Зургаан настнуудтай харьцах зөвлөмж

Л.Батцэнгэл / Боловсрол

Зургаан насанд нь юуг анхаарах вэ?

Хүүхэд өсгөн хүмүүжүүлэх нь бидний амьдралын хамгийн чухал ажлын нэг билээ. Гэвч ихэнх маань зорилго, аргаа бодохгүйгээр энэхүү их аяныг эхлүүлдэг. Иймд хүүхдийг бага наснаас нь эхлэн эерэгээр хүмүүжүүлэхийн тулд бид юу хийх шаардлагатай вэ?

Хүүхэд тань тэвчээрийг тань барах үе зөндөө бий, энэ үед та уурлах, хүүхэддээ гар хүрэх, хүч хэрэглэхийн оронд дараах зөвлөмжүүдийг туршаад үзээрэй!

Зургаан настай охин маань хумсаа байнга мэрдэг. Түүнийг нь болиулах гээд хааяа гарыг нь цохих, ихэнхдээ зандарч, том дуугарснаас болоод бөөн уйлаан майлаан болох юм. Яах ёстой вэ?

Хүүхэд хумсаа идэж мэрээд байгаа бол эцэг эх, ойрын хүмүүс нь чухам яагаад ингэх болсон шалтгааныг олох нь чухал. Энэ үйлдэл нь ихэвчлэн хүүхдийн сэтгэл санааны хямралтай холбоотой байх нь бий. Хүүхдийн сэтгэл санааг тавгүйтүүлж, хямраадаг олон хүчин зүйл байна. Тухайлбал:

  • Хүүхдийг бусад хүүхэд харьцуулан зэмлэх
  • Найз нөхөдтэйгээ муудалцах
  • Сурлагаар хоцрох
  • Бусад хүмүүсийн зүгээс хүүхэдтэй таагүй харилцах
  • Дүүтэй болох, дүүтэй болсноор түүнд тавьж байсан эцэг эхийн анхаарал халамж өөрчлөгдөх
  • Гэр бүлээсээ хол хөндий байх
  • Хайртай дотнын хүмүүсээ санах
  • Эд зүйлээсээ хагацах
  • Чадвар боломжоос давсан зүйлийг түүнээс шаардах
  • Хүчирхийллийн аргаар хүүхэдтэй харилцах
  • Хийсэн бүтээсэн зүйлийг нь голох, чамлах зэргээр хүүхдийг үл тоох зэрэг нь тэднийг сэтгэл зүйн дарамтад оруулан, бусадтай харилцахаас дургүйцэх, зөрүүдлэх зэрэг таагүй байдалд оруулдаг.

Ийм хямрал, тавгүй байдлаас болж хүүхдэд олон өөрчлөлт гарч болно. Тэдгээрийн нэг нь хумсаа мэрэх явдал юм.Зургаан настай хүүхэд сургуульд орно. Цэцэрлэгийн орчноос сургуульд орсонтой холбоотойгоор олон асуудал тулгарна. Сургуульд дасан зохицох, эцэг эх, багш нар хэрхэн хандах, харилцах нь хүүхдийн өөртөө итгэх итгэлд нөлөөлдөг гэдгийг бүү мартаарай. Хүүхдийн сэтгэлийг тавгүйтүүлээд байгаа шалтгааныг илрүүлсэн бол та дараах зүйлийг хүүхдийнхээ онцлогт тохируулан хийгээрэй.

  • Хүүхдэд хумсаа мэрэх нь түүний эрүүл мэндэд хортой гэдгийг аль болох ойлгомжтой байдлаар энгийн үгээр зөвлөн тайлбарла. Гэхдээ үргэлж нуршихаас зайлсхийгээрэй;
  • “Боль” гэсэн шаардлагаа зогсоох хэрэгтэй. Хүүхдэд “Гараа амнаасаа ав, хумсаа идэхээ болиоч, наад гараа ...” гэх зэрэг сануулга нь түүнд улам л хумсаа идэхийг сануулахтай адил.
  • Хүүхэдтэйгээ тогтмол чөлөөтэй ярилцах цаг гаргаарай! Эцэг эх, ойр дотнын хүмүүс нь сэтгэлийг нь ойлгож байна, тааламжгүй байдлыг нь хамт хуваалцаж байна гэдгийг хүүхэд мэдрэх нь чухал.
  • Хумсаа мэрэх, оролдох үед нь анхаарлыг нь өөр зүйлд хандуулж сарниулах аргыг орчин нөхцөлдөө тохируулан хэрэглээрэй. Та бүхэн уйгагүй тууштай зөвлөмжийг хэрэгжүүлснээр хүүхэддээ тусална. Цохиж, чангаар аашилж зандарч хэрхэвч болохгүй. Шалтгааныг илрүүлж чадахгүй, арилгаж чадахгүй бол мэргэжлийн багш, сэтгэл судлаачид хандаж зөвлөгөө аваарай.

Зургаан настай хүү маань зөвхөн өөрийгөө л боддог. Нэг удаа айлын хүүхдээс тоглоомоо харамлахаар нь хүчээр аваад нөгөө хүүхдэд нь өгсөн. Бас дэлгүүрт ороод таалагдсан юмаа авах гэж орилж уйлаад, ихэнхдээ аавдаа цохиулж, чирж гаргаснаар асуудал дуусах юм. Яаж хүүдээ үүнийг тайлбарлаж таниулах вэ?

Юуны өмнө энэ насны хүүхдийн хөгжлийн онцлогийн талаар эргэцүүлээрэй. Тэд ертөнцийг насанд хүрэгчийн нүдээр хардаггүй. Тэд “Бүх зүйл минийх” гэж бүхий л зүйлийг өөр дээрээ төвлөрүүлэн төсөөлдөг онцлогтой. Цохиж аашлах нь түр зуурын арга болохоос зөв дадал олгох арга биш гэдгийг та ч өөрөө анзаарсан байна. Хүүхдийн хувиа хичээх хандлага нь дараах асуудлаас үүдэлтэй байж мэднэ. Үүнд:

  • Хүүхдээ хэт эрхлүүлэн дураар нь байлгах
  • Айлын ганц юм, энхрий юм, хэнз юм зэрэг олон шалтгаанаар хэт эрхлүүлэх
  • Хүүхдэдээ цаг гаргадаггүй, үл хайхран харилцах
  • Хүүхдэд хувиа хичээхийн хор холбогдлыг тайлбарлан ойлгуулахгүй байх
  • Хүүхдэд тансаг эд зүйл хэрэглүүлэх, давуу эрх эдлэхийг шаардахад Хүүхдэд хүний сэтгэлийн мөн чанар, сэтгэлийн хөдөлгөөний олон янз байдлын талаар насанд нь тохируулан тодорхой тайлбарлаж өгөөгүйгээс бусад хүний сэтгэл хөдлөлийг танин мэдэхгүй байх
  • Хүүхэдтэйгээ хүйтэн хөндий, хайхрамжгүй хандах
  • Эцэг эх болохынхоо хувьд өөрсдөө сахилга баттай байж чаддаггүйгээс гэх мэт олон шалтгаан байж болно.

Хүүхдийнхээ гаргаж байгаа ааш, үйлдлийн цаад шалтгаан нөхцөлийг нь ойлговол, түүнд чиглэж ойлгуулсан, ухааруулсан, урамшуулан дэмжсэн харилцааг хүүхэд тань ойлгоно. Үүний тулд дараах зөвлөмжийг өгч байна.

  • Энэ насны хүүхдэд бусдын үзэл санаа, дотоод сэтгэл хөдлөлийг мэдэх нь төдий л сайн хөгжөөгүй байдаг. Бусдыг зүрх сэтгэлээрээ мэдрэх мэдрэмжийг хөгжүүлэхийн тулд тодорхой шинж тэмдэг дээр анхаарлыг нь төвлөрүүлэн харилцаарай. Жишээ нь: “Алимаагаас тоглоомыг нь булаасан учраас тэр уйлж байна. Тэр гомдож гунигласан байна” гэх мэтээр тодорхой харагдахуйц мэдрэмж дээр анхаарал төвлөрөн харилцаж, өөрийг нь сонсож мэдрэмжээ илэрхийлэх боломжийг олгоорой.
  • Хүүхдэд тоглоомоо бусдад үзүүлэн ганцаараа тоглохыг дэмжих биш, үүний оронд бусадтайгаа хуваалцан, хэрхэн хамтарч тоглож болохыг зөвлөөрэй. Бусадтай тоглоход нь магтахдаа найзтайгаа тоглоод сайн байна гэхийн оронд, “Чамтай тоглохдоо найз чинь ямар их баяртай байгааг харсан уу, чамайг тоглоомоо хуваалцаж тоглоход түүнд үнэхээр таалагдсан. Чамд ямар байсан вэ? тоглоомоо хуваалцаж тоглох сайхан юм байна, тиймээ” гэх мэтээр дэмжээрэй.
  • Хүүхдийнхээ хувиа хичээсэн хандлагыг эвдэхийн тулд нухацтай хандаж, янз бүрийн арга туршин хэрэглэж үзэхийг санал болгож байна. Үүнийг эцэг эхчүүд өөрсдөө үлгэрлэж, хүнд тусалж, бусдад дэм болдог бол хүүхэд чинь аяндаа л таниас суралцана. Хүүхэд таны заасныг биш харин таныг харж суралцдаг.

Гэр бүлийн бүх гишүүн тодорхой нэг зорилготой байх нь чухал. Ээж аав, эмээ өвөөгийн хамтын хүчин чармайлтаар хүүхэд хүнлэг, энэрэнгүй нэгэн болж өсөж хүмүүжнэ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.