МҮХАҮТ-аас УИХ-ын гишүүдэд хандан уриалга гаргажээ

Д.Тулга / Хууль

УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх гол хуулийн нэг нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль юм. Тэрхүү хуулийг яаравчлан хэлэлцэж, бизнес эрхлэгчдээ нэг гараанаас гаргах нь зөв гэсэн саналыг МҮХАҮТ-аас гаргажээ. Тус танхим бизнесийнхний түшиг тулгуур болохын хувьд дараах уриалгыг УИХ-ын гишүүдэд хаягласан байна. Уриалгад:

“Төрийн эрхэм түшээдийн энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье.

УИХ-ын ээлжит бус чуулганаа хуралдуулан улс орны олон асуудалд анхаарлаа хандуулахын сацуу бизнес эрхлэгчдийн сураг тавин хүлээж буй Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэлэлцүүлэгт оюун санаагаа чилээн суугаа Та бүхэнд Монголын хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн төлөөллийн байгууллага-МҮХАҮТ-аас уриалга сонордуулж байна.

Та бүхний хэлэлцэж буй Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль нь улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд олон талын дэвшил өөрчлөлт авчрах ач холбогдолтой тул яаралтай батлан гаргах шаардлага байна.

Энэ хууль батлагдан гарснаар юуны өмнө далд, бүртгэлгүй байсан орлого, хөрөнгө ил гарч, хууль ёсны бүртгэл хяналтад орж цэгцрэх юм. Нөгөө талаар албан бус секторт тооцогдох далд эдийн засгийг ил болгох, татвар төлөгчдийн бааз суурь өргөжих, хөрөнгө дахин хуваарилагдаж эргэлтэнд орж хямрал, хүндрэлтэй байгаа өнөөгийн эдийн засагт хувь нэмрээ оруулах чухал ач холбогдолтой юм.

Эдийн засаг, санхүү ил тод болсноор компани, ААН-үүд 2-3 баланстай явж ирсэн зовлонгоосоо ангижирч улмаар хөрөнгийн бүртгэлээс эхлэн татвар, нягтлан бодох бүртгэл, санхүү, бизнесийн үйл ажиллагаа жинхэнэ утгаараа хөгжиж, санхүүгийн систем бүхэлдээ шинэчлэгдэх дараа дараагийн өөрчлөлтүүдийн үндэс болно.

Тиймээс энэ хуулийн Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлэх олон талт ач холбогдол, гарах бодит үр дүнг улс орны эрх ашгийн үүднээс харж баялаг бүтээгчдэдээ шударгаар өрсөлдөж, нэг гараанаас гарах эдийн засгийн болоод санхүүгийн эрх чөлөөг олгож, өмчөө дахин захиран зарцуулж хөрөнгө босгох боломжийг нээж өгөх Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулийг яаралтай батлаж өгөхийг УИХ-ын эрхэм гишүүдэд уриалж байна.

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэн өнгөрсөн 25 жилийн хугацаанд өөрсдөө бие даан хөгжиж, техник, технологи нэвтрүүлж, улс орны төсвийн дийлэнхийг бүрдүүлж ирсэн Монголын хувийн хэвшлийн цаашдын хөгжил, өсөлт дэвшилд төрийн зөв бодлого, дэмжлэг чухал нөлөө үзүүлнэ гэдэгт бид итгэж байна” гэжээ.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.