Монголын эдийн засаг ирэх онуудад өөдлөхгүй нь

Л.Батцэнгэл / Эдийн засаг

Монгол Улсын эдийн засаг ирэх онд унах уу, сэргэх үү гэдэг асуулт өнөөдөр төрийн түшээдээсээ авахуулаад жирийн иргэдээ хүртэл толгойны өвчин болсоор байна. Ядаж байхад Монгол Улс олон улсын эдийн засгийн хориг арга хэмжээ авагдаж саарал жагсаалтад орчихсон байдаг. Гадаадын баахан бондын өр төлөгдөх хугацаа нь хаяанд ирчихээд “боож үхэх бор шидмэс хайх” дээрээ тулаад байгаа. Эрх баригчид ямар сайндаа л мөрийн хөтөлбөрөө умартаж авто машины татвар нэмэх гэж, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр давхар авах гэж ёстой л хойд хормойгоо авч урд хормойгоо нөхнө гээч болж байна. Татвар төлөгч аж ахуйн нэгжийн тоо жилээс жилд буураад байдаг. Дээр нь Нийгмийн даатгалын шимтгэлийг тодорхой хувиар нэмнэ гэсэн шийдвэр ч олон түмний бухимдлыг төрүүлж эхэлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч үүнд хориг тавилаа. Хориг тавихаас ч аргагүй.

“Оюутолгой” төслийн гүний уурхайн ажил удааширвал ам.долларын ханш тэнгэрт хадах байх

Монголын эдийн засаг ирэх онд яах вэ. Энэ асуултын хариу ихээхэн өөдрөг бус, сөрөг хүлээлт дагуулсаар байгаа. Олон улсын санхүүгийн донор байгууллагууд дор бүрнээ өөрсдийн гаргасан таамаглалаа бууруулж, манай улсын дотоодын бүтээгдэхүүний өсөлтийг ирэх жил ахин уруудуулаад буй.Азийн хөгжлийн банк болон Дэлхийн банк, ОУВС тэргүүтэй байгууллагууд өсөлтийн хурд саарахаар байгааг нэмж дуулгасан. Эдийн засгийг сэргээх бус сэвтээх арга хэмжээнүүд зах зухаасаа бизнесийн орчныг доройтуулж эхэлсэн. Тухайлбал, үүнд 2020 оны төсвийн өндөр алдагдал, түүний үр ашиг багатай үрэлгэн зардал орж байгаа юм. Тэрчлэн “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт ирэх онд удааширч болзошгүй гэсэн урьдчилсан таамаглал гарсан. Хэрэв энэхүү төслийн санхүүжилт зогсож, хөрөнгө оруулалтын гэрээнд дахин өөрчлөлт оруулахаар талууд хэлэлцээрийн ширээнд суувал өнөөдрийн төгрөгтэй харьцах ам.долларын ханш тэнгэрт хадаж таарах байх.Хамгийн бодит эрсдэл валютын ханшаар дамжин эдийн засагт, иргэдийн амьдралд, улс орны өрсөлдөх чадварт нөлөөлнө гэсэн үг. Төв банкны зарласан албан ханшаар ам.доллар 2721 төгрөгтэй тэнцлээ.Ам.доллар төгрөгийн эсрэг бүх цаг үеийнхээ хамгийн дээд цэгт хүрээд байгаа нь энэ. Манай улсын гадаад валютын албан нөөц 3.8 тэрбум ам.доллартай тэнцэх боловч төгрөгийн ханш улам суларсаар байна.

Валютын ханш өсвөл үнийн өсөлтийг худалдан авах чадвар гүйцэхгүй

Азийн хөгжлийн банк ирэх оны ДНБ-ий өсөлтийг зургаан хувиар зурагласан бол Дэлхийн банк, ОУВС үүнээс доогуур үнэлгээ өгч буй. Харин Засгийн газар энэ оны өсөлтийг найман хувиар таамагласан бол ирэх жилийг зургаан хувиар тооцжээ. Бизнесийн орчныг 2020 онд цоо шинэ татварын орчин угтана.Тэгвэл өнөөдөр Монгол Улсын бизнесийн идэвхжил өнгөрсөн сард огцом суларсныг “World Economics” байгууллага дүгнэлээ. Бизнесийн идэвхжилд үнэлгээ өгдөг борлуулалтын менежерүүдийн индекс сүүлийн 32 сарын доод түвшинд хүрсэн байна. Цаашдын хүлээлт ямар байгааг өгүүлэх бизнесийн итгэлийн индекс өнгөрсөн сард хамгийн доод түвшин рүү унасан нь энэ.Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, ДНБ-ий өсөлт энэ оны эхний есөн сард 13.7 их наяд төгрөг болж, 6.3 хувиар өсөв. Энэ оны хоёрдугаар улиралтай харьцуулахад ДНБ-ий 7.3 хувиас буурч, дээрх түвшинд ирсэн хэрэг. Эдийн засгийн идэвхжил, иргэдийн худалдан авалтыг илэрхийлэх инфляци мөн л буурч, 7.6 хувиар өнөөдөр хэмжигдэж байна.Валютын ханшаар үүдэн хөөрөгдөх өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг иргэдийн орлого, худалдан авах чадвар гүйцэхгүй байгааг эндээс харж болно.

Төрийн хүнд суртал, бизнесийн шударга бус өрсөлдөөн олон аж ахуйн нэгжийн үүдийг барьж байна

Нийгэм, эдийн засгийн өнгөрсөн сарын ээлжит тайлангаа энэ долоо хоногт ҮСХ танилцуулна. Инфляц, хөдөлмөрийн зах зээл, гадаад худалдаа, мөнгөний нийлүүлэлт гээд эдийн засгийн “эрүүл мэнд”-ийг илтгэх гол тоонууд энэ үеэр тодорхой болох юм. Төсвийн орлогын ачааны хүндийг хувийн хэвшил үүрч ирсэн.Энэ жишгээр тэд 2020 онд багагүй хүндрэлтэй нүүр тулахаар байгаа. Улсын хэмжээнд нийт 93 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа судалгаа бий ч өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлт. Татварын ачаалал, төрийн хүнд суртал, дарамт шахалт, валютын ханш, бизнесийн шударга бус өрсөлдөөн өнөөдөр олон аж ахуйн нэгж үүдээ барихад хүргэж байна.

Нүүрсээ Баяннуур гэдэг ганц аймагт гаргаж байгаа нь эрсдэлтэй зах зээл үүсгэж байна

Монголын эдийн засаг ирэх онд ямар байх талаар эдийн засагч Н.Энхбаяр маш бодитой ярьж байгаа. Тэрээр “2008, 2009 он хүртэл манай улсын эдийн засаг маш цомхон байлаа. 2008, 2009 онд дэлхийн эдийн засагт түүхий эдийн ханш өссөн, Зэсийн үнэ гэхэд л төсөөлж байгаагүй цойлсон. Тэр үе хүртэл нүүрсний экспорт гэж байсангүй. Манай экспортын 90 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн. Авууштай нь уул уурхайн бүтээгдэхүүний нэр төрөл олширч байна. Уул уурхайн бүтээгдэхүүний 90 хувь нь Хятад гэсэн ганцхан зах зээлээс хамааралтай. Хятад улс манайхаас авдаг түүхий эдээ бүгдийг нь дотооддоо хэрэглэдэггүй. Коксжих нүүрс маань Хятадын гангийн үйлдвэрлэлийн түүхий эд. Хятад улс үйлдвэрлэсэн гангаа Европын холбоо, АНУ, Японы зах зээлд гаргадаг. Ингээд харахаар дэлхийн эдийн засаг удаашрах хэрээр гангийн хэрэглээ буурна. Гангийн хувьд усан онгоц, автомашины үйлдвэрлэл, дэд бүтцийн бүтээн байгуулалтын гол бүтээгдэхүүн. Аж үйлдвэрлэл буурах хэрээр гангийн хэрэглээ буурна гэсэн үг. Ийм нөхцөлд коксжих нүүрсний үнэ, хэмжээг зөвхөн өөрсдийнхөө мөрөөдлөөр таамаглаж болохгүй. Харамсалтай нь, 42 сая тонн нүүрс гаргана гэж хоёр жил ярилаа. Ямар ч баримжаа багцаа, гэрээ хэлэлцээргүй хэр нь ийм тоо тавьчихдаг.Гэтэл Австрали Хятадтай төмрийн хүдэр, нүүрсэндээ урт хугацааны хэлэлцээртэй. Жилдээ төчнөөн сая тонн нүүрс, төмрийн хүдэр гаргана гэсэн урт хугацааны хэлцэлтэй. Яг нарийндаа бид хийж буй худалдаагаа гадаад худалдаа гэж бүртгээд яваа ч процессыг нь харвал хил орчмын худалдаа шүү дээ. Баяннуураас даваад дахиад хоёр гурван мужид нийлүүлдэг бол өөрөөр нэрлэж болох байх. Ганцхан аймагт шахуу нийлүүлдэг ийм эрсдэлтэй зах зээлтэй хэр нь урт хугацааны гэрээ хэлэлцээргүй ажиллаж болохгүй. Хил гаалийн боомтоо шинэчилнэ гэсэн ч 2018, 2019 оны тоон мэдээллийг харахаар дэд бүтэц, хилийн боомтын нэвтрүүлэх чадлын хувьд бараг 99 хувьдаа хүрчихсэн. Үүнээс цааш нэмэгдэх ямар ч боломжгүй. Хамгийн том асуудал бол тээвэрлэлт. Арван жил дэд бүтэц ярьсан ч ахисан зүйлгүй сууж байгаа” гээд бидний нүдэнд их мөнгө болж харагддаг уул уурхай, нүүрсний экспортын талаар ярьсан байна лээ.

Нэг суманд тэрбум төгрөгийн үнэтэй соёлын төв хоёрыг барих үнэн утгагүй

Тэрээр эдийн засгийн сахилга батын талаарх санал бодлоо “ОУВС-гийн хөтөлбөрт орсон гол шалтгаан нь төсвийн сахилга бат байсан. Маш олон эх сурвалжаар мөнгөө тараадаг. Жижигхэн эдийн засагтай хэр нь төсвийнхөө 30 хувийг эргүүлээд зарчихдаг. 2010-аад онд төсвийн зарлага бүр 40 хувьтай байсан. Манайх шиг шилжилтийн эдийн засагтай орнуудад бидэн шиг 30-аас дээш хувийн зарлагатай улс байхгүй. Бүгд 30-аас доош орчихсон.Хамаг мөнгөө төсвөөрөө дамжиж зардаг орон гэвэл Төв Азийн ганц хоёрхон улс л байна. Нэг нь бид. Зарж үрж байгаа зүйл нь харамсмаар, татвар төлөгчид гомдол хэлмээр. Сумдын соёлын төв гэсэн жагсаалтыг хараарай.Бүгд нэг тэрбум төгрөг. Манай улс 365 сумтай. Нэг суманд хоёр гуравхан мянган хүн амьдардаг. Тиймхэн хүнд зориулаад нэг суманд хоёр заал барьж байна. Сургуулийн заал гэж бий. Сумын сургууль цөөхөн хүүхэдтэй учраас үдээс хойш ямар ч хичээлгүй. Хоёр мянган хүнтэй суманд 640 хүүхдийн сургууль бариад, хажууд нь 240 хүний суудалтай соёлын төв барих ямар ч шаардлага байхгүй. Мөнгөө багтааж ядсан Арабын улс биш шүү дээ, бид. Гэтэл Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төв ханиад томуу оргил үедээ ороогүй өдийд гэхэд л ачааллаа даахгүй байна.Ачаалал энд байхад сумдад соёлын төв барих нэрээр мөнгө цацаад сууж таарахгүй л дээ. Ингэж дэмий зүйлд мөнгө цацна гэж ярьж суухаас илүү том асуудал бий. Наад захын жишээ нь бидний төлөх ёстой өр.Зээл аваад өөртөө ланд аваад уначихдаг компанийн захирал шиг сэтгэлгээгээр хандаад байна. Урсгал төсөв 2016 онтой харьцуулахад 50 хувь өсчихсөн. Төсвийн зарлага бараг 14 их наяд. Татварын асар их дарамт, ачаалал байна гэсэн үг. Ийм нөхцөлд хувийн хэвшил өсөж өндийхөд хэцүү” гэж шогширч байна.

Эдийн засагчийн нүдээр харахад ирэх он жилүүд тийм ч өөдрөг төсөөлөгдөхгүй байгаа аж. Түүний хамгийн их санаа зовниж буй зүйл ньОлон улсын санхүүгийн байгууллагуудын гаргасан ирэх дөрвөн жилийн санхүүгийн төлөв гэнэ. “Монголын 2020-2024 оны эрэлт хэрэгцээ, зардал, тэр хөрөнгөө ямар эх үүсвэрээс нөхөх талаарх тооцоог сонирхлоо. Санхүүжилтийн эх үүсвэрийнхээ нэлээд хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нөхнө гээд маш өөдрөг тоо тавьсан харагдсан.Одоогийнхоо энэ хандлагаар явбал гадаадын хөрөнгө оруулалт орж ирсэн ч нөхөхөөргүй зураг харагдаж байна. ОУВС-гийн хөтөлбөр ирэх жил дуусна. Тэгвэл 2021, 2022 онд дутах мөнгөө хаанаас нөхөх вэ гэсэн асуулт гарч ирнэ. Гадаадын хөрөнгө оруулалтаа маш сайн байлгасан ч дутна. Эдийн засаг дажгүй бол бонд гаргана. Бонд гаргах чадваргүй бол дахиад л зээл авна.Бонд гаргах чадваргүй, эдийн засаг нь суларсан улсад хэн мөнгө өгөх нь тодорхой. Дахиад л ОУВС, Дэлхийн банкнаас гуйна. Ийм нөхцөлд аж төрж байж бүх асуудлаа даваад гарчихсан юм шиг үрэлгэн загнаж болохгүй.ОХУ бол олон төрлийн түүхий эдтэй, том экспортлогч улс. Манайх тийм мундаг экспортлогч биш. Одоохондоо зэс, нүүрс л голлож байна. Тэгэхээр маневрлах чадвараа бодох ёстой.Эдийн засаг 2015, 2016 оных шиг буурч, нүүрсний үнэ уналаа гэж бодъё. Орлуулах, маневрлах зүйл хэрэгтэй болно. Хамгийн сайн маневрлах зүйл нь алт. Дараа нь нүүрс орно. Зэсийн баяжмал тодорхой хэмжээтэй, худалдан авагч нь тодорхой багтаамжтай. Тэгэхээр нүүрсэн дээрээ фокуслах ёстой. Хэзээ их, хэзээ бага гаргахаа бодох хэрэгтэй. Нүүрсний үнэ буурахад экспортынхоо биет хэмжээг өсгөх бодлого шаардлагатай. Гэтэл өнөөхөндөө маневрлах бодлого алга. Бүгдийг нь тултал тавиад явж байгаа” гэсэн бол саарал жагсаалтад орсон тухайд “ФАТФ бол мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг байгууллага. Ганц энэ байгууллага тэмцээд байгаа юм биш л дээ. Дэлхийн олон байгууллага, тэр дундаа өндөр хөгжилтэй том гүрнүүд тэмцэж ирсэн. Тийм ч учраас ФАТФ-ыг 1989 онд Их долоо санаачилсан юм.Эдийн засаг гээд бүх л чигийн бодлогыг том долоог дагаад G-20 тодорхойлж яваа. Том долоогийн уулзалтын өмнө жил бүр гадаад бодлогын, сангийн, төв банкны, боловсролын гээд маш олон салбарын сайд нарын зөвлөлдөх уулзалт болдог. G-7-гийн бидэнд хамааралтай хэсэг нь төв банк, сангийн сайд нарын жил бүр хийдэг уулзалт. Тэр бүх уулзалтаас тунхаг бичиг гардаг. Тэр тунхаг бичгүүдийг бид маш сайн харж байх ёстой. Дэлхийн банк, ОУВС, ЕСБХБ бүгд G-7-гийн санаачилгаар байгуулагдсан. Санхүүжилтийнх нь дийлэнх хувь нь эдгээр улс орных. Уулзалтуудаас гардаг тунхаг бичигт мөнгө угаах, терроризмтой тэмцэх ажлыг эрчимжүүлнэ гэчихсэн байгаа. Тэр бодлоготой нь зөрчилдсөн ямар нэг алхам дээр маш хурдан арга хэмжээ авна. НҮБ, Дэлхийн банк, Валютын сан тус тусдаа статистикийн байгууллагатай. Тэгэхээр бидэнд аливаа юмыг нууж хаах боломж байхгүй гэсэн үг. Нэгэнд нь нэг тоо өгөөд, нөгөөд нь өөр тоо өгөх аргагүй болсон. Манайд сэжигтэй байж болохуйц олон зүйл бий. Хойд Солонгосоос эхлээд. Саарал жагсаалтад орсноор мөнгөн гүйлгээн дээр хувь хэмжээ нь нэмэгдэх эрсдэл бий. Энэ бол иргэдэд мэдрэгдэх тал нь. Улс орны хэмжээнд харилцаа нэлээд алсарна гэсэн үг. Сүүлийн хоёр гурван жил Монголын өрсөлдөх чадвар буурлаа. Бизнесийн хөрөнгө оруулалтын орчны үзүүлэлт доошиллоо. Саарал жагсаалтад орчихлоо. Зээлжих зэрэглэл тогтоодог байгууллагууд энэ бүх мэдээллийг нягтлаад сууж байдаг. Ахиц гаргахгүй удвал зээлжих зэрэглэлд шууд биш юм аа гэхэд шууд бус утгаараа сөргөөр нөлөөлнө. Шууд бууруулахгүй ч, тайландаа анхааруулсан үг өгүүлбэр тусгана. Ирээдүйд үнэлгээ нь буурах эрсдэлтэй гэчихэд л Засгийн газар, банкуудын бондын гадаад зах зээлд гарах хувь, хэмжээ нь хэцүүднэ. Тэгэхээр саарал жагсаалтаас гарах чиглэлд шуурхай ажиллах хэрэгтэй” гэж ярьсан.

Хятадын эдийн засгийн удаашрал Монголын экспортод шууд нөлөөлнө гэжээ

Азийн хөгжлийн банкны эдийн засгийн голлох нийтлэл болох “Азийн хөгжлийн төлөв-2019 шинэчилсэн тайланд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2018 оны 7.2 хувиас бага зэрэг буурч 2019 онд 6.7, 2020 онд 6.1 хувь болно хэмээн таамагласан байна.Дотоод эрэлт өсч, уул уурхай болон барилгын салбарууд тэлсэн нь 2019 оны эхний хагас жилийн эдийн засгийн өсөлтөд голлон нөлөөлөв. Жилийн сүүлийн хагаст БНХАУ-ын эрэлт саарч, мөн дотоод эрэлт нь импортын өсөлтийг дэмжсэнээр эдийн засгийн өсөлт удаашрахаар байна гэж тайланд дурджээ. “2019 оны эхний хагас жилийн эдийн засгийн гүйцэтгэл төсөөллөөс давсан” гэж АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен хэлээд “2019, 2020 онд Монгол улсын эдийн засгийн өсөлт эерэг хандлагатай байх боловч БНХАУ-ын эдийн засгийн удаашрал нь Монгол Улсын экспортын салбарт нөлөөлнө. Хэрэв 2017 оноос хойшхи макро эдийн засгийн таатай байдлыг Засгийн газар ашиглаж чадвал энэ нь хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжинэ. Монгол Улсын эдийн засаг, ялангуяа түүхий эдийн салбар нь гадны сөрөг хүчин зүйлүүдэд мэдрэмтгий хэвээр байна. Иймд бодлогын орон зай, эдийн засгийн нөөцийг бүрдүүлэх боломж олгох үр ашигтай макро эдийн засгийн бодлого баримтлах нь Монгол Улсын эдийн засгийн мөчлөг дагасан савлагаа, эмзэг байдлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Бүтцийн шинэчлэлүүд, ялангуяа банкны салбар дахь бүтцийн шинэчлэлүүд нь чухал хэвээр байх бөгөөд эдийн засгийн өндөр өсөлттэй энэ үед эдгээр асуудлуудыг шийдвэрлэх нь зүйтэй юм” хэмээн тэмдэглэв.

Дотоод эрэлтээс гадна гадаадын шууд хөрөнгө оруулалт эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлсээр байгаа бөгөөд энэ хандлага цаашид ч үргэлжилнэ. Үйлчилгээний салбарын эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөө өндөр хэвээр байгаа ба хөдөө аж ахуйн салбарын сэргэлт үргэлжлэх төлөвтэй байна. 2019 оны эхний хагаст урсгал дансны алдагдал 10.2 хувь болж багассан ба 2020 онд импортын эрэлтээс үүдэлтэйгээр алдагдал нэмэгдэхээр байгаа аж. Монгол Улсын нэгдсэн төсөв 2019 оны эхний хагаст дотоодын нийт бүтээгдэхүүний 4.7 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай гарсан ба шинээр олгосон зээлийн өсөлт 5.0 хувьтай байснаар нийт зээлийн өсөлт буурсан. Чанаргүй зээлийн хэмжээ нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.6 хувьд хүрч өссөн байна. Монгол Улсын эдийн засаг түүхий эдийн үнийн савалгаа, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн удаашрал зэрэг гадны сөрөг хүчин зүйлүүдэд мэдрэмтгий хэвээр байна. Дотоод эдийн засгийн нөхцөл байдлын хувьд Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй банкуудыг дахин хөрөнгөжүүлэх үйл ажиллагаа тасалдах эрсдэлтэй байна” гэсэн байна.

Энэ бүхнээс харахад Монголын эдийн засаг өнгөрөгч онуудынхаас ихээхэн бүүдгэр бүрхэг байх төлвийг олон улсын банк санхүүгийн байгууллагууд илэрхийлж байгаа бөгөөд хөдөө аж ахуй, эрдэс баялгийн салбарт ямар нэгэн эрсдэл үүсвэл өндийж сэхэхэд бэрх байхаар аж. Дээр нь дөрвөн жилд нэг удаа болдог УИХ-ын сонгууль ч нэрмээс болох биз. Ямартай ч ирэх нэг хоёр жилд Монголын эдийн засаг өснө гэсэн гэгээн төсөөлөл санаанд нэг буухгүй л байна даа.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:16:08

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:16:08

Монгол бол [202.131.225.53] 2019-12-12 03:19:37

Монгол 2 хөршөөсөө дээгүүр гарах ямарч бололцоогүй. Дэлхий нийтээрээ Орос, Хятадын эдийн засгийн хөгжлийг БООЖ УДАШРУУЛАХ гэж байхад дунд нь байгаа Монгол яаж тэр 2-оос дээрддэг юм бэ? Иймд бид Орос, Хятадын эдийн засгууд хүчтэй байгаасай л гэж мөргөж суухаас өөр яах вэ дээ.

Зочин [202.126.88.51] 2019-12-12 06:41:48

Zochin yag unen bichlee

Зочин [64.119.16.14] 2019-12-12 02:47:42

ЭНЭ ЖИЛИЙН ТӨСӨВ БОЛ ГОХОЙН БААС БАЙНА. ЯМАР Ч ХЭРЭГГҮЙ ХӨРӨНӨ ОРУУЛАЛТ НЭРЭЭР ЖАЛГА ДОВД АСАР ТОМ БАРИЛГА ТӨЛӨВЛӨЖ САНАЛ АВАХ ГЭСЭН МАН-ЫН УВАЙГҮЙ ХУЛГАЙЧ ҮЙЛДЭЛ. ЭНЭ ТӨСВИЙГ КОХТОСОН ЭТГЭЭД НЬ ЭРҮГИЙН ЭЛЕИЕНТ ЧИМИДИЙН ХОШНОГО АМТ ХҮРЭЛБААТАР МӨН_ ТЭР ХОТГОР ШАНАГЫН УУРХАЙГ АХ ДҮҮ 2 ТОЙГОО НИЙЛЖ ЗАДГИАД БАС ЦАДААГҮЙ ӨЛӨН ЦӨӨВӨР ИЧИГ ИЧИГ

Зочин [202.9.46.48] 2019-12-12 02:38:06

Zarim sundyyg byr baihgui bolgood , zarymy g baigalyn noots gazar bolgoj baigalaa hamgaal heden humuus amidardag symiin humuus hoorondoo suugaad teneg huuhduud toruuled , aimgiin tovtei oiroltsoo sum ruu nuugen shuulelt hiih heregtei

Зочин [202.179.31.19] 2019-12-12 01:42:51

Аймаг сумдуудад хэрэггүй хөрөнгө оруулалт их хийж б.Арай трм төсөл хөтөлбөрүүдээ анхаармаар б.Сумын төв битгий хэл аймагын төвүүдийн хөрөнгө оруулалтыг ч багасгамаар б.ойрхон ойрхон замаа давхарлаж тавьдаг хавар болгон замын гэрлээ солихоос авхуулаад хэрэгтэй хэрэггүй том албан газрын байр барихаа бооимоор байна шүү


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.