Б.Алтанзул: Балетын сургалтад 52 настай хүн ч ирдэг

Д.Тулга / Боловсрол

Ажил, хичээл, амьдралын стрессээс урлаг, спорт л таныг салгаж чадна. Уншигч танд зориулан чөлөөт цагаа хэрхэн зөв боловсон, соёлтой, урлаг гоо зүйн мэдрэмжээ хөгжүүлэн өнгөрүүлэх тухай зөвлөмж болгон цуврал сурвалжлагуудаа бэлтгэн хүргэж байна.

Өнөөдрийн нийгэмд хүн бүр л зав чөлөөгүй хөдөлмөрлөж байгаа ч өөрөө өөрийнхөө болон үр хүүхдийнхээ төлөө цаг зав гаргаж чадаж байгаа хүн л аз жаргалтай нэгэнд тооцогддог билээ. Бид энэ удаа та бүхний соёл урлагийн боловсролд зориулан бүжгийн урлагийн оргил гэгддэг баллетын урлагийн тухай хүргэж байна. Та ярилцлагаас хүн хэдээс хэдэн нас хүртэл баллетын урлагаар хичээллэж болох, ямар ач холбогдолтой болон хичээллэхийн тулд хэдэн төгрөгний төлбөр төлөх ёстой зэрэг цогц мэдээллийг авах болно.

Бид дараа дараагийн ярилцлагуудаа ч мөн таны соёл урлагийн боловсролд зориулан сургалт, дамжаануудын хөтөлбөр, ач тус, төлбөр мөнгө зэрэг чухал мэдээллүүдийг багцлан хүргэж байх болно.

“Classic” ballet & piano сургуулийн балетын багш Б.Алтанзул:

-БАЛЕТЫН СУРГАЛТАД 52 НАСТАЙ ХҮН Ч ИРДЭГ-

-Юуны өмнө баллетаар хичээллэхийн ач тусыг манай уншигчдад тайлбарлаж өгнө үү?

-Манай сургууль бол мэргэжлийн сургууль биш, сонирхогчдод зориулсан анхан, дунд шатны сургууль гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн балетчид биш жирийн хүмүүс хичээллэнэ гэсэн үг. Баллетаар хичээллэхийн ач тус мэдээж маш их. Насанд хүрсэн хүмүүс хөдөлгөөн тогтмол хийснээр хүн ангижирдаг. Ямар нэгэн хууч өвчин тухайлбал, хүзүү хөших, нуруу хөших гээд суудлын ажил хийдэг хүмүүсийн мэдрэлийн судас дарагдах нь олонтаа. Эдгээр өвчлөлүүдээс сална. Мөн сунгалтын дасгал хийснээр уян налархай хөдөлгөөнтэй болж, хөл, гар, хүзүү уртсаж, булчин нь жигд хөгждөг. Сунгалтыг хүмүүс зөвхөн хөлөө удаан өндөрт барихын тулд хийдэг гэж боддог. Гуравдугаарт, бид дасгалаа үргэлж сонгодог хөгжмийн аян дээр хийдэг учир хөгжмөө хөдөлгөөнөөрөө мэдэрдэг болж тайвшрах, гоо зүйн мэдрэмж нэмэгдэх ач тустай.

-Хүүхдүүдийн хувьд?

-Хүүхдүүд бие даах чадвартай, тэвчээртэй болно. Балетаар багаасаа хичээллэх илүү үр дүнтэй байдаг. Учир нь хүүхдийн яс нь сайн бэхжээгүй байдаг тул сунгалт шахахад хамаагүй зөөлөн байдаг. Иймд багаасаа тогтмол хичээллээд нэгээс хоёр жил тасралтгүй явсан хүүхдүүд багадаа олж авсан сунгалтаа авч үлддэг. Том хүмүүс яагаад хөшчихсөн байдаг вэ? гэхээр ажил төрөл гэсээр булчин, сунгалтын дасгал тогтмол хийж чадалгүй явсаар хөдөлгөөний маш их дутагдалд орчихсон байдаг. Тиймээс сунгалт хийхэд хамаг бие нь таталдаад байх тохиолдол бий. Тиймээс эцэг эхчүүдийг хүүхдүүдээ заавал баллет гэлтгүй үргэлжийн хөдөлгөөнтэй байлгаж, уян хатан байлгах ямар нэгэн бүжгийн төрлөөр заавал хичээллүүлээсэй гэж боддог.

-Насанд хүрэгчид балетын сургуулийг зорьж ирэх нь их ховор. Анхнаасаа л тэд өөрсдөө “болохгүй” гээд толгойдоо суулгачихсан байдаг шиг санагддаг. Ер нь анхан шатны мэдлэггүй, хөшүүн биетэй хүмүүс ч балетаар хичээллэх боломжтой юу?

-Бүх хүн боломжтой. Гол нь өөрөө зориглож ирэх л маш чухал. Ирж байгаа хүмүүс л хожино шүү дээ. Хүн бүрийн биеийн онцлог өөр байдаг. Тухайлбал, төрөлхийн зөөлөн шөрмөстэй, төрөлхийн хатуу шөрмөстэй буюу модон, хатуу биетэй, хөшингө хүмүүс ч байдаг. Энэ хүмүүс бүгд л адилхан нэг түвшинд очих боломжтой. Энэ аргыг л бид анхан шатнаас нь эхлээд зааж өгдөг. Баллет бол маш их техниктэй урлаг. Хөлөө доороос нь эхлээд өргөхийн тулд заавал өсгий нь урагшаа болсон байх жишээтэй. Хэрвээ буруу барьчихвал түүнийг сурсанд тооцохгүй, буруу л харагдана. Гарын хөдөлгөөн, хурууны хөдөлгөөн, нуруу, хүзүү, толгой, эрүү, хаашаа харах вэ? гээд бүх зүйлийг анхнаас нь эхлээд заадаг. Ямар ч насны, хэн ч байж болно шүү дээ. Жишээ нь, гадаадад бидний дуртай жүжигчин, дуучин гээд бүгд л хүссэн юмаараа хичээллэдэг. Боксоор бол боксоор, баллетаар бол баллетаар, бүжгээр бол бүжгээр хүссэн бүхнээ хийдэг. Хэн ч хэнээс ч санаа зовохгүй. Гэтэл Монголчууд цаанаасаа жаахан бүрэг ичимхий байдаг учир хүссэн зүйлээ хийж чаддаггүй. Насны хязгаар гэж байхгүй. Тухайлбал, манай сургууль дээр хамгийн дээд тал нь 52 настай хүн ирж хичээллэж байсан. Одоо би сурагчиддаа “52 настай хүн чадаж байхад өөрийгөө чадахгүй гэж бодож байвал өөрөөсөө ичих хэрэгтэй” гэж хэлдэг юм.

Зураг: Анхан шатны суралцагчид

-Хичээллэх боломжгүй хүн гэж бий юу? Нуруу, нугасны бэртэлтэй гэх мэт...

-Нурууны хүнд өвчтэй, шохойжсон хүмүүсийг хамаагүй шахаж болохгүй. Зарим хүмүүс өөрийгөө ийм өвчтэй гэдгээ мэдэхгүй ирэх тохиолдол бий. Ийм хүмүүс дасгал хийх явцад шууд л мэдэгддэг. Тиймээс энэ урлагаар хичээллэх боломжтой эсэхийг эмчээсээ асуухыг зөвлөдөг. Ер нь суудлын ажлаас болж нурууны суулттай болсон хүмүүс манайх дээр их ирнэ. Мэдрэлийн судсаа дарж удаан сууснаас болж нуруунд ачаалал өгөөд суулт өгч эхэлдэг. Энэ нь үе мөчрүүгээ орж бусад хэсгүүдээ шохойжуулдаг юм. Үүнийг засахын тулд булчингаа чангалан, нуруугаа цэх байлгаж засах дасгал хийх хэрэгтэй. Мөн балетаар хичээллэхэд нурууны гажиг засагддаг. Том хүмүүс гэлтгүй хүүхдүүдийн нуруу хүртэл далнаасаа эхлээд ууц хүртлээ далийх, нэг хавирга нь томроод нөгөө хэсэг нь шахагдчихсан байх тохиолдлууд бий. Ямар ч төрлийн гажиг засагддаг. Мөн аарцаг, түнхний гажиг засарна. Аарцагны далийлт нуруунаасаа хамааралтай, хамааралгүй гэж бий. Хүн ихэвчлэн нэг хөлөө байнга ачиж сууснаар түнх нь зөрөөд дээр доор орчихсон байдаг. Иймэрхүү гажгууд маш хурдан хугацаанд засардаг шүү.

-Анхан шатаа бүрэн эзэмшихийн тулд хэр их хугацаа шаардагддаг вэ?

-Гурван сар тасралтгүй явбал нэг курс болно. Нэг сар явчихаад нэг сар тасраад ахин явахаар ирвэл тооцохгүй. Ингээд нэг курс хичээлд өөрөө хичээл зүтгэлтэй, таслахгүй явбал нилээд өөрчлөлт гардаг. Турах онцлогтой хүн байвал турна, турах онцлоггүй хүн бол галбиржина. Түнх, нуруу, гар, хүзүү бүх эд эрхтэн засарч эхний шатандаа орно. Ингэснээр дунд шатны буюу арай хүндэвтэр хичээлүүд орж эхэлдэг юм.

-Эрүүл мэндийн ач тусаас гадна, та өмнө гоо зүйн мэдрэмж нэмэгдэнэ гэж хэлж байсан. Таны хувьд балет гоо зүйн ямар таашаал өгдөг юм бэ?

-Урлаг, тэр дундаа сонгодог урлаг бол хөгжмийн дугаралтаасаа эхлээд л гайхамшигтай. Балетчид амьд хөгжим сонсоод тайзан дэээрээ гараад бүжиглэдэг. Хөгжимдөө тааруулан бүжгээ дэглэнэ. Хийж байгаа хөдөлгөөн минь хөгжимдөө хэрхэн уусч байгааг мэдрэх сайхан. Яг бүжиглэж байх тэр үед дотроос минь ямар нэгэн юм амилах шиг санагддаг. Бүх зүйл тайван, хийх ёстой зүйлээ хийж байна гэдгээ мэдрэх, зөвхөн энэ зүйлийн төлөө ертөнц дээр мэндэлсэн мэт тийм л гайхалтай мэдрэмж төрдөг дөө.

Зураг: Анхан шатны суралцагчид

-Балетын сургалт хэдээс хэдэн насны, ямар ямар ангилалтай байдаг вэ?

-3-5 нас, 6-9 нас, 12-18 нас, насанд хүрэгчид гэсэн ангилалтай. Хүүхдүүдийн хувьд биеийн хөгжил үргэлжилж байдаг учир ангилж оруулах шаардлагатай. Заах арга барил хүртэл өөрчлөгдөнө гэж ойлгож болно. Тухайлбал, 3-5 насны хүүхдүүдэд заах арга барилын хувьд маш зөөлөн, аргадаж, учирлах хэрэгтэй болдог. Учир нь энэ насны хүүхдүүд хэлсэн үг, заасан хөдөлгөөнийг ойлгохгүй байх тохиолдол бий. 6-9 насны хүүхдүүд ойлгоц сайтай болсон байдаг учир сайн зөвлөж, хэлж, үзүүлж байх шаардлагатай. Загнах үедээ загнаад л, инээх үедээ инээгээд л заадаг. 3-5 насны сурагчдаа хамаагүй загначихвал гомдоод уйлчихна шүү дээ тэд минь. Ээж аав нь сургалтын туршид хараад сууж байхгүй бол ээж аавыгаа байхгүй үед надад эрхлээд сурахгүй шүү дээ.

-Суралцахыг хүссэн ч цаг нар гарсангүй гэж ярих хүн их. Цагийн хувьд өөрсдөө сонгох боломж байдаг уу?

-Өөрсдөө сонгох боломжтой. Мягмар, Пүрэв, Бямба гаригуудад насанд хүрэгчдэд зориулан хичээллэдэг. Цайны цагийн анги, ажил тарсны дараа 19.00 цагаас бас нэг анги хичээллэдэг. Хүүхдүүдэд зөвхөн бямба, ням гаригуудад 11.00-12.30, 13.00-14.30 хүртэл хичээл заана. Учир нь ажлын өдрүүдэд эцэг эхчүүд ажил нь амжихгүй байдгаас хүүхдүүдээ зөөж чаддаггүй.

-Таныг багшилж байх хугацаанд балетаар хичээллээд нүдэнд илт харагдахуйц байдлаар өөрчлөгдсөн хүн бий юу? Хүмүүст зориг өгөх үүднээс ийм жишээнээс дурдаж болох уу?

-Байлгүй яахав. Маш их. Тухайлбал, миний хичээлд хоёр жил тасралтгүй суусан 45 настай эмэгтэй бий. Энэ хүн анх ирэхдээ нуруу нь ууцнаасаа эхлээд дал хүртлээ бөгтийчихсөн, төрөлхийн хөшингө биетэй хүн ирсэн. Багадаа их хүнд өвдөж байсан болохоор нуруу нь ийм гажигтай болж бөгтөр болсон юм билээ. Аз болоход манай сургалтанд нэг найз нь явдаг болж таарч, санал тавьснаар хичнээн их эмээж байсан ч хүрч ирсэн. Одоо энэ эмэгтэйн нуруу тэгш, маш уян хатан, хүзүү гар хөл нь уртсаад, эрүүл болсон. Царай зүс нь хүртэл хэрхэн залуужиж байгаа тухай эргэн тойрныхон нь үргэлж хэлэх болсон гэж надад ярьдаг юм. Энэ эгчээс олон хүн юу ууж идээд ийм болсон юм бэ гэж асуусан гэсэн. Эрүүл саруул болсноор гол нь сэтгэл санаа нь хүртэл эрүүлжиж байгаа юм.

-Эдийн засгийн хүнд байдалд байгаа өнөө үед төлбөр мөнгөнд хүн бүр л санаа зовж байгаа болов уу? Суралцагчиддаа ямар үнэ санал болгодог вэ?

-Балетын хичээлд хүүхэд суралцахад сарын туршид долоо хоногт нэг удаа явбал 60 мянга, хоёр удаа явбал 80 мянга, гурван удаа явбал 100 мянган төгрөгийн төлбөртэй. Том хүн сарын туршид долоо хоног бүр нэг удаа явбал 80 мянган төгрөг, хоёр удаа явбал 100 мянган төгрөг, гурван удаа явбал 120 мянган төгрөгийн үнэтэй. Өөрөөр хэлбэл та долоо хоногт гурван удаа явна гэж тооцвол сард 12 удаа явахдаа 120 мянган төгрөг төлнө гэсэн үг юм. Зарим хүмүүс долоо хоногт гурваас илүү удаа явж болох эсэхийг асуудаг. Хүн нэг өдөр балетаар хичээллээд маргааш нь заавал амрах ёстой байдаг. Мэдээж аль болох уян хатан байх гэж хичээн, заавал бүх төлбөрөө нэг дор өгөх биш хоёр хувааж өгөх гэх мэтээр хөнгөвчилдөг.

Зураг: Анхан шатны суралцагчид

-Танаар хичээл заалгаж, балетаар хичээллэхээр шийдсэн хүмүүс юу бэлдэж ирэх ёстой вэ?

-Балетын трико, купальник, чешик заавал байх ёстой. Яагаад бариу хувцас гэж байна гэхээр биеийнх нь ажиллагаа надад харагдаж байх хэрэгтэй. Хөлөөрөө хар трико өмсөж болохгүй заавал цайвар трико өмсөнө. Учир нь хөлийн булчин зөв эргэж байна уу, эргэхгүй байна уу гэдгийг хардаг. Ингээд л хувцасаа бэлдээд ирэхэд л хичээл эхлэхэд бэлэн.

-Маш олон хүнд эрүүл мэнд, гоо зүйн боловсрол олгож байгаа багш хүний хувьд танд их л сайхан мэдрэмж төрдөг байх?

-Үнэхээр сайхан. Манай сургууль үйл ажиллагаагаа явуулаад таван жил болж, би энд багшилж эхлээд гурван жил болж байна. Энэ хугацаанд хүмүүсээ өдөр өдрөөр сайжирч байгааг, өдрөөр өдрөөр хүссэнээ биелүүлж байгааг харахад би аз жаргалтай болж, тэр үед л өөрөөрөө бахархдаг даа.

Б.ГЭРЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Н.АНХБАЯР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.