Д.Батбаяр: Цагдаа сэргийлэх биднийг хорих байх, хамаагүй

Д.Тулга / Боловсрол

batbayar

Өнөөдөр Монголын оюутны холбооноос нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа цахим картыг эсэргүүцэн мэдээлэл хийлээ. Тэдний хэлж байгаагаар “U money” үйлчилгээ нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд энэ асуудлыг шийдэж өгөх хүртэл Чингисийн талбай дээр ажлын байраа байршуулна гэв. Уг нь Нийслэлээс оюутнуудад өдөрт хоёр удаа үнэгүй зорчих эрх бүхий цахим картыг тарааж байгаа юм. Гэвч өдөрт хоёр удаа зорчих нь тэдний хувьд хангалтгүй байгаа бөгөөд карт авах гэж хэтэрхий их зардал, чирэгдэл болох болсон тухай мэдээллээ.

Монголын оюутны холбооны Ерөнхийлөгч Д.Батбаяр:

-МОНГОЛЫН ОЮУТНЫ ХОЛБОО ӨНӨӨДРӨӨС ЧИНГИСИЙН ТАЛБАЙД ДЭЭР АЖИЛЛАНА-

Монгол улс 1995 оноос хойш улс орон эдийн засгийн хямралтай эсэхийг үл харгалзан эрдэм, боловсрол эзэмшиж байгаа оюутан залуусаа дэмжин, тэднийг сургууль руугаа саадгүй очдог байх, хичээлээсээ буцаад саадгүй харьдаг байх дэмжлэгийг олгосон. Боловсролын тухай, Авто тээврийн тухай энэ хуулинд зааснаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 6.51 гэсэн тогтоол гарч, түүгээр нийслэлийн нийтийн тээврээр зайлшгүй зорчиж байж сургуульдаа явах сурагч, оюутнуудыг нийтийн тээврээр зорчуулах журам 2010 онд баталсан. Энэ журам одоо хүртэл мөрдөгдөж байгаа. Энэ журмын дагуу өглөө гэрээсээ гараад сургууль, сургуулиасаа гараад гэрлүүгээ явдаг байх. Мөн БСШУ-ны сайдын тушаалаар тухайн жил хэдэн оюутан нийтийн тээврээр үнэгүй зорчих тоо нь гардаг. Энэ жилийн хувьд улс орны эдийн засгийн хүндрэлтэй байгааг бид мэднэ. Тиймдээ ч оюутнууд бид улс орондоо аль болох дарамт болохгүйн тулд карт авдаг оюутныхаа тоог цөөлж, олон дамждаг, ар гэрийн амьдрал тааруу, дотуур байранд амьдардаггүй оюутнуудыг л хамруулах болсон.

Монголын оюутны холбоо энэ зунжин ажиллаж 64.000 оюутны картыг хэвлэж, бэлэн болгосон. Гэтэл одоо үүгээр зорчуулахгүй гэнэ. Хууль, дүрэм, журмаа эргээд харвал энэ картаар зорчино. Гэтэл гэнэт л нийтийн тээврийн шинэчлэл гэсэн нэрийн дор өөр бас нэг карт гараад ирлээ. Нэг ёсондоо хууль, дүрэм, журмууд нь хоорондоо зөрчилдөж, энэ бүхнээс нь болж оюутнууд хохирч байна.

oyutan

Өнөөдөр “U money” нэртэй энэхүү карт оюутнуудыг “та гэрээсээ гараад сургууль руугаа нэг удаа дөх, хичээл тараад гэр лүүгээ нэг удаа дөх” гэж хэлж байна. Мөн нэмээд энэ картыг нь авахад маш хүндрэлтэй. Нийтийн тээврээр хөнгөлттэй зорчих карт зарим оюутнуудад одоо болтол очоогүй байгаа. Оршин суугаа газрын тодорхойлолт шаардаж байна. Хөдөө гадаанаас ирсэн, нийтийн байранд амьдарч буй оюутнуудыг байрны эзэн нь дагаад хороон дээр очихгүй л болов уу. Энэ мэт зохицуулалтыг оюутны байгууллагаас эсэргүүцэж байна. Хэрвээ Нийслэлийн удирдлагууд энэ асуудлаа шийдэж чадахгүй бол огцор. Бид өнөөдрөөс эхлэн байгууллагынхаа оффис дээр биш Чингисийн талбай дээр байрлаж ажиллана. Шаардлагатай бол өлсгөлөн зарлана. Магадгүй биднийг цагдаа сэргийлэхийнхэн бариад явах байх. Бид оюутан залуусынхаа өмнөөс үүрэг хүлээсэн учир үүнээс айхгүй. Гомдол гаргаж байгаа оюутнуудын тоо тасрахгүй, оффис дээр багтахгүй байна.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.