Х.Хатанбаатар: Гэрээ олон хоногоор эзгүй орхиж, золгохоор явдаг нь орон байрны хулгай ихсэх гол шалтгаан

Ц.Анударь / Хууль

Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Х.Хатанбаатартай ярилцлаа.

Сар шинийн баяртай холбогдуулан мах болон бууз хулгайлах гэмт хэрэг бүртгэгдэж байна

-Хулгайн гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ? Ялангуяа сар шинийн баярын өдрүүдэд энэ төрлийн гэмт хэрэг ихсэх хандлага байдаг шүү дээ?

- Монголын уламжлалт Цагаан сарын баярын үеэр нийт үйлдэгддэг гэмт хэргийн дийлэнхийг хулгайн гэмт хэрэг эзэлдэг. Хулгайн гэмт хэрэг дотроо халаасны болон орон байрны хулгайн гэмт хэрэг зонхилон үйлдэгдэж байна. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр иргэд маань баяр наадмын үеэр хөөрөг, бусад үнэт эдлэлээ авч явдаг нь халаасны хулгайн гэмт хэргийн золиос болох эрсдлийг нэмэгдүүлдэг. Хоёрдугаарт, гэр орноо эзгүй орхин олон хоногоор ах дүү, хамаатан садан, ааж ээж рүүгээ золгохоор явдаг нь орон байрны хулгай ихсэх гол шалтгаан, нөхцөлийг бүрдүүлдэг. Цагаан сарын баяртай холбогдуулан мах болон бууз хулгайлах гэмт хэрэг тодорхой хувиар бүртгэгдэж байна. Энэ жилийн хувьд нийт гэмт хэргийн гаралт буурсан үзүүлэлттэй байгаа. Энэ нь хөл хорио тогтоосонтой холбоотой. Иргэд хөдөө, орон нутаг руу зорчих хөдөлгөөн нь багассантай холбогдуулаад гэмт хэргийн гаралт хоёр хувиар буурсан үзүүлэлттэй байна.

-Гэмт хэргийн гаралт хоёр хувиар буурсан гэж байна. Энэ тухайд?

- Энэ нь өмнөх оны мөн үеэс 80 гэмт хэргээр буурсан үзүүлэлттэй байна гэсэн үг.

image

-Сар шинийн баярын үеэр иргэдээс хамгийн их ирдэг санал, гомдол юу байдаг вэ?

-Иргэдээс хамгийн их ирдэг санал, гомдол бол халаасны хулгайн чиглэлээр эд зүйлээ алдсан дуудлага байдаг. Баярын энэ үеэр автомашины хулгайн гэмт хэрэг бага бүртгэгддэг. Орон байрны хулгайн гэмт хэрэг баярын өдрүүдээр харьцангуй их гарч байна. Баярын өдрүүдэд халаасны болон орон байрны хулгайн гэмт хэрэг нийт дуудлагын 70-80 хувийг эзэлж байна.

Бүх иргэнийг дроноор хянах боломжгүй

- Цагаан сарын баярын үеэр золголт хийж буй иргэдийг дроноор хянана гэсэн мэдээлэл байгаа. Энэ тухайд албан ёсны тайлбарыг хүргүүлэхгүй юу?

- Цагдаагийн байгууллагаас дроноор иргэдийг хянаж, арга хэмжээ авна гэсэн тушаал, захирамж, шийдвэр гараагүй байгаа. Энэ бол ташаа мэдээлэл. Бүх иргэнийг дроноор хянах боломжгүй.

Нийслэл хотын эмзэг цэгүүдэд 14 ширхэг явуулын камерыг байршуулжээ

- Засгийн газрын зүгээс Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан. Гэхдээ иргэд гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэхийг хориглоогүй шүү дээ. Эдгээр өдрүүдэд хууль, хяналтын байгууллага ямар зохион байгуулалттайгаар ажиллаж байгаа вэ?

- Цагдаагийн байгууллагын хувьд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Ер нь бол гэмт хэрэг гардаг эмзэг цэгүүд гэж байгаа. Ийм цэгүүдэд гэмт этгээд олноороо цуглаж болзошгүй байдаг учир явуулын болон бусад эргүүл, харуулыг байршуулаад байна. “Сар шинэ-2020” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд хоёрдугаар сарын 3-наас 28-ны өдрийг хүртэл зохиогдож байна. Энэ хүрээнд нийслэл хотод гэхэд 14 явуулын камерыг эмзэг цэгүүдэд байршуулсан.

-Олон нийтийг хамарсан золголтуудыг хориглосон байгаа. Баярын өдрүүдээр энэ төрлийн зөрчил илэрвэл ямар арга хэмжээ авах вэ?

- Зөрчлийн тухай хуульд заасны дагуу болон Засгийн газрын нэгдсэн захирамжийн хүрээнд иргэн болон байгууллагад торгуулийн арга хэмжээг ногдуулна. Энэ удаагийн сар шинийн баяр ихээхэн онцлоготой болж байна. БНХАУ-д гарсан шинэ төрлийн коронавирустэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч болон Монгол Улсын Засгийн газар бүх нийтээр баяр ёслол тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан. Нийт иргэддээ цагдаагийн байгууллагаас анхааруулахад төр засгийн шийдвэрийг хүндэтгэн өөрийн болон бусдын төлөө хариуцлагатай байж, гэр бүлийн хүрээнд золголтоо хийхийг уриалж байна.


Сэтгэгдэл

иргэн [211.36.149.3] 2020-02-25 19:26:32

гол шалтгаан ядууралаас болж бай гаа юм.

Zochin [202.55.188.39] 2020-02-24 09:48:01

Buh irgeniig Dronoor hayah bolomjgui gdg chini dronoor hayana gj oilgoh uu. 2 utgatai zuil yarisaniig oilgosongui


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.