Эхлэх цэг: Хандлагыг өөрчлөхөдхөрөнгө оруулъя

Aдмин / Нүүр

Гурван хүү төрүүлсэн бүсгүйг “Дархан бэр”-ээр өргөмжилж нийтээрээ хөөрцөглөж, талархлын үгээр булж байхад хүүхэд төрүүлэх боломжгүйгээ сонссон эмэгтэй тэнд юу бодож суугаа бол. Эсвэл яг адилхан гурван хүүхэд төрүүлсэн ч хоёр охин, нэг хүүгээ хөтөлж яваа бүсгүйд битүүхэн гомдол төрж ялгаварлуулсан мэдрэмж төрдөг болов уу. Угтаа бүсгүй хүн биеэсээ гурван “амь” тасалж төрүүлснээрээ бүгд л адил гавьяатай. Нэг үгээр гурван хүү төрүүлсэн нь давуу эрх эдэлдэг бол бүх ээжүүд тэнцүү ачаа үүрдэг. Гэтэл эмэгтэй хүн заавал олон хүүхэд төрүүлэх ёстой, эсвэл төрүүлсэн хүүхдийг хүйсээр нь ялгаварлаж нэгийг дөвийлгөж, нөгөөг нь үлдээх хэрэг бий гэж үү. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг өрөвдөж, амьдралын түвшин доогуур бүлгийг хохирогч гэж хардаг хэвшмэл ойлголт манай нийгэмд “үйлчилж” байна. Үүнээс үүдэж тэднийг дорд үзэх, ялгаварлах эх суурь тавигдах нь бий. Угтаа бол өрөвдөх бус чадавхижуулж, нийгэмд нээлттэй оролцуулж, амьдралаа авч явах боломж олгох суурь шалтгааныг нь олох учиртай. Мөн хэн нэгэнд тусалсан тухайгаа амьдралын түүх, зураг хөрөгтэй нь дэлгэдэг.

Гэтэл магадгүй хүнд туслах, буян үйлдэх нь аль ч нийгэмд л байх л ёстой энгийн үзэгдэл ч байж болох. Дунд сургуульд охид анги цэвэрлэх ёстой гээд хөвгүүдийг чөлөөлдөг байсан хэвшмэл ойлголт одоо ч бий.

Цар тахлын үед хандлагыг харуулсан хүний эрхийн зөрчлийн ноцтой кейс олон давтагдлаа. Ковидын халдвар илэрсэн хүний зураг, маршрутыг дэлгэж, орц, айлын хаалган дээр таних тэмдэг байрлуулж, халдвар авсан нь батлагдаагүй байхад дөн өвлийн хүйтэнд олон цагаар зогсоосон, тэр бүү хэл хүнд өвчтэй хүнийг товчоон дээр хүлээлгэсээр автомашинд амиа алдсан эмгэнэлт хэрэг манай улсад гарсан. Гагцхүү дээрх кейс болгон дээрх дүрэм журмыг санаачилж, үйлдлээрээ гүйцэтгэж байгаа хүмүүсийн хандлага зөв байсан бол ялгаварлан гадуурхалтад өртөхгүй, эрүүл мэнд амь насаа алдахгүй байлаа. Энэ мэтээр хэлэхгүй ч хэлэмжээр харагддаг, үгээр илрэхгүй ч үйлдлээр нь эзнийхээ өмнөөс “ярьдаг” зүйл бол хандлага юм.

Үүний цаана шийдвэр гаргах түвшин, салбар бүр дээр хандлага л бүхнийг ялдаг. Даанч хүний эрхийн мэдрэмж, жендэрийн хэвшмэл ойлголт амь бөхтэй оршсоор байгаа учраас жижиг гэлтгүй, бидний анзаардаггүй бүхэн дээр хүний эрх зөрчигдсөөр, нийтээрээ анзаарахгүй хүлээн зөвшөөрсөөр байна. Үнэндээ сайн хүний дүрд тоглоод ч хандлага төлөвшөөгүй бол бүх зүйлд шударга хандах нь эргэлзээтэй. Зарим хүн өөрөө ч мэдэхгүй хандлагаа үйлдлээрээ үгүйсгэж байдаг. Угаас өнөө үед амжилтыг IQ, оюуны итгэлцүүр биш харилцаа, хандлагаар тодорхойлдог эрин үе ирсэн. Тиймээс нийгмийн хөгжлөөс хоцрохгүй хүний эрхийг хангахын тулд хүний эрхэд суурилсан хандлагыг бий болгож, жендэрийн хэвшмэл ойлголтыг үндэс сууриар нь тас цохиж байж л хүний эрхийг хангах боломж бүрдэхийг дээрх хэдхэн жишээ л бэлхнээ харуулж байна.

Хандлага эхийн хэвлийд төлөвшиж байдаг гэдэг. Яг энэ цэгээс эхлүүлж эхийн хэвлий, гэр бүлийн орчин, цэцэрлэг, сургууль, хөдөлмөрийн зах зээл гээд амьдралын мөчлөг бүрт нь зүтгэл шингээж, хөрөнгө оруулж, эерэг хандлага суулгаж чадвал эхнээсээ голдирол, тогтолцоо зөв замдаа орно. Өөрөөр хэлбэл, ганцхан би хүүхдээ зөв хандлага, хүмүүжилтэй болгож өсгөөд нэмэргүй. Энэ нийгмийг бүтээлцэж байгаа бүх хүүхдийн хүмүүжил, төлөвшил улс орны ирээдүйг тодорхойлох учраас уламжлал, соёлтой уялдуулж зөвхөн мөнгөөр биш бүхий л гинжин хэлхээнд нь хөрөнгө оруулъя. Эцэст нь хөгжлийн үр шимийг хүн л хүртэх ёстой шүү дээ. Тиймээс хүн төвтэй нийгэм бүтээхийн тулд хэрэгцээ шаардлагыг хангахаас илүүтэй эрхийг нь хамгаалахыг олон улсад чухалчилж байна. Аюулгүй байдлыг хангахгүйгээр хөгжлийн үр шимийг хүртэхгүй, хөгжилгүйгээр бид аюулгүй байдлыг бүрдүүлэхгүй. Хүний эрхийг хүндэтгэхгүйгээр хөгжлийн ч тэр аюулгүй байдлын ч тэр аль алины үр шимийг хүртэж чадахгүй гэж НҮБ-ын ЕНБД асан Кофи Аннан хэлсэн байдаг. Харин нийгмийн хамгийн чухал хүч болсон хүний эрхийг хангахад хэвшмэл ойлголтыг халж, хандлагыг өөрчлөх гарц шийдлийг экспертүүд хэрхэн харж байгааг хүргэе.

ЭКСПЕРТИЙН ҮГ

ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд: Хүн байх, ёс зүй, хүмүүжил, суурь боловсролоос хандлага ихээхэн шалтгаална

-Хандлага өөрчлөхийн тулд хүний эрхийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Мөн хүн байх, ёс зүй, хүмүүжил, суурь боловсролоос хандлага ихээхэн шалтгаална. Монголын бүх төрийн байгууллага хүний эрхийг хангаж хамгаалах үүрэг хүлээсэн. Энэ үүргээ илүү өргөн хүрээнд хариуцсан асуудлаараа хүний эрхийн мэдлэг хандлагыг амьдрал дээр хэрэгжүүлж чадах вэ гэдэг дадал хэвшлээс хамаарч байна. Хүний эрхийн асуудал нийгмийн хөгжилтэйгээ уялдаа, холбоотой явдаг. Нийгэм хөгжиж олон талт харилцаа бий болохын хэрээр шинэ сорилт гарч ирж байна. Тэр шинэ үзэгдэл, сорилтуудыг урьдчилан мэдэрч даван туулах чадвар хандлага хүмүүст байхгүйгээс болж хүний эрхийн зөрчил гарч байна. Тэгэхээр хүний эрх алхам тутамдаа хүн бүрт хамааралтай учраас зөвхөн хариуцсан гэхээс илүү бүх байгууллага хүний эрхийн зарчимд нийцүүлэх, мөн чанар, ойлголт ухагдахууныг таньж мэдэх шаардлагатай. Хүний эрх бол хүнд халдахгүй байх, хүндэтгэх, хүлээн зөвшөөрөх хандлага. Энэ хандлага юунаас үүсэх вэ гэвэл хүүхэд ямар орчинд өсч байгаа. Гэр бүлээс гараад цэцэрлэг, сургууль, нийгмийн харилцаанд орж ажил хөдөлмөр эрхлэхдээ бусдыг хүндэтгэх, эрхийг нь хөндөхгүй, хүлээн зөвшөөрөх ойлголтыг бий болгохгүй бол алхам тутамдаа хүний эрхийг зөрчих гол шалтгаан болж байна. Энэ гинжин холбоотой хандлагыг өөрчлөхийн тулд хамгийн эхлээд гэр бүл гэж юу болох, хамтын хариуцлага, эрх үүргийг ойлгуулах хэрэгтэй байх. Наад зах нь хүүхдийнхээ сурч боловсрох, аюулгүй байлгах, эрүүл өсгөн хүмүүжүүлэх зэргээр гэр бүл төлөвлөлтийг нухацтай цогцоор нь авч үзэх шаардлагатай. Математикч болохгүй ч эцэг эх болно гэдэг хандлагыг зөв ойлгуулах хэрэгтэй юм болов уу.

Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр: Боловсролын тогтолцоогоор дамжуулан жендэрийн мэдрэмжийг суулгах хэрэгтэй

-Жендэрийн хэвшмэл ойлголт, хөдөлмөрийн тогтсон хуваарилалт нь нэг нийгмээс нөгөө рүү дамжиж байгааг таслан зогсоохын тулд олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ хүрээнд ЕБС, их дээд сургуулийн сурах бичгүүд жендэрийн мэдрэмжтэй байгаа эсэхэд судалгаа хийх ёстой. Сурах бичгүүд дээр жендэрийн хэвшмэл ойлголтыг дэмжсэн мэдээлэл байгаа эсэхэд дүн шинжилгээ хийх нь чухал . Судалгаагаар жендэрийн хэвшмэл ойлголтыг дэмжсэн дүн гарч ирвэл залруулах арга хэмжээ авч, багш нарыг жендэрийн мэдрэмжтэй болгоход анхаарах ёстой. Багш жендэрийн хэвшмэл ойлголттой байж болохгүй. Олон улсад жендэрийн хандлага хоёр насанд төлөвшдөг гэж үздэг. Тиймээс сургуулийн өмнөх наснаас нь эхлэн боловсролын тогтолцоогоор дамжуулан жендэрийн мэдрэмжийг суулгах нь чухал. Насанд хүрсэн хүмүүсийг соён гэгээрүүлэхийн тулд хэвлэл мэдээллийн хэрэгслийг жендэрийн мэдрэмжтэй болгох нь чухал. Дараа нь соёлоор дамжуулан олон нийтэд нөлөөлөхийг зорьж байна. Соёлын яам жендэрийн бодлоготой байх чухал. Ингэж байж кино, жүжиг, дуу гэсэн контентүүд жендэрийн мэдрэмжтэй болно.

Манай улсад хамгийн их тулгамдаж байгаа асуудлын нэг нь гэр бүлийн хүчирхийлэл юм. Гэр бүл гэх хаалттай хаалганы цаана байсан, ийм зүйл байх л ёстой гэсэн ойлголт төлөвшсөн байтал гэмт хэрэг болж хувирсан. Тиймээс хүмүүсийн ухамсар, ойлголтыг засах, буруу зүйл гэж мэдүүлэх, хандлагыг өөрчлөхөд их хугацаа зарцуулах нь тодорхой. Хүчирхийлэл үйлдэгчийг албадан сургалтад хамруулж, үйлдэхээс нь өмнө зан үйлийг нь өөрчлөх, жендэрийн хэвшмэл ойлголтыг халах, эрх мэдлийн тэнцвэргүй байдлыг хангахад анхаарах нь чухал. Эрэгтэй эмэгтэй хүмүүс хөгжилд эн тэнцүү оролцоно, хөгжлийн үр шимийг тэгш хүртэнэ гэсэн “Жендэр ба хөгжил” зарчмыг манай улс баримталж байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

иргэн [66.181.183.66] 2021-12-05 07:11:27

Бид бие биеэ хүндлэх зан ааш их муухай хувиа бодсон хандлага нь би болж байвал гэдэг хандлага маш буруу!!!!!!!! Монгол удам гээд л худалаа хуурамч зан заншил хуурмаг шүтээн ,нэг ламаар амьдралаа заалгаад л яаж өөдлөхвэ!!!!!!!!Дээд Төр нь луйварчид авилагчид -- доодхи ахан дүүс нь адилхан шүү дээ хууль гуул болж. Танхай Монгол боллоо!!!!!!!!Одоо Төрийг бүхэлээр нь шинчилж байж л өөрчилөгдөнө.. Н .Энхбаяр Хүрэлсүх бүгд сүлжээ цагт Хөгжихгүй ээээээ!!!!!!!!Зоригт Залуус л Аварна даа.!!!!!!!!!Төр нэр нүүргүй боллоо одоохон унана доо Огцорох нь ойлгомжтой.!!!!!!!!Улсын өр төлөөд зайлаарай!!!!!!!!!!!авилгачид аа!!!!!!!

Зочин [66.181.160.28] 2021-12-05 05:53:33

Бүх түвшиндээ ёс суртахууны хүмүүжилгүй болсоны харгайгаар дэрээсээ,доороо хүртэл хүнд суртал гаргаж пээдийдэг болсон.Уг нь төрийн албан хаагчид чинь хүн арддаа үйлчилдэг боол нь байх учиртайш дээ.Ард иргэдийн татварын мөнгөөр ажиллаж амьдарч байгаа гэдгээ ухамсарлахгүй тэнгэрээс буусан юм шиг ханддаг хандлаг нь зөвхөн үүнд л байгаа шүү дээ.

Зочин [202.9.47.11] 2021-12-04 08:13:11

платформ гэж юуг хэлэх вэ? Хувийн вэбсайт эсвэл хувийн блогыг платформ гэдэг үү?


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.