М.Соёлмаа: Жирэмснээс хамгаалах 72 цагийн эм элэгийг гэмтээдэг

М.Амаржаргал / Эрүүл мэнд

-ЭЛЭГ ХҮНИЙ БИЕД 250 ОРЧИМ ТӨРЛИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭДЭГ-

Элэгний өвчлөл, вируст гепатитын талаар Баянзүрх дүүргийн ЭМТ-ийн халдвартын эмч М.Соёлмаатай ярилцлаа.

-Хоёулаа ярилцлагынхаа эхэнд элэг нь эрхтэн тогтолцоонд ямар үүрэг гүйцэтгэдэг талаар ярих нь зүйтэй болов уу?

-Элэг нь 1,5 кг жинтэй биеийн хамгийн том эрхтэн. Хүний биед 250 орчим төрлийн үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал цөс, хоол тэжээл боловсруулах, глюкозын зохицуулалтад оролцох, хоргүйжүүлэх, уураг нийлэгжүүлэх, эрдэс витамин хадгалах, цусыг цэвэршүүлж, цусны эсүүдийг эргэлтэд байлгах гээд гол төлөв бодисын солилцоотой холбоотой үүргүүдийг гүйцэтгэдэг.

-Гепатитын халдварын талаар ярихаас өмнө элэгний үйл ажиллагаа ямар үед доголддог. Яагаад өвчилдөг талаар ярилцъя?

-Элэг өвчлөхөд олон шалтгаан байдаг. Эдгээрээс хамгийн түгээмэл нь халдвар, хордлого, бодисын солилцооны өөрчлөлт, осол гэмтлийн шалтгаан юм. Тухайлбал, халдварын шалтгаан нь вирус, зарим төрлийн нян шимэгчээс үүдэлтэй байдаг. Харин хордлогын тохиолдол нь ахуйн хүрээнд хэрэглэгддэг будаг, цавуу, ацетон, угаалгын нунтаг зэрэг хорт бодис, архины хэрэглээ, сүрьеэ болон жирэмснээс хамгаалах 72 цагийн эм зэргээс шалтгаалж байна. Мөн бодисын солилцоонд өөрчлөлт орж, таргалалт, чихрийн шижин өвчнөөр өвчилснөөр элэг гэмтэх том шалтгаан болдог.

-Элгийг дүлий эрхтэн гэлцдэг. Тэр ч утгаараа хүмүүс өвчин хүндэрсний дараа эрүүл мэндийн байгууллагад ханддаг сөрөг тал ажиглагдаад байна. Үйлчлүүлэгчдийн хувьд өвчний ямар үед ихэвчлэн хандаж байна?

-Надад үзүүлж буй нийт үзлэгийн 80-90 хувийг вирусийн халдварын шалтгаант элэгний эмгэг эзэлж байна. Элэг өөрөө мэдрэлжүүлэлт багатай эрхтэн. Тиймээс элэг өвчлөхөд ихэвчлэн тухайн хүнд илрэх шинж тэмдэг байдаггүй. Өөрөөр хэлбэл зовиур шаналгаа багатай, үйл явц нь алгуурхан явагддаг гэж ойлгож болно. Үйлчлүүлэгчдийн тухайд ажил ихтэй цаг зав багатайгаас болдог уу, эсвэл эрүүл мэндийн боловсрол дутмагаас болж өвчин хүндэрсэн үед эрүүл мэндийн байгууллагад хандах тохиолдол түгээмэл ажиглагдаж байна.

-Гепатитын хэдэн төрлийн вирус байдаг вэ. Монгол аль нь түгээмэл байна?

-Одоогоор A, B, C, D, E, F, TTV мөн SEN гэх гепатит үүсгэгч вирус тодорхойлогдоод байна. Харин манай улсад вирусийн гепатитын A, B, C, D, E-ийн өвчлөл оношлогдож байгаа.

-Дээрх вирус тус бүр хүний бие махбодид ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ. Халдварыг ямар замаар авдаг вэ?

-Гепатит А, Е вирус нь хүнээс хүнд халдварладаг, бохирлогдсон ус, хоол хүнс, бохир гараар болон ахуйн замаар халдварладаг. Манайхан “бохирын шар” гэж нэрлэдэг шүү дээ. Харин А вирусийн халдвараар голдуу хүүхдүүд өвчилдөг, ихэвчлэн хөнгөн эсвэл зовиургүй байдаг. Е вирусийн тухайд хоруу чанар багатай вирус учраас харьцангуй их хэмжээтэй, өвчин үүсгэдэг. 15-29 насны залуучууд ихэвчлэн өвдөх хандлагатай байгаа. Е гепатит нь жирэмсэн эмэгтэйчүүдэд хүнд явагддаг. А гепатиттай харьцуулахад хүндэвтэр, хүндрэл нэлээд тохиолдож байна. А, Е вирус нь архагшиж үлддэггүй бүрэн эдгэрдэг. В, C, D вирус нь халдвартай цус болон биеийн шингэнээр, өвчтэй хүний цусаар бохирлогдсон, дутуу ариутгасан зүү, шприцээр халдварладаг. Мөн гоо сайхны болон шүдний эмчилгээний багаж аппарат, мэс заслын багажаар халдварлаж болно. Монголчууд “шприцний шар” гэж ярьдаг. B, C, D вирус нь архагшиж үлдэж болно. Бүрэн эмчлэхгүй бол цаашдаа элэгний хатуурал хавдар болон элэгний дутагдалд хүргэдэг аюултай. Вирусийн гепатитын үед илрэх шинж тэмдэг нь цочмог халдварын үед тод байдаг бол архаг халдварын үед зовиур багатай, шинж тэмдэг нь бүдэг балархай байна. Илрэх нийтлэг шинж нь ядарч сульдах, толгой өвдөх, арьс салст, хумс шарлах,хэвлийгээр өвдөх, ажлын бүтээмж буурах, шээс шар хүрэн, баас цайрах шинжүүд илэрдэг.

-Гепатитын өвчлөл нь эдгэрэх боломжтой юу. Ямар эмчилгээ хийлгэдэг вэ?

-Гепатит А нь цочмог, хөнгөн өнгөрч, өөрийн жамаар эдгэрдэг бол гепатит С-г вирусийн эсрэг шууд үйлдэлт эмээр бүрэн эмчилж байгаа. Харин гепатит B, D –г вирусийн идэвхжлийг бууруулах замаар элэгний хатуурал, хавдарт шилжихээс урьдчилан сэргийлж байна.

-Өвчний үеийн хооллолтод юуг анхаарах вэ?

-Өвчний үед аль болох хурц хоолноос татгалзах хэрэгтэй. Өөх тос ихтэй, шарж хайрсан, янз бүрийн амтлагчтай хоолыг хорино. Мөн тухайн өвчтөн, түүний гэр бүлийнхэн нь эмчийн болон мэргэжлийн хоол зүйчийн зөвлөгөөгөөр хоолны дэглэм бариулах хэрэгтэй.

-Гепатитын өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд юуг анхаарах вэ, дархлаажуулалтад хэрхэн хамрагдах ёстой вэ?

-Гепатитын өвчлөлөөс сэргийлэх бүрэн боломжтой. Гепатит А-ийн өвчлөлөөс идэвхгүй буюу гаммаглобулины аргаар болон идэвхтэй буюу вакцинаар дархлаажуулан урьдчилан сэргийлж болно. 1991 оноос хойш Монгол улс шинээр төрсөн бүх хүүхдийг товлолын дагуу B гепатитын вакцинаар дархлаажуулж байна. Одоогоор C, D вирусийн эсрэг вакцин байхгүй. Тиймээс гепатитын вирусээс урьдчилан сэргийлэхийн тулд шаардлагагүй тариа, тарилга, шивээснээс татгалзах хэрэгтэй. Мөн төвлөрсөн ариутгалтай шүдний эмнэлгээр үйлчлүүлэх, эмэгтэйчүүд маникюр, педикюр хийлгэхдээ багаж материалаа ариутгасан эсэхэд хяналт тавьж, шаардлага тавих зэргээр эрүүл мэндээ эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна. Ер нь арьс салстын бүрэн бүтэн байдлыг хангаж байх нь хамгийн чухал. Түүнчлэн гепатитын вирус бэлгийн замаар дамжин халдварлах боломжтойг анхаарч, хосууд бие биендээ үнэнч байж, тохиолдлын бэлгийн харьцаанд орохгүй байж, бэлгэвч хэрэглэхийг зөвлөж байна.

-Гепатитын вирус хавсрах тохиолдол гарах болсон гэсэн. Бүх вирус хавсрах боломжтой юу?

-D вирус нь хүний биед дангаараа үржих чадваргүй. Зөвхөн B вирусийн халдвартай хүмүүс халдварладаг. Мөн B, C, D вирусууд хавсран халдварлаж болно.

-Вирустэй эхээс төрсөн хүүхдэд вирус халдварладаг уу. Хүүхдийн бие, амьдрах чадварт нөлөөлдөг үү?

-Төрөхийн өмнө, төрлөгийн явцад, төрсний дараа В вирусийн идэвхжилтэй эхээс ураг болон нярайд халдвар дамжиж болно. В вирусийн халдвартай эхээс төрсөн нярайд дархлаажуулалтын төрөх тун гепатитийн вирусийн эсрэг иммуноглобулиныг хийснээр халдварын эрсдэлийг 90 хувь хүртэл бууруулах боломжтой. Харин хүүхэд эхээс халдвар авбал архагших магадлал 90 хувь байдаг. Тиймээс жирэмслэхээр төлөвлөж байгаа бол урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, өвчтэй эсэхээ тодорхойлуулах хэрэгтэй. Өвчилсөн байвал цаг алдалгүй мэргэжлийн эмчид хандаж, эмчилгээ хийлгэх нь өөрийгөө болон хүүхдийнхээ эрүүл мэндэд томоохон хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг юм шүү.


Сэтгэгдэл

Зочин [66.181.184.73] 2024-04-06 14:51:08

Түгж гөлөг минь сэтгүүлч нь бууруу бичсэн байхад эмч рүү нь яагаад дайраад байгаа дураараа янкан бэ

Түгж [66.181.183.207] 2019-07-07 04:15:53

соёлмаа гэдэг эмчийн монгол хэл юу болж байна? Жирэмслэхээс хамгаалах гэхийг жирэмснээс хамгаалах гэж санаатайгаар гуйвуулж байна. Зөрчлийн хуулийн дагуу торгууль тавьж ялла.

Зочин [202.131.227.178] 2019-07-06 06:35:06

тэгээд л попроод байх юм


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.