ҮБХ: Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа

Aдмин / Хууль

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн холбогдох албан тушаалтнууд оролцсон.

Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаар Засгийн газар бусад холбогдох байгууллагад чиглэл өгөх Байнгын хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир хийв.

Тэрбээр танилцуулгадаа, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2020 оны 04 тоот тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир миний бие ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Н.Ганибал, Б.Дэлгэрсайхан, Д.Өнөрболор, Г.Тэмүүлэн нар ажилласныг дурдлаа.

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байрлах Асгатын мөнгөний орд нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаардаг бөгөөд 1986 оноос Асгатын мөнгөний ордын хэмжээнд явуулсан төрөл бүрийн геологи судалгааны ажлууд хийгдэж, сүүлийн хайгуулын ажил 1991 оноор дуусгавар болсон байдаг. Тус ордын нөөцийг хараахан бүрэн тогтоож амжихгүйгээр хайгуулын ажил зогссон гэдгийг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа дурдаад Байнгын хорооноос байгуулагдсан дээрх Ажлын хэсэг нь тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг эрчимжүүлэхтэй холбоотойгоор тухайн орд байршиж буй орон нутгийн удирдлагууд болон холбогдох яамдын болон энэ талын мэргэжлийн хүмүүстэй удаа дараагийн уулзалтуудыг зохион байгуулж, тэдний санал бодлыг сонсож ажилласан гэж байлаа.

2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Ажлын хэсэг хуралдаж, Асгатын мөнгөний ордыг ашиглалтанд оруулах ажлыг эрчимжүүлэх, энэ талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгсөн Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Ажлын хэсгийн хуралдаанд оролцсон гишүүд Стратегийн ач холбогдол бүхий томоохон орд болох Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зайлшгүй шаардлагатай бөгөөд үүний тулд тус ордод нэмэлт хайгуулын ажлыг гүйцэтгэн нөөцийг бүрэн тогтоох, нэмж хайгуул хийх ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн 2022 оны эхний хагас жилд багтаан зарлах, мөн тус ордын нарийвчилсан хайгуулын бүс нутгийн хэмжээнд гүйцэтгэж, нөөцийг шинэчлэн тогтоох ажлыг 2024 онд багтаан хийх талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй гэснийг Ажлын хэсгийн ахлагч Т.Аубакир танилцуулгадаа онцолсон.

Мөн Асгатын мөнгөний ордын өнөөгийн нөхцөл байдлын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлэл хийсэн.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Ц.Туваан, Ж.Батжаргал, Б.Чойжилсүрэн нар асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн, Н.Наранбаатар нар тогтоолын төсөлд “Асгатын мөнгөний ордод нарийвчилсан хайгуулын ажил гүйцтэтгэх болон ТЭЗҮ боловсруулах хөрөнгийн эх үүсвэрийг “Эрдэнэс Монгол” ХХК хариуцан ажиллах” гэсэн саналыг нэмж тусгах шаардлагатай гэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Гишүүдээс гаргасан саналыг нэмж тусган Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжив.

Уг тогтоолын төсөлд “Асгатын мөнгөний ордод нарийвчилсан хайгуулын ажил хийж, нөөцийг тодотгох гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн 2022 оны эхний хагас жилд багтаан зохион байгуулах, Асгатын мөнгөний ордын нарийвчилсан хайгуулын ажлыг бүс нутгийн хэмжээнд гүйцэтгэж, нөөцийг тодотгож шинэчлэн тогтоох болон баяжуулалтын технологийн судалгааг 2024 онд багтаан хийж, тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг хангах, Асгатын мөнгөний ордод нарийвчилсан хайгуулын ажил гүйцтэтгэх болон ТЭЗҮ боловсруулах хөрөнгийн эх үүсвэрийг “Эрдэнэс Монгол” ХХК хариуцан ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгон тусгахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.