Оны шилдэг зургууд:  World Press Photo  нэр дэвшигчдийг танилцууллаа

Д.Тулга / Гадаад мэдээ

Олон улсын хамгийн нэр хүндтэй, гэрэл зургийн уралдаануудын нэг болох World Press Photo 2019 оны хэд хэдэн төрөлд нэр дэвшигчдийг зарлалаа. Шилдэг гэрэл зураг төрөлд 6 зураг өрсөлдөж байгаа бөгөөд ялагчид энэ оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Амстердамд тодрох юм.

image

Энэ зургийн нэр нь “Дорнод Гутад болсон дайралтын хохирогчид эмчлүүлж байна”. Гэрэл зургийг 2018 оны хоёрдугаар сард Шифуниехд авчээ. Дамаскийн дагуул хотод ширүүн дайралт болох үеэр Дорнод Гутагийн оршин суугчид үй олноороо бууны суманд өртөж мөн энэ үеэр хийн дайралт болсон гэгддэг.

image

Марко Гуалаззинигийн "Алмажиригийн хүү " нэртэй зурган дээр Чад улсын Бол хотод гранатометуудыг зурсан хананы наана зогсоо хүүг дүрслэжээ. Нэгэнтээ Африкийн хамгийн томд тооцогдож байсан Чад улсын нуур ширгэснээр өлсгөлөн, цөөхөн үлдсэн фермерүүд, малчдын дунд байнгын сөргөлдөөн нүүрлэсэн юм. Энэ бүс нутагт барууны соёлыг эсэргүүцдэг, хэт даврагч “Боко Харам” бүлэглэл идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг.

image

Каталина Мартин-Чикогийн гэрэл зураг дээр бие давхар бүсгүй болон Колумбийн Фарк бүлэглэлийн дайчин асан залуу дүрслэгджээ. Босогчид эмэгтэйчүүдийг өөрсдийн эгнээнд дуртайяа элсүүлдэг байсан ч тэднийг төрөхийг хориглодог байж. Энэ эмэгтэй өмнө нь таван удаа үр хөндүүлж байжээ.

image

Крис МакГратын энэ зураг “Жамал Хашогжи алга болсон нь” нэртэй. Энэ зурган дээр нэгэн эр (хамгаалагч ч байж мэднэ) Стамбул дахь Саудын Арабын элчин сайдын яамны үүдэнд сэтгүүлчдийг нэвтрүүлэхгүй тогтоон барих гэж оролдох бөгөөд Туркд ирсэн Саудын мөрдөгчид яг энэ үеэр элчин сайдын яам руу орж байсан юм. Энд дуулгахад, Жамал Хашогжи нь Саудын Арабын сэтгүүлч, тоймч, зохиолч нэгэн байсан бөгөөд тэрбээр АНУ болон өөрийн орны эрх баригчдыг хурцаар шүүмжилдгээрээ алдартай байв. Тэрбээр 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдөр гэрлэлтийн баримт бичиг авахаар Стамбул дахь Саудын Арабын Консулын газар ороод эргэн гарч ирээгүй юм. Түүний алга болсон явдал дэлхий дахинаа шуугиан тарьж байв. Түүнийг алга болсноос 18 хоногийн дараа Саудын хэвлэлүүдээр Жамалыг бусадтай зодоон хийснээс болж амиа алдсан гэсэн мэдээлэл гарсан ч удалгүй түүнийг зориудаар хөнөөн, мөчилсөн гэдэг нь тогтоогдсон юм. Энэ аллагын улмаас АНУ, Турк болон бусад улс орнуудтай харилцах Саудын Арабын харилцаа эрс муудаж байв.

image

Жон Мурын “Хил дээр уйлж буй охин” зурган дээр Гондурасын бяцхан охиныг дүрсэлсэн бөгөөд түүний ээжийг Америкийн хилчид нэгжиж байх аж. Өнгөрсөн жил АНУ-ыг цагаачдын давалгаа бүрхэж, улмаас хууль бусаар хил нэвтэрсэн цагаачдын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэн шалгах болсон тухай тус улсын Ерөнхий прокурор Жеф Сешнс мэдэгдэж байлаа. Удалгүй, хил дээр баривчилагдсан хүмүүсийн хүүхдүүдийг хүчээр булаан авч байна гэсэн мэдээлэл гарч байв. Гондураст үлдсэн охины аав хожим нь ярихдаа охиныг ээжээс нь салгаагүй гэжээ. Харин Ерөнхий прокурорын шийдвэрийг олон нийт эсэргүүцсэн тул Дональд Трамп цуцалсан юм.

image

Брент Стиртоны гэрэл зураг дээр 30 настай Петронелла Чигумбура гэх бүсгүй дүрслэгджээ. Тэрбээр “Акашинга” (эрэлхэг бүсгүйчүүд) бүлгийн гишүүн бөгөөд энэ бүлэгт зөвхөн эмэгтэйчүүд байдаг, тэд хамтдаа Зимбабве улсад хулгайн анчидтай тэмцдэг юм байна. Бүлгийн гишүүдийг орон нутгийн оршин суугчдаас сонгодог нь тэдэнд ч мөн байгаль орчинд ч ашигтай байдаг гэнэ. Бүсгүйчүүд тогтмол бэлтгэл хийдэг. Тэр дундаа өнгөлөн далдлалтын урлагаар ихээхэн хичээллэдэг бөгөөд чухамхүү энэ мөч гэрэл зургийн хальснаа буужээ.

Эх сурвалж: bbc.com

Б.АНАНД


Сэтгэгдэл

Хишигт [106.186.233.133] 2019-02-22 12:01:29

Ийм оронд төрөөгүй нь сайхан


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.