АН-ын бүлгээс “Туулын хурдны зам”-ын ажлыг яаралтай зогсоох шаардлагыг Ерөнхий сайд Н.Учралд хүргүүллээ

Ч.Бямбаа
УИХ дахь АН-ын бүлгээс “Туулын хурдны зам”-ын ажлыг яаралтай бүрмөсөн зогсоох шаардлагыг Ерөнхий сайд Н.Учралд хүргүүллээ. Тус шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ ШААРДЛАГА
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ерөнхий сайд төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцдаг. Мөн Үндсэн хуулийн Арван зурга адугаар зүйлийн 2 дахь хэсэгт иргэн бүрийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг баталгаажуулсан. Гэвч Нийслэлийн удирдлагаас хэрэгжүүлж буй "Туулын хурдны зам" төсөл нь хууль тогтоомжийн шаардлагыг хангаагүй, судалгаа, дүгнэлт, хяналт хангалтгүй нөхцөлд эхэлсэн бөгөөд Туул голын ай сав, байгаль орчинд ноцтой хохирол, эрсдэл учруулж, төслийг хүч түрэн эхлүүлсэн. Ингээд зогсохгүй гүйцэтгэгчид 500 орчим тэрбум төгрөгийн урьдчилгаа олгосон гэх мэдээлэл өгч буй. Иймд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжуудыг ноцтой зөрчин эхлүүлсэн уг төслийн ажлыг бүрмөсөн зогсоож, байгаль орчин, эдийн засгаа тууштай хамгаалахыг шаардаж байна.
Энэхүү шаардлагын зарим үндэслэлээс дурдвал:
1. Төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдаагүй байхад төслийн ажлыг эхлүүлсэн төдийгүй байгаль орчны нарийвчилсан үнэлгээ нь хэлбэрийн төдий, дутуу хийгдсэн байна. Түүнчлэн, Усны газар, Усны нөөцийн зөвлөлийн холбогдох дүгнэлт, зөвшөөрлүүд одоогоор гараагүй байна. Гэтэл төсөл хэрэгжүүлэгч, гүйцэтгэгчид Туул голын бургас, голын эргийн экосистемд бодит хохирол учруулж, машин техникээр бургас, модыг тайрч, сүйтгэсэн;
2. Төслийн төсөв, өртөг 2.3 их наяд төгрөг болж өссөн үндэслэл, эрсдэлийн тооцоо, цаашид төсөв дахин нэмэгдэхгүй байх баталгаа, эдийн засгийн өгөөж, эдийн засаг, санхүүгийн дарамтын талаарх бодитой тооцоолол, холбогдох судалгаа, дүгнэлт хангалтгүй төдийгүй төсөв, эдийн засгийн ачаалал татвар төлөгчдөд, улсын төсөвт нэмэгдэх магадлал өндөр байна;
3. Дээрх дааж давшгүй экологийн хохирол, үнэ өртгөөр төсөл хэрэгжүүлэх үндсэн шалтгаан болоод буй нийслэл Улаанбаатар хотын түгжрэл бодитоор хэчнээн хувиар, ямар хэмжээгээр буурах нь тодорхойгүй байна. Зам, тээврийн яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн дэргэдэх Авто замын салбарын дэд зөвлөлийн зөвлөмжид ч “Нийслэлийн авто замын түгжрэлийн судалгаа, тооцооллыг дахин нарийвчлан хийж, өгөгдлийг зөв болгох”-ыг зөвлөсөн;
4. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд тайлбар, санал гаргах боломж олгох олон нийтийн сонсох ажиллагааг урьдчилан явуулаагүй. Дээрх шалтгаан, нөхцөлийг анхааран Туул голын ай савд хэрэгжүүлж буй "Туулын хурдны зам" төслийн ажлыг бүрмөсөн зогсоож, хууль тогтоомж зөрчсөн холбогдох албан тушаалтнуудад хуулийн дагуу хариуцлага тооцож, учирсан хохирлыг барагдуулан ажиллахыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал танаас шаардаж байна.


































































Сэтгэгдэл
Барих моментоо алдсан зам. Одоо бол Туул голыг бузарлана. [202.126.90.43] 2026-04-21 11:37:24
Энэ замыг Богд уулын УРДУУР явуулаад, Чингис Хаан нисэх буудлын замтай холбоод, улмаар Буянт Ухаагийн тэр хавиар Улаанбаатарт ойртуулаад, цааш нь Баруун аймгуудруу болон Дарханлуу явуулаачээ. Үхсэн элэнцийн чинь Туул голын ГОЛДИРЛООР зам барих вэ? Одоогийн Налайх-Улаанбаатарын зам шаардлага хангаж байгаа ш дээ.
Зочин [66.181.190.139] 2026-04-21 10:33:22
Зам тавигдах ёстой. Худлаа попрохоо зогсоо
Зочин [66.181.189.202] 2026-04-21 11:02:39
Зөв зам тавигдах ёстой. Гэхдээ Туул гол дээр биш.