Л.Мөнхтүшиг:Сиднейгээс зургаадугаар сарын 8-нд тусгай үүргийн онгоцоор 250-270 гаруй хүн ирнэ

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

45 улсад манай улсын 11600 гаруй иргэн нутаг буцах хүсэлтээ өгчээ.

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшигээс Сидней болон бусад улс руу хийх нислэгийн талаар тодрууллаа.

-Зургаадугаар сард хийх тусгай нислэгүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Гадаадаас Монгол иргэдээ татан авах үйл ажиллагааг зогсолтгүй зохион байгуулсаар байна. Энэ сарын эхээр хийх тусгай үүргийн нислэгийн танилцуулсан. Төлөвлөгөөний дагуу зарим нислэгийн зөвшөөрөл албан ёсоор гарсан. Бидэнд Австрали улс руу "МИАТ" ТӨХК-ийн онгоцоор тусгай үүргийн нислэг хийх боломж гарсан. Маш олон зөвшөөрөл авах шаардлагатай байсан. Бүх зөвшөөрлөө авсан. Өмнө нь тус улс руу манай улсын иргэний агаарын тээврийн нислэг огт хийгдэж байгаагүй. Энэхүү нислэгийг зарлахгүйгээр нууцаар хийх гэж байна гэх мэдээлэл гадуур байна. Тийм зүйл байхгүй юм шүү. Австрали улсаас ирэх хүсэлтэй 1000 гаруй хүний өргөдөлийг уламжлал ёсоор Шуурхай штаб дээр нэрсийг хүлээн авч баталгаажуулж байна.

Өнөө шөнө буюу зургаадугаар сарын 6-нд нислэг үйлдэнэ. Австралид нутаг буцах хүсэлтэй 1200 хүн байгаа юм. Зөвхөн тодорхой иргэдийг нууцаар авч явах гэж байна гэх хардлагыг ор үндэсгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Сиднейгээс зургаадугаар сарын 8-ны даваа гарагт ирэх тус тусгай үүргийн онгоцоор 250-270 гаруй хүн ирнэ. Нислэгийг ашиглаад буцах замдаа онгоцоо Филипин улсад цэнэглэхдээ тэнд байгаа 34 иргэнээ авна.

-Одоогоор хэчнээн иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлсэн байгаа вэ?

-Ер нь 45 улсад манай улсын 11600 гаруй иргэн нутаг буцах хүсэлтээ өгсөн байгаа ба тухайн улсад нөхцөл байдал ямар байгааг харгалзан цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Нөхцөл байдал өдөр бүр өөрчлөгдөж байгаа. Нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байна. АНУ, Хойд Америкт 2000 гаруй, Азид 5500 гаруй, Европод байгаа манай улсын 2600 гаруй хүн нутаг буцах хүсэлтээ ирүүлсэн, тоо шинэчлэгдэн өөрчлөгдөж байна.

Зургаадугаар сард 7-8 нислэг хийх төлөвлөгөө гарсан байгаа. Урьдчилан байдлаар 2000 иргэнийг агаараар татаж байхаар төлөвлөж байна. Зарим нислэгийн тов нь өөрчлөгдсөн.

ТӨЛӨВЛӨГӨӨТ НИСЛЭГҮҮДИЙН ТАЛААР ТОВЧХОН

  • Сидней 06.08-ны Даваа гараг

Сиднейгээс зургаадугаар сарын 8-ны даваа гарагт ирэх тус тусгай үүргийн онгоцоор 250-270 гаруй хүн ирнэ. Нислэгийг ашиглаад буцах замдаа онгоцоо Филипин улсад цэнэглэхдээ тэнд байгаа 34 иргэнээ авна.

  • Нур Султан - 06.10-ны Лхагва гараг

Казахстан улсын иргэдийг хүргэж өгөөд буцаж ирэхдээ тус улсад байгаа өөрийн улсын 170 орчим иргэнээ татан авна.

  • Токио 06.11-ний Пүрэв гараг

Дөрөвдүгээр сарын 8-наас хойш тус улс руу нислэг үйлдээгүй. Тэнд байгаа оюутнууд хичээл нь амарчихсан, санхүүгийн хувьд хүндрэлтэй болсон учраас татан авах шаардлагатай байна. Мөн үүнд хөгжлийн бэрхшээлтэй 6 иргэн байгаа юм.

  • Энэтхэг 06.12-ны Баасан гараг

Шинэ Дэлид байгаа иргэдээ татан авч байсан бол энэ удаад 230 орчим ламхай хүүхдүүдийг татан авна. Мөн уг онгоцоор 13 иргэнээ Лаос улсаас авна.

  • Сөүл /транзит/ 06.17-ны Лхагва гараг

БНСУ-ын Хууль зүйн сайдын зургаадугаар сарын 3-ны өдөр гаргасан шийдвэрээр Монгол, Орос, Тайланд улсын иргэдийг транзит нислэгээр хүлээн авахгүй байхаар болжээ. Уг мэдээллийг аваад Гадаад харилцааны яам БНСУ-ын талтай ажиллаж байна. Хоёр улсын Элчин сайдуудтай харилцан уулзалтууд хийсэн. Энэхүү шийдвэр нь зөвхөн Монгол улс руу чиглэсэн биш юм. Олон улсын түвшинд агаарын хилээ хаасан тус гурван улс руу хүмүүс дамжин нисэхдээ дараагийн нислэг нь баталгаажаагүй байхад Инчеоны онгоцны буудал дээр олон хонож, хэт их бөөгнөрөл үүсгэж байгаа учраас энэхүү арга хэмжээг авчээ. Жишээ нь гадаадын иргэн /монгол хүн биш/ халдвар тээгээд онгоцны буудалд ирсэн.

Уулзалтын үеэр Солонгосын талтай олон улсын нислэгээ зогсоогоогүй цөөн улсын томоохон нисэх онгоцны буудал нь Инчеоны нисэх онгоцны буудал гэдгийг харилцан ойлголцсон. Тиймээс АНУ-аас ирэх иргэдийн гол гарц нь тус онгоцны буудлаар дамжих юм. Мөн Зүүн Өмнөд Азийн орнуудаас ирэх хүсэлтэй 450 иргэн бий. Тайландын Бангкок хотод зургаадугаар сарын 30-ныг хүртэл агаарын хилээ хаасан. Тиймээс уг улсаар дамжих боломж одоогоор алга. Харин Инчеоны онгоцны буудлаар дамжих л боломж байгаа цаашлаад уг шийдвэр гарснаар Монгол иргэд эх орондоо ирэхэд маш том хүндрэл үүсч байгаа гэдгийг БНСУ-ын Элчин сайдад учирласан. Уг асуудлын дипломат шугамаар шийдвэрлэхээр ажиллаж байна. Уг нислэг төлөвлөлтийн шатанд хэвээрээ байгаа юм. Тиймээс иргэд тайван байхыг хүслээ.

  • Сөүл 06.18-ны Пүрэв гараг

БНСУ-аас ирэх хүсэлтээ өгсөн 2000 гаруй хүн байгаа юм. Уг шууд нислэгт визний хугацаа нь хэтрээд саатуулагдсан иргэдээс хамруулна.

  • Франкфурт 06.19

Европт байгаа иргэдээ ХБНГУ-ын Франкфуртээс татан авна. Өмнө нь тавдугаар сарын 3-нд авч байсан нь нэлээн үр дүнтэй арга байлаа. Инчеоноос 10 гаруй улсаас транзитаар зорчигч байсан бол Франкфуртээс Европт байгаа бүхий л улсаас авах боломжтой байна. Дээрх нислэгүүдээр урьдчилсан байдлаар 2000 гаруй иргэн эх орондоо ирнэ.

МАЛАЙЗАД ХОЁР ИРГЭН ХҮНИЙ НАЙМААНЫ ХОХИРОГЧ БОЛСОН

-Манайх тусгайрлах байрны багтаамжид тааруулж иргэдээ шат дараатай татан авалтаа хийж байгаа. Одоогоор хэчнээн иргэн эх орондоо ирсэн байгаа вэ?

Өнгөрсөн хугацаанд гадаадын 30 улсаас 9068 иргэнээ татан авсан ба агаараас гадна газраар ч татан авч байна. Ойрын хугацаанд БНХАУ-д байгаа иргэдийг татаж авах ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна.

-Гадаадад байгаа иргэдийн хувьд тусгай нислэгт хамрагдаж чадахгүй байгаа талаар нэлээд гомдол гаргаж байгаа?

Нислэгүүдийг тусгаарлах байрны боломжуудыг харгалзан хийж байгаа ба бид дэлхийн өнцөг булан бүрт байгаа иргэдэд ямар нэгэн байдлаар боломжийг олгож байна. Бүхий л хүчин зүйлийг харгалзаж байна. Зарим улсад халдварын тархалт харьцангуй гайгүй болсон ч зарим нь өссөн хэвээр байгаа юм. Зүүн Өмнөд Ази руу нислэг хийх зайлшгүй шаардлага гараад байна. Өнгөрсөн хугацаанд тус зүг рүү нислэг үйлдэх боломжгүй байлаа. Учир нь МИАТ-ын онгоц жилд ердөө 4 удаа нисдэг Тайландын Бангкок хотод зургаадугаар сарын 30-ныг хүртэл агаарын хилээ хаасан. Тэгэхээр 159 хүнээ авахын тулд тус улс руу 260 хүний суудалтай онгоц нисгэх үү? Бид эрсдлийг тооцон ажиллаж байна.

Малайзад хоёр иргэн хүний наймааны хохирогч болсон. Энэ талаар Малайзын хэвлэлээр мэдээлсэн. Мөн гурван иргэн ч хохирогч болсон байж болзошгүй байна. Цаашлаад дахиад таван хүний ч асуудал байна. Хэрэг гарсан цагаас эхлэн Бангкок дахь манай улсын Элчин сайдын яам, Малайзад байгаа өргөмжит Консул анхаарал тавин ажиллаж өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй олж өгөн туслаад явж байна. Эдгээр иргэдийг татан авах зардал, тусгаарлах байрны төлбөрийг олон улсын төрийн бус байгууллагуудтай хамтран шийдвэрлэнэ. Бид гадаадын улсуудаас иргэдээ татан авах ажиллагааны хүрээнд Монгол Улсын Консулын албаны ажлаа давхар хийгээд л явж байна.