УИХ-ын чуулганы ХУРАЛДААН эхэллээ

П.Урнаа / Улстөр
  • 2019-04-26 05:02:30
  • 2019-04-26 05:02:30

    ЧУУЛГАН: Захиргааны ерөнхий хуулийг дэмжлээ

    photo

    Чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, санал хураалаа.

    Санал хураалтаар чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь буюу 63.2 хувийн саналаар дэмжлээ. Ингээд хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.

    Ингээд УИХ-ын чуулганы хуралдааны үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Чуулганы хуралдаан үдээс хойш 15.00 цагт хуралдана.

  • 2019-04-26 04:08:57
  • 2019-04-26 04:08:57

    ЧУУЛГАН: Захиргааны ерөнхий хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж эхэллээ

    photo

    УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хаалттай хуралдаанаар Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2019 оны төсвийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн юм.

    Үүний дараа УИХ-ын чуулганы хуралдааныг нээлттэй горимд шилжүүлэв. Яг одоо Засгийн газраас өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

  • 2019-04-26 03:17:58
  • 2019-04-26 03:17:58

    ЧУУЛГАН: Эрдэнэсийн сангийн төсвийг хаалттайгаар хэлэлцэж байна

    photo

    УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шинжлэх ухаан технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж, хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн дэмжсэнээр хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв.

    Мөн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураасны дараа эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

    Одоо Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2019 оны төсвийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг хаалттайгаар хэлэлцэхээр чуулганыг хаалттай горимд шилжүүлэн хэлэлцэж байна.

  • 2019-04-26 03:06:11
  • 2019-04-26 03:06:11

    УИХ-ын чуулганы ХУРАЛДААН эхэллээ

    photo

    УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан 10:00 цагт эхэллээ.

    Хуралдаанаар:

    -Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл,

    -Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд,

    -Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд,

    -Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн юм.

    Мөн Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2019 оны төсвийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хаалттай хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд саналаа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн зарлагын 2019 оны төсвийг батлах асуудлыг хаалттай бус нээлттэй хэлэлцэх” санал гаргасан. Мөн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг салбарын сайд нь байхгүй байгаа учраас хэлэлцэх асуудлаас хойшлуулж өгөх” санал гаргасан юм.

    Харин үдээс хойших чуулганы хуралдаанаар нэр бүхий 10 гишүүнээс ирүүлсэн хорт хавдрын эсрэг авч хэрэгжүүлж байгаа талаар Ерөнхий сайдад асуулга хүргүүлсэн. Гэвч салбарын сайд нь гадаадад томилолттой яваа учраас энэ удаагийн асуулгыг хойшлуулах саналыг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол гаргасан юм.

    Чуулганы хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд гишүүд саналаа илэрхийлж байна.

Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.