БНСУ: COVID-19-н хүнд хэлбэрийн өвчтөнүүдийг цусны сийвэнгээр эмчилж эхэлжээ

Ц.Анударь / Гадаад мэдээ

БНСУ шинэ төрлийн коронавирусын халдвар ковид19-ийн өвчтөнд цусны сийвэнгийн эмчилгээ хийж эдгээжээ. Ковид19-ийн вакцин гараагүй байгаа энэ цаг үед цусны сийвэнгийн эмчилгээний үр дүн анх удаа гарсан нь энэ юм. Эрүүл мэндийн яам тодорхой хугацааны дараа эмчилгээний арга барилыг нийтэд мэдээлэх болно гэв.

Ёнсей Северанс эмнэлгийн Халдвар, дотрын тасгийн Чой Жүн Юн эмчийн ахалсан баг ковид19-өөр өвдсөн 2 ч хүнд цусны сийвэнгийн эмчилгээ хийсний үр дүнд тэд эдгэрсэн байна. Тэдний нэг нь хэдийн эмнэлгээс гарч нөгөө нь тун удахгүй гарах гэж байна.

Цусны сийвэн гэдэг нь цуснаас түүний улаан эс, цагаан эс, ялтасуудыг ялган авч үлдсэн шар өнгийн шингэнг хэлдэг. Вирусыг ялан эдгэрсэн өвчтөний цусны сийвэнд байх эсрэг биетийг өвчтөнд тарьж вирусыг устгах аргаар цусны сийвэнгийн эмчилгээг хийдэг байна. Ковид19-ийн цусны сийвэнгийн эмчилгээг Хятад улс өмнө нь анх удаа хийсэн ба үүний дараа БНСУ нь хоёр дахь удаагаа хийж байгаа нь энэ юм. Европ болон АНУ нь цусны сийвэнг цуглуулж байгаа юм байна.

Үүний өмнө SARS, MERS, Эбола, шувууны ханиад зэрэг шинэ төрлийн вирусын халдваруудад ашиглаж байсан юм. MERS өвчний үед 9 хүнд тарьж байсан.

Энэ удаагийн цусны сийвэнгийн эмчилгээгээр үр дүнтэй гарч эдгэрсэн 71 настай Ким нь халуурах, ханиалгах шинж тэмдэгтэйгээр ковид19-ийн онош нь батлагдсан юм. Вирусын эсрэг хумхаа болон ДОХ-ын эмчилгээ зэргийг хийсэн боловч биеийн байдал сайжрахгүй байсаар байв.

Ёнсей Северанс эмнэлэгт анх хүргэгдэн ирэхдээ түүний хоёр уушиг аль аль нь үрэвссэн хүнд хэлбэрийн шинж тэмдэгтэй байв. Амьсгалын замын цочмог хямрал үүсч хиймэл амьсгалын аппарат хэрэглэж байсан боловч байдал сайжрахгүй байсаар байлаа. Үрэвслийн түвшин хэвийн хэмжээнээс 20 дахин ихэссэн байв.

Судалгааны багийхан, эдгэрээд 2 долоо хоносон эрэгтэй хүний 500 мл цусны сийвэнг Кимд 12 цагийн зайтайгаар 2 удаа хийв. Мөн стероидын эмчилгээг зэрэг явав. Үр дүнд нь өвчтөний халуун бууж үрэвсэл хэвийн хэмжээнд очив. Цээжний рентгэн зургаар 2 уушиг нэмж муудаагүй байлаа. Ямар нэгэн харшилын зүйл ажиглагдсангүй. Тэрээр хиймэл амьсгалын аппаратаа авч ковид19-ыг ялан эдгэрсэн юм. Ким нөхөн сэргээх эмчилгээний дараа эмнэлгээс гарах болно.

Цусны сийвэнгийн эмчилгээнд орсон 2 дахь хүн бол 67 настай И юм. Тэр цусны даралтын хууч өвчтэй байсан. Өндөр халууралт болон булчин өвдөх шинж тэмдэгтэйгээр ковид19-ийн шинжилгээнд орж вирус авсан нь батлагдсан. 4 дэхь өдрөөс амьсгалын замын шинж тэмдэг илэрч хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр зүүн уушиг муудан Северанс эмнэлэгт хүргэгдсэн байлаа. Амьсгалын замын хямрал улам хүндэрч, хиймэл амьсгалын аппарат залгагдав. Хумхаа өвчин болон ДОХ-ын эмчилгээ хийсэн боловч цусны лимпийн хэмжээ доошилж халуун буурахгүй л байлаа. Стероидын эмчилгээ хийлгэсэн ч вирусын хэмжээ өсөв.

Судалгааны багийхан И-д ч мөн адил цусны сийвэнгийн эмчилгээг стероидын эмчилгээтэй хамт хийв. Гэтэл цусны лимп сэргэж, вирусын хэмжээ буурав. Уушигны байдал огцом сайжирч үрэвсэл ч байхгүй болов. Ингээд И нь эдгэрч өнгөрсөн сарын сүүлээр эмнэлгээс гарсан.

Цусны сийвэнгийн эмчилгээ нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нотлогдоогүй ч үүнийг хүнд өвчтөнүүдийн хувьд хамгийн сүүлийн арга болгон ашиглаж болно гэж ЭМЯ болон мэргэжилтнүүд үзэж байна.

Жүн Ан Илбу сонины сурвалжлагч Шин Сон Шиг, Хван Сү Ён нарын мэдээг орчуулав.

Эх сурвалж: Ц.Өнөрзаяа

Күүкмин Их Сургуулийн багш

БНСУ, Сөүл хот