Ерөнхийлөгч Х.Баттулга Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үндэсний зөвлөгөөнд оролцож үг хэлэв

М.Амаржаргал / Нийгэм

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100 жил, Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага бие даан байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Төрийн ордны Их танхимд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үндэсний зөвлөгөөн боллоо.

Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлэв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА: “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үе үеийн ажилтан, албан хаагчид, уригдан ирсэн нийт зочид төлөөлөгчид Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Монгол Улс маань зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойших хугацаанд эдийн засаг, нийгмийн харилцаа, түүний дотор хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд олон чухал өөрчлөлтүүд гарчээ. Ирж буй 15 жилд ч мөн дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, тэр дундаа техник технологийн хөгжил дэвшил, хүрээлэн буй орчин, хүн ам зүйн өөрчлөлтөөс хамаарч, ажиллах хүчний бүтцэд ихээхэн өөрчлөлтүүд гарах талаар эрдэмтэн мэргэд тодорхой статистик ярьж байна.

Жишээ нь, хөдөлмөрийн насны хүн амын тоо нэмэгдэж, 2030 он гэхэд 600 саяас дээш ажлын байр шинээр бий болгох хэрэгцээ байгаа боловч технологийн дэвшил хүний хөдөлмөрийг бүрэн орлох чиглэлд давшингуй амжилт олж байгаа нь ажиллах хүчний бүтцэд сөргөөр нөлөөлөх хандлага бий болгосон юм байна.

Харин бидний хувьд хүн амын гуравны нэгээс дээш хувийг 15 хүртэлх насны хүүхэд эзэлж байсан байдал өөрчлөгдөж, 2025 онд 25 хувь болж буурах бөгөөд хөдөлмөрийн насны хүний тоо нэмэгдэж, “хүн амын цонх” үе 2030-аад он хүртэл үргэлжлэх төлөв байна. Манай улсын хөдөлмөрийн нөөц оргилдоо хүрч, түүнийг дагаад бүтээмж бий болгох боломж бүрдэнэ.

Гэтэл ийм нөхцөл байдалд бэлдэх, ажлын байрыг өсгөх, хөдөлмөрийн зах зээлийн балансыг тэнцвэржүүлэх, дундаж цалин, хөдөлмөрийн үнэлэмжийг зүй зохистой хэмжээнд байлгах тал дээр ирээдүйг харсан бодлого тулгамдаж байна.

Бүс нутгийн хүрээнд бусад улстай харьцуулахад манай улсын хөдөлмөрийн дундаж хөлс бага хэвээр байна. Тиймээс энэ байдалдаа дүн, шинжилгээ хийж, тодорхой бүтээлч ажил хийх хэрэгтэй. Ажлын байрыг олноор бий болгох хэрэгтэй.

Өнөөдөр БНСУ-руу ажиллахаар явж байгаа манай улсын иргэдийн тоо 45-50 мянгад хүрсэн. Одоо АНУ, Япон руу ажиллах хүч илгээх гэрээ, хэлэлцээрүүд хийгдэж байна. Эрүүл саруул, идэр залуу, юм хийж бүтээх насныхан маань гарч явсаар байгаа энэ урсгалыг бид зогсоох ёстой. Урд хөршийн хил дагасан аймгуудаас мал маллахаар малчид хил давж эхэллээ. Бид сайн сайхнаа ярьж байгаа ч саараа ярьж байж л урагшилна. Ажлын байр болон хөдөлмөрийн хөлсний зохистой хамаарлыг бий болгох ёстой. Гадагш ажиллахаар явж байгаа залуус эх орондоо дургүй, ажил хийх хийхгүй дургүй хүмүүс биш юм. Ажил олдохгүй, хөдөлмөрийн хөлс санасан хэмжээнд хүрэхгүй байгаа тул хөдөлмөрөө үнэлүүлэх, гэр бүлдээ ахиухан орлого олох гэж хүний нутгийг зорьж байгаа гэдэгтэй та бүхэн санал нэг байгаа байх.

Үүнээс улбаалсан сөрөг зүйлс олон байдаг. Үүнийг дагаад гэр бүл салалт, хүүхэд өнчрөх, хүүхдийн хүмүүжил… гээд маш олон асуудал урган гардаг юм. Өнөөдөр 60 жилийн ойн хүрээнд зөвлөгөөнөө хийж сугаа шийдвэр гаргагчид энэ тал дээр дорвитой арга хэмжээ аваасай хэмээн хүсч байгаа учраас эдгээр зүйлсийг хэлж байна.

Монголын төр, Монголын Засгийн газар юм бол монгол хүнээ ажилтай байлгахад, авч байгаа цалин нь хүрэлцээтэй байхад түлхүү анхаараач ээ гэж дахин хүсмээр байна.

“Дэлхийн тогтвортой Хөгжлийн Хөтөлбөр-2030”-д тусгагдсан “Бүх нийтийн зохистой хөдөлмөр эрхлэлтийг бий болгох” зорилтод нийцсэн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, иргэдэд мэргэжил, ур чадвар эзэмшүүлэх, хамгийн гол нь тэднийг ажилтай болгох, ажлын дадлага туршлагыг тасралтгүй дээшлүүлэн хөгжүүлэхэд сум, хорооны анхан шатны ажилтнаас эхлэн аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллага, орон нутгийн засаг захиргаа, төрийн яамд Та бүхний хамтын ажиллагаа, хүчин чармайлт шийдвэрлэх үүрэгтэй юм шүү. Хамгийн гол нь шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа та бүхэн зүрх сэтгэлээсээ ажиллах хэрэгтэй.

image

Өнөөдөр манай улсад дэлхийд байхгүй их хэмжээний их, дээд сургууль бий. Хонхны баяраа хийж байгаа оюутнуудын 60 хувь нь маргааш өдөр нь ажилгүйчүүдийн эгнээнд шилждэг. Тиймээс бид хөдөлмөр эрхэлдэг ажилчин ангийг бэлтгэх хэрэгтэй гэж хэлмээр байна. Энэ нь мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүд юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 320 мянган төгрөгийг суралцагчдад олгож, нөгөө талдаа томоохон, төсөл хөтөлбөрүүдээ эхлүүлэх хэрэгтэй.

Мөн 2018 оны 9-р сарын 4-ний өдөр Засгийн газарт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор чиглэл өгсөн. Чиглэлд тусгагдсан асуудлуудыг хэрэгжүүлэх юм бол хуульд ямар ч өөрчлөлт оруулахгүйгээр 110 мянга орчим хүнийхээ асуудлыг цогц шийдэх боломжтой.

Ингээд Олон улсын хөдөлмөрийн байгууллага байгуулагдсаны 100 жил, Монгол Улсад Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 60 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье.

Дорвитой, хурдтай, зөв шийдвэрүүдийг зөвлөгөөнөөс гаргаасай гэж хүсэж байна.

Та бүхэнд баярлалаа. Ирээдүйдээ итгэлтэй олон сайхан залуус гарч ирээсэй хэмээн хүсэж байна” гэлээ.

image


Сэтгэгдэл

Зочин [182.160.32.96] 2019-05-20 21:11:30

1234

Хас [103.57.92.149] 2019-05-19 15:21:42

Чинзориг гадаадад хүн гаргах бизнесээ хийхээс өөр нийгэмд хандсан ажил хийсэнгүй, төр мэдсэн ч мэдээгүй юм шиг дураар нь дургуйлж бгаа даа, нүгэл нь нүдээрээ гарнааа

Irgen [175.100.48.62] 2019-05-19 10:59:54

Eronxiilogchoo,Ter zoblox bsn gd bga Lyibarchin S,Purebsurengeesee xvmvvsiiin 1200$ g gargyylj ogooocheeeee

Irgen [175.100.48.62] 2019-05-19 10:58:32

Xvniii Xodolmoriig vneldeg xyyli gargaacheee,Ajilaa xiilgecheed tsalingaa ogdoggvi gazryydiig xyyliar arga xemjee abaacheee,Xvnii XODOLMORiig vneldeg changa xatyy xyylitai bolmooor umaaa

зочин [66.181.182.59] 2019-05-19 07:24:42

Монгол залуус ажилгүй,орлогогүй,амидралгүй 30 жил явж ирлээ,өдөр бүр гудамж талбайд хэдэн арваараа нийлж архи ууж өдрийг өнгөрөөж байх юм,хөдөө аймаг,суманд мөн ялгаагүй ийм дүр зураг харагдлаа,ингэж улс орон хөгжих үү? Энэ залуусыг тэжээж ажил төрөл хийлгэж амидруулж чадахгүй бол гадагшаа явублах виз,зөвшөөрөлийн чөлөөтэй олгоод явуулаачээ.залууст үнэнээ хэлж болдоггүй юм уу,та нар өөрсдөө гадагшаа гарч амидралаа дээшилүүл,төр засаг ни ажилуулах үйлдвэр алга,тэжээх хоол хүнс алга,орон байр ч хангаж чадахгүй юм бна гэж хэлсэн дээр дээ.ингэж архи уулгаж хони шиг хашиж хаашаа ч гаргахгүй тамын амидралд оруулж хохироох хэрэг алга даа.мэргэжил,боловсролгүй ч гэсэн монгол залуус гадагшаа гарч нүд тайлж амидрал ар гэрээ хэнээс ч хамааралгүй авч яваад ирж бгаа жишээ олон байна

Rtl [83.23.240.89] 2019-05-19 06:35:52

Ene hulgaich zailuulz shorond hiigeech


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.