ЖҮЖИГЧНИЙ АМЖИЛТ: Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны талаар хэн хэрхэн дүгнэв

Д.Тулга / Гадаад мэдээ

Украинд ням гаригт болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд өнөөгийн Ерөнхийлөгч Петр Порошенкогоос даруй хоёр дахин их санал аван тэргүүлсэн, 41 настай Владимир Зеленскийгийн талаарх мэдээллээр дэлхийн хэвлэлүүдийн хуудас цоохортож байна.

Санал хураалт гуравдугаар сарын 31-ний өдөр болсон бөгөөд Украины Сонгуулийн төв хорооны мэдээлснээр нэр дэвшигчдийн аль нь ч ялалт байгуулахад шаардлагатай 50 хувийн санал авч чадаагүй юм.

Саналын хуудсын 70 гаруй хувийг тоолж дууссаны дараагаар Зеленский нийт саналын 30.45%, Порошенко -16.19%, Юлия Тимощенко 13.15 хувийн санал авчээ. Ингэснээр саналын тоогоороо эхний хоёрт бичигдсэн нэр дэвшигчид буюу Зеленский, Порошенко нар энэ сарын 21-ний өдөр болох хоёр дахь шатны сонгуульд өрсөлдөх юм.

Порошенко энэ сонгуулиар өндөр санал авч чадаагүй нь улс орныхоо төлөө амалсан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээгүй, эдийн засаг сайжраагүй гээд олон үзүүлэлтээр тайлбарлаж болох. Харин жүжигчин, шоумен гэдгээрээ алдартай, улс төрийн туршлага огт байхгүй Зеленский сонгуульд ийм өндөр санал авсныг хэрхэн ойлгох вэ?

Улс төрийн туршлагагүй нэгэн

Түүний талаар хэвлэлүүд янз бүрээр л бичиж байна. Ихэнх нь Зеленский сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр уламжлалт бус арга хэрэглэсэн мөн залуу сонгогчид руу илүүтэй чиглэсэн гэдгийг онцолж байгаа юм.

Guardian сонины бичснээр, жүжигчин Зеленский улс орондоо өөрчлөлтийг хүлээсэн, эдийн засаг нь зогсонги байгаад сэтгэл дундуур яваа залуу үеийнхэн сонгуульд идэвхитэй оролцоно гэж тооцоолжээ. Мөн ихэнх иргэд Евромайданы амлалтууд биелэгдээгүй байгааа гэж үздэгийг ч энэ сонин онцолжээ.

Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр энэ нэр дэвшигч уламжлалт уулзалтууд, хэвлэлийнхэнтэй уулзахын оронд комеди шоунд илүүтэй орж байлаа. Түүнчлэн Зеленскийгийн сонгуулийн штаб дээр ширээний теннисүүд байрлуулсан байсан бөгөөд тоглоод ялсан сэтгүүлчид яриа өгнө гэж тэрбээр амлаж байв.

Харин Politico хэвлэлийн онцолсноор, Зеленскийгийн штабд “багт наадмын уур амьсгал” ноёлж байсан гэх. Жүжигчний залуу дэмжигчид сонгуулийн урьдчилсан дүнг хүлээнгээ, хундага дарс шимэн, аяга шар айраг ууж, ширээний теннис, агаарын хоккей тоглож байсан гэнэ.

Хэдий тэрбээр залуусыг ийнхүү татаж чадсан ч төрийн албанд нэг ч ажиллаж үзээгүй гэдэг нь жинхэнэ асуудал дагуулж байгаа юм. Зеленский 40 сая гаруй хүн амтай Украиныг хямралын үед нь удирдах мэдлэг чадвартай хүн мөн үү?

Олон хэвлэлд түүнийг “нэг их танигдаагүй” хүн гэж бичсэн байхтай таарав. Учир нь сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр Зеленский сэтгүүлчидтэй уулзахаас “бултаж”, телевизийн мэтгэлзээнд орохоос татгалзсан юм. Хэдийгээр сонгуулийн өмнө явуулсан санал асуулгаар Зеленский эхний шатандаа тэргүүлнэ гэсэн таамаглал гарч байсан ч эцсийн дүнд ийнхүү тэргүүлсэн нь шуугиан тарьсан үйл явдал боллоо.

Францын томоохон хэвлэл болох Liberation сонины бичснээр сонгуулийн өмнөх сурталчилгаандаа хувь тохиолоор ерөнхийлөгч болдог түүхийн багшийн дүр бүтээсэн нь (Жич: “Ард түмний зарц” нэртэй цуврал кинонд Зеленский түүхийн багшийн дүрд тоглодог бөгөөд нэгэн удаа сурагч нь түүний яриаг бичиж аван, интернэтэд байршуулснаар олон сая хүн үзэж улмаар алдартай болдог. Ийнхүү алдартай болсон түүхийн багшийг хамтран ажиллагсад нь ятгаснаар тэрбээр сонгуульд өрсөлдөн, Украины ерөнхийлөгч болж байгаа тухай өгүүлнэ) Порошенко тэргүүтэй авлигад идэгдсэн улс төрийнхөнд итгэл алдарсан украинчуудын ихэнхийнх нь сэтгэлд нийцсэн гэнэ.

Порошенкогийн бодлогод сэтгэл хангалуун биш байсны улмаас ийм сонголт хийсэн

Зеленскийгийн төлөө украинчууд ийнхүү олноороо санал өгсөн нь өнөөгийн Ерөнхийлөгчид нийгэм таагүй хандаж байгагийн илрэл гэж барууны олон хэвлэлүүд бичжээ.

Тэр дундаа, Франын томоохон хэвлэлүүдийн бичсэнээр, Порошенко авлигатай тэмцэж чадахгүй байгаа нь “хэний ч мэдэхгүй жүжигчинд” ялагдах шалтгаан болсон гэнэ. Гэтэл Евромайданыг дэмжигчид түүнийг ерөнхийлөгч болгохдоо гагцхүү авилгаас ангид улс оронтой байхыг хүссэн шүү дээ.

Гэтэл өнөөдөр Европын холбооны босгон дээр гацчихаад байгаа, 45 сая хүн амтай энэ улс Европын хамгийн ядуу орнуудын нэг болсны дээр 1991 онд тусгаар тогтнолоо олж авснаас хойших хамгийн их улс төрийн хямралтай нүүр тулаад байгаа юм.

Ийм нөхцөлд украинчууд Порошенког авлигад сэжиглэн шүүмжилдэг бөгөөд тиймдээ ч барууны хэвлэлүүд Киевийн удирдлагын бодлогод сэтгэл ханамжгүй байгаа нь өнөөгийн сонголтын шалтгаан гэж нэрлэсэн байна.

Зеленский гэж хэн бэ?

Украины шоумен, комеди жүжигчин, найруулагч, продюссер Владимир Александрович Зеленский, 1978 оны нэгдүгээр сарын 25-нд төрсөн. Түүний эцэг болох математикч, программист, техникийн ухааны доктор, профессор Александр Семёнович Зеленский Монголд 20 жил ажиллаж амьдран, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг босголцож байжээ. Зеленский бага насандаа 4 жил Эрдэнэт хотод амьдарч байгаад нэгдүгээр ангиа төгссөн байна. Дараа нь Украин руу буцан, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай гимназ төгсчээ. 1995 онд дунд сургуулиа төгссөн тэрбээр Киевийн үндэсний эдийн засгийн их сургуулийн Криворожийн эдийн засгийн дээд сургуульд элсэн орж, хуулийн боловсрол олж авсан ч мэргэжлээрээ хэзээ ч ажиллаж байгаагүй гэнэ. 2003 онд Елена Владимировна гэх бүсгүйтэй гэрлэсэн, тэд охин, хүү хоёртой. Хөрөнгийн тухайд, 2017 онд жилийн орлого нь 7.3 сая гривен (664 сая гаруй төгрөг), түүний банкны дансанд 434 мянган ам.доллар, 1.2 сая гривен байгаа гэж мэдүүлжээ.

Тэрбээр Киев мужийн Иванкович сууринд 29 мянган ам.доллараар худалдаж авсан байшин, 25 мянган ам долларын үнэтэй 1200 квадрат метр эдлэн газартай. Түүнээс гадна Зеленскийгийн гэр бүл 5 байртай бөгөөд тэдгээрийн 4 нь Киевт байдаг гэнэ. Мөн Их Британид хоёр байр түрээслэдэг аж.

Б.АНАНД


Сэтгэгдэл

э [66.181.160.83] 2019-04-02 12:58:44

ард түмэн нь итгэж байгаагаас хойш яахавдээ,Рональд Рейген холливудын жүжигчин байсан л гэдэг биз

Зочин [103.26.194.191] 2019-04-02 11:39:53

НЭГ ЕВРЕЙГ ӨӨР НЭГ ЕВРЕЙГЭЭР СОЛИХ НЬ. ЗАРЧМЫН ЯЛГАА БАЙХГҮЙ

Зочин [182.160.32.237] 2019-04-02 10:24:38

ҮХСЭН БҮГД Л ЖҮЖИГЧИД Ш ДЭЭ.МАНАЙ ХЭД ЮУН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН.ТӨР АРДЫН ЖҮЖИГЧИН АВАХААР Ш ДЭЭ.ТЭРИЙГ НЬ БИД ДАГАЖ ХУЙЛРААД АЛГА ТАШААД ДАВХИЖ 2 ОРОЙДОО ОРЖ ИРЭЭД ЖОНХУУГАА ИДНЭ.НӨГӨӨ ХЭД НЬ ДЭЛХИЙГЭЭР ХЭСЧ КАЗИНОД ОРСОН ШИГЭЭ ...

зочин [202.21.127.166] 2019-04-02 06:20:13

дурын хүн ерөхийлөгч болдог, ардчилал яллаа, битгий л сэтгэцийн эмгэгтэй хүн сонгогдчихоорой доо

kub [122.201.26.243] 2019-04-02 04:03:00

aimaar avligatai khar puartai yavsan songuuli gekh bolovch togtoltsoony khureend shine garch irj chadjee, kharin ulsyn khuvid ene bolomjgui gej uzvel manaikh togtoltsoogoo neg mur aldjee

Зочин [119.40.98.162] 2019-04-02 02:37:50

Энэ улс нэгмөсөн сүйрвээ хөөрхий одоо буцаад орсод нэгдэх болждээ


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.