Амьдралаас алдсан жилүүд буюу хэнэггүй монгол эрчүүд

Aдмин / Нийгэм

Өнөөдөр эрчүүдийн баяр. Угтаа бол “Монгол цэргийн өдөр”. Гэхдээ баяр бүхнийг нийтээр нь хамаатуулж өргөн дэлгэр тэмдэглэдэг нь монголчуудын зан л даа. Тэглээ гээд буруудах зүйлгүй ч аливаа тэмдэглэлт өдрөөр эрхээ хамгаалах, тэр дундаа эрүүл байх эрхээ эдлэх шаардлагатайг ойлгох хэрэгтэй боллоо. Ер нь л хүн бүр биедээ бүрэн хэмжээний “чагнуур” тавьж үзэхгүй бол байдал боломгүй хэмжээнд хүрснийг таниулахаар олон арга хэлбэрээр “нүдэж” буй нь нэг бодлын азтай хэрэг юм. Яг ийм зорилгоор энэ удаад эрчүүдийн эрүүл мэндийг онилж байгаад эмч мэргэжилтэн, төрийн бодлого гаргагч, энгийн иргэд тал талаасаа цугларч болох, болохгүйгээ ярилцав. Зөвхөн эрүүл мэнд гэлтгүй амьдралын хэв маяг, хорт зуршлаас эхлээд асуултын тэмдэгтэй үлдсэн асуудлынхаа гүнийг тэмтэрсэн бүтэн өдрийн чуулганаас харахад үнэндээ монгол эрчүүд эрүүл мэнддээ санах зовох хэрэгтэй болжээ. Зүй нь эрчүүд хамгийн их анхаарч ач холбогдол өгдөг хийморь лундаа биш эрүүл мэнд чинь доройтож, шалдаа хүртэл унах хэмжээнд хүрч. Санаа зовох төдий биш эрүүл мэнд, амьдралын зөв хэв маяг, архи тамхи хорт зуршлаасаа салахгүй бол монгол эрчүүдийн амьдралаас алдаж буй он жилүүд, ирээдүйд учрах эрсдэл ёстой л аюулын харанга дэлдэхээр болсныг “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулганаар ярилаа. Нэг ёсондоо монгол эрчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийг алган дээрээ тавьсан мэт дэлгэсэн нь төрийн бодлогын хэмжээнд ч нухацтай ач холбогдол өгөх ёстойг харуулав. Чуулганд төрийн тэргүүн оролцож нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлалд өндөр ач холбогдол өгч буйгаа онцлоод энэ талаарх аливаа санал, санаачилгыг бүрэн дэмжиж, хамтран ажиллана гэдгээ хэллээ.

Эрэгтэйчүүдтэй холбоотой цөөн тоо баримт сөхөхөд л хэнэггүй зан нь хэтэрхий дэндсэнийг ойлгоно. Эрчүүд эмэгтэйчүүдээс 10 шахам жилээр богино насалж, хоёр эрэгтэй тутмын нэг нь тамхи татаж, архи уудаг. Түүн дотроо эрэгтэйчүүдийн 29 орчим хувь нь сар бүр архийг хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан “Эрчүүдийн дунд зүрх судас, амьсгал, хоол боловсруулах, бэлгийн замын өвчнүүд тэргүүлж байна. Тухайлбал, элэгний хорт хавдар жилдээ 1092, ходоод 659 гэх зэргээр өндөр байна. Үүний суурь шалтгаан нь бас л архи, тамхины хэрэглээ. Осол гэмтэл ч эрчүүдийн дунд өсөж байна. Хорт хавдрын шалтгааны 36 хувь нь тамхитай холбоотой, 30 хувь нь зохисгүй хоолноос үүдэлтэй. Хорт зуршилгүй, эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшүүлж чадвал хавдраас 60 хувь сэргийлэх боломжтой. Энэ бол бид жаахан хичээх л юм бол хийж чадах зүйлс. Зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээнээс үүдсэн артерийн даралт ихсэлт, хоол боловсруулах замын болон зүрх судасны эмгэг эрчүүдийн дунд түгээмэл байна. Хавдар, осол гэмтэл эрчүүдийн нас баралтын гол шалтгаан болж байна. Эрэгтэйчүүд 52.2 хувь нь ид хийж бүтээх насандаа нас барж байна. Үүнээс хамгийн их анхаарал татаж байгаа нь амиа хорлолт. Амиа хорлогсдын 85 хувь нь эрчүүд байгаа нь нухацтай авч үзэх асуудал мөн” хэмээсэн нь Монгол эрчүүд эрүүл мэнд, амьдралын чанараас эхлээд өнөөдөр тэд яг “хэн бэ” гэсэн бүрэн агуулгыг илтгэв. Энэ бүхнээс Төрийн ордны их танхимд цугласан эрчүүд өөрийгөө тольдсон нь лав.

Осол гэмтлээс шалтгаалсан нас баралтаар эрчүүд эмэгтэйчүүдийнхээс бараг тав дахин өндөр, хорт хавдар 20 хувиар их байна. Амиа хорлолтоор дэлхийд тэргүүлж, Азидаа БНСУ-ын дараа бичигдэж байгаа. Эрчүүдийн сэтгэцийн эрүүл мэнд ямар байгаа нь эндээс харагдах болов уу гэдгийг хөндлөө.

ГЯЛТАЙХ МЭДЭЭ БУЮУ “АРХИ”

Монголчуудын эрүүл мэндтэй холбоотой гялтайх мэдээ дуулгасан нь архины хэрэглээ байв. Ерөнхийлөгчийн институтээс ард иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлж, эрүүл ирээдүйг бий болгох, соён гэгээрүүлэх зорилгоор “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг санаачлан орон даяар өрнүүлж байгаа. Эхлэл болгож согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдсэн эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн хор хөнөөлийг бууруулах ажил хийсэн нь үр дүнгээ өгчээ. Тоймлож харвал нэг жилийн хугацаанд тодорхой үр дүн гарсныг хуваалцлаа. Монгол Улсад үйлдвэрлэсэн согтууруулах ундааны хэмжээ 2023 оны байдлаар өмнөх онтой харьцуулахад 32.7 сая литрээр буюу 21.6 хувиар, импортын хэмжээ 18 хувиар буурчээ. Мөн улсын хэмжээнд борлуулсан согтууруулах ундаа өнгөрсөн онтой харьцуулахад 1.7 сая литрээр багассан байна. Өөрөөр хэлбэл, дотоодын үйлдвэрлэгчид архины хатуулгийг 1-2 градусаар зөөлрүүлснээр өндөр хатуулагтай архины хэрэглээ буурсан. Түүнчлэн архидан согтуурахтай тэмцэх санд хуримтлагдсан найм орчим тэрбум төгрөгийг архины хор хөнөөлийг сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, донтох эмгэгтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэхэд зарцуулж эхэлсэн нь том дэвшил болжээ. Үүний нэг илрэл нь энэ жилийн цагаан сараар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 57.6 хувиар, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн тасагт архидан согтуурсны улмаас гар, хөлөө хөлдөөсөн ганц тохиолдол бүртгэгдсэн нь ойрын жилүүдэд харагдаагүй үзүүлэлт юм. Түүнчлэн сүүлийн үед эрчүүдийн тамхидалт, ялангуяа хүүхэд, залуусын дундах электрон тамхины хэрэглээ аюулын харанга дэлдэж эхэлсэн байна.

Архи, тамхины хэрэглээг хязгаарлах талаар өнгөрсөн хугацаанд томоохон бодлого хэрэгжүүлээгүй учраас “Эрүүл монгол хүн” үүнд чиглэх аж. Өөрөөр хэлбэл, өвчний үндсэн таван шалтгаан руу чиглэсэн бодлого хэрэгжүүлж байна гэсэн үг. Архидалттай тэмцэх үйл ажиллагааг өнгөрсөн хугацаанд ямар ч төсөлгүй хэрэгжүүлдэг байсан бол одоо тодорхой хэмжээний төсөвтэй болсон. Үргэлжлүүлэн бодлогын арга хэмжээ авах ёстой. Дараагийн шатанд архинд донтох эмгэгтэй болох эрсдэлтэй байгаа хүмүүсийг хэрхэн эмчилж, ажлын байраар хангах вэ гэдэг бодлогоо хэрэгжүүлээд эхэлсэн. Үүний хүрээнд үндэсний хэмжээнд эмчилгээний болон сэтгэл зүйн багийг бэлдсэн. Эхний ээлжид Хан-Уул дүүргийг жишиг болгох ажлыг эхлүүлэн, бүх хорооноос иргэд хамрагдаж байна. Үүнд тухайн хорооны нийгмийн ажилтан, Засаг дарга, цагдаа, өрхийн эмч гээд бүгдийг нь хамруулсан баг бүрдүүлж, “Эрүүл Хан-Уул дүүрэг” төслийг эхлүүлэн, эхнээсээ эмчлүүлэн, үр дүн нь гарч байна. Цаашдаа бүх аймгийн төвд үүнийг хэрэгжүүлнэ гэдгийг Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний багийнхан танилцууллаа.

ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭХ НЬ

Зөвхөн эрчүүд гэхгүйгээр эрүүл ирээдүйг хэрхэн бүтээх вэ гэдэгт “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн зорьж буй. Энэ талаар Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан “Эрүүл монгол хүн гэдэг эрүүл чийрэг бие бялдартай, эрүүл саруул оюун ухаантай, эрүүл зан үйл, амьдралын хэвшилтэй, эрүүл орчин бүтээгч хүнийг хэлнэ. Нийт хүн амын 3.9 хувьд нь эрүүл амьдрах орчин, бололцоо бүрдсэн байна. Үүнийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэгт “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн чиглэж байгаа. Өвчин тусаад эмчлэх бус, хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдэг бодлогыг нас, хүйс, онцлогт нь тохируулан хүргэх бодлого хэрэгжүүлж байгаа юм. Эрүүл ирээдүй бүтээхийн тулд сургуулийн өмнөх боловсролын шатанд урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, багшийг нь хэрхэн бэлтгэх зэргээр бодлого боловсруулсан. Жишээлбэл, зургаан настай сургуульд орж байгаа хүүхдүүдэд зүрх судасны тогтолцооны үзлэг, оношилгоог тогтмол хийж, биеийн өсөлт, хөгжлийн индексийг тодорхойлно. Сурлагын дүнгээс гадна эрүүл мэндийн мэдээллийг нь шинэчилнэ. Ингээд дөрөвдүгээр ангид нь амьсгалын эрхтэн тогтолцоо, наймдугаар ангид нь мэдрэл, төгсөх ангид шээс, бэлгийн замын тогтолцооны өвчлөлийг үзэж, оношлох юм” гэлээ. Ийнхүү бүтэн өдөр зөвлөлдсөн “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний анхдугаар чуулганаар “Эрэгтэйчүүдийн манлайлал, ёс зүй, үүрэг хариуцлага, оролцоо”, “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маяг”, “Эрэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголт-боловсрол, амьдралын ухаан”, “Эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Чуулганаас гаргасан зөвлөмжийн дагуу парламент, Засгийн газар, холбогдох яамд, төрийн болон төрийн бус байгууллагууд төлөвлөгөө гарган ажиллах юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл

Anhbayar [51.79.161.250] 2024-03-28 19:35:28

Их чухал сэдэв хөндсөн ажил явж байгаа юм байна иймэрхүү мундаг эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан хүмүүс төрд гараасай мэдлэг боловсролтой ажилласан туршлагатай хүмүүс л салбар салбараа сайн авч явна шүү дээ. Энэ Мөнхсайхан с өшөө олон зүйлсийг эх орондоо хийгээсэй гэж хүсэж байна ажлын өндөр амжилт хүсье

Tuul [51.79.161.250] 2024-03-28 19:34:17

Мундаг хүншдээ маш олон хэрэгтэй зүйлсийг хийж байсан хүн одооч хүртэл маш их чухал сэдвийн талаар ярьж байна иймэрхүү мундаг хүмүүсээр нийгмийн хэмжээнд бодлого гаргуулаад гаргасан бодлогын хэрэгжүүлээд явмаар байгаа юм даа тэхгүй бол одоо энэ эрүүл мэндийн асуудал хэцүүдлээшд

Gonchigsuren [77.73.69.67] 2024-03-28 19:33:32

Эрүүл мэндийг сайн түүчээлж хурдацтай хөгжих үйлд их хувь нэмэр оруулах боловсон хүч гэж өөрийг чинь бодож явдаг шүү улсынхаа төлөө маш олон чухал ажлуудыг хийж явсныг чинь би мэднэ олонч хүмүүс мэдэх байх цаашдаач өмнөхтэйгөө адил энэ нийгэмдээ хэрэгтэй ажлуудыг хийгээсэй гэж хүс ч байна шүү хичээгээрэй

Ariunbolor [51.158.237.58] 2024-03-28 19:32:24

Би өөрөө эрүүл мэндийн салбарт өчнөөн олон жил ажилласан хүн байна Мөнх сайхан гэдэг хүнийг бол сайн мэднэ хувьдаач их дэмждэг харин яг ийм мундаг хэрэгтэй ажлуудыг хийж байсан хүнээр нийтийн хүрээнд бодлого гаргуулаад явбал одоогийн Монгол улсын эрүүл мэндийн бүхий л асуудал арилан гэж бодож байна

Turbold [163.172.178.19] 2024-03-28 19:31:53

Монгол улсын эрүүл мэндийн сайд байсан хүншүүдээ олон чухал хэрэгтэй ажлуудыг улсдаа эхлүүлж хийж байсан гэдгийн их сонсож байлаа одоо бол засгийн газрын хүн биш ч гэсэн улсынхаа төлөө хэрэгтэй ажлуудыг хийгээд явж байгаа юм байна

Зочин [202.9.46.86] 2024-03-18 18:32:24

Үхэр монголчууд 33 жилийнхээ амьдралаа хулгайчдад алдсандаа.

иргэн [66.181.182.247] 2024-03-18 15:57:22

аливаа юмны учрыг ухаж, тунгаан боддогүй тэнэгдүү хүмүүсээ бид гэнэн цайлган , хээгүй гүндүүгүй гэж хөөргөдөг , юмны учрыг олох гэж ухаж бодсоныхоо дараа үйлдэлээ хийдэг хүмүүсээ муу санаатай , дотуур тамиртай гэж ад үзэж муулдаг, ийм болохоор бид юу ч хийж чаддагүй үхэр монголчууд билээ

mongolchuudaa [66.181.179.227] 2024-03-18 13:39:09

martiin 8 tsergiin bayr geed kommunist bayruud temdeglehee boliochee

Зочин [202.55.188.110] 2024-03-18 13:08:13

Хиииймар лундааа байхад эрүүл мэнд яаахвэ

Зочин [66.181.161.109] 2024-03-18 11:36:05

Архичин эмэгтэй бол эрэгтэй хүнд амьдийн там.

хүннү [202.55.188.35] 2024-03-18 11:07:14

Эрэгтэй хүний богино наслах үндсэн шалтгаан. 1.Өрхийн тэргүүндээ дээжийг нь гээд хоол цайныхаа хамаг тос өөхтэйг нь шүүрдээд аягалдаг. 2.Эхнэр, тэд нөхрөө амар заяаг нь үзүүлэхгүй зовооно. Яг яаалгах гээд байгаа нь мэдэгдэхгүй. Гэр бүлийн таагүй байдлаас үүдэн сэтгэл санаагаа засах далимаар архинд орно, “…ингэж амьдаараа хэрчүүлж байснаас үхсэн нь дээр” гээд аливаа өвчинг тоохгүй зөнд нь орхино. Эцэст нь нөгөө хүссэн үхэлтэйгээ нүүр тулна.

Зочин [122.201.31.247] 2024-03-18 10:01:13

Архи архи л гэх юм. Тэгээд архиндаа айраг, пиовоо тооцож оруулж хүний сүнс зайлуулна. Монгол эрчүүд уруу дорой буйгийн шалтгаан монгол эмэгтэйчүүд. Тэднээс ирэх дарамтыг тэсэх гэж л эрчүүд маань хорвоогийн бор өдрүүдийг өнгөрөөдөг болсон.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.