Монголбанк бодлогын хүүг 2 нэгж хувиар буурууллаа

Aдмин / Эдийн засаг

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо КОВИД-19 цар тахал дотоодод тархаж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосонтой холбоотойгоор 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ээлжит бусаар хуралдлаа. Энэхүү хуралданаар:

- Бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 6 хувьд хүргэх;

- Банкны тѳгрѳгийн заавал байлгах нѳѳцийн хувь хэмжээг 2.5 нэгж хувиар бууруулж 6 хувьд тогтоох;

- Эргэн тѳлѳлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн ѳѳрчлѳлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх;

- Жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх зэрэг багц шийдвэрийг гаргалаа.

Энэ нь КОВИД-19 цар тахлын үед эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үүсч буй сөрөг нөлөөг бууруулах, иргэд, бизнес эрхлэгчид, санхүүгийн байгууллагуудад тулгарч буй санхүүгийн хүндрэл дарамтыг зөөлрүүлэхэд чиглэж байна. Түүнчлэн дунд хугацаанд инфляцын зорилтыг алдагдуулахгүйгээр санхүүгийн болон эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжинэ.

Жилийн инфляц 2020 оны 10 дугаар сард улсын хэмжээнд 2.4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 2.6 хувьд хүрэв. Ирэх саруудад инфляц суурь үеийн нөлөөгөөр бага зэрэг нэмэгдэх хэдий ч, эдийн засгийн идэвхжлээс шалтгаалан бага түвшинд хадгалагдаж зорилтот түвшнээс давахааргүй байна. Эдийн засаг “КОВИД-19” цар тахлын нөлөөгөөр 2020 оны эхний хагаст 9.7 хувиар агшсан бол 3-р улиралд уналт -3.1 хувь болон саармагжиж, тѳлбѳрийн тэнцлийн тѳсѳѳлѳл сайжрав. Цар тахлын дотоод тархалтыг хумихаар 11 дүгээр сард тогтоосон хѳл хорионы арга хэмжээнүүд нийгмийн эрүүл мэндийг хамгаалж, дунд урт хугацаанд эерэг нѳлѳѳтэй боловч богино хугацаанд эдийн засгийн үйл ажиллагааг хумьснаар сэргэлт удаашрах тѳлѳвтэй байна.

Дэлхийн эдийн засгийн идэвхжил 2020 оны сүүлийн хагаст сэргэж буйг бодит эдийн засаг, санхүүгийн зах зээл, түүхий эдийн захын үзүүлэлтүүд илэрхийлж байна. Эхний вакцинуудын амжилттай туршигдан дуусах шатандаа орж буй хэдий ч цѳѳнгүй улс оронд вирусийн хоёр дахь болон гурав дахь давлагаа үргэлжилж, эдийн засгийн цаашдын төлөвийн тодорхой бус байдал өндөр хэвээр байна.

“КОВИД-19” цар тахлын сѳрѳг нөлөөг бууруулах зорилгоор шат дараатай авч хэрэгжүүлж буй мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээнүүд нь жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортын санхүүжилтийг нэмэгдүүлж, санхүүжилтийн өртгийг бууруулан дотоод эдийн засгийн уналтыг сааруулах, банкны салбарын тогтвортой байдлыг хадгалахад дэмжлэг үзүүлнэ. Монголбанк нь өрхийн болон аж ахуйн нэгжийн төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжихийн зэрэгцээ банкны системийн зээлийн тасалдал үүсэхээс сэргийлсэн зохистой арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулах болно гэж Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.27] 2020-11-23 16:18:02

Төгрөгийн ханшийг унагах бодлого явуулахаа болиочээ. ЗГ-н иргэд олон нийтэд үнэлэгдэх байр сууриа хадгалах бодлогод монгол банк үйлчилж банк санхүүгийн салбараа татаж унагах нь ээ. Банкны салбар сүйрвэл улс орон чинь сүйрнэ.

ЭДИЙН ЗАСАГЧ [122.201.21.230] 2020-11-23 14:01:34

Мөнгөний бодлогын хүүгээ 7-гоос доош нь буулгадаг нь МОНГОЛ БАНКНЫ УДИРДЛАГУУД АЛБАН ТУШААЛДАА ҮЛДЭХИЙН ТУЛД УИХ-ЫН ГИШҮҮД, ЕРӨНХИЙ САЙДДАА ШАХУУЛЛАА. нөгөө талаас ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД МАН ЯЛАХ ГЭСЭН НАМ, НАМЫН ДАРГАДАА ШАХУУЛЛАА. МОНГОЛ БАНКНЫ ХАРААТ БУС БАЙДАЛ ХААНА БАЙНА. 3-рт, ОДОО ЗАСГИЙН ГАЗАР ТӨСВИЙН ЗАРДЛАА 10-15 % БУУРУУЛАХГҮЙ БОЛ УДАХГҮЙ БАНКНЫ САЛБАР ДАМПУУРНА. ЕРӨНХИЙ САЙД ХҮРЭЛСҮХ, ТҮҮНИЙ САНГИЙН САЙД МОНГОЛЫН БАНКНЫ САЛБАРААР ТУГ ТАХИХААР ШИЙДЭЖ БАЙГААГАА ЗОГСООЖ МОНГОЛ УЛСАА БОДОХ ХЭРЭГТЭЙ.

зочин [202.179.24.41] 2020-11-23 13:22:02

Бодлогын хүү буурснаар мөнгөний улам суларч ногоон тэнгэрт гарна .Талхаа өндөр үнээр авч бүх юмны үнэ нэмэгдэх хэнд хэрэгтэй вэ?

Зочин [66.181.177.13] 2020-11-23 12:20:29

Ямар ч улсад дунд давхаргынхан улсад дарамт учруулалгүй биеэ даан нийгэмээ чирч явдаг юм гэсэн. Баямбасүрэнгийн үеэс дунд давхаргын хадгаламжийг байхгүй болгон нугаслаж дөнгөсөн. Дундаж давхаргыг боомилох энэ уламжлал одоо ч үргэлжилсээр байгаа нь ядуу иргэнтэй байх тодорхой хэсгийн санаанд яв цав тохирч байгаа. Монгол банк үүнд нь яс үйлчлэж байна. Банк нь удахгүй иргэний хадгаламжгүй болно. Тэгээд зээлээр ашиг олдог хөг нь өнгөрч гаднаас өндөр хүүтэй зээл авахаас өөр аргагүй болно. Тэгсээр байгаад нэг мэдэхэд энэ улс ... харийнхны хүссэн зорилго монгол хүний оролцоотойгоор биелэнэ гэсэн үг.

Зочин [202.55.188.107] 2020-11-23 09:04:09

Одоо зээлийн хүү буух ёстой энэ банкууд хөдлөхгүй бна даа ёрөнхий сайд аа

Зочин [66.181.183.181] 2020-11-23 08:25:20

Бодлогын хүүгээ хэтэрхий битгий буулгаад байгаачээ. Хэт нэг талыг барьж зөвхөн хадгаламжийн хүү буурснаар асуудал шийдэгдэхгүй харин ч нөгөө талаар сөрөг үзэгдэл гарна шүү дээ. Хадгаламжийн хүү хэтэрхий буурсанаар үндэсний хуримтлал үгүй болно төгрөгийн ханш улам л унана шүү дээ.

иргэн [103.212.117.219] 2020-11-23 12:34:22

Энэ хүн зөв санаа илэрхийлжээ.Хадгаламжгүй хувь хүн,Хадгаламж авдаггүй банктай болчихвол энэ улс орны эдийн засаг,мөнгөний харилцаа юу болох бол!!


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.