Хятадын шоронд 7 жил...

Aдмин / Нүүр

1972 ОНЫ 11-Р САРД БНМАУ-ын Дорнот аймгаас дэд хурандаа тэргүүтэй Л.Бат-очир арав гаруй тооны цэргүүд БНХАУ-ын цэргүүдэд олзлогдон,
7 жил Хятадад байцаагдан хоригдоод суллагдсан тухайн үеийн олзны цэргүүдийн нэг эдүгээ 78 нас сүүдэртэй зэрэгцсэн Содовын Пэрэнлэйтэй уулзаж, илэн далангүй хуучилсан эмгэнэлт түүхийг нь уншигч олондоо толилуулъя.
-Миний бие Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул, 1938 онд "Уст гуу" гэдэг газар айлын дөрөв дэх хүүхэд болж төрсөн. Ээж минь намайг зургаан настай байхад насан өөд болсон, амьдралын хувьд гоц сайнгүй айл байсаан, манайх. Эгч С.Жавзмаа маань л дөнгөж хөлд орж байсан биднийг ээжийн оронд ээж болж өсгөсөн. Тэгээд амьдралын жамаар 17 насандаа Дарьганга сумын Цэнджав гэдэг хүнтэй дэр нэгтгэж явснаас хойш миний бие 18 нас хүртлээ аавтайгаа хамт амьдарч байлаа.
СЭТГҮҮЛЧ :-18 нас гэдэг чинь эрийн цээнд хүрчээ дээ?
-Хорин настайдаа буюу 1958 онд цэргийн албанд мордож, Авто сургуулийн ангид албаа хаасан. Тэр үеийн авто сургууль Шувуун фабрикийн наахна байсан юм. 1960 онд авто жолоочийн курст орж, нэг жил зургаан сар сурч байж жолоочийн үнэмлэхээ авч байлаа. 1962 онд Буянт Ухаагийн нисэхийн өргөтгөл хийгдэж, хүн хүч, жолооч нарын хэрэгцээ ч их байсан байх. Бидний хэсэг нөхдийг халалгүй, шууд ахлагч цол олгоод "Газ-650" самосволь машины түлхүүр гардуулсан.
Ингэж Туул голын орчмоос элс, шороо зөөх их ажилд өдөр, шөнөгүй зүтгэсэн дээ. 1965 онд Барилгын цэргийн 012 дугаар ангид томилогдож, "Вот Самбуу'' гэдэг хурандаагийн мэдэлд очсон. Тэнд байхдаа цэргийн ангитай газар бүрт очиж, хүнс, бусад материал хүргэдэг байв. Тэр ангидаа гурван жил гаран ажиллаад Ардын армийн 026 дугаар анги буюу олны ярьж хэвшсэнээр "Авто батальон"-д томилогдсон 1970-аад оноос ачаа тээврийн нормоо 130-140 хувь хүртэл биелүүлж, нэлээд мандаж өгсөн дөө.
Хар, цагаан хэл амны атаархал ч их дэгдсэн. 1972 оны Улсын баяр наадам ойртох тусам "Чи нэг юм дуулна шүү" гээд л амтай болгон баяр хүргээд ч байх шиг, басамжлаад ч байх шиг. Ер нь өвөг дээдсийн сургаж ирсэн "Хар, цагаан хэл амнаас хол яв" гэсэн үг яасан их үнэн болохыг тэр жилийнхээ 11 дүгээр сараас яс махандаа шингэтэл мэдэрсэн дээ.
СЭТГҮҮЛЧ :-Эндээс л таны эмгэнэлт түүх эхлэх нь ээ дээ?
-Тийм ээ, яг үнэн. 1972 оны 11 дүгээр сард ар талын орлогч, "Мухар хуруу" хэмээх дэд хурандаа Л.Бат-Очироор ахлуулсан зээрийн бригад БХЯ-ны томилолтоор Дорнод аймгийн Матад сумын Вангийн Цагаан овооны Сангийн далай гэдэг газарт очиж бүтэн нэг сар ажилласан юм. 100-аад машинтай, 30-аад бригад явсан гэж бодохоор нэлээд нүсэр байсан нь ойлгомжтой. Агнасан зээрийг цэргийн хүнсэнд хэрэглэхээс гадна бага сагыг нь орос руу гаргадаг байсан болов уу.
Уралдаантай энэ томилолтод манай бригад тэргүүн байр эзэлж, зээр агнах хугацаа ч бараг дуусч байв. Миний машины чагтан гол хайлчихаад түүнийгээ сэлбэх гэсээр байтал хоёр хоног өнгөрчихөв. 1973 он гарах дөхчихсөн, ар тал руугаа яарч байдаг. Машиныхаа дор юм хийж байтал дарга дууддагийм байна. "Тэргэн дороо гал түлж байна" гээд хэлчих гэвэл "Даргын тушаал биелүүлдэггүй яасан сахилгагүй нөхөр вэ. Одоохон ороод ир" гэсэн зар дуулаад очлоо.
Гэтэл Л.Бат-Очир дэд хурандаа "Готов, чи тэргийг нь асаагаад маргааш хот буцахад бэлэн болго. Харин чи Готовын тэргийг бариад өнөө орой зээрэнд явна шүү" гэж хэлсэн. Тэгж байтал харуй бүрий ч боллоо. Хүний машины кабинд ороход яагаад ч юм бэ, нэг л эвгүй санагдсан ч, даргын тушаалыг яаж зөрчих билээ. Хоёр машин явсан юм. Тэр шөнө зээр их ховор байсан. Бид Хайлааст манхан хүрч байж ёстой л зах нь харагдахгүй зээрийн сүрэг дотор ороод явчихсан.
Хэдий тийм ч нүүдлийн зээр учраас бутраад л алга болдог юм билээ. Хамт явсан машины гэрэл ч харагдахаа байлаа. Тэнгэр эвгүйрхэж, удалгүй цасаар шуурч эхлэв. Хаашаа явж буйгаа ч мэдэхгүй, баримжаагаа ч алдаж орхив. Улаан пуужингаараа буудаад ч хариу байдаггүй. Авч явсан арваад пуужин ч дууссан. Тийн будилсаар яатал үүр цайж эхэлсэн. Миний хувьд хил гэж юу болохыг төдийлэн сайн мэдэхгүй.
Осолгүй л малтсан зурвас газар ороод ирвэл Л.Бат-Очир дэд хурандаа "Хилийн зурвас байна. Харин манайх уу, хүнийх үү, ямар ч байсан хил даваагүй л байгаасай" гэж залбирч байсныг тод санаж байна. Тэртээ алсад цагаан овоо цайран харагдах нь Вангийн цагаан овоо мөн бололтой. Харамсалтай нь яахын ч аргагүй хил давснаа мэдсэн. Хятад цэргүүд цагаан хувцастай, цас далдлаад хэвтчихсэн, биднийг ажиглаж байсныг яаж мэдэх билээ. Гэнэт л машины хоёр талын гишгүүр дээр цагаан хувцастай хүмүүс гараад ирсэн.
Миний хувьд багаасаа жаахан тэнхээтэй, 100 летрийн поошигтой бензинийг ганцаараа өргөөд тавьчихдаг, хэрсүүдүү нөхөр байсан болохоор нөгөө цэргийн буутай гарыг барьж аваад, ирсэн замаараа буцах гэж хаазаа нэмсэн. Машины тэвш бараг дүүрэн шахам зээр, гурван цэрэг байгаа. Цас ихтэй, зээр олныг ачсан болохоор тийм ч их хурдтай хөдөлж болоогүй, нэг мэдсэн Л.Бат-Очир дэд хурандааг буруу талын хаалгаар гулд татаад унагах нь харагдсан. Яаж даргаа орхиод зугатах билээ. Тэгээд л нам зогсоод баригдацгаасан даа.
СЭТГҮҮЛЧ :-Тэр гурван цэрэг аль нутгийн хүмүүс байсан бэ?
-Ховд аймгийн Мөст сумын Лхамсүрэнгийн Нямдаваа, Сүхбаатар аймгийн Бүрэнцогтын уурхайн Шархүүхэний Бодьвоо, нэгийнх нь аймаг, сумыг сайн санахгүй байна, ямар ч байсан баруун аймгийн Галбадрах гэдэг цэрэг байсан. Хатуу, хөтүү амьдралыг туулан байж суллагдсанаас хойш бид уулзалдаагүй ээ.
Нэлээдхожуухан Л.Бат-Очир даргыг хүүхдийн "Шонхор" зусланд аж ахуйн даргын алба хашдаг сураг сонссон. Одоо Ховд аймгийн Мөст суманд Л.Нямдаваа л амьд сэрүүн байгаа байх. Бусад нь өөд болсон сураг сонсогдсон.
СЭТГҮҮЛЧ :-Хил давсан хүмүүсийн хувь заяа ямар байх нь тодорхой. Тэгээд ч хоёр орны харилцаа тийм ч таатай бус байсан үе шүү дээ?
-Нэг их хол явалгүй, том хэрмэн хашаан дотор орсон, их урт коридортой байшингийн дөрвөн буланд биднийг суулгасан. Тэгж байтал харанхуй болж, бие биенээ ч олж харахаа байв. Хятадуудад баригдлаа гэж миний хувьд огтхон ч айгаагүй. Гагцхүү дээлийн өвөрт байгаа олон падааныхаа төлөө л санаа зовниж байсан. Түүн дотор цэргийн тоо ч байсан байх. Харанхуйг ашиглаж нөгөө падаануудаа урж ам руугаа хийгээд зажлан залгиж дуусгасан.
Жолооныхоо үнэмлэхийгч мөн ялгаагүй. Сандарч тэвдсэн үед хүн яахаас ч буцахгүй болдог юм билээ. Намайг ийм байдалд хүргэх зориг өгсөн "Ардын элч" кино үнэхээр мундаг бүтээл дээ. Дарьбазарын бичиг авч яваад дайсанд баригдахдаа "Цэрэг хүн хэзээ нууцаа алдаж байлаа" гэдэг үг л тийм их хүч тэнхээг өгсөн юм даа. Бичиг баримтаа дөнгөж залгиж дуусгаад байхтай зэрэгцэн баахан хүмүүс шулганалдан орж ирсэн.
Намайг гэрэлтэй том өрөөнд оруулж нэгжиж эхэлсэн. "Та нар надаас юу ч олж долоохгүйдээ л" гэж бодож байсан. Нөгөө хэдийг хаашаа авч явсныг бүү мэд. Энэ цаг мөчөөс эхэлж, бүтэн долоон жил уулзалдаагүй хүнд тавиланг туулсан даа. Монгол хүний зориг тэвчээр гэж үнэхээр бахархмаар шүү.
СЭТГҮҮЛЧ :-Тэр газартаа л байгаад байв уу?
-Үгүй ээ. Тэр шөнөдөө "Бээжин-69" машинд суулган, нүдийг хар даавуугаар ороогоод авч явахдаа байсхийгээд л дороо эргэдэг байв. Бодоход миний толгойг л эргүүлэх гэсэн санаа байсан байх. Өвөрмонгол хэлмэрч байсан болохоор "Алтан эмээл" гэдэг нэр тод сонсогдож байсан. Жинхэнэ байцаалт гэдгийг тэнд л үзсэн дээ. Хоол унд ч өгөхгүй, сүүлдээ өлсөж, цангаж буйгаа ч мэдэхээ байсан. Цементэн шалтай, маш хүйтэн өрөөнд даарч зутрахын зовлонг бие сэтгэлээрээ мэдэрсэн дээ.
Хоёр нагаан буу зүүчихсэн офицер гутлынхаа уланд төмөр тах тачигнуулан өмнүүр гарахдаа цэрээ нялайтал хаяад л. Мөн ч бэрхдээ. Танай улс "Хэчнээн цэрэгтэй, хэчнээн орос байдаг вэ?" зэрэг улиг болсон асуултыг бараг долоон жил асуусан байх. "Мэдэхгүй гэсэн үг мянган үгний таглаа" гэж үнэн шүү. Тэнд бараг өвөлжсөн байх. Хэрэлдэж, ширээ, сандал цохих зэрэг үйлдэл зөндөө гарч байсан.
Тэр үед гавлачихна. Бүтэн долоон жил болоход нинжин сэтгэлийн өчүүхэн ч хэлтэрхийг олж хараагүй дээ. Дараа нь Хайлаарт аваачсан. Тэнд ч байдал дээрдээгүй. Ганцаараа л нэг өрөөнд байна. Өвсөөр сүлжсэн ор маягийн юм, нэг хувингаас өөр юу ч байхгүй. Аз таарвал хорхой идээгүй байцаатай, давстай усан шөл л ирнэ. Махны бараа огт үгүй. Энэ мэтчилэн яриад байвал тэр чигтээ л зовлон, бэрхшээл.
СЭТГҮҮЛЧ :-Эх орны зүгээс ямар нэг хандлага байсан уу?
-Биднийг буцааж авахын тулд төрөл бүрийн алхмууд хийж байсан гэсэн. 1979 онд Хятадын хил орчимд болсон хээрийн сургууль биднийг буцаахад их нөлөө болсон гэж сонссон. Үүнийг үнэний хувьтай гэж боддог. Хайлаарт гурван жил болоод цааш Мүгдэнгийн шоронд аваачсан. Тэндхийн нөхцөл бүр ч хүнд, үхэх нь тодорхой боллоо. "Сүүн цагаан сэтгэлт эх хүнээс унасан ар Монголын нэг иргэн танай ялзарсан шороон дор ороо л биз" гэж гоморхсондоо өөрийн эрхгүй нулимс унагаж байсан даа.
Намайг манаж байгаа цэрэг нь миний хоолноос гуйдаг байлаа шүү дээ. Би өөрөө өлсөж байдаг. Хоёр, гурав халбагадсан болоод л түлхчихнэ. Нөгөө цэрэг зажлах ч үгүй залгичихаад л тавгаа аваад гардагсан. Цэрэг, хоригдол ялгаагүй, тийм л өлсгөлөн амьдарч байж дээ. Арван минут салхинд гаргана. Хэрвээ хоолноосоо илүүчилбэл 15 минут болгон сунгана. Өөрөөр хэлбэл усан шөлөөрөө арын хаалгадаж байгаа нь тэр.
СЭТГҮҮЛЧ :-Ялзарсан өрөөнөөс салхинд гарах жаргал биз?
-Тэнгэр баганадсан торон хашаатай болохоор нүд хужирлах юм юу ч байхгүй. Гэхдээ машин, хүн явах чимээг сонсоход сайхан санагддаг байлаа. Яагаад ч юм бэ, нэг жаахан лаа, чүдэнз, нарийн төмрийг биедээ хадгалаад байсан юм. Нэг орой лаагаа асааж байгаад нөгөө нарийн төмрөө "Л" үсэг болгон улайсгаж байгаад гаран дээрээ дарж тамгаллаа. Бас "Б" үсэг болгон мөн улайсгаж байгаад дарлаа. Тэр нь эхнэр, хүүхдүүдийн минь нэрний эхний үсэг юм. Эх орон минь намайг ийнхүү тарчлан тэмцэж байгааг мэдээ ч билүү, би үхсэн ч эхнэр, хүүхдүүдийн минь нэр үлдэж байгаа нь тэр гэж сэтгэлээ тайвшруулж байгаа хэрэг.
СЭТГҮҮЛЧ :-Мартсанаас долоон жил таныг хүлээж, бас амьдаараа тарчилсан гэр бүлээ товч танилцуулаач?
-1958 оны 5 дугаар сард хань Г.Лхамсүрэнтэйгээ нутагтаа өрх тусгаарлаж гэр бүл болж байлаа. Миний хань цэргийн гурван жилийг, бас дээр нь хүний нутагт зовж тарчилсан долоон жилийг хүлээсэн хатан зоригт эх хүн дээ. Манай хүүхдүүд ихэвчлэн Буд нэртэй. Гар дээрээ сийлсэн Л, Б үсэгнүүдийн учир одоо тайлагдаж байгаа биз.
СЭТГҮҮЛЧ :-Эх орондоо хэрхэн ирсэн бэ?
-1979 оны тэр нэгэн өдрийг яахин мартах билээ. Нэг өдөр шоронгийн дарга өрөөндөө дуудаж, босгыг нь алхтал долоон жил бараагий нь огт хараагүй нөгөө хэд маань сууж байна шүү. Өөр хоорондоо толгой дохисон болоод л, ямар ч баярлах сэтгэл төрдөггүй юм билээ. "Хоёр улсын хэлэлцээрийн дагуу та нарыг эх оронд чинь буцаах болсон" гэсэн үгийг сонсоод яаж баярлаж байснаа үгээр ч илэрхийлж чадахгүй байна. Нүд харанхуйлаад үнэн л байдаг байгаадаа гэсэн юм л бодогдож байсан
санагддагийм.
Бид хэд нэг байшинд өөр, өөр өрөөнд л байсан юм билээ. Тэгэхэд ганц удаа уулзуулах байтугай, салхилах цагийг нь ч зөрүүлээд байдаг мөн ч сонин юм шүү. Биднийг боломжийн нэг өрөөнд оруулсан. Тэнд нүүр гарын болон барааны саван, оо, сойз, 100 юань тавьсан байв. "Та нараас ийм юм авах гэж ирээгүй" гээд л хэгжүүрхэж байсан даа. Л.Бат-Очир дарга маань "Би хүний сайхан үрсийг шоронд хатаалаа" гээд л уйлж байсан сан.
Хэдийгээр олон жил зовж, шаналсан ч бид даргадаа буруу өгдөггүй юм. Дээд удирдлагынхаа үүрэг даалгаврыг биелүүлж яваад л эндсэн улс. Мүгдэнээс Бээжин орж, дараа нь хоёр улсын хилийн заагт ирсэн. Одоо бодоход Эрээн хот л байсан байх. "Пургон" маягийн машинд суулгаад л явсан. Хөшиг хаалттай болохоор хаашаа яваад байгааг ч бүү мэд. Хааяа нэг хөшигний завсараар самбаачлан харахад унадаг дугуй унасан, үхсэн нохой ачсан, хоёр дугуйтай тэргэнд зүтгэсэн хүмүүс л харагдаж байсан. Тэр том гүрний амьдрал тийм сайнгүй л байсан болов уу.
СЭТГҮҮЛЧ :-Хилийнхээ дээсийг алхана гэдэг мөн ч сайхан даа?
-Яриад юу хэлэхэв. Биднийг хилийн цэргийн Минжүүр гэдэг ахмад хүлээж авсан. Эх дэлхийнхээ шороог атгаад л уйлж байсан даа. Бидэнтэй хамт нэг биерхүү монгол ирсэн юм. Мөн л цасан шуурганаар уруудсан малтай хөөцөлдөж байгаад хил давсан цэрэг байсан юм билээ. Халиурсан өвсөн дунд туранхай гэдэг нь жигтэйхэн, бараг хавирганых нь яс харагдсан хэдрэг шиг болсон саарал морь огт өвс идэхгүй зогсоод байсан. Гэтэл тэр цэргийн морь байсан. Эзнийхээ хамт хил гарч ирээд л шир ширхийтэл ногоо зулгааж байсан нь одоо ч нүдэнд харагдсаар байдаг юм.
Мал хүртэл тийм байхад хүн ямар байх нь ойлгомжтой юм даа. Биднийг Амгалангийн вокзал дээр энгийн хувцастай хүмүүс тосч, шууд НАХЯ дээр аваачсан. Мэдээж, байцаалт явагдалгүй яахав. "Ганц худаг"-т ч хэд хоносон. Тийм журамтай юм гэсэн. Тэгээд "Хэргийг цагаатгав" гэсэн бичиг уншиж, Шувуун фабрикийн орчимд сувиллын маягаар хэд хонуулсан зэрэг халамж, анхаарал бол байсаан.
СЭТГҮҮЛЧ :-Цэргийн удирдлагын зүгээс анхаарал халамж хэр зэрэг байв даа?
-БХЯ-нд ахлагч нарыг хариуцсан боловсон хүчнээр ажиллаж байсан Нацаг гэдэг хошууч намайг гэрт минь хүргэж өгсөн. Үр хүүхдүүд, ах дүү нар, найз нөхөд цугларчихсан ямар сайхан байсан гэхэв. Харин цэргийн газар тэнцэхгүй гээд шууд халсанд нь гомдож л байсан. Тэгээд ажилтай, ажилгүй хэдэн жил болж, Автобус баазад хэсэг хугацаанд аж ахуйн тэрэг барилаа. 1984 онд байх, БХЯ-наас Нацаг хошууч дуудсан. Тэрээр "Чамайг хэлмэгдүүлжээ" гээд цэргийн газар ажиллах томилолт өгсөн ч гоморхсондоо аваагүй.
СЭТГҮҮЛЧ :-Дэндүү гомдож дээ?
-Хэдий тийм ч, цэрэг армиа хүндэтгэлгүй яахав. Ардын армийн 228 дугаар ангийн захирагч, хурандаа Бавуужамцын тэргийг барьж байгаад тэтгэвэртээ гарсан. Филатова Цэдэнбал гуай манай гэрт их тус хүргэж байсныг дашрамд тэмдэглэн хэлэхээс аргагүй. Монголд элэгтэй тэр ээжийг манай гэрийнхэн одоо ч гүнээ хүндэтгэж явдаг юм.
СЭТГҮҮЛЧИЙН ЗУРВАС: Содовын Пэрэнлэй гэж ийм нэг эмгэнэлт дурсамжтай хүнтэй уулзлаа. Бидний яриа сонины нэг нүүрэнд багтахааргүй байсан ч хүчээр багтаалаа. Сарын 200-аадхан мянган төгрөгийн тэтгэвэр нь хаанаа ч хүрдэггүй гэнэ. Хоёр хөл нь мөнхийн хүйтэн, мөнхийн хөндүүр энэ буурал Цэргийн эмнэлгийн байнгын данстай хүн гэж өөрийгөө тодотгоно билээ. Цэрэг, армийнхаа үүрэг даалгаврыг биелүүлж яваад нэг ёсондоо хэлмэгдсэн энэ буурлыг өрөвдөхөөс өөрөөр яалтай ч билээ дээ.
Эх сурвалж: "Соёмбо" Сэтгүүлч, дэд хурандаа Гомбын Баатарнум


Сэтгэгдэл

Zochin [202.126.88.186] 2021-03-16 04:26:24

TOR ZASAGAAS KHARJ KHANDAAD ERUUL MENDED HI TUSLANA.BAIHDAA.

Зочин [59.153.84.139] 2021-03-10 08:39:49

Хятадтай нийлвэл үүнээс их зовно. Хятадууд бол Монголыг эзлэх мөнхийн зорилготой Монголчуудын мөнхийн дайсан шүү, Монгол хүн бүр үүнийг бүү март

Зочин [148.60.92.227] 2021-03-09 09:23:23

ta nariin hiideg ajil erdee l ene yy?....

Зочин [148.60.92.227] 2021-03-09 09:22:41

hymyys ee!!!ta nar nom zohiol ynsihgyi iim metiin zyil ynsdag be?.....gajigtain sinj chini ilereed haraagdaad bnaaa!

Улс төрөөс болж жирийн хүмүүс л хохирох юм. [202.131.225.53] 2021-03-09 07:18:36

Хятадад нийгэм-эдийн засгийн Шинэ эргэлтийн бодлого хэрэгжүүлээгүй бол энэ хэд 1979 онд нутагтаа буцаж ирэхгүй л байсан байхдаа? Нутагтаа ирж ажиллаж хөдөлмөрлөж, монголоороо амьдарсан нь ямайдаа. Дээхэн үед Өмнөговь аймагт ийм төстэй хувь тавилантай хүмүүс тааралдаж л байсан. Улс орнууд ингэж дайсагнах ч балай юмдаа.

иргэн [202.21.109.68] 2021-03-08 11:20:36

ЭНЭ ХҮН БОЛ ЗЭЭР АГНАХАД ЯВСАН Ч БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ДААЛГАВРЫГ БИЕЛҮҮЛЖ ЯВСАН ЮМ ШИГ БАЙНА. ТЭГЭХЭЭР ЭНЭ ХҮНД БУРУУ БАЙХГҮЙ Л ДЭЭ. УГ НЬ ЗЭЭРИЙГ ОЛНООР НЬ ХӨНӨӨХ МУУ. ГЭХДЭЭ ЭНЭ ХӨӨРХИЙ ХҮНД ЯМАР Ч ГЭМ БАЙХГҮЙ ШҮҮ. ТЭР ДОЛООН ЖИЛИЙН АМЬДРАЛЫГ НЬ МАШ ДЭЛГЭРЭНГҮЙ БИЧИЖ, НОМ БОЛГОЖ ҮЛДЭЭВЭЛ, ХОЙЧ ҮЕИЙН ХҮҮХДҮҮД, ЗАЛУУСТ ХЭРЭГТЭЙ ДЭЭ.

Эмээ [202.126.90.124] 2021-03-08 10:44:02

Хорвоогийн амьдрал хэдхэн мөчийн дотор яаж ч холиборч болдогын нэгэн жишээ. Хүний туулсан зовлонг өөрөө үзээгүйч гэсэн өрөвч сэтгэлээр мэдэрч энэрч сур хүүхдүүд минь.

Зочин [103.212.118.120] 2021-03-08 05:39:51

Олон амьтны амь хөнөөсний үйлийн үр байхаа.Тухайн үед цэргийн хоол бэлтгэх нэрээр дарга нарын тушаалаар олон мянган зээрийг Ака гаар шүршиж ан биш ёстой хядлага үйлдэж байсан юм билээ.Хүн тартагтаа тулж хоосон хонохдоо тулаагүй бол зугаа цэнгэл болгож амьтны амь хөнөөх нь маш том нүгэл гэдгийг хөрөнгө мөнгөндөө сагаж үнэтэй буу агссан хүмүүс ойлгох хэрэгтэй.

Бавуу [66.181.161.29] 2021-03-07 14:56:15

Эх орноо ингэж хуурч худлаа баатарлаад яах нь вэ дээ. Цуг явсан нөхөд чинь зарим нь амьд байгаа шүү.

Зочин [202.126.90.15] 2021-03-08 09:38:48

Энэ хөгшин бурхан болсон шүү.

bathuu [192.82.69.216] 2021-03-07 14:46:32

Argagui l ter ued manai 1 r daisan bl urd hursh gej bsn ue Tiim bolhoor ymar olig bhvdee ami yvaa n ih ymdaa zailuul

Хеерхий [77.38.148.28] 2021-03-07 11:14:52

УНЭН БОЛСОН ЯВДАЛ. ХУМУУНИЙ НЭГ АМЬДРАЛ СЕКУНДЭД ОРВОНГООРОО ЭРГЭЖ ХУЖААГИЙН ШОРОНД ЯАЖ ЗОВСОНОО УНЭНЭЭР НЬ Л ЯРЬСАН БАЙНА ДАА, ХЕЕРХИЙ ДЕЕ, ХЯТАД ГЭЖ ИЙМ Л АРААТАНГУУД БАЙДАГ

Зочин [66.181.161.54] 2021-03-07 07:48:58

Уншсан чинь яг л кино зохиол шиг санагдлаа. Наад хүнээсээ амьд дээр нь болсон явдлыг сайн яриулаад кино хийвэл яасан юм бэ?

Зочин [139.5.217.114] 2021-03-07 03:46:16

Д/х БатОчир гэж хүн аль аймгийн хүн байсан бэ Булган аймгийн хүн мөн үү хүүхэд байхад Очир хурандаа хятадын шоронд олон жил суугаад гарч ирсэн юм гэнэлэй гэж ярьдаг байсан санагдана

Зочин [66.181.178.223] 2021-03-07 04:10:56

Ахлагч гэж бн,

эхорон [66.181.191.249] 2021-03-07 02:21:54

Зохиол гэнэ үү ёстой эрлийзүүдийн үг бна энэ бол болсон түүх харин хүмүүс нь амьд эсэхийг мэдэхгүй юм даа

Зочин [202.9.46.152] 2021-03-07 02:07:17

Хорвоо чи хүмүүсийн зовлонд цадах болоогүй юу.

Zaluu [70.36.61.184] 2021-03-07 01:25:32

Ihleel 78 tai, 1938 ond torson geel ihlehiin ene setguulch. 83 tai baidaggui yum u 38 onii hogshin bol? Esvel 5n jiliin omnoh materialaa unshilgui shuud dahin niitlej bga yumu?

Zochin [87.66.142.201] 2021-03-07 09:28:35

Harin tiim, amidralin erhend 17nastaidaa gerlesenees hoish 18 nas hurtlee aawtaigaa amidarsan..... Yaj ch unshaad oilgosongui, utga awtsaldaa muutai bichsen bna, herwee unen bol hunii amidraliin tuuhiig ingej oilgomjgui bichij bolohgui baihaa

ЗОЧИН [202.179.25.46] 2021-03-07 01:21:03

БААТАРНУМАА НААДАХ ЧИНЬ ИХ ГОЁ ЗОХИОЛЫН СДЭВ БАЙНА. ЧИ ҮҮГЭЭР НЭГ САЙХАН КИНО ЗОХИОЛ БИЧЭЭЧ ИХ ГОЁ КИНО БОЛНО ДОО.

pkxny [202.179.25.46] 2021-03-07 01:05:28

ном зохиол киноны сайхан сэдэв байна даа.


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.