Мариела Кастро: Монгол эмэгтэйчүүдийн бие даасан байдал, чадавх нь тоон үзүүлэлт төдий биш, царайнаас нь гэрэлтэж байна

Aдмин / Гадаад мэдээ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо анх удаа болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын Хүндэт зочдын ярилцлагаас үргэлжлүүлэн толилуулж байна. Энэ удаад Куба улсын Үндэсний ассамблейн гишүүн Мариэла Кастрогийн МОНЦАМЭ агентлагт өгсөн ярилцлагыг хүргэе. Кубын удирдагч асан Раул Кастрогийн охин Мариэла Кастрогоос монгол оронд ирсэн сэтгэгдэл, дэлхийн манлайлагч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын ач холбогдлыг хэрхэн үзэж буйг нь хуваалцсан юм.

-Монголын сайхан оронд тавтай сайхан морилж байна уу. Бидний урилгыг хүлээн авсанд талархлаа илэрхийлье. Монгол орны тухай сэтгэгдлээ хуваалцана уу. Ер нь, Та монгол орны тухай анх хэрхэн мэдэж авч байсан бэ?

-Би сургуульд байхдаа анх удаа монгол орны тухай сонсож байлаа. Дэлхийн улс орнуудын тухай сургуульд үздэгийн адилаар Монголын тухай анх сонсож, мэдэж авч байв. Гэхдээ Монголын тухай илүү ойроос сонсож, гүн сэтгэгдэл төрүүлсэн нь мэдээж аав маань байсан. Аав маань Монгол Улсад зочилсныхоо дараа, Кубадаа очоод танай улсын талаар маш их зүйл ярьсан. Бидэнд олон зураг үзүүлж, үзсэн харсан зүйлсээ ярьж өгч байв. Монголд ирээд монголчуудын амьдралыг дэргэдээс нь харсан нь маш сонирхолтой байсан гэсэн. Түүнд Монгол улс, хүн ард нь, нэн ялангуяа монголчуудын зочломтгой зан нь онцгой сэтгэгдэл төрүүлсэн юм билээ. Аав маань хүн төрөлхтний түүхийг ихэд шимтэн үздэг хүн байсан учир түүнд Монголын түүхийн тухай ярьж өгсөн нь сэтгэлд нь ихэд нийцсэн тухай ярьсан нь одоо надад тодхон санагдаж байна. Тэр үед би ааваасаа Монголын тухай үнэхээр ихийг сонсож олж мэдсэн л дээ.

- Тавин жилийн өмнө Таны аав Монгол оронд айлчлахдаа “Хэрэв Монголд суух Элчин сайд байхгүй бол би ажиллая” гэж хэлж байсан нь монголчуудад дотно сайхан санагддаг. Өнгөрсөн жил ч манай улсын төрийн тэргүүнтэй уулзахдаа боломж тохиовол Монголд дахинд зочлох хүсэл тээж явдгаа илэрхийлсэн байсан. Аавд тань тийм эелдэг сайхан сэтгэгдэл төрүүлсэн Монгол Улсад тавин жилийн дараа нь морилон саатна гэдэг бас л сонин тохиолдол гэж хэлж болох болов уу. Тэгэхээр урьд нь сонсож байсан мэдээлэл яг орчинд нь ирэхэд ямар санагдаж байна вэ?

-Би Монголд ирээд удаагүй байна л даа. Одоогоор би энэ чуулганаас өөр газар очоогүй байна. Гэхдээ Монголын талаарх миний сэтгэгдэл маш өвөрмөц гэж хэлж болох болов уу. Нэн түрүүнд, нүүдлийн мал аж ахуйн соёлоо хадгалж хамгаалж ирсэн нь надад таалагдаж байна. Өрнөдийн орчин үеийн соёлын нөлөө орж ирсэн ч, барууны соёл дэлхийд даяарчлагдаж байгаа ч та бүхэн өөрсдийн хэл соёл, уламжлал, ёс заншлаа хадгалж үлдсэн нь маш сайхан сэтгэгдэл төрүүлж байна.

Танай улсын хүн амын томоохон хэсэг одоо ч нүүдлийн аж амьдралаар амьдарч байгаа нь онцгой юм. Энэ нь нүүдлийн соёлын хүчийг илтгэж байна гэж бодож байна.

Мөн Монгол Улсын эмэгтэйчүүдийн байгууллага намайг маш ихээр гайхшруулсныг би энд онцлох байна. Монголын Эмэгтэйчүүдийн холбооны түүхэн үйл хэрэг 1924 онд эхэлсэн ч 100 жилийн ойтойгоо золгож байгаа ажээ. Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны үйл хэрэг ингэж тасралтгүй үргэлжлэхдээ түүхэн шинэ нөхцөл байдалд үндэслэн өмнө хийж бүтээснээ бэхжүүлсээр иржээ. Нийгэм дэх эмэгтэйчүүдийн хөгжил дэвшлийн үзүүлэлтээс нь би монгол эмэгтэйчүүд дорвитой, бахадмаар өсөн дэвжиж байгааг харлаа.

-Таны ээж Вильма Эспин Кубын Эмэгтэйчүүдийн холбоог үндэслэн байгуулж эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэдэнд тэгш боломж олгоход асар их хувь нэмэр оруулсныг бид дуулж сонсож байсан. Тийм болохоор Монголын эмэгтэйчүүдийн байгууллагынхантай уулзах танд бас л сайхан дурсамж сэргээсэн үйл явдал байсан болов уу?

-Би өнөөдөр /2024 оны 8-р сарын 22 сурв./ Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч болон тус байгууллагын гишүүдтэй уулзсан. Монгол эмэгтэйчүүдийн нийгэм дэх бие даасан байдал, чадавх зэрэг нь тоон үзүүлэлт дээр төдий биш нүүр царайнаас нь харагдаж байна гэж тэдэнд би хэлсэн л дээ.

Сорилт бий юу гэж үү, мэдээж бүх нийгэмд сорилт бий. Гэхдээ монгол эмэгтэйчүүд та бүхний ахиц дэвшлийг харахад үнэхээр их сэтгэл хангалуун, сайхан байна.

Миний уулзсан Монголын эмэгтэйчүүдийн холбооны удирдлагын нэг гишүүн Дэлхийн эмэгтэйчүүдийн хуралд оролцох үеэрээ ээжтэй минь авахуулсан зургийг надад үзүүлсэн. Тэр үед ээж маань Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч байсан үе юм билээ. Социалист улс орнуудын эмэгтэйчүүдийн холбоонд хийх ажил маш их байсан тэр үеийн зургуудыг монгол оронд ирээд үзнэ гэдэг бас л сонин сайхан байлаа. Энэ бол маш үнэ цэнтэй зүйл юм. Одоо ямар нийгэмд амьдарч байгаагаас үл хамааран тэр үед юу хийж энэ бүхэнд хүрснийг бид мартаж болохгүй билээ.

-Таны дараагийн ажил шахуу байгаа учир шууд асууя. Та энэ удаа Монгол орноос энэ удаа яг юу харах, чухам юуг сонирхохыг хүсэж байна вэ?

-Монгол, Куба хоёр улсын харилцааг бэхжүүлэх. Хоёр улсын хооронд илүү их харилцаа, солилцоо бий болохыг харахыг хүсэж байна.


-Куба Улс нь Латин Америкийн бүс нутгийн орнуудаас хамгийн анх Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон. Дипломат харилцаа тогтоосноос хойших нэгэн жарны хугацаанд хоёр орны ард түмний нөхөрсөг, дотно харилцаа батжин хөгжиж ирсэн. Олон сайхан түүх хоёр орны ард түмний дунд бий. Монголчуудын дунд явуулсан судалгаагаар, хамгийн их аялахыг хүсэж буй орны тухайд гурван хүн тутмын нэг нь Кубыг нэрлэсэн байсан. Тэгэхээр өнөөдрийн чуулга уулзалтын ач холбогдол, тэр дундаа Монголд зохион байгуулсны ач холбогдлыг Та юу гэж үзэж байна вэ?

-Дэлхийн чуулга уулзалтыг зохион байгуулна гэдэг гайхалтай санал санаачилга. Энэ нь дэлхийн өнцөг булан бүрд байгаа охид эмэгтэйчүүдийн хөгжил дэвшлийн зорилтыг хянах боломжийг бидэнд олгодог учраас байнга хийх ёстой чуулган юм. Эмэгтэйчүүдийн ололт амжилт, амжилтад хэрхэн хүрсэн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн байдал, эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, бие даах байдал, чадвар зэргийг эндээс харах боломжтой. Мөн энэ нь улс орнуудын улс төрийн хүсэл зориг, эмэгтэйчүүдийн эрхийг хэрхэн дээдэлж буйг илтгэж байгаа тул энэ төрлийн форумыг зохион байгуулах нь бусад улс орны туршлагаас суралцахад чухал ач холбогдолтой. Ирээдүйд хийхээр зорьж буй үйлсэд нь тулгарах сорилтыг үнэлж дүгнэх ач тустай.

Нөгөөтээгүүр энэхүү чуулганыг Монгол Улсад хийнэ гэдэг маш чухал. Нэгдүгээрт, Монгол Улсыг хоцрогдсон улс гэж боддог хүмүүс байдаг ч Монгол Улс хөгжлийн олон үзүүлэлтийг давж биелүүлэн ахицтай дэвшилттэй явж байна. Гэхдээ үүгээр зогсохгүй Монгол Улс бол Ази тивийн улс. Ази тив нь охид эмэгтэйчүүдийн хөгжил, тэдний эрхийг хангах тал дээр олон бэрхшээлтэй тулгардаг бүс нутаг шүү дээ. Азийн хэд хэдэн орон энэ тал дээр ахиц дэвшил гаргаж чадахгүй байгаа. Бүр зарим тохиолдолд ухарч байна.

Монгол Улс энэ тал дээр бусад улс оронд үлгэр жишээ болж, эдгээр асуудлыг хэлэлцэж дүн шинжилгээ хийхээр бусад улс орныг цуглууллаа. Монгол Улсын улс төрийн манлайллын талаар олон улс ам сайтай байгаа гэж би бодож байна. Монгол Улс ч энэ чуулга уулзалтыг маш өндөр түвшинд зохион байгуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүртэл анхаарал тавин оролцож байна. Тэрээр энэ чуулга уулзалтад ингэж ач холбогдол өгч, дэмжиж байгаа нь бүс нутагтаа болон Ази Номхон далайн улс орнуудын төрийн тэргүүн нарын хувьд энэ төрлийн хариуцлагын үлгэр жишээ болж байна.

-Эмэгтэйчүүд охидыг чадваржуулахад боловсролын нөлөө гэдэг салбар хуралдаанаас Та дөнгөж сая гарч ирсэн. Маш олон хүн оролцсон хуралдаан боллоо шүү дээ. Эмэгтэйчүүд юуг олзуурхан хуваалцаж байна, Та тэднээс онцолж болох уу?

- Бүх оролцогч бидэнд хэрэг болох өөр өөр санаа, үнэт санааг хуваалцаж байлаа Бүгд л сонирхолтой, хэрэг болохуйц санагдсан. Тиймээс энэ хурлыг маш хэрэгтэй, сайхан хурал болж байна гэж хэлж буй юм.

Төр засгийн тэргүүн Ю.Цэдэнбал, Р.Кастро нар албан ёсны хэлэлцээний үеэр, Улаанбаатар хот, 1970.04.26

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ


Сэтгэгдэл

Зочин [202.131.234.123] 2024-09-14 15:34:30

архи ууж банзалдаж давраад байгаа хүүхнүүд өөрийгөө од гээд хөөргөөд байгаа юм даа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.