ХААН Банк малчдыг чадавхижуулах хөтөлбөр эхлүүллээ

Д.Тулга / Орон нутаг

Монгол орны өнцөг булан бүрт хүрч, нийт иргэд, малчдад банк санхүүгийн иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг ХААН Банк Тогтвортой ноос ноолуурын эвсэл (ТННЭ) олон улсын байгууллагатай хамтран “Мал аж ахуйгаа тогтвортой эрхлэх, хариуцлагатай малчдыг чадавхижуулах хөтөлбөр” эхлүүллээ.

Нийт 10 аймгийн 25 суманд хэрэгжих уг хөтөлбөрийн хүрээнд эртнээс уламжилж ирсэн нүүдлийн мал аж ахуй, байгальд ээлтэй тогтвортой мал маллагааны уламжлалт арга барил, зохистой дадлыг эргэн сэргээж, олон улсын стандарт болгохоор зорьж, сургалт зохион байгуулах төдийгүй малчдад сертификат олгох юм. ХААН Банкны зүгээс, тогтвортой мал маллагаа, малын тоонд бус чанарт суурилсан бэлчээрийн мал аж ахуйг дэмжиж, сертификат авсан малчдад хөнгөлөлттэй зээл өгч хамтран ажиллах юм.

Монгол Улс 66.4 сая толгой малтай. Ноос ноолуур, сүү, мах, арьс шир, дайвар бүтээгдэхүүн гэхчилэн малаас хаях зүйл огт байдаггүй билээ. Тиймдээ ч хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд малчдаас авч буй түүхий эдийн чанар болон нийлүүлэлтээс эцсийн бүтээгдэхүүний чанар, гарц шууд хамааралтай байдаг. Хөтөлбөр хэрэгжсэнээр мал аж ахуйн өртгийн сүлжээ нэвтрүүлэхэд тулгамдаж буй томоохон асуудал болох малчид хоршоод болон үйлдвэрлэгчдэд техникийн болон санхүүгийн мэдлэг олгоно. Мөн түүнчлэн чанарт суурилсан мал аж ахуйг бий болгох, малаас гарч буй түүхий эд, эцсийн бүтээгдэхүүнийг олон улсын стандартад нийцүүлэх зорилготой юм.

ХААН Банк Монголд ноолуурын өртгийн сүлжээ бий болгохоор ТННЭ-тэй 2018 оноос хамтран ажиллаж буй бөгөөд энэ ажлын хүрээнд орон нутгийн хоршоодын малчдыг Сургагч багш бэлтгэх сургалтад хамруулж сертификат олгож буй юм. Малчдыг ийнхүү сургаж чадавхижуулснаар малын гаралтай түүхий эдийн дотроос хамгийн ховор, үнэтэй бүтээгдэхүүн болох ямааны ноолуурыг олон улсын жишигт нийцсэн аргаар бүрэн боловсруулж, дэлхийд нэр хүндтэй үйлдвэрлэгчдэд шууд хүргэх боломжийг бүрдүүлэхээр зорьж байгаа юм. Тэгвэл энэ туршлага дээрээ үндэслэн дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлж буй төдийгүй гурван үе шаттай сургалт зохион байгуулахаар төлөвлөөд байна. Юун түрүүнд орон даяар салбар нэгжтэй ХААН Банкны ажилтнуудад сургалт хийх бөгөөд ажилтнуудаар дамжуулан малчдад зөвлөгөө мэдээлэл хүргэх бол, хоёрдугаарт малчдын хоршоодыг сургаж чадавхижуулахад анхаарах юм. Гуравдугаарт, ТННЭ-тэй хамтран видео болон радио хичээлүүд бэлтгэн орон даяар нэвтрүүлэхээр төлөвлөжээ. “Мал аж ахуйгаа тогтвортой эрхлэх, хариуцлагатай малчдыг чадавхижуулах хөтөлбөр” он дуустал хэрэгжинэ.

Бид зогсолтгүй бүтээсээр...


Сэтгэгдэл

Норовоо [66.181.183.207] 2019-07-05 15:49:37

Хаан банк гэгчийн хоосон үгсийн чалчаа л байна. Үхсэний нь хөтөлбөр байхав ?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.