СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

Aдмин / Улстөр

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.01.16) нэгдсэн хуралдаан 10 цаг 04 минутад гишүүдийн 50.8 хувийн ирцтэй эхэлж, 19 асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг Д.Амарбаясгалан дарга танилцууллаа. Эхлээд Санхүүгийн зохицуулах хорооны дарга, зарим гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн, Улсын Их Хурлын холбогдох тогтоолуудыг баталлаа. Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.13 дахь заалт, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өөрийн бүрэн эрхийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны даргад Түндэвийн Жамбаажамцыг нэр дэвшүүлсэн гэв. Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар тогтоолоор баталсан “Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүнд нэр дэвших тухай хүсэлт”-ийн загварын дагуу нэр дэвшигч Т.Жамбаажамц өөрийн танилцуулга, холбогдох бусад баримт бичгээ бүрдүүлж, Эдийн засгийн байнгын хороонд ирүүлсэн юм.

Байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт заасны дагуу “Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” тогтоолыг баталж, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулахаар шийдвэрлэж, сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржийг томилсон болохыг дурдав.

Тус Байнгын хорооноос 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулсан нэр дэвшигчийн сонсголд Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, М.Бадамсүрэн, Р.Батболд, О.Батнайрамдал, Н.Батсүмбэрэл, Э.Батшугар, Х.Ганхуяг, Б.Жаргалан, Ч.Лодойсамбуу, Г.Лувсанжамц, М.Мандхай, Б.Мөнхсоёл, П.Сайнзориг, Л.Соронзонболд, С.Цэнгүүн, Д.Энхтүвшин, М.Энхцэцэг, Да.Цогтбаатар, С.Эрдэнэбат нарын гишүүд оролцсон юм. Байнгын хороо 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа Санхүүгийн зохицуулах хорооны даргад нэр дэвшигчийн сонсгол явуулсан талаарх сонсголын тайланг хэлэлцээд, холбогдох дүгнэлтийг гаргасныг М.Мандхай гишүүн танилцууллаа.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлээгүй бөгөөд Түндэвийн Жамбаажамцыг Санхүүгийн зохицуулах хорооны даргад томилуулахыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Мөн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан Дэмбэрэлдашийн Баярсайханыг Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.5 дахь хэсэгт заасныг үндэслэн Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн даргад нэр дэвшигчийн талаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “Хорооны даргад Улсын Их Хурлын дарга … нэр дэвшүүлж, Улсын Их Хурлаас нэр дэвшигчийн сонсгол хийж томилно” гэж заасныг үндэслэн Түндэвийн Жамбаажамцыг Санхүүгийн зохицуулах хорооны даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж байгаа гэлээ. Т.Жамбаажамц нь 1982 онд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн. Ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг байна. Нэр дэвшигч нь 2006 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2017 онд Санхүү, эдийн засгийн их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ. Т.Жамбаажамц нь 2006-2007 онд Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын газрын мэргэжилтэн, 2007-2009 онд мөн Хорооны Үнэт цаасны газарт мэргэжилтнээр ажиллаж байгаа 2009-2011 онд Үнэт цаасны газрын хянан шалгагчаар дэвшсэн бол 2011-2013 онд Үнэт цаасны газрын ахлах хянан шалгагч, 2013-2014 онд Санхүүгийн зохицуулах хорооны Хөрөнгийн зах зээлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга, 2014-2015 онд тус Хорооны Үнэт цаасны газрын дарга, 2015-2016 онд Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын газрын орлогч дарга, 2016 оноос одоог хүртэл Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын албан тушаалыг эрхэлсэн туршлагатай хэмээн Д.Амарбаясгалан дарга танилцуулсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгосон төрийн захиргааны тэргүүн зэрэг дэвтэй, төрийн мэргэшсэн албан хаагч юм байна. Т.Жамбаажамц нь ажиллах хугацаандаа Япон Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Малайз Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Арабын Бүгд Найрамдах Египет Улс, БНСУ, БНХАУ, АНУ-д санхүүгийн хөрөнгийн зах зээлийн чиглэлээр богино болон дунд хугацааны сургалтад хамрагдан, мэргэшсэн байна. 2010-2012 онд Нью-Йоркын хөрөнгийн бирж, Лондонгийн хөрөнгийн бирж, Хонгконгийн хөрөнгийн бирж, АНУ-ын Хөрөнгө оруулалтын банк, Үнэт цаасны хороонд дадлагажигчаар суралцсан байна. 2011 онд БНСУ-ын Хөрөнгө оруулалтын “Leading Investment & Securities” банканд гурван сарын хугацаанд дадлагажиж мэргэжил дээшлүүлсэн болохыг Улсын Их Хурлын гишүүдэд танилцуулав. Мөн хөрөнгийн зах зээл, компанийн засаглал, бизнесийн эрх зүй сэдвээр санхүүгийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд эрх олгох болон мэргэшүүлэх сургалт, Санхүү, эдийн засгийн их сургуулийн магистрын хөтөлбөрт сүүлийн 10 гаруй жил багшилж байгаа гэв. Үнэт цаасны зах зээлийн эрх зүй, компанийн эрх зүй, компанийн засаглалын чиглэлээр судалгаа хийж, хууль зүйн их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөр болон санхүүгийн зах зээлийн хуульчдад зориулсан Үнэт цаасны зах зээлийн эрх зүй хичээлийн хөтөлбөрийг 2011 онд, “Үнэт цаасны эрх зүй” гарын авлагыг 2013 онд, “Хувьцаа эзэмшигчийн эрх” гарын авлагыг 2017 онд салбарын эрдэмтэн судлаачидтай хамтран бэлтгэж, тус тус хэвлүүлжээ. Мөн 2013 онд Монгол Улсын компанийн засаглалын эрх зүй, 2019 онд Төрийн өмчит компаниудад хийсэн компанийн засаглалын үнэлгээний тайлан, 2020 онд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зохион байгуулалтын үнэлгээний тайланг боловсруулахад тус тус оролцсон байна. Т.Жамбаажамц нь Санхүүгийн зохицуулах хороонд ажиллах хугацаандаа Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай, Компанийн тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай, Үндэсний төлбөрийн системийн тухай, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, санхүүгийн зах зээлийн бодлогын баримт бичиг болон холбогдох дүрэм, журам, зааварыг боловсруулах ажилд гар, бие оролцон манлайлан, өнөөгийн тогтолцоог хөгжүүлэх, боловсронгуй болгоход чухал үүрэгтэй оролцож ажиллажээ.

Т.Жамбаажамцын санхүүгийн зах зээлийн чиглэлээр мэргэшсэн байдал, мэдлэг боловсрол Санхүүгийн зохицуулах хорооны төсөв, санхүү, хүний нөөцийн удирдлага, Монгол Улсын даатгал, бичил санхүү, хөрөнгийн зах зээл зэрэг санхүүгийн зах зээлийн бодлого, зохицуулалт, хяналтын орчныг бүрдүүлэх, хэрэгжүүлэх чиглэлээр ажилласан туршлага, удирдан зохион байгуулах чадвар, байгууллагадаа тасралтгүй, тогтвортой, бүх түвшинд ажилласан байдлыг харгалзан төрийн албаны чадахуйн зарчимд үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны даргад нэрийг нь дэвшүүлж байгаа хэмээн Улсын Их Хурлын дарга танилцууллаа.

Байнгын хорооны санал, дүгнэлт болон нэр дэвшигчтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, П.Сайнзориг, Х.Ганхуяг, Г.Очирбат, Х.Баасанжаргал, Д.Пүрэвдаваа, Да.Цогтбаатар, О.Номинчимэг, О.Саранчулуун, Э.Бат-Амгалан, Ц.Даваасүрэн, Ч.Анар, Г.Ганбаатар нар асуулт асууж, үг хэлэв. Санхүүгийн зах зээл дэх шударга өрсөлдөөнийг дэмжих, эрх зүйн орчныг цаг үедээ нийцүүлэн өөрчлөх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж, талуудын оролцоог тэнцвэржүүлэх, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зэрэг асуудалд анхаарал хандуулж ажиллахыг хүссэн. Цахим орчин дахь санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний харилцааг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, ноцтой нөхцөл байдал үүсгээд буй зарим чиглэлд анхаарал хандуулах, хандивын үйл ажиллагааг зохистой хэлбэрээр зохион байгуулах, орон нутгийн иргэдэд санхүүгийн зах зээлийн талаарх ойлголт, мэдээллийг хүргэж, оролцоог дэмжих зэрэг асуудлыг хөндөж, байр сууриа илэрхийлж, сайн жишгүүдийг дурдан, олон улсын жишгийг дотооддоо нэвтрүүлэх чиглэлээр ажиллахыг хүслээ.

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаан санал хураалтаар үргэлжилсэн. Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Түндэвийн Жамбаажамцыг томилохыг дэмжих эсэх томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 90 гишүүний 66.7 хувь нь дэмжлээ. Үргэлжлүүлэн бүрэн эрх нь дууссантай холбогдуулан Дэмбэрэлдашийн Баярсайханыг Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Улсын Их Хурлын 59 гишүүн дэмжсэн. Томилж, чөлөөлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул “Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилж, чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцсон юм. Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Түндэвийн Жамбаажамцад Д.Амарбаясгалан дарга ажлын өндөр амжилт хүсээд, банк болон банк бус санхүүгийн байгууллагаас олгогдож байгаа зээлийн хүүг амьдралд нийцтэй, бодитой түвшинд хүргэх чиглэлээр Улсын Их Хурал томоохон зорилго тавьж ажиллаж байгааг тэмдэглэв. Ирэх хаврын ээлжит чуулганаар ажил хэрэг болгохоор төлөвлөж байгаа учир шинээр томилогдож байгаа Санхүүгийн зохицуулах хорооны даргыг эрчтэй ажиллахыг хүслээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл танилцуулав.

Байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэх тухай” 05 дугаар тогтоолын дагуу зарласан нээлттэй сонгон шалгаруулалтын дүнд үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд Булганы Саруул, Лувсандоржийн Сонор, Шагдаржавын Хандсүрэн нарыг нэр дэвшүүлсэн юм.

Эдийн засгийн байнгын хорооноос 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр холбогдох нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулж, 15-ны өдөр Байнгын хорооны хуралдаанаараа Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчийн сонсгол явуулсан талаарх сонсголын тайланг хэлэлцээд Булганы Саруул, Лувсандоржийн Сонор, Шагдаржавын Хандсүрэн нарыг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр томилуулахыг дэмжсэн байна. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан Баасанжавын Батхишиг, Нямдэлэгийн Мандуул, Баярсайханы Баярдаваа нарыг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээс чөлөөлүүлэхийг мөн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.

Дээрх санал, дүгнэлт болон нэр дэвшигчидтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ө.Шижир, Д.Рэгдэл, Х.Ганхуяг, Д.Ганбат нар асуулт асууж, нэр дэвшигчдээс хариулт авсны зэрэгцээ холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлж байсан юм. Ингээд санал хураалт явуулахад Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр Булганы Саруулыг томилохыг хуралдаанд оролцсон 90 гишүүний 55 нь, Шагдаржавын Хандсүрэнг томилохыг гишүүдийн 61.1 хувь нь дэмжсэн. Харин Лувсандоржийн Сонорыг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр томилохыг гишүүдийн олонх дэмжээгүй юм. Үргэлжлүүлэн бүрэн эрх нь дууссантай холбогдуулан Баасанжавын Батхишиг, Нямдэлэгийн Мандуул, Баярсайханы Баярдаваа нарыг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх санал хураалт явуулахад гишүүд 61.1 хувиар дэмжлээ. Томилж, чөлөөлөх дээрх асуудлыг шийдвэрлэсэн тул “Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилж, чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцов.

Хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг томилох, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр нар танилцууллаа.

Эдийн засгийн байнгын хорооноос Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн даргад Мягмарсүрэнгийн Буяндэлгэр, гишүүнд Оюунтөгсийн Оч, Болдбаатарын Энхбаяр нарын нэрийг дэвшүүлж, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулж, 15-ны өдөр Байнгын хорооны хуралдаанаараа нэр дэвшигчийн сонсгол явуулсан талаарх сонсголын тайланг хэлэлцсэн байна. Ингээд Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн даргаар Мягмарсүрэнгийн Буяндэлгэрийг, тус зөвлөлийн гишүүнээр Оюунтөгсийн Оч, Болдбаатарын Энхбаяр нарыг томилуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан Равсалын Ринчинбазарыг Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн даргын үүрэгт ажлаас, Батболдын Амарсанаа, Дүгэрээгийн Цэрэнбадам нарыг Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүнээс чөлөөлүүлэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Хууль зүйн байнгын хорооноос Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүнд Чимидийн Сайнбилэг, Соронзонболдын Халиунаа нарын нэрийг дэвшүүлж, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулж, 15-ны өдөр Байнгын хорооны хуралдаанаараа нэр дэвшигчийн сонсгол явуулсан талаарх сонсголын тайланг хэлэлцсэн байна. Ингээд Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүнээр Чимидийн Сайнбилэг, Соронзонболдын Халиунаа нарыг томилуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан Жадамбаагийн Эрдэнэбилэгийг Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүнээс чөлөөлүүлэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.

Дээрх санал, дүгнэлтүүд болон нэр дэвшигчидтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ, А.Ариунзаяа, Ц.Идэрбат, М.Мандхай, Д.Пүрэвдаваа, Э.Болормаа, Ж.Галбадрах, Х.Булгантуяа нар асуулт асууж, нэр дэвшигчдээс хариулт авч, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Дараа нь санал хураалт явуулахад Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн даргаар Мягмарсүрэнгийн Буяндэлгэрийг томилохыг хуралдаанд оролцсон 90 гишүүний 50 нь, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүнээр Оюунтөгсийн Очийг томилохыг 62.2 хувийн саналаар, Болдбаатарын Энхбаярыг томилохыг 62.2 хувийн саналаар, Чимидийн Сайнбилэгийг томилохыг 56.7 хувийн саналаар, Соронзонболдын Халиунааг томилохыг 60 хувийн саналаар тус тус дэмжив. Иймд бүрэн эрх нь дууссантай холбогдуулан Равсалын Ринчинбазарыг Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн даргын үүрэгт ажлаас, Батболдын Амарсанаа, Дүгэрээгийн Цэрэнбадам, Жадамбаагийн Эрдэнэбилэг нарыг Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөхийг гишүүдийн 65.6 хувь нь дэмжлээ. Томилж, чөлөөлөх дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн тул “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг томилж, чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцлоо.

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлаар чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, Эдийн засгийн байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг танилцууллаа.

Эдийн засгийн байнгын хорооны холбогдох тогтоолын дагуу зарласан нээлттэй сонгон шалгаруулалтын дүнд үндэслэн Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд Намсрайн Батнасан, Раднаасэдийн Даваадорж, Батбаатарын Мөнхзаяа, Бямбажавын Энх-Амгалан нарын нэрийг Байнгын хорооноос дэвшүүлсэн. Холбогдох хууль, журмын дагуу нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулж, Байнгын хороо 15-ны өдрийн хуралдаанаараа Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцсэн байна. Ингээд Намсрайн Батнасан, Раднаасэдийн Даваадорж, Батбаатарын Мөнхзаяа, Бямбажавын Энх-Амгалан нарыг Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнээр томилуулахыг гишүүдийн олонх тус бүрд нь дэмжжээ. Иймд бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан Цэрэндоржийн Батсүх, Цэдэвсүрэнгийн Мөнхбаяр, Чулуундоржийн Хашчулуун нарыг Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнээс чөлөөлүүлэх саналыг мөн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн М.Энхцэцэг гишүүн танилцуулав.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлт болон нэр дэвшигчидтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Х.Ганхуяг, Э.Батшугар, Да.Цогтбаатар, О.Номинчимэг, А.Ганбаатар, Э.Батшугар, С.Ганбаатар, Д.Ганбат нар асуулт асууж, нэр дэвшигчдээс хариулт авч, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Дараа нь санал хураалт явуулахад Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнээр Намсрайн Батнасанг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 59.1 хувь нь, Раднаасэдийн Даваадоржийг томилохыг 50.5 хувийн саналаар, Батбаатарын Мөнхзаяаг томилохыг 58.1 хувийн саналаар, Бямбажавын Энх-Амгаланг томилохыг хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 90 гишүүний 49 нь буюу 52.7 хувийн саналаар тус тус дэмжив. Иймд бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Цэрэндоржийн Батсүх, Цэдэвсүрэнгийн Мөнхбаяр, Чулуундоржийн Хашчулуун нарыг Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнээс чөлөөлөх саналаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 57 хувиар дэмжив.

Ийнхүү дээрх томилж, чөлөөлөх асуудлыг гишүүдийн олонх дэмжсэн тул “Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнийг томилж, чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдаж байгааг Д.Амарбаясгалан дарга танилцууллаа. Тэрбээр томилогдож буй албан тушаалтнуудад ажлын өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ Улсын Их Хурлын гишүүдийн хэлсэн санал, зөвлөмжийг хүлээн авч, анхааран судалж, эргээд хийж хэрэгжүүлсэн ажлаа Улсын Их Хуралд тайлагнадаг байх шаардлагатайг сануулж хэллээ. Монголбанкы хувьд Мөнгөний бодлогын хороо болон Хяналтын зөвлөлийг байнгын үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлж ажиллах ёстой гэдгийг хэлээд нэр төдий ажиллаж ирсэн өмнөх жишгийг халж, иргэдийн эрх ашгийг хангах, хамгаалах чиглэлд идэвхтэй ажиллахыг хүсэв.

Улсын Их Хурлын чуулганы хуралдаан Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлаар үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.