Н.Энхтүвшин: Иргэдийг хамгаалж, машинаараа хаах хэрэгтэй гэхээс өөр зүйл бодогдоогүй

Д.Тулга / Эрүүл мэнд

enhtuvshjinЧингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Н.Энхтүвшин өчигдөр орой 21 цагийн орчим тус дүүргийн 18 дугаар хороо, Долоон буудлын замаас Чингэлтэй салдаг уулзвар замд албаны “Kia rio” маркийн автомашинаа жолоодон явж байх үед “ММС Canter” маркийн автомашин жолоочгүйгээр уруудан урдаа байсан “T.Prius” маркийн автомашиныг мөргөсөн байна. Түүгээр ч зогсохгүй бусдад аюултай байдлаар цааш өнхөрч байх үед албаны автомашинаараа хааж зогсоон, хүний амь нас, эрүүл мэнд хохирох нөхцөл байдлаас хамгаалж чадсан талаар манай сайт өчигдөр мэдээлсэн билээ.

Эх сурвалжийн мэдээллэж буйгаар ачааны “Портер” машиныг цааш өнхрөх үед замд дээр нэлээд олон хүн, машин байжээ. Хэрэв цагдаа амжиж тухайн “Портер”-ийг зогсоогоогүй бол хэрхэх байсныг төсөөлөхөд бэрх. Хүний амь нас эрсдэхгүй гэх баталгаагүй байгаагүй аж. Тиймээс амь насаа үл хайхран, цагдаагийн алба хаагчийн самбаачлах чадвараа ашиглаж үүргээ нэр төртэйгээр биелүүлсэн цагдаагийн ахлах ахлагч Н.Энхтүвшинд баярласнаа илэрхийлэх олон хүн байгаа гэдэгт итгэж байна. Бид түүнтэй уулзаж ярилцсанаа хүргэж байна.

-Албаны үүргээ сайтар гүйцэтгэж, олон хүний амь нас эрсдэх аюулыг зайлуулсан танд баяр хүргэе. Тухайн үед яг юу болсон талаар ярихгүй юу?

-Баярлалаа. 2015 оны наймдугаар сарын 3-ны 21:30 цагийн орчимд Долоон буудлын уулзвараас зүүн гар тийш эргэх замд үүрэг гүйцэтгэж явахад Чингэлтэй зам уруудаад жижиг оврын ачааны автомашин уруудаж ирсэн. Тэгээд нэг “Приус” машин шүргээд өнгөрөхөөр нь харсан чинь жолоочгүй байсан. Машин чигээрээ, замаар явж байсан иргэд, автомашинууд руу өнхөрч байсан учраас эрсдэл гарч болзошгүй гэсэн үүднээс машинаараа урдаас нь хааж зогсоосон.

-Тухайн машины жолооч нь хаана байсан юм бол?

-Жолооч нь машинаа газрын уруу тавьж орхиод машинаасаа түр холдсон байсан юм байна. Тэгээд осол болсны дараа машин дээрээ ирсэн л дээ. Уг нь карданаа татаад, түр ачаа буулгасан гэж яриад байгаа. 30 орчим насны залуу байна билээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Яг ямар шалтгааны улмаас машин өнхөрснийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа.

-Тухайн үед зам дагуу хэчнээн явган зорчигч болон машин явж байсан бэ?

-Замын хажуугаар олон хүн байсан. Хүүхдүүд ч явж байсан. Тэр машин чигээрээ явсан бол тэр хүмүүсийг очиж дайрах аюултай байсан.

-Та машиндаа ганцаараа явж байсан уу?

-Хоёулаа явж байсан. Хамтран үүрэг гүйцэтгэгчтэйгээ.

-Таны бие зүгээр үү, машинд хэр хэмжээний гэмтэл учирсан бэ?

-Бие зүгээр ээ. Машины урд гупер хонхойсон, түгжээнүүд нь мултарсан. Копудны тал нь орсон. Үнэлгээрээр үнэлүүлчихээд явж байна.

-Хохирлыг Портер” машины эзнээс гаргуулах уу?

-Албаны машин ч гэсэн зам тээврийн хөдөлгөөнд оролцогч гэдгээрээ тухайн ослын буруутай этгээдээс хохирлыг гаргуулна. “Портер”-ийн жолооч хохирол барагдуулна гэсэн үг.

-Тухайн машин хэдэн км цагийн хурдтай өнхөрч байсан бэ?

-Ойролцоогоор 15-20 орчим км цагийн хурдтай өнхөрсөн байх. Хүмүүс тэр машинаас 20 метр орчимд байсан.

-Тухайн үед танд юу бодогдож байв?

-Тухайн машин чигээрээ явбал яг иргэд рүү чиглэх нь тодорхой болсон. Тиймээс иргэдийг хамгаалахын тулд машинаараа хаах хэрэгтэй гэхээс өөр зүйл бодогдоогүй. Хэрвээ чигээрээ явчихсан бол хүний амь эрсдэх ч аюул гарч болзошгүй байсан. Харин азаар эд хөрөнгийн хохирол төдийгөөр өнгөрлөө.

-Тухайн үед хүмүүс танд баярлаж талархсанаа илэрхийлсэн үү?

-Илэрхийлсэн. Баяр хүргэе, баярлалаа гэж байсан.

-Портер” автомашины жолоочид ямар хариуцлага оноох вэ?

-Жолоочийг Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн тасагт шалгаж байгаа.

-Энэ үйлдэл үүргээ гүйцэтгэсэнд тооцогдох уу?

-Тэгнэ. Аливаа гарч болзошгүй осол гэмтэлээс урьдчилан сэргийлэх ёстой цагдаа хүний үүргээ л гүйцэтгэсэн.

-Иргэддээ юуг сэрэмжлүүлж хэлэх вэ?

-Орой үдшийн цагаар автомашинтай янз янзын хүмүүс явж байж болзошгүй учраас болж өгвөл гэрлэн дохиогоо зөрчихгүй, явган хүний гарцаараа гарч байх хэрэгтэй байна. Гарцгүй газраар гүйж байвал энэ мэт эрсдэл дагуулах магадлалтай.

-Та цагдаагийн байгууллагад хэдэн жил ажиллаж байна вэ?

-Найман жил ажиллаж байна. Энэ хугацаанд Хөдөлгөөнт эргүүлийн газарт явган эргүүлийн цагдаа, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн явган эргүүлийн цагдаа, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст явган эргүүлийн цагдаагаар ажиллаж байсан. Одоо Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст эргүүлийн цагдаа жолоочоор ажиллаж байгаа.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.