Иргэдээс төрийн дээд шатны байгууллагад хандсан асуудлыг доод шатны байгууллагад шилжүүлэх явдал хэвшмэл болсон гэв

Н.Алтанцэцэг / Нийгэм

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтран төрийн байгууллагын өргөдөл, гомдол хариуцсан ажилтнуудыг оролцуулсан “Иргэдийн өргөдөл, гомдол: Шийдвэрлэлт, хяналт, тайлагналт” сэдэвт форумыг анх удаа зохион байгууллаа.

Энэхүү форумын зорилго нь иргэний гомдлыг шуурхай шийдвэрлэх, хяналт тавих боломжийг хангах, төрийн албан дахь хүнд суртлыг багасгах, авлигын эрсдлээс урьдчилан сэргийлэх, иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, ялангуяа иргэдээс хүлээн авч буй өргөдөл, гомдлын агуулга, хянан шалгах явц, шийдвэрлэлтэд хийх дүн шинжилгээний чанар, арга зүйг сайжруулахад чиглэж, төрийн байгууллагын өргөдөл, гомдол хариуцсан ажилтнуудыг чадавхжуулах юм.

image

Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль батлагдаад удаж байна. 25 жилийн хугацаанд уг хуульд хэд хэдэн удаагийн нэмэлт, өөрчлөлт орсон. Энэ хугацаанд цаг үе, нийгмээ дагаж төр, иргэний харилцаа ч мөн адил хувьсан өөрчлөгдөж байгаа тул хуулийн зохицуулалт өнөөдрийн хэрэгцээ шаардлагыг хангаж байна уу гэдгийг анхаарч үзэх шаардлагатай. Тухайлбал, энэ хуульд төрийн байгууллагууд хууль тогтоомжоор тогтоосон өөрийн эрхлэх асуудлын хүрээг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, сурталчлах ажлыг тасралтгүй хийх ажил хангалтгүй байгаагаас хамааран иргэд тухайн нэг асуудлаар хаана, хэнд хандахаа мэдэхгүй байх тохиолдол гардаг нь иргэдийн бухимдлыг төрүүлдэг, мөн иргэдээс төрийн эрх бүхий дээд шатны байгууллагад хандсан асуудлыг доод шатны байгууллагад шилжүүлэх явдал хэвшмэл болсон нь иргэдийн төрд итгэх итгэлийг бууруулах хүчин зүйл болж байна. Өнөөдрийн форум энэ мэт асуудлуудыг хөндөж байгаагаараа онцлог юм” гэв.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Ганбат “Төрийн албан хаагчид иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг хууль тогтоомжийн хүрээнд сайтар судлан шийдвэрлэх, өргөдөл гомдлыг ийш тийш нь шилжүүлж иргэдийг чирэгдүүлэхгүй байхад анхаарлаа хандуулан, шийдвэрлэх боломжгүй асуудалд хууль тогтоомжийн үндэслэлтэй хариу өгч, иргэдийн сэтгэл ханамжийн баталгааг хангаж ажиллах шаардлагатай. Төрийн байгууллагад ирсэн өргөдөл, гомдлын нэгдсэн мэдээллийн сан байгуулж, хяналтын нэгдсэн системтэй болох шаардлага тулгарч байна. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах төвийн (11-11) системийг шинэчлэн, иргэд хэрэглэхэд хялбар, өөрийн гаргасан өргөдлийн шийдвэрлэлтийн явцын мэдээг цахимаар авах боломж бүхий шинэ системийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Төрийн албан хаагчдын дунд зохион байгуулж буй энэхүү форум цаг үеэ олсон чухал асуудал болж байна” гэлээ.

Төрийн байгууллагууд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгаад хөндлөнгийн үнэлгээ хийлгэж нөхцөл байдлыг тодруулах, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд Зөвлөмж хүргүүлэхээр тогтлоо. Төрийн бүх шатны байгууллагын өргөдөл, гомдол хүлээн авах ажилтны мэдээллийн санг бүрдүүлж, төрийн байгууллагад хандсан иргэнийг тухайн байгууллагын хариуцсан ажилтантай шууд холбож иргэний гомдлыг шуурхай шийдвэрлэх, хяналт тавих нөхцөл боломжийг бүрдүүлэхийг АТГ зорьж байгаа аж.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.