёстой гэж боддог юм. Хүн болгон хариуцлагатай байж энэ нэрийг өндөрт үүрч гаргах ёстойгоос биш хэн нэгнээс биш Монгол сүйрчихлээ гэсэн ойлголт хэзээ ч байдаггүй юм. Энэ миний л бодол. Тиймээс энэ хорвоо дээр би зөв гишгэх, зөв явах ёстой.

Надад нэг мөрөөдөл байдаг юм. Өнөөдөр Монголчууд нийслэл Улаанбаатар хотдоо ингэж олноороо шавчихаад утаатай тэмцэхийн оронд эзгүйрсэн тал нутагтаа эзэн болж тархан суурьшаасай гэж боддог юм. Өвөрмонголын өвөлжөө өнөөдрийн хотоос дутахгүй сайхан хөгжчихсөн. Орчин цагийн технологийн wifi-ийг яаж цацаж, хэрхэн тохижуулсныг суралцаасай. Тархан суурьшсан цагт утаа, валютын хөөрөгдөл зэрэг асуудалд санаа зовохгүйгээр онгон дагшин байгалиа гадныханд гайхуулаад л сууж байх хэрэгтэй. Тийм боломжит аялал жуулчлалын салбарын орон зай хоосон байна.

-МОНГОЛЧУУД АРХИНААС ЖААХАН Л ХОЛ БАЙЧИХВАЛ ЭРҮҮЛ САРУУЛ УХААНААР ИХ ЗҮЙЛ ХИЙЖ БҮТЭЭЖ ЧАДНА ГЭДЭГТ БИ БАТ ИТГЭДЭГ-

-Өвөрмонголд цагаан сараараа бие биедээ ихэвчлэн юу бэлэглэцгээдэг вэ. Уламжлалт зан заншил хэр алдагдаж байна?

-Манай аав ээж нарын үед гэртээ хуушуур хийж авч яваад зочилсон айлдаа аваачиж иддэг байсан. Тухайн айлдаа төвөг удаг, хүндрүүлэхгүй гэсэн үүднээс. Одоогийн бууз иддэгтэй яг адилхан юм л даа. Танай гэрт ирсэн юм чинь заавал дайлуулаад гарна гэсэн үүднээс биш уулзах нь чухал болохоос биш ууж, идэх нь чухал биш шүү дээ. Биднийг багад ч боорцог, чихэр, жимс гээд л амттан өгдөг байсан бол одоо үед хүмүүс “вичат”-аар мөнгө шилжүүлчихдэг болсон байна. Харин ахмад настнууддаа заавал хоёр шил архитай ордог. Хоёр ширхэгтэй ордог нь их нарийн утга учиртай бөгөөд хоёулаа байна гэсэн хос утгыг илтгэж бэлгэшээдэг. Ганц шилийг нас барагсадын шарил дээр л аваачдаг учиртай. Хуучны зарим уламжлал одоо хүртэл алдагдаагүй хэвээр байна. Гэхдээ миний хувьд архи бэлэглэдэг явдалд дургүй, сүжиггүй. Монголчууд архинаас жаахан л хол байчихвал эрүүл саруул ухаанаар их зүйл бүтээж чадна гэдэгт би баи итгэдэг. Үүний оронд айраг, цагаан идээгээ бариад очвол илүү хүндэтгэлтэй.

-Өвөрмонголыг Хятад гэж гадуурхах хандлага хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад одоо харьцангуй гайгүй болсон. Энэ тал дээр ямар үзэл бодолтой явдаг вэ?

-Дан ганц Өвөрмонгол гэж туйлшраад яахав. Ер нь Монголд “гадныхан” гэж үзэж харах хандлага арилаагүй юм шиг санагддаг. Иймэрхүү байгалийн араншин байлгүй л яахав. Гэхдээ бид хэзээ ч, хаашаа ч туйлширч болохгүй. Энэ туйлшрал хэт нэг тал руу дийлэхээр хөгжил болон сэтгэл зүйд маш ихээр нөлөөлдөг.

Ар Монголчууд Өвөрмонголчуудыг ойлгоход “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэг чухал үүрэг гүйцэтгэсэн. Яагаад гэвэл тэр нэвтрүүлэгт оролцсон дөрвөн Өвөрмонгол эрхмийн ярианаас хүмүүс маш олон зөв ойлголтыг авсан гэж би хувьдаа боддог юм. Ойлголцол гэдэг хамгийн эрхэм зүйл. Гар барьж мэндлэхээс ойлголцол эхэлнэ.

Манай Өвөрмонголд “Ухаантай хүн ухайгаад харвал нэг ойлгоно, ухаангүй хүнийг ухаад авсан ч ойлгохгүй” гэдэг үг бий. Өнөөдөр жаахан хөдөлмөрлөсөн зүйлээрээ битгий гавъяарх, битгий цээжээ дэлд. Энэ бол зүгээр л чиний түүхэн үүрэг, хариуцлага. Чи зүгээр л эх орноо сайн хөгжүүлэхийн төлөө явах хэрэгтэй. Хятад, Оросыг хөгжүүлэхийн тулд иргэн бүр нь чармайж байгаа шиг зүтгэх хэрэгтэй. Түүнээс биш Орост Путин ганцаараа гавьяатан биш байхгүй юу.

-Танайд Монгол соёл, уламлжлат ахуй хэр их алдагдаж, мартагдаж байна вэ?

-Маш ихээр алдагдсан. 2013, 2014 оны үеэр илүү их алдагдсан. Гэхдээ аймагт бүрт харилцан адилгүй өөр өөр. Зарим аймагт соёл, уламжлалт ахуй хэвээр байхад заримд нь байхгүй болж бүдгэрэх жишээтэй. Газар тариалан нэвтэрсэн аймгууд хамгийн түрүүнд гадны соёлын довтолгоонд хамгийн их өртсөн. Бөө мөргөл их дэлгэрсэн гээд л өөрчлөгдсөн зүйл их бий. Сүүлийн хоёр гурван жил Монгол улсаас монгол дээл, монгол брэнд гээд дахин дэлгэрч, хоёр орны соёлын солилцоо өндөр давтамжтай дахин сэргэж байна. Үүнд маш их бахархаж баярладаг.

Гэхдээ Ар Моголчууд Монгол гэдэг үгийг маш явцуу утгаар буюу 3,2 сая хүнийг л Монгол, түүнээс цаадахыг нь өөр хүмүүс гэж бодоод байдаг. Чингис хаанаас нэг хүн таны бодол доторх “Монгол” гэж юу вэ гэж асуусан байдаг. Гэтэл Чингис хаан “Миний хар сүлдний минь дор Монголын төлөө амь нас, цус хөлс, ясаа урсгаж яваа дайчин эрсийг миний Монголын цэрэг эрс гэж тооцмуй. Миний есөн хөлт цагаан сүлдний дор амар амгалан амьдарсан өтгөс буурал, эх нялхас, ард иргэд бүрийг миний Монголын иргэн гэж тооцмуй” хэмээн хариулсан байдаг. Энэ үгэн дотор үндэс угсаа, арьсны хар шар өнгө, Орос, Хятад, Төвд хүн гэж огтхон ч ялгаагүй байгаа биз.

-Таны хувьд эх оронч сэтгэлгээ хар нялхаас тань яс, цусанд тань шингэхэд юу хамгийн ихээр нөлөөлсөн бэ?

-Эх оронд гэдэг зүйл яагаад ч юм миний сэтгэлд их бүдэгхэн байдаг. Харин эх гэдэг үг тодоос тод. Эхийнхээ хэвлийд би арван сар хамгийн аюулгүйгээр оршин байсан. Уургийн хөхөж амь орсон. Эцэг маань миний билэг оюуныг хатуугаар хурцалж өнөөдрийн намайг би болгосон. Би жилийн өмнө эхийг алдсанаас хойш эх дэлхийг би ээжийгээ гэж боддог болсон. Монгол эмэгтэй хүн бүрийг би ээжийгээ гэж боддог болсон.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.