ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

Т.Хулан / Улстөр

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгын Татварын багц хуульд тавьсан хоригийг хэлэлцлээ. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн 71.8 хувиар хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Чуулганы хуралдаан дээр хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа.

Тэрбээр “Татварын багц хуулийн төслийг Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэх явцад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд үндэсний эрх ашигт үл нийцэх, сөрөг үр дагавар бүхий ноцтой олон асуудал тусгагдсаныг засаж залруулах шаардлагатай гэж үзэн, тодорхой саналууд хүргүүлсэн боловч үр дүнд бүрэн хүрсэнгүй.

Түүнчлэн бизнесийн байгууллагууд, компани, аж ахуйн нэгжүүдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалдаг Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимаас “Татварын багц хуулийн төслийг боловсруулахаас эхлэн Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх хүртэл бүх шатанд Монгол Улсын Засгийн газартай хамтран ажилласан, бизнес эрхлэгчдийн саналыг нэгтгэн Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд, хууль боловсруулах ажлын хэсэгт удаа дараа хүргүүлсэн, гэвч уг хуулиуд нь аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учруулах, дарамт шахалтыг нэмэгдүүлэх, авлигын нөхцөл байдлыг хүндрүүлэх, татварын болон төсвийн орлого буурах, улс орны эдийн засагт сөрөг үр дагавар учруулах олон асуудал дагуулахаар батлагдсан гэдгийг онцлон” татварын багц хуулиас Татварын ерөнхий хууль болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд хориг тавьж өгөхийг хүссэн хүсэлт ирүүлсэнтэй санал нэг байгаа тул тус хуулиудыг дахин нягталж үзэх боломжийг Улсын Их Хурлын гишүүдэд олгох нь зүйтэй гэж үзлээ” гэдгийг хоригт дурджээ.

УИХ-ын гишүүн Д.Оюундарь: Бүхэлд нь хориг тавихын оронд хэсэгчлэн хориг тавьсан бол хүлээж авах боломжтой байсан. ААНОАТ-ын хуульд нэгдүгээр хориг буюу гадаадын хөрөнгө оруулагч компаниудыг таван хувийн татвартай болгосон гэдэг гэж хоригт тусгасныг хүлээж авах боломжтой санал. Мөн бүтээгдэхүүн хуваах гэрээгээр Монгол Улс үндсэндээ татвар авч чаддаггүй. 17 гэрээ, хэлэлцээр хийснээс одоогоор хоёр нь хүчин төгөлдөр байгаа. Гишүүдийн хэлсэнчлэн Эрдэнэт үйлдвэр Оюутолгойгоос гурав дахин бага үйл ажиллагаа явуулдаг атлаа Оюутолгойгоос гурав дахин өндөр татвар төлж байна гэдгийг хэлж байна гэсэн юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Ерөнхийлөгчийн хоригт зөв заалт олон байгааг тодотгоод, хоёр байнгын хороо яагаад дэмжээгүйг тодруулав. Тэрбээр, "Эрдэнэт үйлдвэр 17 хувийн татвар төлдөг. Оюутолгой нь Эрдэнэт үйлдвэрээс гурав дахин их борлуулалттай. Гэтэл Оюутолгой түүнээс гурав дахин бага татвар төлөхөөр болсон байна" гэв. Мөн тэрээр, банкнаас авах татвар иргэдээс авах татвараас бага байгааг шүүмжлэв. Тиймээс ядаж зээлийн хүүг бууруулах шаардлагатайг онцолсон.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: "Үндэстэн дамнасан корпорациуд ядуу буурай оронд татвар төлөхгүй "зугатаад" байдаг. Үүнээс хамгаалж олон улсын "Beps" байгууллагатай хамтран энэ татвараа төлүүлдэг болгох зарчим руу орсон. Олон улсын байгууллагаас надад бичиг ирүүлсэн" гэв. Тэрээр тус байгууллагаас ирүүлсэн бичигт "Beps"-ийн стандарт дүрмийг баримтлан Татварын багц хууль боловсруулан батлуулсанд талархал илэрхийлснийг дурдав. Тэрбээр цааш хэлэхдээ, "Одоо төлөхгүй байгаа татварыг авахын тулд тууштай тэмцэнэ. Харин Банкаас бага татвар авах гэж байгаа зүйл байхгүй. Гаднаас мөнгө төвлөрүүлж оруулж ирээд буцаад гарч байгаа татварыг 5 хувь болгосон. Монголд зээлгүй хүн цөөхөн. Тиймээс зээлийн хувь хэмжээг бууруулахыг тулд гадаадаас ороод гарч байгаа татварыг 10 биш 5 болгочихвол хүүгийн хэмжээ багасна гэж үзсэн. Бид олон улсын татварын байгууллагатай хамтран үндэстэн дамнасан корпорациудаас татвараа бүрэн авахын тулд энэхүү хуулийн өөрчлөлтийг хийсэн" гэв. Тэрээр 2020 оноос энэ хууль хэрэгжиж эхэлснээр, "Beps" олон улсын байгууллагын ажлын баг манай улсад хүрэлцэн ирж, томоохон корпорацийн татвар авахад хамтран ажиллана гэв.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.73] 2019-05-24 16:32:21

Олон улсын ВEPS гэдэг байгууллага байдаггүй. Багц хууль батлуулчихаад доторхийг нь одоо хүртэл ойлгоогүй яваа учир дахин хэлэлцэж засаж сайжруул гээд бн

Зочиг [103.10.22.116] 2019-05-24 11:02:18

Хүрэлбаатар сайдад баяр хүргэж ажлын амжилт хүсье.. Хуулийн хэлэдцүүлгийг маш ажил хэрэгч бүр өөрөө оролцоод 5 өдөр хийсэн шүү.Ноосны салбарын үйлдвэрүүдэд дэмжлэг болохоор нэг заалтыг тусгаж өгсөнд талархаж байна.

Зочин [66.181.161.55] 2019-05-24 09:23:10

УИХ-ын гишүүд ч гэсэн баталж байгаа хууль тогтоомжоо сайн судлаж уншдаг юм уу. Цаг бага байсан сайн уншиж амжаагүй байсан сая харж байсан чинь хармаар бодмоор зүйлс байна шүү ч гэх шиг. Асуудал хэлэлцээд санал хураах гэж байхад гараад алга болцгоочихсан ч байх шиг. Арай ч дээ хэлэх ч үг олдохгүй юм.

Зочин [66.181.161.55] 2019-05-24 09:07:50

Ард түмний эрх ашигт нийцсэн хууль болж чадаж байна уу. Энэ хуулийн төслөө ард түмэнд танилцуулсан уу .Ард түмний эрх ашигаас урвасан гадны компаниудыг дэмжсэн дотоодын компаниудыг дарсан дарамталсан хууль болж байгаа юм биш биз.Хуулиа дахин харж хянан долоо хэмжиж нэг огтолсоны үндсэн дээр баталвал зүйтэй бус уу . Eрөнхийлөгчийн хориг дээр юу яригдаад байна гэдгийг анхаарч судалж үзсэн үү . Анхаарч дахин судлаж үзмээр юмнууд яригдаж байхад бүх юм нь зөв гээд зүтгээд байх юм. Хувийн амбицдаа хэт хөтлөгдөж,яагаад намайг эсэргүүцээд байдаг юм гэсэн байдал сангийн сайдын хувьд харагдаж байх юм. Ажил бол ажил. Үүний цаана ард түмэн, эх орны эрх ашиг явж байгаа шүү.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.