Ч.Батдөл:  Ихэвчлэн алаг ангир үхсэн

Н.Алтанцэцэг / Шинжлэх Ухаан

Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн Багануур гэдэг газарт нүүдлийн шувууд ихээр шалтгаангүйгээр үхэж, өвчилжээ. Шувуу ямар шалтгаанаар үхэж, хорогдож байгаа талаар Завхан аймгийн Дөрвөлжин сумын Засаг дарга Ч.Батдөлтэй утсаар холбогдож, зарим зүйлийг тодрууллаа.

-Танай суманд усны шувууд олноор үхэж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Манай суманд усны шувууд үхэж байгаа. Онцгой байдал, цагдаа, Зооноз өвчин судлалын төв, Мал эмнэлэг үржлийн газар, Эрүүл мэндийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ус, цаг уур орчны шинжилгээний газар, нутгийн захиргааны байгууллагууд газар дээр нь хамтран ажилласан. Одоо хорогдол багассан.

-Шувууны үхэж байгаа шалтгаан тогтоогдсон уу. Цианат натри алдагдсанаас болсон юм биш үү?

-Одоогоор бидэнд юунаас болж хорогдож байгаа талаарх мэдээлэл ирээгүй байна. Мал эмнэлгийн газар, Зооноз өвчин судлалын төв, Зэрлэг ан амьтан хамгаалах төв гээд шинжилгээ авсан. Энэ сарын 24-25-ны өдрүүдэд хүмүүс ирээд ахиад шинжилгээ аваад явсан.

-Шувуу хэзээнээс үхэж эхэлсэн бэ?

-Өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр үхэж эхэлсэн. Одоо хорогдлын хэмжээ нэлээд буурсан. Нүүдлийн шувууд буцаж байгаа болохоор нуурын шувууд ч гэсэн багассан.

-Одоогийн байдлаар ямар төрлийн шувуу хичнээн үхээд байх шиг байна?

-Одоогийн байдлаар 2600 орчим шувуу хорогдсон байгаа. Ихэвчлэн алаг ангир үхсэн. Шувууны сэг зэмийг нь устгах, халдваргүйжүүлэх ажлыг манай сумын Мал эмнэлэг, Байгаль орчны газрын хүмүүс хийж байгаа. Харин нарийн шинжилгээ, судалгааг Улсын мал эмнэлгийн ерөнхий газар хариуцаж байгаа.

-Шувууны сэг зэмийг нь устгалд оруулсан хүмүүсийн бие нь өвдөж байгаа гэсэн мэдээлэл байна?

-Шувууны сэг зэмийг нь сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд нуурын ойролцоо газарт булж байгаа. Сэг зэмийг нь устгах ажилд би өөрийн биеэр оролцсон. Одоогийн байдлаар хүмүүсийн бие өвдсөн зүйл байхгүй.

-ЗАВХАН АЙМГИЙН ДӨРВӨЛЖИН СУМЫН БАГАНУУРЫН УС БОЛОН ХӨРСӨНД ШИНЖИЛГЭЭ ХИЙЖЭЭ-

Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг, Багануур орчимд нүүдлийн шувууд шалтгаангүйгээр үхэж байгаатай холбогдуулан МХЕГ, аймгийн Мэргэжлийн хяналтын газар хамтран газар дээр нь хяналт шалгалт хийж, нуурын ус, нуур орчмын хөрснөөс дээж авч шинжлүүлжээ. Нуурын уснаас авсан дээжинд хүнд металын шинжилгээгээр натри, хүнцэл зэрэг хүнд металын бохирдол ихтэй, нян судлалын шинжилгээгээр эмгэг төрөгч Salmonella spp илрээгүй байна. Харин гэдэсний бүлгийн болзолт эмгэг төрөгч нян Citro bacter spp илэрсэн бөгөөд нуурын ус мал, амьтны ялгадсаар бохирдсонтой холбоотой аж. Хөрсний дээжинд хийсэн хүнд металын шинжилгээгээр ванадий зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их гарсан хэдий ч хортой, аюултай агууламжийн хэмжээнээс бага байна. Нуурын ус болон хөрсний дээжинд цианит илрээгүй аж.

Есдүгээр сарын 4-ний өдрийн байдлаар нийт 2253 толгой шувуу хорогдсоны 97 хувийг хоёр зүйлийн ангир шувуу эзэлж байна. Тус нуур орчимд шувуу хорогдож эхэлснээс хойш аймгийн Байгаль орчны газар, Зооноз өвчин судлалын төв, Мал эмнэлгийн газраас ажлын хэсэг ажиллан үхсэн шувуудаас дээж авч Улсын мал эмнэлгийн хүрээлэн, аймгийн ус цаг уур орчны шинжилгээний лабораторид хүргүүлсэн бөгөөд шинжилгээний хариу одоогоор гараагүй байна.


Сэтгэгдэл

ard niiteeree jaahan niigemiin debsilt yzeltei eh orondoo elegtei hairtai baimaar sanagdah yum!!!!! [148.60.92.227] 2019-09-28 10:32:38

an amitadaan hairlan hamgaalaach ee!!ardyyd aa,ta bidnii ami amijargaanii hajuugaar baigaliin tegs baidal araatan jigyyrten sybyydiin ydamiin san hiigeed tedgeeriin amid yabah erh ebchin zoblongoos hamgaalah niigemiin bdologo mas ikhe heregtei!!!!dder ni Mongoliin nytagt orsdog eer haa ch baihgyi Sonhor sybyygaan darhan chaaztai bolgoyo?yahaaraa hybhai arabyydad egeed baidag bolson be?henii yed ehlej heden haltar chaasnaas bolj egeh bolsoniig ard niitiin emne tailagnah chag ni boljee!!eh ornoo hamgaalah yilstei ene byh zyil zailsggyi saardlagatai bna!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.