Нууруудыг элсний нүүдлээс хамгаалж, говийн бүсийг ойжуулахад дэмжлэг хүслээ

П.Урнаа / Улстөр

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат дэлхийн ойн өдрийг угтан Ази номхон далайн орнуудын ойн тогтвортой менежмент ба нөхөн сэргээлтийн сүлжээ байгууллагын удирдах зөвлөлийн дарга Жао Шучоныг хүлээн авч уулзжээ.

Тус байгууллага нь 2009 оноос эхлэн Монгол Улстай холбоо тогтоосон бөгөөд өнгөрсөн хугацаанд Монгол орны ойн салбарын хүний нөөцийг чадавхижуулах, хотын цэцэгжүүлэлт, Монгол орны ойн бүрхэвчийн өөрчлөлтийг судлах зэрэг чиглэлээр хамтран ажилласан байна.

Уулзалтын үеэр сайд Н.Цэрэнбат, “Монгол орны ойг хамгаалах үйлсэд хамтарч ажиллаж байгаад талархал илэрхийлээд цаашид ой хээрийн түймрийн эрсдлийг бууруулах, мод үржүүлгийн газрууд байгуулахад хамтрах, доройтсон ойг нөхөн сэргээх, элсний нүүдлийг бууруулах талаар туршлага судлах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тодруулбал, Дорноговь, Замын Үүд орчмыг ойжуулахын тулд цөл хээрийн бүсийг ойжуулах, томоохон нуурууд буюу Буйр, Ганга орчмыг элсний нүүдлээс хамгаалахад туршлага, дэмжлэг хэрэгтэй байгааг онцолжээ.

Мөн Ази номхон далайн орнуудын ойн тогтвортой менежмент ба нөхөн сэргээлтийн сүлжээ байгууллагын удирдах зөвлөлийн дарга Жао Шучон цаашид Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.

Тус байгууллагын шугамаар Монгол Улсаас 16 оюутан БНХАУ-ын их, дээд сургуулиудад ойн чиглэлээр магистрын хөтөлбөрт хамрагдсан аж. Уг байгууллага нь олон улсын таван байгууллагыг нэгтгэсэн, Бээжинд төвтэй юм.

Жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг НҮБ-аас Дэлхийн ойн өдөр болгон зарлаж, ойн салбарт тулгамдаж буй асуудлыг онцлон хэлэлцэж өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд “Ой ба боловсрол” уриатайгаар энэхүү өдрийг тэмдэглэх юм. БОАЖЯ-наас Дэлхийн ойн өдрийг угтан Ази номхон далайн орнуудын ойн тогтвортой менежмент ба нөхөн сэргээлтийн сүлжээ байгууллагын удирдах зөвлөлийн хурлыг энэ сарын 19-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Уг хуралд 26 орны 54 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд ойн салбарын асуудал хийгээд шийдлийн талаар хэлэлцэж байгаа юм.


Сэтгэгдэл

Зочин [49.0.131.69] 2019-03-21 10:15:52

Урд нь Ногоон Хэрэм гэж нэг нөхөр хошгируулж байгаад баахан мөнгө аваад эхнэрийнхээ дүүгээр хэдэн мод тариулсан болоод хулхидаад алга болсон доо. Уулын модыг булгалж авчраад Улаанбаатраар нэг суулгаад бүгдийг нь үхүүлж байна. Хэдэн цаас гадныхнаас олвол уулын модоо унагаад тэмээн дээр ямааны гарз болоод л дуусна.

зочин [103.9.88.154] 2019-03-21 06:26:32

зөв бичихгүй бол самрана шүү

иргэн [202.9.42.13] 2019-03-21 06:04:40

Нуурууд уу али эсхүл Алтай Хянаны нуруунуудыг элснээс хамаалах гээд байна уу ойлогдох юм бичээч.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.